Өдрийн сонин 2009.6.18

Манай улс ураны ордоо цогц байдлаар ашиглах талаар хэлэлцэж эхлээд байна.  Энэ талаар УИХын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.

-Ураны лицензит талбайд хайгуул хийх зөвшөөрөлтэй 146 хувийн компани бий. Тэгвэл төр өөрөө энэ бүхнийг мэдэлдээ авна гэж байгаа нь хэр зохистой юм бол?
-Ураны салбарт хайгуул хийх, олборлолт явуулах, баяжуулах гэх мэт олон үе шат бий. Хайгуул хийх үе шатаас эхлээд шар нунтаг гаргах хүртэл дэлхий даяар тусгай зөвшөөрөлгүйгээр явж болдог шатанд хувийн компани оролцож болж байгаа юм. Зэвсгийн уран, атомын цахилгаан станцын ураныг хувь хүний гарт, хувийн компанийн мэдэлд өгдөггүй дэлхийн жишиг байдаг. Цөмийн атомын цахилгаан станцын түлш зэвсгийн уран хүртэл боловсруулах нь төрийн мэдлийнх байдаг тусгай зохицуулалттай байдаг. Бид энэ тусгай зохицуулалтыг дагаж мөрдөхөөс өөр аргагүй. Тиймээс хайгуул хийсэн лицензийг нь хурааж авна гэж ташаа ойлгож болохгүй л дээ.
Зөвшөөрөгдсөн бол хайгуулаа хийж л таарна. Улсынх байх ёстой үйл ажиллагаанд нь улс өөрөө оролцож л таарна. Энэ зааг ялгааг их сайн ойлгох ёстой юм. Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил, онцгой дэглэм шаардсан үйл ажиллагаа гэж Төрөөс гаргасан бодлогын бичиг баримтад тусгагдсан. Бид одоог хүртэл хийгдсэн  хайгуулыг нарийн хянаж үзэх хэрэгтэй байна. Социализмын үед хайгуул хийгдсэн газарт дахин хайгуул хийнэ гэж зөвшөөрөл авчихсан байна уу. Эсвэл 1990 оноос өмнө урантай гэж мэдэгдээгүй байсан талбайд  өөрийнхөө мөнгөөр хайгуул хийж бодитой зардал гаргаж уу үгүй юу. Энэ бүгд санхүүгийн тайлан мэдээнээс тодорхой харагдах ёстой. Архивт тайлан нь байгаа шүү дээ. Өнөөдөр хайгуулын лиценз авчхаад хайгуул ч хийдэггүй үнэ хүргэж зардаг ченж маягийн хүмүүс энэ салбарт бий. Тийм улсыг жинхэнэ хайгуул хийсэн хүмүүсээс нь ялгаж болно.
-”Төр ураныг мэднэ гэвэл ураны лицензүүдийг хурааж авна гэсэн үг. Бүх зүйлийг төр мэдэлдээ авах нь сөрөг үр дагавартай. Уго Чавесын хийж байгаа алхам руу Монгол Улс явж байна” гэж гишүүн Ч.Хүрэлбаатар байнгын хорооны хурал дээр шүүмжлэлтэй хэлж байсан?
-Танин мэдэхүйн зөрүү гараад байгаа юм. Уран гэдэг нүүрс, зэс алт биш. Цөмийн зэвсгийн түүхий эд болчихдог учраас зайлшгүй төрийн онцгой дэг журамд захирагдах ёстой. Үүнийг ч гишүүд өчигдрийн байнгын хорооны хурал дээр ойлгосон байх аа.
-Манай улсын ураны нөөц хэр вэ?
-Одоогийн лицензтэй байгаа талбайд мэдэгдсэн нөөц бол манайд байж болох нөөцийн өчүүхэн хэсэг хувь нь юм. Төрөөс бодлого зориуд гаргаж байгаа нь том нөөцөд зориулагдсан. Ураны хувьд бид үүцээ нээгээгүй байна гэсэн үг. Одоо байгаа 146 лицензийг олборлолт хийх зориулалтаар олгогдсон эсэхийг нь лиценз тус бүрээр нь шалгаж үзэх ажлыг хариуцсан яам нь хийнэ гэж найдаж байна. Төрөөс гаргаж байгаа бодлогод хайгуулыг төр, хувийн компани аль нь ч хийж болохоор тусгагдсан байгаа.
-Дэлхийд нөөц баялгаараа бид хэдэд жагсах бол?
-Одоогийн байгаа нөөцөөрөө дэлхийд 15 дугаарт орж байгаа. Ирээдүйд гарч болох нөөцөөрөө эхний тавдугаар байрт орох бололцоотой.
-Ураны ордыг өнөөдөр шууд ашиглах  боломжтой юу. Эсвэл Оюу толгой, Таван толгой шиг тодорхой цаг хугацааны дараа их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юу?
-Мардайн гурван бүлэг орд агуулгаа хэдийнэ хийчихсэн одоо ашиглалт явуулж болохоор юм. Хуучин ашиглаж байсан уурхай. Оюу толгой, Таван толгой шиг удаан хугацаанд биш хурдан хугацаанд ашгаа өгч болох бололцоотой гэж хариулъя. Өөрөөр хэлбэл том хэмжээний дэд бүтэц шаардлагагүй. Бага ачаа зөөнө гэдэг хямдхан дэд бүтэц барина гэсэн үг. Таван толгойгоос хэдэн арван сая тонн нүүрс гаргаж байж олдог орлогыг ураны орд газраас багахан хэмжээний хэдэн зуун мянган тонн хүдэр, шар нунтаг гаргаад  олчих зүйлийн тухай ярьж байна. Оюу толгой бол 60 сая хүдэр боловсруулж байж 1.5 сая мянган тонн баяжмал гаргаж үүнээсээ 400,500 мянган тонн зэс гаргах статистиктай байдаг. Тэгэхэд уран бол хэдэн сая тонн хүдэр боловсруулна гэж ярихгүй, масштаб нь өөр, ялгаатай. Эрхий хуруун чинээ цөмийн түлш зуун вагон нүүрстэй тэнцэх эрчим хүч гаргадаг. Тэгэхээр жишвэл нэг их хөрөнгө оруулалт шаардахгүйгээр их хэмжээний ашиг олж болох салбар бол уран юм. Бага жингээс их ашиг олж болохоор гэсэн үг.
-Дорнодын Мардайн ордод хайгуул хийсэн Канадын компани лицензээ Хятадын төрийн өмчит компанид зарсан гэдэг мэдээлэл байдаг. Тэгэхээр улс орон дамжсан ашиг сонирхол дундуур Монголын төр хэрхэн оролцох вэ?
-Хятадын компанид зарах зөвшөөрлийг манай улсын Засгийн газар өгөөгүй. Мардайн ордын хайгуулын лицензтэй газарт дахиад хайгуулын лиценз авсан байгааг бид судалж үзэх ёстой. Хайгуул хийгээд үйлдвэрлэл явагдаж байгаа газарт хайгуулын лицензийг яагаад өгөв гэдгийг тодруулах шаардлагатай.
-Бас дэд бүтэц болох төмөр зам нь хувийн өмчид шилжсэн мэдээлэл байна?
-Лиценз бол хувийн өмч биш. Тодорхой нөхцөлийн дагуу ашигт малтмалын хайгуул хийх эрх олгогдож байдаг. Хуульд заасан нөхцөлийг биелүүлсэн эсэх нь дараагийн асуудал. Хэрэв заасан нөхцөлийг зөрчсөн байвал лиценз хураагдана. Ер нь олборлолт явуулж байсан газарт хайгуулын лиценз авна гэдэг хуулиар хориотой. Лиценз өгөх эрх бүхий албаны хүмүүс хууль зөрчиж лиценз олгосон тохиолдол урьд нь хэд хэдэн удаа гарсан.
-Ураныг ашиглах тусдаа шинэ хууль гарах уу?
Уран бол тусгай шаардлага тавьдаг Ашигт малтмалын тухай хуулиас тусгаарлана. Ердийн ашигт малтмал шиг явахгүй гэсэн үг.
-Хэрэв төр мэдэлдээ авна гэвэл хайгуулын лицензтэй 146 компанид нөхөн олговор өгөх үү. Эсвэл хамтран ажиллах зарчмаар явах уу?
-Эхний ээлжид өөрийнхөө хөрөнгийг зарж хайгуул хийж байгаа эсэхийг нь шалгана. Ашигт малтмалын хуульд заасан нөхцөлийг биелүүлж үү үгүй юу. Ер нь шар нунтаг хийх хүртэл төрийн хяналт дор хувийн аж ахуйн нэгж хийх эрхтэй байдаг. Харин түүнээс цааш процедурын хувьд хийх эрхгүй.
-Оросууд манай орны ураны хайгуулыг хамгийн сайн хийсэн гэдэг. Энэ шалтгаанаар ураны салбарт түлхүү орох сонирхолтой байдаг нь нууц биш?
-Оросууд байгаа мэдээллээ манайд өгдөг бол сайн байна. Үгүй бол өөрийнхөө хөрөнгөөр дахин хайгуул хийх болно гэсэн үг.

Ураны ордыг ашиглах шинэ хууль төрөхийн өмнө Төрөөс баримтлах бодлогын хөтөлбөр гарчээ. Энэ нь “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр” гэсэн нэртэй. Уг хөтөлбөрт 2009, 2012 онд хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Харин 20132021 онд бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ураны ордыг ашиглах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт дөрвөн их наяд 394 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлтүүд орж байна.

Б.ДОЛЗОДМАА