Өдрийн сонин 2009.12.28

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2009 оны 12 дугаар захирамжаар Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталснаар Байнгын хороодын ажлын алба байгуулагдсан билээ. Байнгын хороодын ажлын албанд харьяалагдах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба 2009 онд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Ажлын алба 2009 онд Байнгын хорооны нийт 36 хурал, Тусгай хяналтын дэд хорооны хоёр, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах ажлын хэсгийн 19 хурлын бэлтгэл ажлыг тус тус хангаж хуралдуулан, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүдэд холбогдох мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргах ажлыг хийсэн байна.
Ажлын алба Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаар Байнгын хорооноос гарсан нийт 45 санал, дүгнэлтийг боловсруулан албажуулж, дор дурдсан төслүүдийг Байнгын болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлыг хангаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулсныг тоймлон хүргэе.
-Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоол
-Монгол Улс, БНСУ-ын хооронд 2007 оны 5-р сарын 29-ний өдөр байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-г соёрхон батлах тухай хууль
-Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоох сүлжээг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоол
-Иргэдийн зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөх тухай Гадаад харилцааны яам болон БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны яам хооронд солилцсон Ноот бичиг соёрхон батлах тухай хууль
-Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНСУ-ын хоорондын гэрээг соёрхон батлах тухай хууль
-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
-Монгол Улсын төрөөс цацраг идэвхит бодис ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоол
-Кувейт Улсын нийслэл Эль-Кувейт хотод Монгол Улс ЭСЯ нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоол
-Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
-Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт” хөтөлбөрийн Санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хууль
-Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Монгол Улсын Үндэсний статистикийн системийг сайжруулах төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль
-Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох тухай
-Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн дүрмийг соёрхон батлах тухай хууль
-Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан тогтворжилтын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль ажээ.
Мөн ажлын алба УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу доорх олон улсын гэрээ, хэлэлцээр, санхүүжилтийн зээлийн гэрээний төслийг зөвшилцсөн байна.
Иргэдийн зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөх тухай ноот бичиг соёрхон батлах тухай хуулийг зөвшилцөх, ХБНГУ-ын Бонн хотноо 2009 оны нэгдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг байгуулах бага хуралд Монгол Улс үүсгэн байгуулагчаар оролцох тухай асуудал болон тус агентлагийн Дүрмийг зөвшилцөх зэрэг олон гэрээ, хэлэлцээр, санхүүжилтийн зээлийн гэрээний төслийг зөвшилцсөн ажээ.
Ажлын алба Байнгын хорооноос хяналт шалгалтын чиглэлээр байгуулагдсан дараахь ажлын хэсгүүдэд орж ажиллаж, ажлын хэсгийн удирдамж, ажиллах төлөвлөгөө болон ажлын хэсгийн санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, холбогдох бусад мэдээлэл судалгааг гаргаж ажиллажээ.
Хилийн хяналтын байгууллагуудын болон Монгол-Хятадын хилийн зарим боомтын үйл ажиллагаа, холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээр, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Замын-Үүдийн боомт, Ханги-Мандал боомт, Сулинхээрийн отряд, хилийн цэргийн дугаар ангиудаар газар дээр нь очиж ажилласан. Мөн Монгол-Оросын хилийн боомт, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын үйл ажиллагааны талаарх танилцуулгуудыг холбогдох газруудаас авч ажилласан. УИХ-ын Эдийн засаг, Хууль зүй, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2009.10.21-ний өдрийн хуралдаанаар Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд “Хилийн хяналтын байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хороодын хамтарсан тогтоол гаргав.
Хамтарсан тогтоолоор Хилийн боомтын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулсан эрх зүйн орчинг шинээр бүрдүүлж, боомтын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлого, стандарттай болох асуудлаар бодлогын баримт бичиг, хөтөлбөр боловсруулж, холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх, төрийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлж, хяналт шалгалтын давхардлыг арилгах, хилийн боомт дээр үйл ажиллагаа явуулж байгаа хяналтын байгууллагуудын бүтэц, орон тоо, хүний нөөцийн хуваарилалтын бодлогод өөрчлөлт хийх, ажлын байрны харилцан адилгүй нөхцөл, албан хаагчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг ижил түвшинд хүргэх, энэ асуудлын хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн тухай, Хилийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох, эдийн засгийн гадаад харилцаа, гадаад худалдааны асуудлыг зохицуулсан эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор холбогдох хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг заалтуудыг тусгасан үүргийг Засгийн газарт үүрэг болгов.
“Бороо гоулд” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-гээ зөрчсөн, гэрээнд хамаарах ашиглалтын 198 А тусгай зөвшөөрлийн тухай, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон хууль бусаар олборлосон гэх мэдээллийг Засгийн газрын холбогдох байгууллагууд хэрхэн шалгаж хяналт тавьж буйг шалгаж, дүнг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний татварын ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, санал солилцсон. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаны үр дүнд 2009.07.15-ны өдөр УИХ-ын гишүүн З.Энхболд нарын 10 гишүүн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл өргөн барьж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан.
Байнгын хорооны хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Дорнод, Төв, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрт ураны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Газрын тухай, Усны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль зэрэг бусад Монгол Улсын хууль, тогтоомжууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, норм, норматив, стандартын хэрэгжилтийг шалгаж илэрсэн зөрчил, дутагдлын талаар хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг сонсоод Засгийн газарт дараах үүргүүдийг өгөв. Үүнд хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх, шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх, 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд нөөцөө батлуулаагүй боловч Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон асуудлыг цэгцлэх, Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх, Ашигт малтмалын тухай болон Монгол Улсын бусад хууль, тогтоомжуудыг зөрчсөн хууль зөрчигчидтэй хариуцлага тооцож Байнгын хороонд хариу мэдэгдэх зэрэг.
Засгийн газраас тогтоолын дагуу 2009.09.03-ны өдрийн ХЭГ-15/51 тоотоор Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Цөмийн энергийн газрын дарга нарт уг тогтоолын хэрэгжилтийн талаар шийдвэрлэх арга хэмжээ авах талаар бичиг явуулсан байна.
Гал, усны гамшгийн үед Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтэц, үерийн усны далан, гүүр зэрэг нь иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг багасгах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсвийн хөрөнгийн зарцуулалт болон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдал зэрэг Засгийн газрын холбогдох яам, төрийн байгууллагуудтай хамтран шалгаж танилцах, дүнг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг багасгах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсвийн хөрөнгийн зарцуулалт болон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдлыг газар дээр нь очиж ажилласан. 2009.12.02-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Гал, усны гамшгийн үед Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтэц, үерийн усны далан, гүүр зэрэг нь иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаарх Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг өгөх, мөн УИХ-ын даргын захирамжаар түр хороо байгуулж ажиллуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж, ажлын хэсгийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Байнгын хорооны тогтоолоор Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны статусыг өөрчлөх, агаарын бохирдлыг бууруулахад зарцуулагдаж буй төсөв, хөрөнгийг Шадар сайдын багцад нэгтгэн тусгаж, зарцуулалтыг төвлөрүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрүүдийг боловсруулж, төсвийн хөрөнгийн зарцуулалт, түүний удирдлага, хяналтыг сайжруулан шат дараалсан цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт санал оруулж, чиглэл өглөө.
Гадаад орнуудын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Телемедициний төслүүдийн хэрэгжилтийн явцыг шалгаж, телемедициний технологийг жигд үр дүнтэй нэвтрүүлэх, мэргэжлийн төвүүд, орон нутгийн хэрэглэгчдийн уялдаа холбоог хангах, орчин үеийн технологи нэвтрүүлэх талаар танилцаж, дүнг илтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ЭМЯ, клиникийн эмнэлгүүдээр байдлыг газар дээр очиж үзсэн. Уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн.
Байнгын хорооны 2009.10.29-ний өдрийн хуралдаанаар Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд телемедицинийг улсыг хэмжээнд нэвтрүүлэхэд зориулж Эрүүл мэндийн сайдын багцад 2010 оны төсвийн төсөлд 3.5 тэрбум төгрөг нэмж тусгуулах нь зүйтэй гэж үзээд Төсвийн байнгын хороонд албан тоот хүргүүлсэн. Мөн Байнгын хорооны тогтоолоор телемедициний төслүүдийн хэрэгжилт нь интернетийн төлбөр өндөр байгаагаас тасалдаж байгааг анхаарч, төслийн хэрэгжилтийг үр ашигтай үргэлжлүүлэх арга хэмжээ авах, 2004-2009 онуудад улсын төсвөөс 27.0 тэрбум төгрөг зарцуулж 200 орчим сумдыг шилэн кабелиар холбосон боловч интернетийн үйлчилгээ эхлээгүй, эхэлсэн боловч үнэ нь өндөр байгааг анхаарч зохицуулалт хийх, шилэн кабелийг бүрэн дүүрэн ашиглах талаар холбогдох арга хэмжээ авах ажиллахыг Засгийн газарт үүрэг болгов. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд 2009 онд нийт 3410 хуудас бүхий 661 албан бичиг, 930 хуудас бүхий 398 өргөдөл гомдлыг Ажлын албанаас судлан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч өргөдөл гомдлын хариуг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж ажилласан болно. Байнгын хороо зөвлөх, референт, шинжээч нарын бэлтгэсэн 97 хуудас бүхий 43 албан бичгийг явуулсан.
Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлт, эцсийн найруулга, зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүхий материалыг 42596 хуудас материалыг 85 удаа олшруулан тараасан байна.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА