УИХ-ын гишүүн ярьж байна.
2010.1.15  Улаанбаатар таймс
Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар  УИХ-аас ажлын хэсэг гарган ажиллаж байна.  УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсгийг  гишүүн З.Энхболд ахлан ажиллаж байгаа юм. Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулах талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдтой ярилцлаа.
-Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна вэ? Найман зүйл яригдаж байгаа гэж байсан.
-Нэмэлт өөрчлөлт биш шинэчилсэн найруулга болох байх гэж бодож байгаа. Сонгуулийн  процесс, маргааныг яаж шийдэх вэ, хүн амын бүртгэл, санал тоолох ажиллагааг яаж явуулах вэ гэсэн найман бүлэг асуудал байгаа юм.  Сонгуулийн системийг өөрчлөхөөр ярьж байна.
-Тэгэхээр сонгуулийн тойргийг өөрчлөх үү?
-Улс нэг тойрог болох уу, 76 жижиг тойрог болгох уу гээд янз бүрийн хувилбар ярьж байна. Тойргийг томсгох ёстой гэж манай бүлгийнхэн ярьж байгаа. Гэхдээ холимог пропорцианаль байхаар ярилцаж байна.
-Томсгосон тойргоор сонгууль явуулахад нэг тойргийн аль нэг мандатад нь маргаан үүсвэл сонгогдсон мандатууд нь хохирдог тал анзаарагдсан. Үүнд ямар өөрчлөлт хийхээр яригдаж байгаа бол?
-2008 оны сонгууль олон мандаттай, 26 тойргоор явагдсан.  Үүнийг бас болохгүй систем байна гэж үзсэн. Тийм учраас холимог, эсвэл цэвэр пропорцианаль систем рүү явах байх.
-Сонгуулийн маргааныг хэрхэн шийдвэрлэдэг болгох вэ?
-Шуурхай шийдвэрлэдэг болгоно.  Шүүгч нарыг оролцуулж, шийднэ.
-Маргааныг шийдвэрлэхэд хугацаа заах уу?
-Нэг хоногийн ч юм уу, хамгийн хурдан хугацаанд шийдвэрлүүлэх заалт оруулахаар ярилцаж байна.
-Улс төрийн намуудын сонгуульд оролцсон тайланг сарын дараа СЕХ гаргадаг нь хугацаа алдсан явдал болдог гэж шүүмжилдэг. Үүн дээр өөрчлөлт орно биз?
-Сонгуулийн тайлангаас гадна  санхүүжилт ил болох ёстой. Бидний авсан системээс шалтгаалаад санхүүжилтийн хэмжээ ямар байх вэ, мөнгөө яаж бүрдүүлэх вэ, хэрхэн тайлагнах вэ гэдэг нь гарна. Можаротари системийн үед нэр дэвшигчид тайлангаа намд өгөөд, нам нь цааш  тайлагнадаг байсан. Хэрвээ пропорцианаль систем рүү шилжвэл нам тайлагнадаг болно. Пропорцианаль дотроо олон хэлбэр байгаа. Хүний нэр оролцож эсвэл оролцохгүй гарна. Цэвэр намын нэрээр ч байж болно гэх мэтээр. Аль ч системийг нь сонгосон дотроо ороод нарийвчлал нь олон янз.
-Аль ч сонгууль дээр будилаантай явагдлаа  гэсэн маргаан гардаг. Ялангуяа санал хураалтыг худалдаж авлаа, будилууллаа гэх мэт. Үүнд будлиан үүсгэхгүй талаар ямар заалт оруулахаар ярьж байна вэ?
-Санал хураахаар өмнөх маргаан, санал хураах өдрийн маргаан, санал тоолохтой холбоотой гурван төрлийн маргаан байгаа юм. Сонгуулийн сурталчилгааны үеийн зөрчлүүд, сонгууль явагдах өдрийн маргаан бүгд өөр өөр л дөө. Маргааныг багасгах хамгийн том хүчин зүйл бол сонгуулийн бүртгэл болон санал тоолох үйл явцыг автоматжуулах асуудал байгаа. Хүнээс хамааралгүй болгох гэсэн үг. Сонгуулийн хуулийн ажлын хэсэг дээр энэ асуудлыг шийдье гэж гишүүд санал нэг байгаа. Бидний ярилцаж байгаагаар хүн амын бүртгэлийн байгууллага бүртгэлтэйгээ сонгуулийн тойрог хэсгийн хороонд ажиллана. Сонгуулийн байгууллага хүн амын бүртгэлд оролцохгүй.  Одоо Ухаалаг үнэмлэх тараах гэж байгаа шүү дээ. Энэ нь дотроо гарын хурууны хээтэй үнэмлэх байх юм.  Хүн орж  ирэхдээ сонгуулийн систем ямар байхаас  үл хамаараад хурууны хээгээ,  үнэмлэхээ шалгуулчихаар,  тухайн хүнээс өөр хүн орох боломжгүй. Дээр нь нэгэнт  тухайн хүнийг санал өгснөөр бүртгэчихээр давхардаж өгөх боломжгүй  болчихно. Ялангуяа улс нэг тойрог болоод сонгогч хаана ч саналаа өгдөг, түүнийг нь нэг удаа найдвартай бүртгэж авдаг болчихвол сонгуулийн өдрийн будилаан  арилах юм.  Улс төрийн албан тушаалтан, багийн Засаг дарга нараар сонгуулийн нэрсийг дахиж гаргуулахгүй, жинхэнэ төрийн албан хаагчид болох бүртгэлийнхэн өөрсдийн компьютертэй ирж суугаад сонгууль явуулах нөхцөлийг 2010 он хүртэл Засгийн газар бүрдүүлэх ёстой. Нэг удаад нэлээд их мөнгө гарах байх. Дараа нь санал тоолох үйл явцыг автоматжуулна.  Дунд сургууль төгсч байгаа хүүхдүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг скайнераар  уншуулдаг.  Үүн шиг саналын хуудсыг  скайнердах юм. Саналын хайрцагны тагийг скайнержуулна. Тэгээд сонгогч саналаа өгөөд хуудсаа хайрцаг  руу хийхэд унах явцад нь  скайнердана гэсэн үг.  Скайнераар тоолчихоор санал тоолохтой  холбоотой маргаан алга болно гэсэн үг. Учир нь саналын хуудсыг гараар тоолохгүй. Хэрвээ скайнерт итгэхгүй бол гараар тоолж баталгаажуулна. Ингээд бүртгэл, саналын хуудсыг автоматжуулчихаар сонгуультай холбоотой гол маргаан байхгүй болж байгаа юм. Сонгуулийн сурталчилгааны явцад мөнгө төгрөг тараасан гэх мэт асуудлуудыг батлагдсан тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн шүүгч нар зөрчил илэрсэн газар  хуралдаж, шиийдвэрээ хурдан гаргаад явах юм. Ингэвэл нэр дэвшигчид болон  улс төрийн намууд  хууль бус зүйлийг хийхгүй болов уу гэж найдаж байгаа юм.
-Скайнерыг худалдаж авахад нэлээд хэмжээний зардал гарах байх даа?
-Нэг удаа худалдаж авахад зардал гарна. Төр байгуулж байх үед  энэ зэргийн зардлыг даах л ёстой. Маш олон хүнийг ажиллуулах зардлыг хэмнэж байгаа юм. Зөвхөн бүртгэл, санал тоолох гэсэн гол ажилд  арваад мянга орчим хүнийг ажиллуулж, тэдний цалинд л гэхэд зургаагаас долоо тэрбум төгрөг төсөвлөдөг шүү дээ. Үүний оронд нэг удаа явагдах  сонгуулийн мөнгөөр скайнер аваад холбочиход сонгууль болгоноор гардаг зардал хэмнэгдэж байгаа юм. Дээр нь өмнөх УИХ-ын үед шийдчихсэн, одоо хэрэгжих хууль бол УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах юм.   Ингэхдээ сонгогчдод УИХ-д нэр дэвшигчдийн, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын нэр дэвшигчдийн, сум, дүүрэгт нэр дэвшигчдийн гэсэн гурван саналын хуудас өгч бөглүүлэх юм.   Ингэвэл сонгуультай холбогдож гардаг зардал хоёр дахин багасна. Ерөнхийлөгчийн сонгуулийг тооцохгүйгээр  дөрвөн жилд  найман удаа улстөрждөг байсныг  хоёр удаа л улстөржинө гэсэн үг. Сонгуулийн сурталчилгаа ч гэсэн хялбар болох юм. УИХ,  аймаг суманд нэг дэвшиж байгаа хүмүүс нэг баг болоод ажиллачихна.
-Саналын хуудсыг скайрнердаж тоолохоор урьдчилан санал өгсөн  хүмүүсийн саналыг гараар тоолох уу?
– Хамаг будилааны хэрэгсэл болдог учраас  явуулын хайрцаг болон урьдчилсан санал хураалт явуулахыг больё гэж бодож байгаа.
-Хэдэн хувь нь урьдчилан саналаа өгдөг бол?
-Хуулийн дагуу сонгууль явагдаж байгаа газар явуулын хайрцгаар санал өгөх хүний тоо маш бага байдаг юм. Үнэхээр хэвтрийн өвчтэй хүний саналыг л очиж авна. Гэтэл зарим тойрогт нэг сум бүхэлдээ хайрцгаар санал өгсөн тохиолдол гарсан шүү дээ.  Үүнд л сонгуулийн луйвар явж байна гэсэн үг.
-Зарим намууд сонгуулийн томсгосон тойргийг том хүчнүүдэд л ашигтай гэж ярьдаг. Сонгуулийн системийг өөрчлөхдөө гуравдагч хүчнүүдийг ч гэсэн бодолцож байгаа болов уу?
– Тиймээс, олон намын орох бололцоог хангахын тулд пропорцианаль систем рүү шилжүүлэх гээд байгаа юм шүү дээ. Миний хувийн санал бол сонгуулийн холимог систем. Монгол Улсын онцлог байна шүү дээ. Маш том газар нутагтай, дэлхий дээр хамгийн сийрэг хүн амтай улс шүү дээ.  Бид зөвхөн хүн амын тоог пропорциар хуваахаас гадна газар нутгийн төлөөлөл хэрэгтэй.  Можаротари систем  муу гэж үзээд  цэвэр пропорцианалиар явуулчихаар сонгогчидтойгоо ажилладаг УИХ-ын гишүүдийн ажиллагаа суларчих болов уу гэж  үзэж байгаа юм.
-Холимог системээр сонгуулиа явуулдаг хичнээн орон байдаг бол?
-Холимог системийг хамгийн сайн хэрэглэдэг улс  бол Герман.  Германы парламентын суудлын 50 хувь нь нэг мандаттай можаротари тойргоос сонгогддог.  50 хувь нь намуудад өгсөн саналыг пропорцоор хуваах замаар гарч ирдэг.
-Сонгогчдын  ирцийг бүрдүүлэх, өргөнөөр хамруулах тухайд  ямар бодлого баримталж байна вэ? Гадаадад байгаа монголчууд саналаа өгөх боломжтой юу.
Сонгуулийн хуулийг шинэчлэхдээ бидний баримталж байгаа бас нэг зүйл нь гадаадад байгаа монголчуудыг санал өгүүлэх асуудал.  Гадаадад байгаа монголчуудыг санал өгүүлэхийн тулд пропорцианаль элемент заавал орсон байх шаардлагатай. Можаротари системийн тухайд боломжгүй зүйл болчихоод байгаа юм.  Сонгуулийн хууль бол Үндсэн хуулийн дараа орох том хууль учраас нэлээн чухал ажил болох юм.

Н.Энхбат