Өдрийн сонин 2009.03.06
УИХ-ын гишүүн З.Энхболдтой уулзаж ярилцлаа.
-УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй байдаг. Ийм хуулийн заалттай хэдий ч нэр дэвшигчийг УИХ-аар хэлэлцдэггүй. Парламентаар хэлэлцүүлдэг хуультай байж болдоггүй юм уу. Энэ талаар юу хэлэх вэ?
-Хэлэлцүүлдэг бус бүр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх ёстой. 1992 оны Үндсэн хууль анх боловсруулж оруулж ирэхдээ цэвэр парламентын засаглалтай улсын Үндсэн хууль байсан. Хэлэлцүүлгийн явцад төрийн тэргүүнээ өөрөө сонгодоггүй ямар улс байдаг юм гэж үзээд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог болсон юм.
Тэгээд хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс болоод хувирчихсан. Ингээд парламент ч биш, Ерөнхийлөгч ч биш хоёрын хооронд улс болгосон учраас сүүлийн жилүүдэд хоёрдмол системийн дутагдалтай, алдаатай талуудыг мэдэж байна. Миний хувийн санал бол сонгодог парламентын засаглал руугаа орох, гүйцэтгэх засаглал шүүх бүгд бие биенээ хянаж чаддаг тогтолцоотой болох хэрэгтэй байгаа юм. Хэрэв сонгодог парламентын засаглалтай улс орон больё гэвэл Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох ёстой. Сонгодог парламентын засаглалтай улсууд ийм системтэй байдаг. Герман улсын хувьд л гэхэд Бундестагийн гишүүд болон муж, улсын парламентын гишүүд цуглаад Ерөнхийлөгчөө сонгодог. Ийм улс орнууд бэлгэ тэмдгийг Ерөнхийлөгчтэй байдаг. Үүнтэй адил аймаг, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид болон УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчөө сонгодог болох хэрэгтэй. Мянга гаруй хүн болох юм. Улсын газар нутгийн төв болох Өвөрхангай аймгийн Хархоринд очиж, зүлгэн дээр сууж байгаад Ерөнхийлөгчөө сонгоё л доо. Нэр дэвшигчид нь загвар үзүүлдэг тэмцээн шиг нэг нэгээрээ гарч ирээд хөтөлбөрөө ярина биз. Ингэвэл маш их мөнгө хэмнэнэ шүү дээ. УИХ, Иргэдийн хурлын төлөөлөгчид  ард түмнээс сонгогдсон улсууд. Ингэхээр төлөөлөн сонгох аргыг хэрэглэнэ гэсэн үг. Хэрэв ингэвэл хагас Ерөнхийлөгчийн засаглал үгүй болно.
1992 оны Үндсэн хуулийг буцааж сэргээгээд энэ хуулийн дагуу энэ оны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах учиртай. Ингэхгүй бол дахиад л хагас Ерөнхийлөгчийн засаглалтайгаар дөрвөн жил явах болчхоод байгаа юм. Энэ алдаагаа засъя гэдэг санал гаргаад байгаа юм.
-Ерөнхийлөгчийн сонгуульд багагүй хөрөнгө зарна. Санхүү, эдийн засгийн хямралын үед хүндрэлтэй биш үү?
-Одоо зөвхөн улсаас энэ сонгууль зарцуулахаар таван тэрбум төгрөгийг төлөвлөөд байгаа. Нэр дэвшигчид тус бүр хэдийг ч гаргах юм. Маш их хоосон зардал гарна шүү дээ. Мөнгөө хэмнээд Хархоринд цугласан мянган хүний саналыг авч чадсан нь Ерөнхийлөгч болно биз. Гэхдээ сонгуулийг шударга явуулъя гэвэл улс хөрөнгө гаргах л хэрэгтэй.
-Гуравдугаар сарын 25-наас Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлана. Энэ хооронд хуульд өөрчлөлт оруулж амжих уу?
-Амжуулъя гэвэл амжуулна шүү дээ. Гэхдээ ийм саналтай хүн цөөхөн байх шиг байна. Ер нь бол цэвэр парламентын засаглалаа сонгохгүй бол засаглал хоорондын хүндрэл арилахгүй. Би Дээд шүүхийн шүүгчдийн хүртэл ард түмнээс санал авдаг, санал авч чадаагүй бол огцордог тухай хуулийн төсөл санаачилж байгаа. Үүнийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хийж болно. Бид шүүгч нарыг хууль зөрчиж, дураараа аашилж байгааг харж байгаа мөртлөө яаж ч чадахгүй байгаа. УИХ-ын гишүүд шиг шууд сонгодоггүй юм аа гэхэд муу ажиллаж байгаа Улсын дээд шүүхийн шүүгчээ татаж авах эрхийг ард түмэндээ өгөх нь зүйтэй. Ингэснээр хууль тогтоох болон шүүх засаглал хоёр ард түмнээсээ хараат болно. Харин гүйцэтгэх засаглалын хувьд ард түмний төлөөлөл сууж байгаа УИХ-аар дамжиж байгаа учир ард түмний хяналт байгаа юм. Ингэж засгийн бүх мэдэл ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг практик ажил болгож хувиргахгүй бол ганцхан хамаардаг нь УИХ болчхоод байна. Бусад нь бол томилсон хүндээ үнэнч царайлаад явж байна шүү дээ.
-Өмнө нь АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ марафон явуулан тодруулж байсан. Энэ удаагийн сонгуульд яаж оролцох вэ?
-Сүүлчийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид марафон явуулаагүй. Мянга орчим хүнтэй АН-ын их хурал дээр сонгоод, санал хурааж явуулж байсан. Энэ жил ч гэсэн тэгэх хэрэгтэй гэж үзэж байгаа.
-Олон жил МАХН-аас сонгогдсон Ерөнхийлөгчтэй байлаа. Энэ удаагийн сонгуульд АН ялалт байгуулж чадах болов уу?
-Сонгуулийг шударга явуулбал АН ялалт байгуулна. Сонгуульд нэг хүн нэгээс олон удаа санал өгдөг, бүртгэлийн систем нь найдваргүй, сонгуулийн луйвар хийх бололцоо нь байсаар байвал АН ялалт байгуулахгүй л дээ. Нэг хүн нэг л удаа санал болгохгүй бол сонгууль хэзээ ч шударга болохгүй. Ийм болгохын төлөө ямар ч ажил хийхгүй байна. Тухайлбал, компьютертай, гэрэл цахилгаантай хот суурин газруудын бүртгэлийн ажлын дэлхийн түвшинд хүргэх хэрэгтэй. Цаасаар бүртгээд, нэг хүн олон удаа санал өгөөд байвал бүртгэлийн байгууллагыг удирдаж байгаа нам л ялна шүү дээ.

Д.УРАН