Өдрийн сонин 2010.2.23

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос томилсон ажлын хэсэг Мардайн бүлэг ордын талаар шалгалт хийжээ. Энэ талаар өчигдөр тус байнгын хорооны дарга З.Энхболд хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Хууль зөрчин ураны ордын хайгуулын зөвшөөрлийг олгосон нь шалгалтаар илэрсэн юм уу?
-Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Дашбалбар сумдын нутагт байрлах ураны ордуудад 1971 онд хайгуулын ажлыг эхэлж, 1974 онд илрүүлэн, 1981 оны арванхоёрдугаар сарын 23-нд ОХУ-Монгол Улсын Засгийн газар хооронд “Монгол Улсын нутаг дээр ураны орд ашиглах тухай”
хэлэлцээр байгуулсан юм билээ. 1988-1995 онд нийтдээ 510.6 мянган тн хүдэр олборлосон юм байна. Гэтэл Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар олборлолт хийгдэж байсан ордуудыг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2.3, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтуудыг зөрчин хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эмээлт майнз” ХХК, “Вестерн Проспектор Монгол” ХХК, “Адамс Майнинг” ХХК зэрэг компаниудад олгожээ. Олборлолт явуулж байсан газар хайгуулын лиценз олгох нь хуулиар хориотой. 1989 оны эцэс 1990 оны эхээр Концессын гэрээ дуусгавар болж ураны ордыг ашиглаж байсан бүх өмч хөрөнгө Монголынх болсон. Хоёрхон жишээ хэлэхэд та бүхэн ямар хэмжээний масштабтай ажил явуулж байсныг ойлгох байх. Газар доогуур 40 орчим км жижиг вагончик чирдэг төмөр зам барьсан байсан. Тэнд хэвтээ малталтын гурван гүн цооног гаргасан. Оросуудтай хийсэн гэрээ дуусгавар болонгуут бүх нөөцийн тайлан, хүдрийн байршил, цахилгаан хангамж, 130 км төмөр зам Монголын талд үнэ төлбөргүй шилжиж ирсэн. Ийм үйл ажиллагаа явуулж байсан, нөөц нь тогтоогдсон ураны орд газруудад дахиад хайгуул хий гээд дөрвөн компанид 14 лицензийг олгосон байгаа. Үүнийг энгийн үгээр зүйрлэж хэлэх юм бол “Эрдэнэт” үйлдвэрийн олборлолт явуулж байгаа талбайд хайгуулын лицензийг хэн нэгэнд олгоод нөгөө этгээд нь Канадын хөрөнгийн бирж дээр аваачиж мөнгө босгож ирээд Эрдэнэтийнхнийг зайл гэж хэлж байгаатай ялгаагүй зүйл.
-Ажлын хэсэгт ямар гишүүд орж ажилласан юм бэ?
-Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Одбаяр, Ц.Шинэбаяр, мөн Д.Хаянхярваа, Х.Жекей гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
-Ураныг төрийн хяналт дор ашиглахаар болж Цөмийн энергийн тухай хуулийг өнгөрсөн онд баталж гаргасан. Замбараагүй олгосон лицензийг цэгцэлнэ гээд байсан шүү дээ?
-Энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, зохицуулалтад оруулахаар УИХ-аас Цөмийн энергийн тухай хуулийг батлан гаргасан.
Цөмийн энергийн газар нь өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой.
Энэ ажил хэрхэн хийгдэхийг манай ажлын хэсгийнхэн хүлээж байсан. Хууль бус эдгээр лицензүүдийг хүчингүй болгоно гэж найдаж байсан юм.
Гэтэл өнөөдрийн байдлаар хоёр лицензийг түдгэлзүүлээд бусдыг нь хэвийн байна гэж үзэн өгсөн байна. Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийн заалтуудыг зөрчин “Эмээлт майнз” ХХК, “Вестерн Проспектор Монгол” ХХК, “Адамс Майнинг” ХХК зэрэг компаниудад улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон нутаг дэвсгэрт хайгуулын 4846Х, 4969Х, 4970Х, 4974Х, 7405Х, 7685Х, 6995Х, 7023Х, 9283Х, 9353Х, 9363Х, 3367Х тоот лицензүүдийг өгсөн байна.
-Ямар компанид өгсөн лицензийг нь түдгэлзүүлээд байгаа юм бол?
-“Хан ресурс”, “Адамс майнинг” компанид өгсөн хоёр лицензийг түдгэлзүүлээд байгаа. Бусад 12 лицензийг хэвийн хэмээн олгосныг эргэн харж хууль бус үйлдлийг таслан зогсоох ёстой. Түдгэлзсэн хоёр лицензийг ч гэсэн шалгасны дараа хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг Засгийн газарт өнгөрсөн баасан гаригт хүргүүллээ.
-Засгийн газарт ямар дүгнэлт хүргүүлснээ тодруулахгүй юу?
-Дорнодын “Гурванбулаг”, “Мардайн гол”, “Дорнод”-ын ордуудын нөөцийн талаар хийсэн ОХУ-ын судалгааны ажлуудыг одоогийн хийсэн өрөмдлөгийн үр дүнтэй харьцуулахад ураны агуулгыг багасгасан, хүдрийн биетийн хил хязгаарт ядуу агуулгатай хүдрийг ашиглах нөөцөд оруулаагүйгээс нөөцийн хэмжээг зориуд багасгасан байдал ажиглагдсан. Иймээс ордуудын нөөцийг дахин шинэчлэн тогтоож, үнэлэх, уурхайн дэд бүтцийг сэргээх, шинээр бий болгох зардлын тооцоог гаргах хэрэгтэй байна. Мөн хайгуул хийгдэж, ашиглахад бэлэн болсон “Гурванбулаг”, “Мардайн гол”, “Дорнод”-ын ордууд дээр Ашигт малтмалын хууль зөрчин олгосон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой. Төрийн өмчийн “Мон-Атом” компанид “Гурванбулаг”, “Мардайн гол”, “Дорнод”-ын ураны ордуудыг шилжүүлэн өгөхөд шаардагдах эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хийж болох судалгааны ажлыг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж дүгнэлтдээ оруулсан. Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын “Чингэсийн далан” өртөөнөөс Мардайн уурхай хүртэлх төмөр замын хувьчлалыг хүчингүй болгож, хувьчлан авсан аж ахуйн нэгжийг хохиролгүй болгохоор тусгалаа.
-130 гаруй км төмөр замыг ТӨХ дур мэдэн хувьчилсан гээд байгаа. Ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж танилцсан гэсэн. Үнэхээр ашиглаж болохооргүй болсон байсан юм уу?
-Бид очиж үзсэн. Энэ төмөр замыг засварлаад дахин ашиглах бүрэн боломжтой юм билээ. УИХ, Засгийн газраас хувьчлах жагсаалтад оруулаагүй төмөр замыг ТӨХ дураараа хувьчилсан. Хууль зөрчсөн учир энэ хувьчлалыг хүчингүй болгож дур мэдэн шийдсэн албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. Хууль зөрчин замбараагүй олгосон лицензийг цэгцлэн нөөц нь тогтоогдсон ураны ордуудаа эргэлтэд оруулах ажлыг түргэвчлэх хэрэгтэй байна. Ашиглаж эхлэхээр төмөр зам чухал үүрэгтэй болно.
-Ардчилсан хүчний холбоо байгуулагдаад хүрээгээ богино хугацаанд тэлж байх шиг байна?
-Ерөнхий зөвлөлийн хурлаа хоёр удаа хийлээ. “Зоос гоёл” компанийн байранд байр түрээсэлсэн. Аймгуудад салбараа нээж байна. Анхдугаар их хурлыг гуравдугаар сарын 10-нд хийхээр тогтлоо. www.dcu.mn гэсэн вэб сайт нээж хүссэн иргэдийг бүртгэж эхлээд байна. Монголоо шинэчилье гэсэн зорилготой манай төрийн бус байгууллагын үйл ажиллагааг иргэд их дэмжиж байгаа. Бид их өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулахаараа онцлог юм.
-Ардчилсан нам дотор дахин нам мэндэллээ гэсэн өнцгөөс хүмүүс хараад байгаа?
-Ардчилсан үзэлтэй, Монголоо шинэчилье гэсэн бодолтой ямар ч намын гишүүн манай холбоонд элсэж болно. Тийм учраас намын доторхи байгууллага биш ээ. Хуулиараа хориглоод АН-ын хийж чадахгүй байгаа тэр үйл ажиллагааг манай төрийн бус байгууллага хэрэгжүүлнэ. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн дагуу нам бус болчхоод ажиллаж байгаа хүнийг АН-ын гишүүн байсан гэсэн үндэслэлээр ажлаас халах, хавчих тохиолдол гараад байна. Нөгөө иргэн нам дээр очихоор та манай гишүүн биш гээд оролцох эрхгүй болсон. Тийм хүмүүсийн очих газар нь Ардчилсан хүчний холбоо байх болно.
-Хэдэн хүн тэгж халагдаад, хавчигдаад байгаа юм?
-Одоо удахгүй тодорхой болох байх. Эхнээс нь бид тусалж байгаа. Одоогоор ажлаас халагдсан, арга хэмжээ авахуулсан хоёр хүний ажлыг хөөцөлдөж өгөөд байна.
-Хавар АН-ын ҮЗХ-ны гишүүд өөрчлөгдөнө. Энэ үеэр олуулаа болж, эрх мэдлийг гартаа атгах зорилгоор ийм холбоо байгуулж үйл ажиллагаа идэвхжүүлээд байгаа юм биш үү?
-АН-ын ротацид зориулж төрийн бус байгууллага байгуулна гэж юу байхав дээ. Бид Монгол Улсаа шинэчлэхийг хүсэж л энэ байгууллагаа байгуулсан болохоос биш тийм өчүүхэн зорилго агуулаагүй. Зөвхөн боловсролын ч юмуу эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэж ярьдаг байсан бол бүх салбарт нийтээрээ шинэчлэлт хийх цаг болжээ. 20 жил ардчилал, зах зээлийн замаар явсан боловч манай энэ систем дотор болохгүй зүйл маш олон байна. Энэ болгоныг засахдаа доороос эхэлье гэж энэ төрийн бус байгууллагыг байгуулсан юм. Монголд 6000 гаруй төрийн бус байгууллага байдаг юм билээ. Үүнээс Ардчилсан хүчний холбоо нэг л зүйлээр ялгарна. Тухайн бүлэг хүмүүсийн санасан бодсон зүйл нь төрийн бодлого шийдвэр болж хувирдаг болгохыг зорьж байгаагаараа ялгаатай.
-АН-ын дарга урт хугацааны чөлөө авах гэж байгаа гэсэн сураг байна. Та энэ талаар мэдсэн үү?
-Үгүй. Цагаан сараар золгоход зүгээр л байсан даа.
-Ж.Батзандан, О.Магнай нар Ардчилсан хүчний холбооны захиалгаар жагсаал цуглаан хийх гэж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байна?
-Жагсаал цуглаан хийхдээ тулбал бид өөрсдөө хийчихнэ. Хэн нэгэнд захиалга өгдөг байгууллага биш. Иргэн санал хүсэлтээ илэрхийлэх олон хэлбэр байгаа шүү дээ.
-Энэ хоёр хүн танай Ардчилсан хүчний холбоонд элссэн гэл үү?
-Манай холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүд.
МАХН-д намын даргаа өөрчлөх, хамтарсан Засгийн газрыг огцруулах зорилго бүхий эсэргүү бүлэг байгуулагдаад байгаа гэсэн мэдээлэл гарах болсон Тус нам Бага хурлаа, танай холбоо их хурлаа гуравдугаар сард хийхээр давхцаад байна л даа, Энэ нь Засгийн газрыг ганхуулах дохио юм биш үү?
-МАХН-д юу болж байгааг бид сонирхохгүй. Тэдний дотоод асуудал.
-Та хамтарсан Засгийн газрыг хэр ажиллаж байна гэж дүгнэж байна вэ?
-Засаж залруулах зүйл зөндөө байгаа. Туйлын сайн гялалзтал ажиллаад байна гэж хэлэхгүй. Бүр болохоо байсан зүйл байхгүй л байна. Засгийн газарт үнэлэлт дүгнэлт өгдөг байгууллага нь УИХ Би хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлж байна. Дүн тавь гэвэл дунд л гэж хэлнэ. Ер нь бол ажил алдахгүй санжганаад явж байгаа шүү дээ.
-Хамтарсан Засгийн газар 2012 он хүртэл тогтвортой ажиллах нь үр дүнтэй биз дээ?
-Засгийн газар алдаа хийхгүй бол сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд ажиллаад л байна. Одоогийн байдлаар Засгийн газрыг огцруулъя гэсэн санал оруулахаар 19 гишүүн нэгдээгүй л байна. Ноцтой алдаа хийчижгүй, мөрийн хөтөлбөр нь боломжийн хэмжээтэй биелээд яваад байвал хэн ч Засгийн газраар оролдохгүй.
Д.ДОРЖПАГМА