Өглөөний сонин 2010.4.5

Тодруулга

-Ерөнхий сайд танай намын бүлгийн хуралдаанд оролцож мэдээлэл хийсэн. Ерөнхий сайдын мэдээлэлд ямар дүгнэлт хийв?
-Ерөнхий сайд С.Батболд бүлгийн хурал дээр дөрвөн төрлийн асуудал ярьсан. Удаан хугацаанд хэлэлцэгдэж боловсруулагдсан улс төрийн намуудын сонгуулийн үеэр амалсан 1,5 сая төгрөгийг хэрхэн, хэзээ иргэдэд олгох, Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төслийн тухай, төмөр замын нэгдсэн бодлого, утаагүй Улаанбаатар төслийн тухай зэрэг асуудлыг танилцуулсан. Эдгээр дөрвөн асуудлыг Засгийн газраар хэлэлцээд үндсэндээ дууссан. Тиймээс УИХ-д өргөн бариад хэлэлцүүлэг явагдах учраас асуудал болгон ерөнхийдөө ямар чиглэлээр боловсруулагдаж байгаа тухай мэдээлэл хийсэн юм. Мэдээлэлтэй холбоотой гишүүд тодорхой асуулт асуусан.
-Ерөнхий сайдаас бодлогын яанартай ямар асуудлууд дээр тодорхой хариулт авсан бэ?
-Засгийн газар иймэрхүү зүйлээ өнгөрсөн жилээс хийх байсан, удаан ажиллаж байна гэдэг шүүмжлэл олон хүнээс гарсан. Гэхдээ яахав ажил эхэлсэн нь сайшаалттай байна. Тиймээс УИХ-аар хэлэлцэж дуусаад Засгийн газарт ажиллах боломж олгоё. Энэ хавраас төмөр замыг барьж эхлэх хэрэгтэй байна. Иймээс төмөр замын нэгдсэн бодлогын хувьд Засгийн газар манай улс нэгдсэн нэг сүлжээ буюу өргөн царигийн ашиглаж байх нь дээр гэж тогтжээ. Харин хаашаа зам тавих вэ гэдгээ ирэх 7 хоногт урьдчилсан байдлаар тогтооно. Хамгийн эхний төмөр зам Сайншандаас Тавантолгойруу чиглэгдэж баригдана. Дараагийн ээлжийн төмөр зам Тамсагаас Сайншанд руу. Энэ бүхнийг яагаад одоо яриад байна вэ гэхээр Тавантолгойн нүүрсийг кокосжуулж гүнзгий боловсруулалт хийж, өртөг нэмж гаргахын тулд Тавантолгой Сайншанд 2-ыг холбох хэрэгтэй. Тамсагт газрын тос олдон. Тэрнээс Монгол улсын бензин шатахууны хэрэглээнийхээ багагүй хувийг нийлүүлэх боломжтой байгаа. Түүхий нефть төмөр замаар нэвтрүүлэх юм бол Сайншандад боловсруулах үйлдвэр барих ёстой. Иймэрхүү практик ажлуудаас эхлээд маш олон мянган хүний ажлын байр гарч ирж байгаа. Улаанбаатарт хот болон хөдөө орон нутагт байгаа олон ажилгүй нөхдийг иймэрхүү том хэмжээний ажилд оролцуулж цалинтай болгоно. Ингэж байж иргэдээ орлоготой болгоно.
-Иргэдэд олгох 1,5 сая төгрөгийг ямар эх үүсвэрээс гаргаж авахаа тайлбарласан уу?
-Засгийн газрын танилцуулснаар иргэдэд олгох 1,5 сая төгрөг буюу стратегийн ашигт малтмалаас олсон орлогыг иргэдэд хуваарилах ажлыг ирэх намар гэхэд бүрэн шийдвэрлэх боломжтой гэсэн. Үүний эх үүсвэрийг Оюутолгойн урьдчилгаа төлбөр, Тавантолгойн гэрээ зурагдахаар орж ирэх урьдчилгаа төлбөрөөс шийдэх боломжтой гэж үзсэн. Тавантолгой ордын хуьвд хөрөнгө оруулах, хамтран ажиллах газруудад тодорхой зарчим, үндсэн шалгуур үзүүлэлт тогтоосноо танилцуулсан. Чухам ямар улсын, юу гэдэг компанитай хамтран ажиллах санал нь удахгүй тодорхой болно. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөр 500 саяас хоёр тэрбум ам.доллар байна гэж үзэж байгаа.
-УИХ-ын даргад Оюутолгойн ТЭЗҮ-ийн талаар гишүүд байр сууриа илэрхийлж гарын үсэг зурсан. Гэтэл энэ тал дээр МАХН-ын бүлгийн дарга талууд тодорхой ойлголцолд хүрсэн гэж тайлбарлаад байгаа. Үнэхээр та бүхэн тодорхой ойлголцолд хүрч чадсан уу?
-Өнгөрсөн 7 хоногт байнгын хорооны ирц бүрдэхгүй байсан учраас энэ 7 хоногоос хуралдана. Тэр үеэр Засгийн газрын гишүүдийг дуудаж сонсгол хийнэ. Тэгээд нэгдсэн дүгнэлтэнд хүрцгээнэ.
-Сонсгол хийгээд тодорхой ойлголцолд хүрнэ гэж ойлгож болох уу?
-Үгүй. Сонсгол хийсний дараа ямар шийдвэр гаргах талаараа УИХ-ын гишүүд тодорхой түвшинд байр сууриа илэрхийлж болно.

Б.Туяацэцэг