Үндэсний шуудан 2009.11.6

УИХ-ын гишүүн З.Энхболдоос цөөн зүйл тодруулав.

-Гишүүн ээ, бусад хууль Үндсэн хуулийн заалттай зөрчилдсөн тохиолдолд алийг нь баримтлах ёстой юм бэ?
-Үндсэн хууль байлгүй яах вэ. Ямар ч маргах юм байхгүй.
-Яагаад үүнийг асууж байна гэхээр Ерөнхий сайдыг шинээр томилсон ч хуучин танхим үргэлжлүүлэн ажиллах боломж бий гэж тайлбарлаад байна. Засгийн газрын тухай хуулийн заалтыг баримталж ингэж тайлбарлаад байна л даа.
-Ямар ч хууль Үндсэн хуультай зөрчилдөх ёсгүй. Ийм хууль парламент баталж болохгүй. Байгаа бол үүнийгээ засаж байх ёстой. Үндсэн хуулийн заалтыг уг нь Засгийн газрын тухай хуулиар илүү боловсронгуй болгож тайлбарласан юм билээ. Тэр нь өөрөө Үндсэн хууль дээр маш тодорхой бичигдсэн заалттай зөрчилдөж байна. Ийм учраас энэ заалтыг хэрэглэх боломжгүй.
-Үндсэн хуульд зааснаар шинэ Ерөнхий сайдыг томилсноор танхимын бүрэн эрх дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, сайд нар дараагийн хүмүүсийг томилтол үүрэг гүйцэтгэгч болох ёстой. Гэтэл С.Батболд Ерөнхий сайдыг томилсон ч УИХ сайд нарыг үүрэг гүйцэтгэгч болгосонгүй. Хууль зөрчиж байгаа юм биш үү?
-Шинэ Ерөнхий сайдыг томилохдоо бүтэц, бүрэлдэхүүнийхээ асуудлыг оруулж ир гээд хуулийн хугацаатай үүрэг өгсөн. Энэ дагуу маргааш (өнөөдөр) бүтцээ өргөн барих гэж байгаа юм шиг байна. Хэдэн яамтай, тэдгээр нь ямар нэртэй байх вэ гэдгээ шийднэ гэсэн үг. Дараа долоо хоногоос бүрэлдэхүүн ороод ирэх байх.
Экс Ерөнхий сайд ч, одоогийн Ерөнхий сайд ч энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой гэж мэдэгдсэн. Хэрвээ энэ бүрэлдэхүүнээ оруулж ирвэл сайдыг дахин сайдаар томилох хэрэг үү. Яагаад гэвэл тэднийг үүрэг гүйцэтгэгч болгоогүй шүү дээ.
-Техникийн асуудал л даа. УИХ сайдын үүрэг гүйцэтгэгч болгоогүй тохиолдолд дахин томилохын өмнө заавал үүрэг гүйцэтгэгч болгох ёстой.
-Уг нь Ерөнхий сайдыг томилох тогтоолтой зэрэгцээд л сайд нарыг ч мөн үүрэг гүйцэтгэгч болгох ёстой байсан биз дээ.
-Хуулийн зөв гарц нь энэ.
-Тэгэхээр УИХ ч мөн буруутай болох нь ээ?
-УИХ буруутай, хуулиа зөрчсөн.
-Сүүлийн үед Сангийн яамыг МАХН авна гэсэн яриа гарах боллоо. Намынхаа бүлэг дээр ч ингэж ярьсан байна. Олонхи болсон намын хувьд үүнийг буруутгах аргагүй юм даа, тийм ээ?
-Би анхнаасаа л олонхи бие даасан Засгийн газар байгуулах ёстой гэсэн байр суурьтай байсан. 2008 оны сонгуулийн дараа ч би ингэж хэлж байсан, одоо ч дахин хэлье. Үндсэн хуулиар олонхи болсон нам Засгийн газраа байгуулж, үүрэг хүлээх ёстой.
Сангийн яамыг МАХН авчихвал таныг Гадаад харилцааны сайд болж ма-гадгүй гэсэн яриа байсан учраас үүнийг асуусан юм. Тэгэхээр ийм санал тавьсан ч та хамтарсан Засгийн газарт сайд болохгүй нь ээ?
-Миний байр суурь бол маш ойлгомжтой. Үндсэн хуулиа л барих ёстой. АН энэ парламентын үед Засгийн газар байгуулалцах нь буруу.
С.Ононтуул