Өдрийн сонин 2009.03.23

ТӨрийн албан хаагчдын тоо 11 мЯнгаар зөрөөд байна-
Төрийн албан хаагчдын тоо 11 мянгаар зөрж, зө­рүү цалин хаашаа алга бо­лов гэдэг нь олны анхаар­лын төвд байна. Энэ та­лаар УИХ-ын гишүүн З.Энх­болдоос тодрууллаа.
-Манай улс хичнээн тө­рийн албан хаагчтай гэдэг нь маргаантай болчихоод байна. Чухам хэд юм бэ?
-Сангийн яамныхан төсөв батлуулахдаа 151 мянган төрийн албан хаагчтай гэсэн. Төрийн албаны зөв­лөл боло­хоор цалин авдаг хүнийг цалингийн цэстэйгээ тулга­хад 140 мянга гэж гар­гасан байна. Энэ хооронд 11 мянгын зөрүү гараад байна шүү дээ. Сангийн яам, Төрийн албаны зөвлөл хоёр тооцоогоо нягт­лах л ёстой доо.
-2008 оны төсөвт тө­рийн албан хаагчид аль тоогоор нь явсан юм бэ?
-151 мянгаар явсан.
-Албан хаагчдын тооны зөрүүг хэзээ, яаж мэдэв. Төрийн байгуулалтын байн­гын хорооны гишүүд  Төрийн албаны зөвлөлийн ажил албатай саяхан танилцахдаа үүнийг нь анзаарав уу?
-Тооны зөрүүний талаар тэд нар өөрсдөө ч мэдэхгүй байна. Энэ хоёр байгууллага хоорондоо тооцоогоо нийлж хаана алдаа гаргаснаа тогтоох ёстой. Ер нь сүүлийн гурван жилд төрийн албан хаагч­дын тоо эрс нэмэгдсэн. Ул­сын төсөв мөнгөтэй болох сургаар жилд есөн мянга, дараа жилд нь 10, 13 мянга гэх мэтээр албан хаагчдын тоонд нэмэлт их хийгдсэн.
-Албан хаагчдын нийл­бэр тоог  аль газар хариу­цаж гаргах ёстой вэ?
-Эд нар чинь бүр тоогоо алдчихаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2007 онд тооллого явуулсан. Мал тоолдогтой адилхан хүнээ тоолсон байхгүй юу. Тэр тоо одоогийнхтой харьцуулбал бага гарна л даа. Учир нь төрийн албан хаагчдын тоо нэмэгдэхийн өмнөхөн тоол­сон хэрэг. Сан­гийн яам бол мөнгөө өгдгөө­рөө хариуцах ёстой. Төрийн албан хаагчдыг ажилд авдаг, томилж, чө­лөөлд­гөөрөө Тө­рийн албаны зөвлөл мэднэ гээд аль аль нь хариуцах ёстой. Гэхдээ тоо­ны зөрүүн дээр ямар нэгэн шалтгаан байгаа байлгүй дээ. Тийм замбараагүй ихээр зөрүүл­чи­хээд, цалин гэж төс­вөөс мөнгө хий аваад байна гэж би бодохгүй байна.
-11 мянган төрийн албан хаагчийн цалин гэж жилд хичнээн төгрөг болох вэ. Арай албан хаагчийнхаа тоог нэмж улсын төсвөөс илүү мөнгө урсгаад байсан юм биш биз дээ?
-Сарын 300 мянган төг­рөгийн цалин авдаг гээд бо­дохгүй юу. Нэг хүн жилд гурван сая 600 мянган төгрөг. Арван мянга гэхээр чинь 36 тэрбум төгрөгийн асуудал. Ийм их хэмжээний мөнгө учраас хариуцсан байгуул­ла­гад нь ямар нэгэн албан ёсны тайлбар байгаа байлгүй дээ. Одоо аль, аль нь тоогоо хам­гаалж ярих байх.
-Яагаад зөрүү гарсныг нь та лавлаж асуув уу?
-Яахав, ийм тайлбар байж магадгүй. Төрийн албаны тооллогод орчихсон мөртлөө Төрийн албанаас цалин ав­даггүй байж болох юм. Ту­хайлбал, их, дээд сургуулийн багш нар ч юм уу. Зургаан их сургуулийн багш нарыг тоо­лоод үзэхэд бас 10 мянгад хүрэхгүй. Энэ мэт тооцооны зөрүү байгаа болохоос бус өөр тайлбар байхгүй байх болов уу гэж найдаж байна. Цалин авдаг хүний тоог Тө­рийн албаны зөвлөлийнхөн төрийн албан хаагч гэж үздэг. Харин Сангийн яам дээр цалин авдаг хүний тоог төрийн албан хаагч гэж үзэж байна уу, үгүй юу гэдэг асуултын гол учир. Манайхан нэг систе­мээр хүнээ тоолоод байна уу. Эсвэл хоёр өөр системээр тоолоод байна уу гэдгийг олох хэрэгтэй.
-Угтаа нэг системээр тоолж, тооны зөрүүгүй байх ёстой биз дээ?
-Тийм. Нэг янзаар тоолох ёстой. Харин тэгж чадаж байна уу, үгүй юу гэдгийг харах үлдлээ.  Төрийн бай­гуулалтын байнгын хорооны гишүүд Төрийн албаны зөв­лөлийн ажил албатай танил­цаж байгаа нь төрийн албаны шалгалт хууль бусаар яваг­даж байгаа эсэхийг нягталж, залруулах, шалгалт авдаг механизмыг сайжруулах зо­рилго агуулж байгаа. Олон зуун хүнээс нэгэн зэрэг шал­галт авдаг энэ процессыг автоматжуулж хүнээс ха­мааралгүй болгох ёстой цаг болжээ. Тэгэхгүй бол тест хийсэн хүндээ найдаж тэр хүнийг шударга ажиллана гэж бодох нь зүйд нийцэхгүй. Хэрэв тест хийсэн хүн нь тест задруулсан байвал шударга ёсны тухай ярьж болохгүй болно. Сум, аймгийн захир­гаанд дийлэнхдээ хамаатан, саднууд ажилладаг. Яагаад заавал хэдхэн хүний ха­маатан садан төрийн албанд ажилладаг юм бэ гэж хүмүүс гайхаад байдаг. Гэтэл төрийн албан хаагчийг шалга­руулдаг хүмүүс нь бид сайн шалга­руулсан гээд байдаг шүү дээ.
-ИНЕГ-ын даргын сон­гон шалгаруулалтын тест задарсан байж болзошгүй тухай та хэлсэн байсан. Энэ үнэн үү?
-Одоо шалгарсан хүн нь албан ёсоор томилогдоогүй байна. Тэр хүн ИНЕГ-ын даргын сонгон шалга­руу­лалтын тестэн дээр хамгийн өндөр оноо авсан байна лээ. Одоо хойноос нь хөөцөлдөж нягтлахад хүндрэлтэй. Тө­рийн албаны зөвлөл бол хуу­лийн дагуу явагдсан гэж хэл­нэ. Оролцогчид нь болохоор тест задарсан, задарсан уч­раас түрүүлчихлээ гэж хэлнэ. Ийм л маргаан байгаа. Би материалуудыг нь авч үзлээ. Хэрвээ гомдолтой хүмүүс байгаа бол шалгуулах нь зүйтэй байх. УИХ-ын ажлын хэсэг бол хэн яагаад шалгар­чихав гэдгийг шалгахаасаа илүүтэй шалгаруулдаг про­цесс, процедур нь шударга байна уу, хүмүүсийн хард­лага үүсгэх үндэслэлийг бий болгохгүй байхыг чухалчилж шалгана. Түүнээс тест задар­сан эсэхийг нь олох үүрэг бидэнд байхгүй. Бид хүн шал­гаруулдаг процедур доторх тестийг хийдэг хүмүүст найд­даг сул тал, онгорхой нүхээ засах хэрэгтэй. Үүнийг засч залруулах арга бол компьютер асуултыг гаргадаг байх, эргээд компьютер дүг­нэ­дэг байх аваас ямар нэгэн хардлагагүй болно.
-Тэгээд ИНЕГ-ын дар­гын шалгаруулалтад тест задарсан байх магадлал хэр байна?
-Би материалыг нь авч үзсэн. Нэгдүгээрт орсон хүн бус­даасаа хамгийн өндөр оноо авсан  нь үнэн. Одоо тест задарсан, эсвэл задраагүй гэж хэлэх боломжгүй байна. Шалгалтыг зарласан өдрөө аваагүй. Нэг хоног хойш­луулсан юм билээ. Орол­цогчдын дунд тестийг зад­руулахын тулд хойшлуулсан гэх яриа гарсан байсан. Түүнээс албан ёсоор шал­гуулъя гээд гомдол гаргасан хүн байхгүй. Ер нь тест за­дарсан байлаа гэхэд нэг их гайхаад байхааргүй л юм билээ. Нууцлал нь дунд сур­гуулийн төгсөлтийн шалгалт авдаг системээс дор.  Ерөн­хий боловсролын сургуулиас туршлага судал гэж Төрийн албаны зөвлө­лийн­хөнд зөв­лөж байгаа.

Б.ДОЛЗОДМАА