Үндэсний шуудан 2009.03.23

УИХ-ын гишүүн З.ЭНХБОЛДТОЙ ярилцлаа.

-Ээлжит бус чуулган зарласны гол зорилго нь Хямралаас урьдчилан сэргийлэх тө­лөв­лөгөө болон Оюутолгойн гэ­рээний төслийг хэлэлцэх бай­сан. УИХ нэгийг нь төсөл са­наач­лагчид нь буцааж, нөгөөг нь баталсан. Гэтэл ОУВС-тай хөтөлбөр тохирсноор батал­сан нэгийг нь хэрэггүй цаас болж хувирсан гэх хүмүүс олон байна. Ээлжит бус чуулганаас үр дүн гараагүй юм биш үү?
-Санхүүгийн хямралын эсрэг баталсан төлөвлөгөөн дотор ОУВС-тай хийсэн хэлэлцээрийг оруулж бол­но л доо. 1.5 их наядын 224 саяыг нь ОУВС өгөхөөр боллоо. ОУВС-тай хэ­лэлцээр хийхийн сайн тал нь ма­най ул­сыг санхүүгийн сахилгатай улс болж байгааг хандивлагчдад харуулж байгаа. ОУВС-тай хэлэлцээр хийс­нээр өгсөн мөнгийг халамжиндаа ца­цаад дуусгачихгүй юм байна гэдэг ит­гэл найдвар төрүүлдэг. Тэр мөнгө буцаж төлөгдөнө гэсэн баталгаа болж бай­гаа учраас зээл олгох хандив­лагч­дын тоо ихэсч, нөхцөл сайжирч бай­гаа. Гол авах юм нь энэ. Би Хям­ра­лаас гарах төлөвлөгөөг оргүй хоо­сон ажил болсон гэж үзэхгүй байна. Бас төсвийн тодотгол баталсан шүү дээ.
-Оюутолгойн гэрээг батлах байх гэсэн хүлээлт нийгэмд үүссэн байсан. Гэсэн ч УИХ Засгийн газрыг хангалтгүй бо­ловс­руулсан гээд буцаалаа. Үнэхээр хангалтгүй төсөл байв уу?
-Сайн төсөл оруулж ирсэн бол батлахад болохгүй гэх юм байхгүй. Гэтэл тэр шаардлагыг хангаж чадах­гүй байгаа учраас тодруулах маш олон зүйл гарч байна л даа.
-Тухайлбал юуг тодруулах шаардлагатай байв?
-Хамгийн эхний ээлжинд техник, эдийн засгийн үндэслэл нь тодорхой бус байсан. Ийм учраас шийдвэр гаргаж болохгүй байна.
-Оюутолгойн гэрээ байгуулах гэж бид яарах хэрэг байна уу гэж  та хэлж байсан. Яагаад ингэж хэлсэн юм бэ?
-Яахав, “Монголын парламент ирэх өдрүүдэд энэ гэрээг баталлаа ч гэсэн давын өмнө оруулах хөрөнгө байхгүй байна гэж “Рио Тинто”-гийн захирлын хийсэн мэдэгдлийг Авст­ралийн сонин нийтэлсэн байна лээ. Дугаарын эхэнд зогсч байгаа  хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд ч, Хятадын хөнгөн цагааны компаниас авах 19.5 тэрбум ам.долларын зарцуулалт дотор ч Монголын Оюутолгой байх­гүй. Дэлхийн зах зээлийн санхүү­жилтын олдоцыг харж байж Оюутол­гойн талаар ярина” гэсэн байна лээ. Харин дугаарын эхэнд Австралийн хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулна гэсэн байсан.
-Нөгөө тал яарахгүй байгаа нь эндээс харагдаж байгаа юм биш үү?
-Харин тийм. Ийм байхад бид шуур­ганд хөөгдсөн юм шиг ээлжит бус чуулганаар хэлэлцэж батлах нь буруу гэж үзсэн. Гэрээний төсөлд хүлээж авч болмооргүй зүйл их байгаа. Ялангуяа гэрээний хугацаа нь. 30 жилээр байгуулаад, дараа нь авто­ма­таар 20 жилээр сунгах юм. Бас нэг са­наа зовж байгаа зүйл нь энэ жил аж­лаа эхлэхгүй бол яах вэ гэдгийн хариулт алга байна. Төсөлд энэ талаар тусгаагүй. Уг нь есөн нөхцөл бүрдэж байж энэ гэрээ хүчинтэй болно. Үүний нэг нь техник эдийн засгийн үндэслэл. Есөн нөхцө­лөө бүрдүүлчихлээ гэж бодъё. Тэгээд хөрөнгөө оруул гэхэд дэл­хийн зах зээлээс санхүүжилт бос­гох боломж ховор байна, оруулах хө­рөнгө алга гээд нэг, хоёр жил суугаад байвал яах вэ. Монгол Улсын эрх ашиг бол энэ ордыг хурдан ашиглалтад оруулах. Үйлдвэр барих хугацаанд ч гэсэн бид татварын орлогоо авсаар л байх ёстой. Хүмүүсээ ажиллуулсаар л байх учиртай. Уул уурхайн ажилч­дын 90 хувь нь монголчууд, бусад нь гадаа­дын мэргэжилтнүүд байж болно гэсэн хуулийн заалт бий. Энэ харьцааг бие­лүүлээгүй тохиолдолд илүү бай­гаа гадаадын иргэний тоогоор ком­пани манай улсад нөхөн төлбөр өгөх ёстой.
-Хөдөлмөрийн хөлсийг хэд дахин нэмэгдүүлдэг билээ?
-Арав дахин нэмэгдүүлж төлдөг. Сар бүр нэг сая 80 мян­ган төгрөг илүү нэг хүн тутамд төлнө гэсэн үг. 2007 онд өөрч­лөлт оруулсан Ашигт малт­малын тухай хуульд ийм заалт байдаг. Үүний хүчинд олон мон­гол хүн ажилтай болсон. Гэ­тэл гэрээний төсөлд ба­рилгын аж­лын явцад ажилч­дын харь­цааг 60:40 байхаар заа­сан байна лээ. Гэсэн ч гурван татварын хөнгөлөлт дээр нэмээд ажлын байрны торгуулийн төлбөрийг чөлөөлж байгаа юм. Бид до­тоодын­хоо ажиллах хүчийг хөгжүү­лж, иргэдээорлоготой  байлгахын тулд энэ өөрчлөл­тийг хийж байсан. Би 60:40 гэсэн ажиллах хүчний харьцааг зөв­шөө­рөхгүй. Нэг бол ажилчдын 90 хувь нь монголчууд байх ёстой, эсвэл ажлын байрны нөхөн төлбөр өгөг. Гэх мэтээр ярих юм зөн­дөө. Техник эдийн засгийн үн­дэс­лэл ороод ирэхээр бас нэ­мэг­дэнэ. Одоохондоо бид та­раа­сан төсөл дундаас асууж бай­­гаа. Бодит мөнгөөр тооцог­дох зүйлүүд буюу татварын орлого нь манай эдийн за­сагт ямар нөлөө үзүүлэх юм, хуваарь нь ямар байх юм гэдгийг үзээгүй байна. Түүнээс биш 13 жилийн дараа ашиг нь гарах юм байна, үйлдвэр барьчихъя гээд л шийдэж болохгүй л дээ.
-13 жил гэдэг нь үйлдвэр барих таван жил, барьсан өртгөө нөхөх найман жилийг хэлж байна уу?
-Тийм ээ, 2023 оноос л энэ үйлд­вэр Монголын эдийн засагт бодитоор орлого оруулах юм. Тэр хооронд нэг их олигтой юм гарахааргүй гэрээ байна лээ. Маргаашийн өөхнөөс өнөөд­рийн уушиг дээр гэдэг. Ирээ­дүйд орох том мөнгөнөөс өнөөдөр ирэх тат­варын орлогын мөнгөн урс­гал чухал байгаа юм. Өнөө­дөр мөнгөний хомсдол бол­чихоод байна. Харин 2023 онд гайгүй болчих байлгүй.
-Гэрээг яравчлах шалтгаа­нуудын нэг нь урьдчилгаа төлбөр болох 125 сая ам.дол­лар гэж тайлбарлаж байна. Оюутолгой шиг ордын хувьд энэ их мөнгө биш. Бас 9.9 хувийн хүүтэй биз дээ?
-9.9 дээр АНУ-ын инфляцын хувь нэмэгдэнэ шүү дээ.
-Ингээд тооцохоор одоо­­гийн байдлаар хэдэн хувийн хүүтэй болж байгаа билээ?
-Одоо АНУ-ын инфляц гурав бай­­гаа. Нэмэхээр 13 хувь гэсэн үг. Зоригт сайдын танилцуулаад бай­гаа тоогоор Монголын талд 19 тэрбум ам.доллар уурхайн нас­ны эцэст орж ирэх юм байна. 19 тэрбумтай харьцуу­лахад 125 сая гэдэг нь копейк л байгаа юм. Таван тэрбум доллараар хөрөн­гө оруулалтыг нь зөвшөөрье гэж бод­вол таван хувийн гаалийн тат­­ва­раар гэхэд 250 сая ам.дол­­ларын хөнгөлөлт үзүүл­чихэж байгаа юм. Зөвхөн эхний таван жилдээ татварын ийм хөн­гөлөлт үзүүлчихээд 125 саяыг сарын нэгээс дээш ху­вийн хүүтэй зээл авах гэж зүт­гээд яах юм. Засгийн газар “ХААН” банкны хүүгээр зээл авах хэрэггүй шүү дээ.  Засгийн газрын нэг онцлог байдаг. Хэзээ ч ийм өндөр хүү­гэй зээл авах гэж улайр­даггүй л байхгүй юу. Сарын хүү нь дан­даа нэгээс доош урт хугацааны зээл авдаг.
-Сая та таван тэрбумын талаар хөндлөө. Хөрөнгө оруулалтын анхны хэмжээ 2.7 байсан. Засгийн газрын ээл­жит бус чуулганд өргөн барь­сан төслөөр тав болж нэмэгд­лээ. Энэ зөрүү яагаад гарч ирэв ээ?
-2007 оны өргөн баригдсан хувилбар дээр 2.7 тэрбум гэж байсан. Тэр үед үйлдвэр барих гол түүхий эд төмрийн үнэ өс­чих­сөн байсан. Одоо бол хоёр дахин буурсан. Түүхий нефть баррель нь 40 ам.доллар бол­чихлоо. Ийм байхад хөрөнгө оруулалтын хэмжээ буурах биш, харин ч хоёр дахин нэмэгдээд ороод ирснийг нь гайхаад бай­гаа юм. Техник эдийн засгийн үндэс­лэлээ өгөхөөр тодорхой болох байх.
-Мэдээж энэ асуултыг Зоригт сайдад тавьсан байх. Юу гэж байх юм?
-Техник эдийн засгийн үндэслэлээ аваад үзээрэй л гэж байна лээ.
-Оюутолгойн гэрээний төслийг өргөн бариад хэлэл­цэх гэж байх үед “Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирал нь “Гэрээний төслийг ойрын хугацаанд баталчих байх” гэсэн ярилцлага өгснийг хэвлэлүүд мэдээлсэн. Яагаад ийм итгэлтэй байсан юм бол?
-Тэр хүн өөрөө л хариулах байх даа.
-Засгийн газар ийм итгэл төрүүлэхээр зүйл тэдэнд ярьсан юм биш биз дээ?
-Монголчууд мөнгөгүй бол­чихсон, 125 сая ам.доллар­гүй бол дампуурчихаар санагд­сан юм байлгүй. Бид хүндээ хөн­гөнөөс өгөхгүй л дээ. Би бол 125 саяыг тэвчиж болно гэж бо­дож байгаа. Тавин жилээр хийгдээд, олон татварыг царцааж байгаа энэ төслөөс нэг их сайн зүйл харагдахгүй байна. Чилийн туршлагаас бид судалж байсан. Тогтвортой байдлын гэрээг 15 жилээс дээш хугацаагаар хийж болохгүй, үүнээс дээш хийдэг жишиг дэлхийд байдаггүй юм гэж байсан.
-Манай хуульд 30 жил гэж байгаа шүү дээ.
-Бид хуульд өөрчлөлт оруулс­­ны дараа мэдсэн л дээ. Одоо бол бага хугацаагаар хий­гээд 15 жилийн дараа ши­нээр гэ­рээ хийх нөхцөлөөр өөрчлөх ёс­той гэж үзэж байгаа. Бид турш­лага муутай юм чинь эхний гэ­рээн дээрээ алдлаа гэж бодъё. Зал­­руулах боломжийг нээлттэй үл­дээхгүй бол 30 жилээр гэрээ хий­гээд, дараа нь автоматаар 20 жил сунгах төсөл явж байна. Тө­сөлд “автома­таар” гэдэг үг байг­аа. Бид 30 биш, тавин жилийн гэ­рээ­ний тухай ярьж байна гэсэн үг.
-Гэхдээ 30 жил гэдэг маань хуульд байгаа хугацаа шүү дээ. Хаврын чуулганаар хө­рөн­гө оруулалтын гэрээг хэ­лэл­цэхээс урьтаад Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх ёстой юм биш үү?
-Хууль өөрөө уян хатан байгаа шүү дээ. 29, 30 дугаар зүйл хөрөнгө оруулалтын гэрээ­ний тухай байдаг. 29 дүгээр зүйлийн эхний хэсэг дээр “Гэрээ байгуулж болно” гэсэн байгаа. Заавал байгуулна гээгүй байгаа биз. Муу гэрээ байгуулж үүрэг хүлээснээс байгуулаагүй нь эрсдэл багатай. Одоогийн хуулиар энэ компани хөрөнгө оруулалтаа хийгээд явах бүрэн бололцоотой.
-Гэрээ байгуулахгүй бай­сан ч болно гэж үү?
-Тийм ээ, ямар ч саад тотгор байхгүй байгаа. Ажиллах боломж нь бүрэн нээгдсэн. Тэд­нийх ашиглалтын лицензээ ав­чих­сан байгаа. Шууд төлөв­лөс­нийхөө дагуу хөрөнгөө оруу­лаад, тат­варын хөнгөлөлт эд­лэх­гүйгээр ажиллах боломж нээлттэй л байгаа шүү дээ. Гэрээ байгуулд­гийн гол учир нь гурван төрлийн татвар (гааль, 68 хувийн, дивидентийн суутгал) төлөх­гүй. Дээр нь хөдөлмөрийн хөлсний торгууль чөлөөлнө. Ажлын байрны нөхөн төлбөр гэсэн үг. Эдгээр дээр нэмээд алдагдал үзсэн жилүү­дийг ирээдүйд төлөх татвараас суут­гах заалт байгаа. Үүний хуга­цааны тал дээр нь хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ бүх хөнгө­лөлт чөлөөлөлтийн дүн ямар байна вэ, энэ компани ямар нэг хөн­гөлөлтгүйгээр Монгол Улсын бусад аж ахуйн нэгжийн нэгэн адил татвараа төлөөд явахад монголчууд ямар мөнгө олох вэ, хэдэн хүн ажилтай байх нь вэ гэхчлэн альтернатив тооцоо­нуудыг хийлгүйгээр гэрээ бай­гуулж болохгүй. Энэ нь тодорхой бус байхад төслийг батла гэсэн тулгалт байж таарахгүй.
-Ашигт малтмалын хуульд заасан байдаг 90:10 гэсэн харь­цааг 60:40 болгож өөр­чил­­сөн ч нөхөн төл­бөрийг чө­лөөлж байгаа. Зөв­хөн үүнээс гэхэд л бид хичнээн төгрөг алдах вэ?
-Техник эдийн засгийн үн­дэс­лэлд барилгын ажлын эхний таван жилд ажилчдын тоо хэд байсныг мэдэхгүй байна. Лав л үйлдвэр байгуулсны да­раа ажил­лах хүний тоо 1000 бай­сан. Үйлд­вэр байгуулах явцад ажил­лах хүчний тоо хэдэн мянга бай­гаа нь тодорхой. 3000 гэж тооцо­ход хуулиар 2700 нь монголын иргэн байх ёстой. Гэтэл 60 хувь болгож бууруулс­наар 1800 мон­гол хүн 1200 гадаадын иргэн  ажил­лах болох нь. Гадаадын 900 иргэн хуульд заа­сан харьцаа­наас илүү ажил­лана гэсэн үг. Хөнгөлөлт үзүү­лэхгүй бол нэг хүн тутамд сард сая төгрөг төлөх ёстой. Сарын 900 сая төгрөг, жилд 10 тэрбум 800 сая төгрөгийн хөнгөлөлт эд­лэх юм. Зөвхөн ажлын байрны нөхөн төлбөрөөр ийм хөнгөлөлт эдэлж байх нь.
-Нөөц ашигласны тат­варыг таван хувь байхаар гэ­рээний төсөлд тусгасан бай­на лээ. Энэ нь дэлхийд байх­гүй өндөр татвар, үүнд бид баярлах ёстой гэсэн үгийг Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн гуай хэлсэн байсан. Үнэхээр роял­тыг ингэж өндөр тогтоосонд бид баярлах ёстой биш үү?
-Үгүй, яагаад гэвэл нөөцийн татвар зарим улсад 2.5 байхад 12 хувийн татвартай ч улс байгаа. Манайх бол дундаж. Энэ татварын хувь хэд байх вэ гэдэг дээр Ашигт малтмалын хуулийн ажлын хэсэг бараг сар гацаж бай­сан. Сайн санаж байна. Ма­найх нэг их өндөр нөөцийн татвартай улс биш. Нөөц ашиг­ласны татварыг таван хувиар тооцсоныг болно гэж үзээд бизнес хийх гэж байгаа компани шүү дээ.
-Хөндлөнгийн хүмүүс са­наа зовох хэрэггүй гэж үү?
-Тийм ээ, санаа зовох хэ­рэг­гүй. Тэр хүн юуг үндэслэж хэлсэн юм бол доо, уг нь уул уурхайчин биш л юмсан.
-Гэрээнд гарын үсэг зурах талуудыг харьцангуй байна гэсэн шүүмжлэл гарч байв. Монгол Улсын Засгийн газар нэг компанийн охин ком­пани­тай гэрээнд гарын үсэг зурах нь зохимжгүй, тэгээд ч тэр компанийн эрхзүйн ча­дам­жийн хувьд эргэлзээтэй гэсэн зүйл их ярьж байна?
-Гэрээг хөрөнгө оруулагч­тай байгуулах ёстой. Хөрөнгө оруулагчийн оффшорт бүрт­гүүл­сэн компанийн охин ком­пани­тай гэрээ байгуулах нь бүр буруу. Гэрээнд гарын үсэг зур­сан компани хөрөнгө оруулах чадваргүй боллоо гэвэл бид хэнтэй хариуцлага тооцох юм бэ. Түүний оронд Ашигт малт­малын тухай хуулийн 30 дугаар зүйлд байгаа хөрөнгө оруулагч­тай гэрээ байгуулна гэсэн заалтыг баримтлах хэрэгтэй.
-Гэхдээ бас лиценз эзэм­шиг­чид­тэй гэсэн үг байдаг байх аа. Лиценз эзэмшигч нь “Рио Тинто” биш “Айвенхоу” биз дээ.
-29 дүгээр зүйлд лиценз эзэмшигч гэж байгаа нь үнэн боловч 30 дээр хөрөнгө оруу­лагч гэж тодотгосон байдаг. Ашигт малтмалын тухай хуу­лийн утга нь лиценз эзэмшигч нь өөрөө хөрөнгөтэй байх тухай, хэрвээ хайгуулын зардалд ха­маг хөрөнгө зарчихсан, хө­рөн­­гөгүй бол хөрөнгө оруулагчтай гэдгийн ялгааг тодорхой гаргаж өгөөгүй байна л даа. Хэдийгээр “Рио Тинто”-ийн удирдлагуудтай Монголын Засгийн газар хэлэл­цээ хийж байгаа боловч гэрээнд гарын үсэг зурахдаа “Айвенхоу Майнз” болоод хувирчихаж бай­гаа нь асуудал үүсгэж буй юм. Лиценз эзэмшигч учраас “Айвен­хоу Майнз”орох ёстой л доо. Гэхдээ Монголын Засгийн газартай “Рио Тинто” гэрээ байгуулаад Айвенхоу гуравдагч этгээдээр гарын үсэг зуралцсан бол Ашигт малтмалын тухай хуулийг үзэл санаанд тохирч байгаа юм. Тэгэхгүй “Айвенхоу”-гийн оффшорт бүртгүүлсэн ком­панийн охин компани Монголын хуулийн этгээдтэй гарын үсэг зу­рах нь учир утга муутай. Хам­гийн гол  нь хөрөнгөө оруулахгүй гацаад байвал яах вэ гэсэн асуулт хариултгүй үлдэж байна. Гарын үсэг зурж байгаа ком­панид бол нэр хүнд гэхээр юм байхгүй. Харин “Рио Тинто” бол өөр. Хөрөнгөө 2009 оны дол­дугаар сарын 1-нээс оруулна гээд тохирчихсон байгаад “чадахаа болилоо” гэхэд ядаж л “Рио Тинто”-гийн нэр хүндэд муугаар нөлөөлнө. Тийм барьц­тай хүнтэй л зууралдаж авах хэрэгтэй. Лиценз эзэмшигч нэ­гэнт өөрсдөө хөрөнгө оруулах чадваргүй бол мөнгөтэй “Рио Тинто”, баялагтай Монгол хоёртой хамтран ажиллаад хувь хүртээд явах бүрэн боломжтой.
-”Рио Тинто” “Айвенхоу Майнз”-ын хувь эзэмшигч бо­ло­­ход уул уурхайн тэргүү­лэгч компани манайд орж ирэх нь гэж монголчууд баяр­лаж байсан. Гэтэл “Рио Тин­то” ч санхүүгийн хямралд өр­төж байна. Энэ нь бидний хувьд болгоомжлох зүйл мөн үү?
-Тухайн үед “Рио Тинто” дэлхийн уул уурхайн тэргүүлж бай­сан. Одоо хувьцааных нь ханш унаад байна. 150 ам.дол­лар байсан хувьцаа 50 орчим болчихлоо. Гэхдээ “Рио Тинто” манайх шиг ийм төслийг сан­хүүжүүлээд явах боломж бий.
-Хятадууд “Рио Тинто”-д санал тавьж байгаа. Оюу­толгойд хятдууд орж ирэх нь гэсэн болгоомжлол байна?
-Тэд тодорхой хувь, уур­хай­нуудаа зарж байгаа. Юу боло­хыг хүлээж л байя. Авст­ралийн Зас­гийн газар тэр ком­паниа Хятадын Засгийн газрын мэд­лийн сан болон компа­ниудад зарах нь уу, үгүй юү гэдгийг харъя.
-Оюутолгойн гэрээ бай­гуул­­­бал 1.5 саяыг өгөх бо­ломж бүрдэнэ гэх ухуулга их өр­нөж байна. Боломж бий юү?
-Худлаа шүү дээ. Энэ янзаар байгуулбал 2023 оноос нааш Оюутолгой Монголын эдийн засагт бодит нөлөө өгөх­гүй. Харин үүний оронд Таван­толгойг ашиглалтад оруулах ёстой. Одоогоор Тавантолгойд гадаа­дын хөрөнгө оруулагч байхгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруу­лагч­дад найдахад хэцүү болж байгаа. Яагаад гэвэл одоо хүртэл явж ирсэн дэлхийн санхүүгийн систем хуучин шигээ ажиллаж чадах­гүй байна. Хөрөнгийн бирж дээр хувьцаа зараад тэр мөн­гөөрөө үйлдвэр аваад хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгдөг ийм зах зээл  өөрөө га­цаад эхэллээ. Хэдэн жилийн өмнө Тавантолгойд хувьцаа гаргаад үйлдвэрлэл явуулах боломж байсан боловч одоо өртөг нь их өндөр тусна.
-Үүний оронд тэгээд ямар хувилбар байж болох вэ. Бид өөрсдөө хөрөнгө гаргаад Та­ван­толгойд үйлдвэр барина гэж байхгүй шүү дээ?
-Хэн нэгэн хөрөнгө оруулагч хөрөнгийн зах зээл дээр хувь­цаа гаргасныхаа дараа үйлд­вэр барьдаг тэр шат дамжлагаа л алгасчихъя. Жишээ нь, Герман улс нүүрсний ил болон далд уурхайн төхөөрөмжийг хамгийн сайн хийдэг. Гэтэл одоогоор Гер­маны үйлдвэрүүд захиалга­гүй зогсчихсон байна. Германы банкуудтай ярилцаад шийдэж болох гарц эндээс харагдаж байна. Энэ нь юу вэ гэхээр тоног төхөөрөмжийн үйлдвэртээ зээл өгчих, бид хятадаас танай авч бай­гаа 30 сая тн коксжих нүүр­сийг арай хямд үнээр ний­лүүлье. Мөнгө­гүй учир та нар бидэнд ВОТ (бариад, ажил­луулаад, манайд шилжүүлээд өгчих) нөхцөлөөр үйлдвэр бариад өгчих, зээлээ коксжих нүүрсээр төлье гэх хэрэгтэй.
-Гэхдээ тээвэрлэлт гэж асуудал бий?
-Азиас Европ руу явж бай­гаа гурван тэрбум тн ачааны тодорхой хувийг Хятад, Мон­гол, ОХУ, Польш, Германы нут­гаар дам­жуулан хүргэх төсөл явж бай­гаа шүү дээ. Зээлээ хэдхэн жилийн дотор төлчихнө.
-Тэгвэл Герман улс яа­гаад заавал зээл өгөх ёстой гэж?
-Өөрийнхөө үйлдвэрийг ажил­­­луулж тоног төхөөрөмжөө за­рах зах зээл нь үүснэ шүү дээ. Ма­найд зээл өгвөл хям­ралын үед тэд­нийхэн ажилтай байна, хям­рал дуусах үед төмөр зам бэлэн, кокс­жих нүүрс нь ашиг­лалтад орчихсон байна. Ердөө хоёрхон жилийн дараа коксжих нүүрс ур­саад эхэлнэ. Тэгэхээр хэн хэн­дээ ашигтай байгаа биз. Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд энэ тухай ярьж яваа байх.