Үнэн 2010.2.6

УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.
-УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлачихлаа. Хаврын чуулган хүртэл юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Ширээн дээр цаас алга. Маргааш Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын дөрвөн гишүүн тойрог руугаа явна. Зудын байдалтай гэж бүртгэгдсэн долоон сумаар орох юм.

-Ер нь ажлын бус, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Идэвхтэй, хөдөлгөөнтэй байх арга бий. Мөн идэвхгүй маягийн ном уншиж, интернет орох дуртай.

-Тэгэхээр ямар спортоор хичээллэн идэвхтэй амарч чаддаг вэ?
-Манайд дэлхийн төвшний цанын бааз байгуулагдсан. Хагас, бүтэн сайныг алгасалгүй очиж гулгах бодолтой байдаг. Зарим хүйтэн өдөр явахгүй байгаа. Мөн өвлийн цагаар газрын теннис тоглож, бассейнд сэлдэг.

-Та хэр сайн цанын тамирчин бэ?
-Харьцангуй л даа. Цанын замыг АНУ-д ч, Монголд ч ногоон, цэнхэр, хар гэж ангилдаг. Ногоон нь дөнгөж сурч байгаа, хар нь огцом өнцөг үүсгэн гулгадаг буюу хүндрэлтэй замыг хэлдэг. Хар нь хамгийн хэцүү л дээ. Бас техник гэж бий. Гэр бүлээрээ америкт гурван жил болохдоо Денверийн ойролцоох цанын баазуудад гулгаж сурсан. Багш авч сурсан. Одоо манайхан чинь багшгүй шууд гулгаад л бие биеэ мөргөөд байна шүү дээ. Цана аюултай спорт. Бүх зам дээр нь явж чадна. Мэдээж спортын зэрэгтэй тамирчин биш. Сонирхогчийн хэмжээнд эрүүл агаарт цагийг өнгөрөөх боломжийг олгодог. Харин манай гэр бүлийн эмэгтэйчүүд цэнхэр замаас хэтрэхгүй байгаа. Хоёр хүү маань намайг дагаад хар зам руу гарчихдаг.

-Яагаад тусгайлан багшаар заалган байж энэ спортоор хичээллэх болсон юм бэ?
-АНУ-ын их, дээд сургуульд сурна гэдэг цаг авсан ажил байдаг. Долоо хоногийн таван өдөрт нь ажлын найман цагаар ажилладаг хүнээс илүү завгүй. Бүтэн сайнд нь зав гарахаар идэвхтэй амрах хэрэгтэй гэж үзээд хичээллэдэг болсон. Сонголт олон байсан ч багаас цанын хичээл ордог байсан болохоор хичээллэсэн. Тэр нь уулын биш талын цана байсан л даа. Одоо бодоход талын цанаар л уулан дээрээс гулгадаг байж л дээ. Зориулалтын бус цанаар гэсэн үг шүү дээ.

-Өвлийн амралт цана юм байж. Тэгвэл зун хэрхэн амардаг бол?
-Зун чуулган завсарлачихдаг учраас майхан бариад хөдөө явах нь сайхан амралт болдог. Манайхан гэр бүлээрээ Хөвсгөлд жил бүр оччих санаатай. Сүүлийн хэдэн жил завсарлачихаад байгаа юм. Бид нуурын баруун эрэг Тойлогтод очдог.

-Таны хоббиг амттай хоол хийх гэж уншсан юм байна. Хоббиныхоо талаар ярихгүй юу?
-Тэр тэгвэл ёстой худлаа бичсэн байна. Би ямар ч хоол хийж чадахгүй. Харин амттай хоолыг идэж чадна шүү. Манай хоолны талын бүх ажлыг гэрийн хүн маань хийдэг.

-Ер нь хоол унд, гэр зуурын ажилд хааяа оролцоно биз?
-Хааяа оролцоно. Гэхдээ би ямар ч мэдлэггүй учраас аль болох хол байхыг боддог юм. Нэг удаа TҮ5-ын хоол хийдэг нэвтрүүлэгт орсон л доо. Америк шарсан төмс хийхэд их амархан шүү дээ. Тосонд хийгээд гурван минут шараад л болоо. Яг тэрэн шиг тосонд бэлдсэн загасаа хийгээд л хоол болгочихсон л доо. Тийм зэргийн хоолыг бол хийж чадна. Бас халаадаг түргэн хоолнуудыг хийж чадна. Нарийн хоолыг бол яагаад ч чадахгүй. Гэрийн ажил хийхгүй аягүй уджээ.

-Интернетээр аялах дуртай талаараа ярихгүй юу. Ер нь Таныг мэдээллийн технологи тал дээр гаргуун гэдэг байх аа?
-Энэ тал дээр манай гэр жижиг компанийн оффисоос илүү. Өнгөт, хар, хэвлэгч, компьютер дэх бүх дуу, кино нь зурагт руу ордог Apple TҮ утасгүй сүлжээ Wi-Fi, хүний тооноосоо илүү компьютер, 24 цагийн интернет, дуу, фото, видеоны нэгдсэн сан гээд зөңдөө юм байна. Бүгд хэрэгцээтэй. Тэрнийхээ ашгийг гаргаж чаддаг. Эдгээр хэрэгсэлгүйгээр амьдарч чадахгүй. Уг нь компьютерийн hardware тал бол миний мэргэжил юм шүү дээ. Намайг дагаад бүгдээрээ энэ талд сонирхолтой болчихож. Охинд л гэхэд нано, touch гээд iPod хэд хэдээрээ байгаа.

-Таны өдөр тутмын үйл ажиллагааг компьютер, интернэтээс салгах аргагүй учраас дагалдах багаж, хэрэгслийн чанартайг нь сонгоно биз. Энэ төрлийн ямар брэндийн багаж, хэрэгсэл ашигладаг вэ?
-Манайх өмнө нь РС-тэй байсан. Одоо бүгдээрээ Мас руу шилжээд дуусч байна. Ер нь компьютер хоёр жилийн дотор бүрэн солигддог. Гэхдээ моод хөөцөлдөхдөө биш гол нь шинэ боломжууд гарч ирээд байгаа юм. Жишээ нь, урьд нь Twitter байсангүй л дээ. Өнөөдөр миний Twitter-ийг дaгaдaг xүмүүcийн тoo 800 хүрмэн. Урьд нь 800 хүнд ямар нэг мэдээлэл хүргэхийн тулд 800 хүн рүү mail бичих байсан. Twitter үнэгүй шүү дээ. Саяхан гадаад хэл хэрхэн сурах тухай мэдээллийг Twitter-тээ хийгээд л хэрэгцээтэй хүмүүс нь үзээд л явж байна.

-Гадаад хэл сурах чухам ямар арга байсан юм бол?
-“NewYork Times” дээр гарсан энэ материал дээр англи хэлийг сурах арга интернет гарснаас хойш өөрчлөгдсөн гэсэн байсан. Урьд нь зөвхөн анги, хичээл, багш гэсэн сургалт байсан бол өнөөдөр интернет багшийг орлож байна.

-Ингэхэд Та англи хэлийг хэрхэн сурч байв?
-Драмын хашаан дахь нэг давхар байшинд “ESP” төвд ганцаарчилсан багшаар заалгаж байсан. Дараа нь Денверт, үүний дараа Денверийн ойролцоох Боулдерт гурван cap их сургуулийн бэлтгэлд суусан. Бүр анх Орост оюутан байхдаа үзэж байсан л даа.

-УИХ-ын гишүүдийн дунд мэдээллийн технологийн чиглэлээр хууч хөөрөх хэмжээний мэдлэг, туршлагатай хүн хэр олон байна?
-Байлгүй яахав. Олон гишүүд бий. Ялангуяа залуу гишүүд бүгдээрээ л сайн.

-Энэ салбартай ойрын хувьд Монгол дахь мэдээллийн технологийн хөгжлийг хэрхэн хардаг вэ?
-Би саяхан Канадын нэгэн төслийн хурал дээр “Мэдээлэл, харилцаа холбооны хөгжил Монголд” сэдэвт илтгэл тавьсан. Монгол орны хөгжлийг мэдээлэл, харилцаа холбоо, технологийн тусламжтайгаар богино хугацаанд урагшлуулж болно. Яагаад гэвэл, дэлхийд мэдээллийн технологи хэрэгтэй улсуудыг хамгийн хэрэгтэй, арай бага хэрэгтэй, нэг их шаардлагагүй гээд ангилбал Монголд хамгийн түрүүнд хэрэгтэй. Учир нь сая 500 мянган км хавтгай дөрвөлжин талбайд 2.7 сая хүн амьдарч, хоорондоо холбогдоход ихээхэн зардал гардаг. Тэгэхээр энэ салбарын хөгжилтэй уялдуулан хаана амьдарч байгаагаасаа үл хамаарч хоорондоо харилцаж чаддаг байх хэрэгцээ их байна. Хоёрдугаарт, бидэнд хамгийн ойрхон далай биднээс мянга гаруй км-ийн цаана байдаг. Ямар ч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч далайн боомтод ойр орших улсаас үргэлж хожимддог. Тийм учраас Монголд үйлдвэрлэгддэг зүйлс бодитой тээвэрлэгддэг байхаасаа илүүтэй барьж болдоггүй зүйл байвал дэлхийн зах зээлд илүү өрсөлдөж чадна. Жишээ нь, програм хангамжийг Улаанбаатар, Тяньжинд үйлдвэрлэхэд ялгаагүй. Харин Монголд ямар нэг зүйл үйлдвэрлэх нь хэзээ ашигтай вэ гэхээр тухайн түүхий эдээр тэргүүлдэг байвал л ашигтай.

Танд ямар нэг цуглуулга бий юу?
-Бариултай аяганы цуглуулга бий. Тоолж үзээгүй. Нэг шүүгээ дүүрэн бариултай аягатай даа. Улс орон бүр өөрийнхөө ийм аягыг гаргадаг юм. Аяганаасаа хаана явж байснаа харчихдаг, бас цай хийгээд уучихна.

-Та дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаг уу?
-Заавал хэлнэ шүү дээ. Замаар явж байхад урд талын машин дүрэм зөрчвөл хэлэх мэтээр л явна даа.

-Та туйлшрамтгай хүн үү. Эсвэл өөртөө хэт итгэлтэй хүн үү?
-Би өөртөө үнэлгээ өгөх дургүй. Туйлын үнэн гэж байдаггүй шүү дээ. Хүмүүс намайг янз бүрээр л хардаг байх.

-Таны нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?
-Босонгуутаа и-мэйлээ шалгадаг. Орон дотроо сонин гүйлгээд харчихна. Дараа нь биеийн тамирын ажил эхэлнэ дээ. Эмчийн бичиж өгснөөр өдөрт таван км гүйх нормтой. 45 минутанд дөрвөн км гүйдэг. Манай гэрийн коридор тэр чигээрээ фитнессийн өрөө шиг байдаг.

-Залуучуудад хандаж хамгийн энгийн зөвлөгөө өгвөл?
-Ядаж л англи хэл сурчих. Аягүй их боломж нээгдэнэ. Англи хэлгүйгээр нэг ч алхам урагшлахгүй болчихлоо шүү дээ. Олон зуун мянган төгрөг төлж курсээр явдаг хүмүүсээс өдөр бүр бие дааж 1 -2 цаг зарцуулдаг хүмүүсийн үр дүн өндөр байдаг.

Б.Номин