Өдрийн сонин 2010. 2.12

УИХ-ын дэд дарга Г.Батхүү, гишүүн З.Энхболд, Д.3оригт, Д.Лүндээжанцан нар намрын чуулган завсарлангуут сонгогдсон тойрогтоо ажилласан юм. Тэдний сонгогдсон Өвөрхангай аймаг энэ жилийн хувьд зудтай хүндхэн өвөлжиж байна. Аймгийн 19 сумаас Төгрөг, Баянгол, Сант, Баян-Өндөр, Тарагт, Зүүнбаян-Улаан сумд гамшгийн хэмжээнд хүрчээ. Харин Уянга, Хархорин, Хужирт сумд зудтай гэсэн ангилалд орсон байна. Нэр бүхий гишүүд хоёр хоёроороо хуваагдан ажиллалаа. Тухайлбал гамшигтай урд, зүүн урд талын дөрвөн суманд Д.Зоригт, Д.Лүндээжанцан нар. Харин З.Энхболд, Г.Батхүү нар Тарагт, Зүүнбаян-Улаан, Уянга, Хужирт, Хархорин суманд ажиллав. Тарагт сумын Алтан тал багийн малчин Ц.Зоригт гуай “Юмыг үзээгүй гэж хэлж болдоггүй гэдэг. 50 гаруй наслахдаа ийм хүйтэн өвөлтэй учир ч байгаагүй юм шиг санагдах юм. Хэдэн хонь үхрээ гаднаа авч байна. Зун болохоо больж газрын гарц муудсан, цас их унаж хүйтрэхээр бага мал тэсэхгүй юм. Хотноосоо гарахаар дөрвөн хөл нь хөлдчихдөг. Хэвтэртээ болохоор дээр дээрээсээ дарж хэвтээд дарагдах юм даа” гэж байв. Тэднийх гишүүн З.Энхболдыг очиход цагаан сарынхаа тавгийн боовыг хийж байлаа. Тус сумын бэлчээрийн хувьд хөрш Баянгол сумын олон малтай айл ирээд халуун намраар өвөлжөөг нь идчихдэг муу зуршилтай болжээ. Малын бэлчээрийн даац хэтэрснээр өвс ногоо ургаж өтгөрүүлдэггүй. Газрын гарц муу болохоор хадлан авах боломжгүй. Ийм болохоор өвс тэжээлийн нөөцгүй байдаг нь байгалийн бэрхшээлийн өмнө малчдыг сөхрөхөд хүргэжээ. Эдүгээ тэнд боодол өвс 10-12 мянга хүрчээ. Нэгнийхээ өвөлжөө, хаваржааг бусад нь шахаж буугаад идчихдэг үйлдэл ч газар авсан байна. Энэ талаар Тарагт сумын Туяа багийн малчин Ш.Өлзийбат “Халуун намраар 800 гаруй малтай айл өвөлжөөнд шахаж буугаад өвөлжөө мөлжчихсөн. Эцэст нь өөрийн мал идэх хоолгүй өлдөж хүндэрлээ. 800 мал гэдэг чинь олон мал шүү дээ. Хүүхэд очиж хэлсэн байсан. Гэтэл өөдөөс нь зөндөө юм ярьсан байна билээ. Хэцүү хүн олон болчихсон болохоор үг хэлж ч болохгүй юм даа” хэмээн ярьсан юм.
Тэднийх өвөлжөө, хаваржааныхаа эргэн тойронд нэг, нэг га газрыг эзэмшихээр газрын гэрчилгээ авчээ. Хэдийгээр газрын гэрчилгээтэй ч тэр нь өвөлжөө, хаваржаагаа бусдын малын хөлөөс хамгаалах хэрэгсэл болж чадахгүй байгаа юм байна. Уг нь гэрчилгээтэй газарт тэдний малаас өөр мал хөл тавих учиргүй. Тэрбээр нүүдлийн мал аж ахуйн хуучин хэлбэрээрээ хол явахгүй нь тодорхой боллоо. Иймд өвөлжөө, бууц бэлчээрээ хашиж хамгаалах хэрэгтэй боллоо гэж хэллээ. Бэлчээр малчны эзэмшилд шилжсэн нөхцөлд өөрсдөө өөр хүний газар руу орж болохгүй гэдгийг тэд сайн мэдэж байна. Гэхдээ үүнээс өөр гарц байхгүй хэрэв эзэмшлийн газартаа айл буулгахгүй байх эрхтэй болчихвол өөрийн бэлчээрийг өөд нь татах арга хайна гэж байв. Тэгвэл Уянга сумын зургадугаар багийн малчин Ш.Төмөрхуяг “Онги гол руу бүх малчин өрх шахаж буугаад бэлчээр талхалчихдаг. Талхалсан газар нь үлддэг болоод удлаа. Одоо наранд халаагуур залгаж дэлхийг халааж чадахгүйгээс хойш ямар ч арга алга даа. Бог мал тэр дотроо ямаа хэт өссөнөөр бэлчээрийг талхалчих юм. Гэхдээ малчин хүнд ямааны ноолуураас өөр түлхүү орлого олдог малын түүхий эд байхгүй болохоор түүнийг цөөлөх янз байхгүй хэцүү байна хэмээж байлаа. Тэгвэл 94 настай Ц.Цэрэндорж гуай хөгшинтэйгээ ач хүүтэйгээ амьдардаг хот айлд буулаа. Хоёр хөгшний хувьд үхэр, адуугаа оторт явуулчихсан богтойгоо өвөлжиж байна. “Ашдын бэлгээс амны бэлгэ” гэж бодсон уу өвөл хүндэрч мал нүд аньж байгаа талаар ам нээсэнгүй. Сайхан өвөлжиж байна. Ийм сайхан хүмүүс манайд бууж байхад цай ундаар дайлна хэмээн 90 гаруй настай эмгэн аргал хормойлж оруулан, тогоогоо сэвхийтэл өргөн зуухан дээрээ тавьж ус хийн, гаднаас хөлдүү сүү тэвэрч ирээд хага цохиж цай унд болов. Хэдийгээр цаашаа олон айлд орох ёстой цаг бага байсан ч тойрогтоо ажиллаж байгаа УИХ-ын гишүүн З.Энхболд тэднийд хэсэг саатав. Өндөр настнуудын хувьд гэртээ Жи мобайлын суурин утастай. Утсанд олон дугаар хийхэд зарим товч давхар дарагддаг гэж хэлж бусдыгаа инээлгэв. Тогтмол ярьдаг хүүхдүүдийнх нь зарим дугаарыг утсанд нь суулгаж кодолж өглөө. Эмгэн тэрхүү үйлчилгээг авснаар “Аа тийм үү нэг тоолбол ч цээжилчихнээ” гэж хэлээд хэнтэй хэдийн тоон дээр дарж ярих вэ гэдгийг том үсгээр бичүүлж аваад утасныхаа дэргэд байрлуулчихав. Харин сумын нь хүн эмнэлгийн утсыг оруулчих уу гэхэд, хэрэггүй даралтын аппарат бий. Түүгээр даралтаа үзчихнэ. Өссөн байвал эм ууна, болоод байгаа юм чинь түүгээр яах юм бэ гэж байв. Ц.Цэрэндорж гуайнх Уянга сумын хамгийн өндөр настай гэр бүл юм байна. Залуудаа дайнд оролцож явсан ч улаан үнэмлэх олж авч чадаагүй тул дайнд оролцсон ахмадуудын бүх хөнгөлөлтөөс хоцрох болсон гэнэ. Мөн багийн малчин Д.Ганбалдан “Мал тэжээх гурван сарын нөөцгүйгээр малтай байна гэдэг хүнд болчихлоо. Өвс, тэжээл бэлтгэж аваагүйгээс малчид хүнд байдалд орлоо. Өвс тэжээл бэлтгэе гэхнээ хангай дэлхий гарахаа больсон. Ийм нөхцөлд тэжээл тарихгүйгээр цаашаа явахгүй нь” хэмээн ярьж байна.
Өвөрхангай аймгийн говийн суманд 2000 оны зуднаар бод их үхсэн. Харин энэ жилийн зуднаар богийнхоо бага талыг барж байна гэлцэж байлаа. Тэгвэл хангайн сумынхан бодынхоо бага талыг үхэж байгаа талаар хэлж байна. Бог мал хэт өссөнөөр бод бэлчих газаргүй болсон аж. Хархорин сумын “Алтан тэрэм” компани сүүний үхрийн аж ахуйтай юм байна. Тэжээл тарьснаар тэдний хувьд зуд холуур өнгөрч байгаа аж. Тэднийхтэй ийм чиглэлийн аж ахуйтай н.Хуягбаатарынх айл буужээ. Байнгын тэжээлтэй үхэр байрнаасаа гарахгүй байхад тэжээлгүй айлын мал пүнзнээсээ гарч хашааны ёроол нөмөр бараадсан янзтай байсан юм. н.Хуягбаатарын хувьд тэжээл тариагүй шалтгаанаа мөнгөгүй гэдгээр тайлбарлаж байна. Мөнгөтэй тэжээл тарьсан хүмүүс зуд үзэхгүй сайхан байна гэх маягтай үг унагалаа.
Өвөрхангай аймаг өнгөрсөн оны тоогоор гурван сая 560 мянган мал тоолуулжээ. Түүнээс энэ сарын 4-ний байдлаар 424 мянган мал хорогдсон байгаа ажээ. Хамгийн их малын хорогдолтой нь Баянгол сум гэнэ. Тус сумын нийт малын 40 хувь буюу 90 мянган мал хорогджээ.
Тус аймгийн малын хорогдлыг мал тооллогын өмнөх байдлын мөнгөн дүнгээр тооцож үзвэл 20 тэрбум төгрөг хүрч байна. Ийм л өндөр өртгөөр малдаа өвс, тэжээл бэлтгэх ойлголтод хүрч байх шиг ээ. Уулзсан малчдын олонхи нь тэжээлийн нөөцгүйгээр цаашаа явахгүй нь гэж хэлж байв. Зуд боллоо гээд цагаан сар хийхгүй гэж хэлэх хүн гарахгүй байна. Харин ч шинэ сарын дараа дулаарч байгаль, дэлхий буянаа хайрлана биз ээ гэцгээж байсан юм. Өвөрхангайнхан зудтай зутруу өвөлжиж байгаа ч өөдрөг сэтгэл, тэмүүллээр хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгэнд бэлтгэж байна.
Г.ЭРДЭНЭБАТ