Өдрийн шуудан  2009.11.3

Ойрын үед улс төрийн хүрээнд Засгийн газрын сайд нарын халаа сэлгээ болон үндсэн чиглэлийн тухай асуудал голлон яригдаж байна. Иймээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдтой уулзан дээрх сэдвүүдээр ярилцлаа.

-Шинэ Ерөнхий сайд хамтарсан Засгийн газрынхаа танхимыг хэвээр нь авч явна гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Энэ тухайд та ямар бодолтой байна?
-УИХ дахь олон суудал авсан нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Тэр хуулийнхаа л дагуу явж байгаа. Одоо хуучнаар нь хадгалах уу, шинээр сайд нарын томилгоо хийх үү гэдэг тэр хүний өөрийнх нь асуудал. Үндсэн хуулийн 40.2 “Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно” гэж заачихсан байгаа. Иймээс хуучин Засгийн газрын сайд нарын бүрэн эрх дуусгавар болчихсон. Шинэ Ерөнхий сайд хэдэн яамтай байх, хэн хэн гэдэг сайдтай байх вэ гэдэг асуудлаа УИХ-д оруулж ирэн батлуулах ёстой.
УИХ хүн бүрээр нь хэлэлцэж томилно гээд хуулинд маш тодорхой заачихсан байгаа учраас шинэ Ерөнхий сайд энэ зарчмаараа л явах ёстой. Гэхдээ тэр хүн энэ танхимынхаа хүмүүсийг дахин оруулж ирэх, эсэх нь түүний хэрэг.
Тэгэхээр одоогийн сайд нар бүгд үүрэг гүйцэтгэгчид болчхоод байгаа юм.
-Танай байнгын хороонд хамааралтай яамны сайд Ерөнхий сайд боллоо. Түүний тухайд өөрийнхөө бодлыг хэлэхгүй юу?
-Би Ерөнхий сайдыг яг томилж байхад Москвад томилолттой явж байсан учраас байгаагүй. Хамтарсан Засгийн газарт ажилласан хоёр ч удаагийн туршлагатай хүн. Тэр утгаар нь харахад ажлаа бол боломжийн хийж байсан.
-Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсноороо Монгол төрийг иргэн төвтэй биш, нам төвтэй болгож байна гэсэн шүүмжлэл байдаг?
-2004-2008 оны парламентын үед бол МАХН, Ардчилсан нам хоёрын аль нь ч 39 суудал аваагүй байсан. Тэгэхээр Үндсэн хуулийн 33.2-т “УИХ-д аль ч нам эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн суудал авсан нам эвсэл бусад нам эвсэлтэй зөвшилцөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасны дагуу 2004-2008 оны хооронд бол хамтарсан Засгийн газар байх Үндсэн хуулийн үндэслэлтэй.
Харин одоо бол МАХН олонх байгаа. Иймээс Үндсэн хуулийн дагуу МАХН Засгийн газраа байгуулах үүрэгтэй. Миний байр суурь анх хамтарсан Засгийн газар байгуулж байхад л ийм байсан. Одоо ч энэ хэвээрээ л байгаа. Үндсэн хуулийн дагуу хамтарсан засгийн газарт орох ёсгүй байсан. Гэхдээ манай намын олонх Засгийн газарт орно гэж шийдсэн болохоор олхиогүй шийдвэрийг дагасан.
-Тэгвэл Ардчилсан нам хамтарснаар Засгийн газраа хянах хяналтын тогтолцоог байхгүй болгосон гэдэгтэй таныг санал нийлж байна гэж ойлгож болох уу?
-Засгийн газраа хянадаг парламентын тогтолцоонд намуудын хамтарсан байдал нь хамаарахгүй асуудал. УИХ-ын гишүүн л бол бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газраа хянах хяналтаа намын харьяалал хамаарахгүй хэрэгжүүлдэг байх ёстой. Түүнээс биш хамтарсан Засгийн газарт манай нам орчихсон гээд нэг алдааг нь харахгүй өнгөрье гэх байдлаар хандаж болохгүй. Ялангуяа төсөв, үндсэн чиглэл нь шаардлага хангахааргүй орж ирчихээд байгаа. Одоо түүнийг нь засах тухай л яриад сууж байна шүү дээ.
-МАХН танай нам хоёрыг Сангийн яам, Гадаад харилцааны яам хоёрыг солино гэсэн яриа гараад байгаа?
-Энэ бол намуудын хооронд хийгдэх гэрээний л асуудал. Түрүүчийн гэрээгээр ямар байсан юм. Намууд хоорондоо юу гэж тохирохоос л асуудал шийдэгдэнэ. Түүнээс биш нэг нь хүсэлт гаргахаар тэр хүслийг нь биелүүлээд явах асуудал байхгүй. Хэдийгээр МАХН УИХ-д олонх суудалтай боловч хүссэнээрээ тэгж ажиллах бололцоо байхгүй байгаа шүү дээ.
Шинэ Ерөнхий сайд хэрвээ цаашаагаа хамтраад явъя гэж бодож байгаа бол намуудыг дуудаж шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар зөвшилцөх ёстой.
-Гадаад харилцааны сайдаар таныг болох гэж байгаа гэсэн ч шум яваад байгаа шүү дээ?
-Тэр худлаа байх аа. УИХ-д гурван Энхболд байгаа. Энэ гурваас хамгийн их Гадаад харилцааны сайд болчих магадлалтай хүн бол Н.Энхболд шүү дээ. Тэр овог андуурсан асуудал байх.
-Таныг өөрөө сайд болох гээд нам дотроо, бүлэг дотроо яриа үүсгэсэн гээд байх юм?
-Манай нам, бүлэг дотор ямар ч яриа хөөрөө байхгүй. Яг Ерөнхий сайдыг томилогдож байх лхагва гаригаас баасан гариг хүртэл би ОХУ-д байсан. Сайн засаглал гэж байх ёстой л бол зарчмаа бариад Засгийн газарт хамтарч орохгүй байх хэрэгтэй. Би сайд болохгүй гэдгээ хэлчихье.
-Таны дээр шүүмжилсэн үндсэн чиглэлтэй зууралдаад УИХ өөр асуудал хэлэлцэж чадахгүй байна. Засгийн газарт нь буцаагаад хийх ёстой ажлыг нь тэднээр хийлгэчихэж болохгүй байгаа юм уу?
-Монгол Улсыг 2010 онд хөгжүүлэх эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг бүрэн эхээр нь өөрчлөх ёстой гэж бүх гишүүд үзэхгүй байгаатай л энэ асуудал холбоотой. Байнгын хороо бүр дээр үндсэн чиглэлийн талаарх гишүүдийн байр суурь өөр өөр байх шиг байна. Эдийн засгийн байнгын хороон дээр л асуудал их үүсээд байгаа юм шиг байна л даа. Яг энэ асуудлаар гишүүд засаад явъя, буцаая гээд хоёр хуваагдчихаад байгаа юм. Энэ хоёр талын засаад явъя гэсэн хэсэг нь олонх байгаа учраас л ийм байдалд орчихоод байна.
Ер нь бол Засгийн газраас оруулж ирсэн үндсэн чиглэлийг бүгдийг нь шинээр задлах үндэслэл байхгүй. Дөрвөн жилийн үндсэн чиглэлээс Засгийн газрын үйл ажиллагааны хоёр дахь жилдээ тасалж авч хэрэгжүүлэх асуудлуудаа л хийнэ үү гэхээс цоо шинэ зүйл хийж болохгүй.
Би бол дөрвөн жилийнхээ үндсэн чиглэлийн хүрээн дотор зорилтууд нь байгаад, тэр зорилтуудаа л хэрэгжүүлэх тухай ярих ёстой болохоос огт хаа хамаагүй юм оруулж ирэх, эсвэл дөрвөн жилд хийх ажлаас оруулж ирээгүй байх гэсэн хоёр асуудлаас болоод хүмүүсийн цагийг бараад байна.
-Ер нь төсөв, мөнгөний бодлого, үндсэн чиглэл гэсэн гурван бичиг баримтын хэлэлцэх дараалал, хамрах хүрээ гээд бүхнийг зөв гольдрилд нь оруулъя гэж жил бүр ярьдаг. Гэвч байдал хэвээрээ л байгаад байх юм байна шүү дээ?
-Үндсэн хуульд зааснаар одоогийн хууль явж байгаа юм. Хэрвээ өөрчлөлт хийе гэвэл Үндсэн хуульд гар хүрэх болчхоод байгаа. Харин Үндсэн хуульд өөрчлөлт хүрэхийн тулд УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурвын санал хэрэгтэй байдаг учраас болохгүй байгаа юм л даа. Цаг хугацааны хувьд үндсэн чиглэлийг заавал намар хэлэлцэх ёстой гэсэн зүйл байхгүй. Намар хэлэлцэхэд бүрэн чөлөөтэй, болно.
Мөн Үндсэн хуульд байгаа заалтыг өөрчлөхгүйгээр аятайхан болгож болно. Гэхдээ явж явж дөрвөн жилийн дотор сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогдсон жилдээ Засгийн газраа байгуулж байгаа. Ингээд Засгийн газраа байгуулахдаа дөрвөн жилийнх нь мөрийн хөтөлбөрийг баталж өгч байгаа юм. Энэ дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрүүдийн аль зорилтуудыг нь тухайн жилд аль зорилтыг нь түлхүү явуулах, эхлүүлэх, хаах вэ гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд байгаа. Ийм утгаар нь өөрчлөлт шинэчлэлт хийхэд бүрэн чөлөөтэй гэж би үзэж байгаа юм. Түүнээс биш жил болгон өөр юм яриад суугаад байхгүйн тулд л Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн баталж, жил бүр тодотгол хийж явдаг л бичиг баримт байх ёстой. Одоо Засгийн газрын хийж байгаагаар яг энэ дагуу үүргээ биелүүлсэн байж чадахгүй байгаад байна л даа. Ядаж л формат нь өөр орж ирээд байна. Дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт 500 орчим зорилттой байсан.
Гэтэл одоо болохоор Монгол Улсыг хөгжүүлэх эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлдээ 300 гаруй асуудлыг нь оруулаад 200 асуудлыг нь огт хөндөөгүй буюу энэ жил огт эхлэх шаардлагагүй гэж үзэж байх жишээтэй. Гэтэл миний саналаар бол 500-гаар нь оруулж ирээд ямар прогресс гарсан байна гэж үзээд хянаад яваад байя гэж байгаа юм. Хэрэгжүүлэх боломжгүй асуудал байвал хасаад шинээр өөр зүйлээр орлуулж болно шүү дээ. Дөрвөн жилийн дотор өөрчлөгдөх юм маш их гардаг. Тэр өөрчлөлтүүдийг тусгаад амьд бичиг баримт хийх ёстой.
-Хоёр нам сонгуулийн амлалтынхаа 1.5 сая төгрөгийн санг нэрлэх нэршил дээр тохиролцож чадахгүй байна. Сая МАХН нэрийг нь эрс өөрчлөөд “Хүний хөгжлийн сан” гэсэн нэртэй болгохоор тохиролцчихлоо?
-Би бол нэр биш агуулга нь чухал гэж үзэж байгаа юм. Яаж нэрлэх нь хоёр, гуравдугаар зэргийн асуудал. Байгалийн баялгаас олж байгаа орлого, ашиг иргэдийн гар дээр очих ёстой. Харин тэр очсон мөнгө нь бүр тодорхой асуудлыг шийддэг байх хэрэгтэй байна. Ийм системийг зөвшөөрөх нь чухал болохоос биш манайхаар нэрлэе, танайхаар нэрлэе гэдэг асуудал цаг аваад байх асуудал биш ээ гэж бодож байна.
Байгалийн баялаг Үндсэн хуульд заасныхаа дагуу хүн амдаа тэгш хуваарилагддаг байх асуудал л надад хамгийн чухал асуудал. Түүнээс биш газар ухдаг хэдхэн компанийн өмч биш гэдгийг л хэлмээр байгаа юм.
Тэр иргэн бүрт тараах тухай яригдаад байгаа 50 мянган төгрөг ч гэсэн бүгдээрээ нийлбэл их том мөнгө. 50 мянган төгрөгөөрөө болохоороо хүнд томорч харагдахгүй болчхоод байгаа юм. Иймээс би интернетээр 50 мянган төгрөгөөр асуулга явуулж байгаа. Тэнд хариулж байгаа залуучууд бараг 100 хувь 50 мянган төгрөг тарааж хэрэггүй, өөр хэрэгтэй зүйлд зарцуул гэж байна. Тэгэхээр нь би урдаас нь “Тэгвэл хүн болгон 50 мянган төгрөгөө гар дээрээ авчхаад буцаагаад нийлүүлчихсэн юм шиг тийм компани байгуулбал яах вэ” гэсэн асуулга тавьж байгаа. Жишээлбэл Англи, Ирланд гээд олон оронд хонины ноосоор шилэн хөвөн шиг дулаалга хийж байна л даа. Манай улс хониныхоо тоогоор дэлхийд 20 дугаар байрт орж байгаа юм. Олон арван мянган тонн хонины ноос бэлтгэдэг ч хивсний үйлдвэрээс өөр газар ноос авахгүй байгаа учраас үнэ нь унаад байна.
Иймээс хонины ноосоор дулаалгын материал хийгээд Улаанбаатар, аймгийн төвүүд байшингуудаа дулаалчихвал шатдаггүй, нордоггүй дулаалгатай болох нь. Ийм үйлдвэртэй болчихвол малчид хониных нь ноос эрэлттэй болоод байнгын орлоготой болчихно. Байшинд сууж байгаа хүмүүс гадаадаас авдгаасаа хамаагүй хямдхан дулаалгын материалтай болно. Хэдэн жилд Монголоо хангачхаад экспорлох нь. Мөн халуун орнууд ч гэсэн эйркондэйшноор олдог хүйтнээ хадгалахын тулд дулаалга хийдэг гэнэ. Тэгэхээр бид ийм шинэ зах зээл рүү орох компани байгуулбал нэг удаагийн 50 мянган төгрөгөөр хувьцааг нь авсан компани зөв ажиллаад байвал жил болгон шахуу л 50 мянган төгрөгийн ногдол ашиг өгнө. Ийм санаа жишээлбэл миний толгойд байна.
Түүнээс биш зүгээр л бүртгүүлсний төлөө 50 мянган төгрөг тараачихна гэдэг бол дэндүү харамсалтай л байгаа юм.
-Тэгэхээр 50 мянган төгрөгөөр тухайн компанийнхан хувьцааг ямар хэлбэрээр авах вэ?
-Хэлбэр нь ямар ч байж болно.

М.Мөнхчимэг