Зууны мэдээ 2010.1.14

2010-2012 онд хувьчлах төрийн өмчит аж ахуйн нэгжийн жагсаалтад  Эрдэнэт үйлдвэр багтсан нь олны анхаарлыг татсан билээ. Улсынхаа саалийн үнээ болсон үйлдвэрийг хувьчилна гэдэг улс төр бизнесийн бүлэглэлийн олз болно хэмээн сэрэмжлэхэд хүргээд байна. Энэ асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдтой  ярилцлаа.
-Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах болсонтой холбогдуулан Засгийн газар эзэмшлийнхээ 51 хувиас татгалзах болсон. Энэхүү шийдвэр нь улсын төсвийн голлон бүрдүүлдэг саалийн үнээнээс салах юм биш гэсэн хардлага төрүүлж байна?
-Нэгдүгээрт  Эрдэнэтийн 51 хувийн хувьчлах гэж байгаа асуудал яригдаагүй. Эрдэнэтийн 51 болон бусад хувь оролцсон компанийг олон улсын бирж дээр гаргах тухай юм. Дэлхий дээр бизнесийг санхүүжүүлдэг хоёр арга байдгийн нэг нь банкнаас зээл авах нөгөө нь хувьцаа гаргаж босгосон мөнгөөрөө бизнес хийх. Хар ухаанаар ярьвал манай улсад баялаг нь байгаад байдаг ч мөнгө болж хувирахгүй байна. Үүнийг ажигласан гаднынхан Оюутолгойгоор хувьцаа гаргаад хэдэн тэрбум ам.долларын хөрөнгөтэй компани босголоо. Оюутолгойн  охин компани нь  Таван толгойн ордын нөөцийн хоёрны нэгтэй тэнцэх бага нөөцтэй ордынхоо нэр дээр хувьцаа гаргаж 400 сая ам.доллар цуглуулж уурхайгаа ажиллуулна гэж байна. Тэгэхээр манай баялгийг гадаадынхан хөрөнгийн бирж дээр гаргаж мөнгө босгоод байхад бид яагаад болохгүй гэж. Манай улстай ижил нөхцөлд байсан Хятад, Казахстан зэрэг орон олон жилийн өмнөөс улсын компаниудаа хувьцаат болгон гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцааг нь зарсан. Зарна гэдэг хяналтаа бүр мөсөн алдаж байна гэсэн үг биш. Монголын бизнес 20 жил хүүтэй мөнгөөр хөлдөлж  ирлээ. Банкууд дийлэхгүй болж ирлээ. Үүний нэг жишээ “Олон овоот” гэх ганц алтны уурхайн санхүүжилтыг гаргаж өгөх чадваргүй учраас олон банк өртөж эхэллээ. Баялгаа  эдийн засгийн эргэлтэд оруулж үр ашгийг нь хүртэе гэвэл дэлхийн бизнесийн дүрмээр явахаас өөр аргагүй.
-Дэлхийн зах зээл дээр хувьцаа гаргалаа гэхэд Эрдэнэт үйлдвэр хэдий хэрийн үнэд хүрэх талаар судалсан зүйл байна уу?
-Эрдэнэт үйлдвэрээс хүчин чадлаараа  хоёр дахин том  “Казах мед” гэх зэсийн үйлдвэр байна. Энэ үйлдвэрийн дэлхийн бирж дээр байгаа үнэ нь  найман тэрбум орчим байна. Тэгэхээр манай Эрдэнэт үйлдвэрийн үнэлгээ дөрөв орчим тэрбум ам.доллар гэсэн үг. Үүний 51 хувь гэхээр хоёр тэрбум ам.доллар орчим  болж байна. Гэхдээ 51 хувиа бүгдийг нь зарахгүй. Эрдэнэтийн 51 хувийн агуулсан “Эрдэнэс Монгол” гэдэг компанид төрийн мэдлийн бүх хувьцаа болон  газар доорх  баялгийнхаа эрхийг бичгээр өгч  100 хувь улсын үйлдвэрийн компани  болох юм. Энэ компанийн хувьцааг гурав, тав, арван хувь гэх зэргээр үе шаттай худалдана. Бид улсынхаа компанийг ямар хэмжээнд авч үлдэхийг хүсч байна түүнийгээ л үлдээнэ. Хөрөнгөнөөсөө олж болох үр ашгийг хамгийн бага хэмжээнд байлгаж чадна. Үүнийг дагаад тухайн компанийн менежментийг хүссэн хүсээгүй дэлхийн хамгийн шилдэг хүмүүсээр  хийлгэнэ. Өнөөдрийнх шиг нэг ялсан нам нь Эрдэнэтийн захирлын суудлыг эзлээд бараа шахдаг байдал үгүй  болно.
-Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах сургаар улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн сонирхол идэвхжсэн. Эрдэнэт үйлдвэр хаанахын бүлэглэлд очих нь тодорхой болж ирлээ гэх шуум гараад байна. Хувьцаат компани болгох нэрээр улс төр, бизнесийн бүлэглэл  завших гэж байгаа юм биш биз?
-Хувьцаат компани болохоор Монгол Улсын хувьцаат компанийн тухай хуулиар зохицуулагдана. “Эрдэнэс Монгол” компанийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр зарлаа гэхэд олсон мөнгөөрөө олон төсөл хэрэгжүүлнэ. Ашиглалтад ороогүй стратегийн олон орд байгаа. Дэлхийн зах зээлд 30 хувийг зарлаа гэхэд бөөн авсан тохиолдолд анх байсан төлөөлөн удирдах зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүдэд өөрчлөлт орж ирнэ. Мөнгөтэй л  бол хувьцааг хэн нь ч авч  удирдах зөвлөлд орж болно. Гэхдээ манай олиргахиуд гэж нэрлэгддэг хүмүүсийн мөнгө яагаад ч “Эрдэнэс Монгол”-ын 30 хувийг авах хэмжээнд хүрэхгүй.
-Хувьцаат компани болгоод хувьцаа гаргалаа гэхэд Засгийн газрын эрх мэдлээс гарахгүй байх боломжтой юу?
-Компанийн 100 хувийн хөрөнгийн 30 хувийг зарлаа гэхэд 70 хувь үлдэнэ. Гуравны хоёроос дээш хувь монголчуудын гарт байхад хяналтаа алдахгүй. Бид хяналтаа алдахгүйгээр хүүгүй мөнгөөр  ажлаа явуулах гээд байна. Олсон ашгаа хөрөнгө оруулагчтайгаа хуваалцана. Хуучин аргаараа  үйлдвэрлэл эрхлээд явахаар  мөнгийг дайчилж чадахгүй байх магадлал өндөр байна. Хөрөнгө оруулагч өөрийн мөнгөө өндөр үнэлээд оруулаад ирэх юм бол миний ашиг буурна. Хамгийн шударга зарчим нь хөрөнгийн бирж дээр гаргаад бүх хүн харж байхаар  ажиллах. Таван толгойг ашиглаж эхэлж байхад дөрөв таван жидлийн өмнө би яагаад гадаадынхан манай баялгийг ашилаж бизнес хийгээд байхад бид болдоггүй юм гэж байсан. Үүнийг энэ Ерөнхий сайд ойлгож байна.
-Эрдэнэтийг хувьцаат компанийн хэлбэрт оруулахыг гишүүд дэмжиж байгаа юу?
-Гишүүд  дэмжиж байгаа. Эдийн засгийн талаар ойлголттой гишүүдийн хувьд хамгийн сайн хувилбар нь энэ байгаа. Бид өнөөдөр баялгийнхаа үнэ цэнийг мэдэхгүй байгаа. Хэзээ энэ баялаг жинхэнэ үнэдээ хүрэх бэ гэхээр бирж дээр хувьцааг нь зардаг болохоор хүрнэ. Одоо ч “Эрдэнэт Монгол” компанийг ямар үнэтэйг мэдэхгүй. 15 стратегийн ордын лиценз болон хувийг агуулсан том компани л байна.
-Манай улсын хувьд аль нам засгийн эрхийг барьж байгаагаас шалтгаалан эдийн засгийн нөхцөл байдал ч байнга өөрчлөгдөж байдаг. “Эрдэнэс Монгол” компани хувьцаагаа гаргаад амжилттай явж байтал засгийн газар солигдоод дараагийн хүмүүс өөрсдийн  нөлөөг оруулах гэвэл яах вэ?
-Нэг л удаа бирж рүү орж үүрэг хүлээсэн бол өндөр хариуцлага ирнэ. Тоглоомынхоо дүрмийг өдөр болгон өөрчлөөд байдаг улсад хөрөнгө оруулалт орж ирэхгүй. УИХ-аас “Айвенхоу майнз” компанитай байгуулсан гэрээний хамгийн чухал зүйл нь хуулийнхаа орчныг өдөр бүр өөрчлөхгүй гэдэг. Үүнтэй адил Эрдэнэс Монгол хувьцаат компани болбол 30 жилийн гэрээний тухай ярих болно. Хүмүүсийн мөнгийг бизнес хийнэ гэж авчихаад дараа нь шогтох зүйл хаана ч байж болохгүй. Нэгэнт олон улсын  эийн засгийн дүрмээр явъя гэж шийдсэн бол өөрчлөх ямар ч боломжгүй. Монголын эдийн засгийн дэлхийн эдийн засгийн нэг хэсэг болгож байга нь биднийг хариуцлагатай болгож байгаа. Нөгөө талаасаа тоглоомынхоо дүрмийг удаан мөрддөг  улс олгож хөгжил дэвшил орж ирнэ. Хэрэв тоглоомынхоо дүрмийг өөрчлөөд байвал хувьцааны үнэ буурна.  Хувьцаагаа өндөр үнэтэй байлгаж хөрөнгө оруулалт татая гэвэл улс төрийнхөө нөхцөл байдлыг тогтвортой байлгах хэрэгтэй. Тохирсон бол тохирсон шиг бай гэсэн үг.
Ц.Ургамал