МОНЦАМЭ мэдээ 2009.03.03
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газраас боловсруулсан санхүү эдийн засгийн хямралыг гэтлэх төлөвлөгөөг байнгын хороодоор хэлэлцэж байна.УИХ-ын ээлжит бус чуулганаар асуудлыг эцэслэх учиртай. Хямралыг давах төлөвлөгөө болоогүй гэсэн шүүмжлэлийг эхнээсээ л дагуулсан энэ төлөвлөгөөнд та ямар үнэлэлтэй байна вэ?
-Хэлэлцүүлгийн явцад олон санал нэмсэн. Засгийн газрын бодож олоогүй саналууд нэмэгдсэн гэсэн үг. Улс орон бүрт хямралыг туулах төлөвлөгөөтэй байх ёстой. Миний хувьд хэтэрхий ерөнхий, цаг хугацаагаа бодоогүй төлөвлөгөө оруулж ирсэн гэж ярьж байгаа гишүүдтэй санал нэг байна. Намар оруулж ирэхээр төлөвлөсөн бүх хуулийг хаврын чуулганаар оруулъя гэсэн саналыг би дэмжсэн.
Хямрал болж байхад намар нь хуулиа өөрчилье гэж ярих нь утгагүй юм. Өөрөөр хэлбэл хурдтай ажиллах хэрэгтэй байна. Энэ Засгийн газрын ажлын хурд бага байна. УИХ-ын гишүүд завсарлахгүй ажиллая, та нар оруулж ирэх асуудлаа боломжоороо оруулж ир гэдгээ Засгийн газарт хэлсэн. Энэ нь ч зүйтэй юм. Бодоод суугаад байх цаг байхгүй байна шүү дээ. Хямралын сайн тал бий. Хямрал компани, айл гэр, улс орныг үрэлгэн байдлаа зогсоож, үр ашигтай байхыг эрхгүй шаардаж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл хямрал үр ашигтай бүтэц рүү түлхэж өгдөг сайн талтай. Нэг үе 1500 ам.доллар хүрээд байсан орон сууцны квадратын үнэ өнөөдөр хоёр дахин уначихлаа. Энэ нь хямралын сайн тал. Тэгэхээр хямралын сайн талыг ашиглаж бүтцээ зөв тогтоох хэрэгтэй юм. Сүүлийн cap шахам л хямралын төлөвлөгөө ярилаа. Гэтэл хямрал бүр бодитоор мэдрэгдэж эхэллээ. Хүмүүс бараа авах нь багасаж байна. Эхлээд санхүүгийн секторт байсан хямрал одоо бодит секторт орлоо. Хямралтай тэмцэнэ гээд гадна дотнын улс орныг хуулбарлаад хэрэггүй юм.
-Хямралыг давахад 1,5 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн. Энэ мөнгийг гадна дотноос босгох төлөвлөгөө ярьж байна. Дотоодын эх үүсвэрээ ашиглахын тулд янз бүрийн л арга сэдэж байна. Төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар бууруулах санал Засгийн газраас гаргасан ч УИХ-аас дэмжлэг авсангүй. Ер нь мөнгөтэй болох ямар аргууд байна вэ. Та энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Ямар ч үнээр хамаагүй мөнгө олно гэвэл олдох байх.Гэхдээ тэр ирж байгаа мөнгөний үнэ их чухал. Үнэ гэдэг нь хүүгийн хэмжээ. Чамайг банкнаас сарын арван хувиар зээл авъя, хангалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалъя гэвэл банк дуртай өгнө. Гэвч тийм өндөр хүүтэй зээл хэрэггүй тул чи авахгүй. Монгол Улсын зээлийн хүү ямар байхыг санхүүгийн хөндлөнгийн байгууллага тодорхойлно.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын зээлийн рейтингийг хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад маш муу байгаа. Учир нь манай улсыг санхүүгийн хариуцлагагүй улс гэж үзэж байна. Жаахан мөнгө олохоороо идээд уучихдаг айл байдаг. Харин маргаашнаас нь дараагийн цалин буутал хоосон явахад хүрдэг. Манай улсыг үүнтэй адилтгаж байгаа учраас манай улсад өгдөг зээлийн хүү хэдэн шат доошлоод байна.
Өөрөөр хэлбэл хэдэн жилийн өмнө зургаан хувийн хүүтэй өгдөг байсан мөнгөө өнөөдөр 15 хувийн хүүтэй өгөхөд хүрээд байна гэсэн үг. Тэгэхээр 15 хувийн хүүгээр мөнгө зээлэх аюултай. Их мөнгө ярьж байх үед зээлийн хүүгийн нэг хувийн өөрчлөлт л их гарлагатай байдаг. Мөнгө хэрэгтэй. Гэхдээ эдийн засгаа сэргээхэд хэрэгтэй байна. Ялангуяа дэд бүтэцдээ зарцуулах мөнгө хэрэгтэй.
-Дэд бүтцэд зарцуулахад хэрэгтэй байна гэдгээ тодруулахгүй юу. Уг нь зээлсэн мөнгөө арай өөр зүйлд зарцуулахаар яриад байгаа шүү дээ?
-Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хамаг юмны үнэ уначихлаа. Дэд бүтэц байгуулахад шаардагдах бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ унасан. Оюутолгойг хоёр жилийн өмнө гурван тэрбум ам доллараар барина гэж байсан бол одоо энэ зардал доошоо орсон байх учиртай. Тэгэхээр бараа бүтээгдэхүүний үнэ хямдарсан үед хямдхан дэд бүтэцтэй болоод авах хэрэгтэй юм.
Дэд бүтэц байгуулах ажил гурваас дөрвөн жил үргэлжилнэ. Дэд бүтцээ байгуулсны дараа түүхий эдийн үнэ өснө. Алт, зэс, нүүрсний үнэ одоогийнхоос өснө гэсэн үг. Тэр үед байгуулсан дэд бүтэцдээ түшиглэн бүтээгдэхүүнээ экспортлох учиртай. Ингэвээс хямралын үед авсан зээлээ ганц хоёрхон жилийн дотор төлчих боломжтой.
Төмөр замгүй бол Тавантоллгойн нүүрс хэнд ч хэрэггүй, засмал замгүй бол Оюутолгойн зэс газар дээрээ үнэгүй болчхоод байгаа юм. Тиймээс энэ дөрвөн жилд Орос Хятадтай холбосон засмал зам, төмөр зам, баруунаас зүүн тийших замуудыг барихад анхаарах хэрэгтэй гэж ойлгодог.
Дэд бүтцэд томоохон хөрөнгө оруулалтууд хийхэд дагаад ажлын байр гарна. Тиймээс төсвийнхний цалинг хасахаас өмнө хийх ажил их байна. Урсгал зардлаа таначихвал цалингаа хасахгүйгээр явах боломжтой гэж УИХ-ын гишүүд үзэж байна. Би хямралыг энэ жилд л даваад гарчихна гэсэн өөдрөг үзлээр хандахгүй. 2012 он хүртэл хямрал бүрэн арилахгүй. Тиймээс цаашид дандаа ашиг өгөх дэд бүтэцтэй болох нь чухал юм.
-Дэд бүтэц байгуулахад мэдээж томоохон хөрөнгө оруулалтууд хэрэгтэй. Харин зээл өгөх улс орон олдох уу. БНХАУ, Катар, ОХУ, ОУВС, Дэлхийн банкнаас тодорхой хэмжээний зээл авах тухай ярьж байгаа. Та юу гэж бодож байна вэ?
-Дэлхийн санхүүгийн зах зээлийг харах хэрэгтэй. Мөнгө нь дутсан, бас илүүдчихсэн улс орон ч байна. Гол нь мөнгө олдох болов уу гэдэг нь эргээд биднээс л хамаарна. Бид санхүүгийн сахилга баттай, төлөвлөгөө нь ойлгомжтой, зээл аваад төлөх нь харагдаж байвал зээл олдоно.
Монгол Улсад баялаг байгааг бүгд харж байна. Гэвч өнөөдөр манай төсөв 12 хувийн алдагдалтай, төсвийн зарлага нь ДНБ-ийнхээ 52 хувийг эзэлж байна. Ийм санхүүгийн хариуцлагагүй улс байх юм бол мөнгө олдохгүй, мөнгө олдсон ч өндөр хүүтэй олдоно. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр төсөв баталж байхад алдагдалгүй баталъя гэсэн саналыг би гаргасан. Аягүй бол цалингаа тавьж чадахгүйд хүрнэ шүү. Тиймээс одооноос бэлтгэе, орлого зарлагаа тэнцүүлээд баталъя гэдгийг хэлсэн. Гэвч ингээгүйгээс байдал өөрөөр эргэлээ.
-ОУВС-ийн шалгуурыг хангах, төсвийн алдагдлаа бууруулахын тулд алтны 68 хувийн татварыг тэглэе гэж ярилцаж байна. Энэ хэр зөв шийдвэр вэ. Алт олборлогч компаниудтай энэ талаар хэлэлцүүлэг, ярилцлага хийж байгаа юу?
-Алтны 68 хувийн татвар анх зэсийн 68 хувийн татварыг тогтоож байхад байгаагүй. МАХН-ын бүлэг тавьчихсан юм. Би алтыг газар сайгүй хүн бүр ухаж, байгаль орчин сүйтгэдгийн эсрэг байдаг. Харин үндсэн ордоо ашиглаж, улс орны валютын нөөцийг нэмэгдүүлдэг томоохон хэмжээний компанийг дэмжих хэрэгтэй. Жалга болгонд алт олборлоод эхлэхээр татвар өгдөг хүн байхгүй болно.
Монгол банк дэлхийн зах зээлийн үнээр алт худалдаж авдаг байх юм бол энэ бүх алт наашаа цуглана. Тиймээс алтны 68 хувийн татварыг өөр хэлбэрийн татвараар орлуулах нь зүйтэй. Одоогийн байгаа тогтолцоо нь алтыг хил давуулахад хүргэж байгаа учраас буруу гэж үздэг.
-Өнгөрсөн 11 дүгээр сард төсвийнхний цалинг өгч чадахгүйд хүрнэ шүү гэдгийг та хэлж байсан гэлээ. Өнөөдөр төсвийн байгууллагынхны цалинг тавихын тулд 300 сая ам.доллар ойрын үед нэн шаардлагатай болж байгааг ярьж эхэллээ?
-Тухайн үед ийн хүндрэл гарах байх гэж тооцож байсан. Гэтэл хамаагүй урьд энэ асуудал гарч байна. Засгийн газар буцах хаалгануудтай л үлдэх хэрэгтэй. Гэтэл хуучин шигээ амьдрах гэж оролдоод алдаанд хүрээд байна. Орлого багасчихсан үед зарлагаа хуучнаар байлгах гээд оролдоод байх юм. Харин орлого багассан үед зарлага бас л буурах ёстой байдаг.
-Оюутолгойн гэрээний төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Хөрөнгө оруулагч компаниас 125 сая ам.долларын урьдчилгаа авахаар тохиролцоод байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Урьдчилгаа авахыг хүмүүс хоёр талаас нь тайлбарлаж байна л даа?
-125 сая ам доллар чинь бутархай мөнгө. Энэ мөнгийг хоёр сая 600 мянган хүндээ хуваахад ердөө л нэг хүнд 69 мянган төгрөг оногдоно. Дэндүү бага мөнгө. Асуудал 125 сая ам доллартаа байгаа биш. Гэрээний төсөлд 30 жилийн гэрээ байгуулахаар төлөвлөсөн. Хэрэв чи нэг хүнтэй хамтраад бизнес хийх гэж байгаа бол 125 сая ам.долларт хууртаж болохгүй гэж би зөвлөнө. Энэ мөнгийг зүгээр л авчхаж болно. Шохоорхоод байх зүйл биш.
Гэтэл гэрээнд энэ урьдчилгаа мөнгөнөөс үнэтэй ганцхан үг ч байж магадгүй. 30 жилээр гэрээ байгуулдаг улс энэ дэлхий дээр байдаггүй юм байна. Дээд тал нь л 15 жилээр гэрээ байгуулдаг туршлагыг Чилид явж байхдаа мэдсэн. Яагаад гэвэл одооны гэрээндээ алдаа хийсэн бол 15 жилийн дараа засах боломж нь гарч байгаа юм. Тэр эрхээ авч үлдэнэ гэдэг нь хамгийн чухал. Засгийн газар 30 жилээр гэрээ байгуулахаар оруулж ирэх сураг байна. Гэхдээ бидний гарт төсөл хараахан ирээгүй
-Гэрээний төсөл 160 зүйл заалттай гэсэн. Та энэ гэрээний төслийн зах зухаас танилцаж байна уу?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд ордгийн хувьд би танилцсан. Гэхдээ тэнд ярилцсан зүйлийг дэлгэрүүлэх эрх надад байхгүй. Гэрээний хугацаанд их анхаарах хэрэгтэй юм билээ. Би 125 сая ам.долларыг сонгох уу, 15 жилийг сонгох уу гэвэл 15 жилийг сонгоно. 30 жил яагаад ч байж болохгүй хугацаа юм. 125 сая ам.доллартаа тулж байгаа бол Монголын нэг компани л гаргаад өгчихнө шүү дээ.
-ОУВС-ийн төлөөлөгчид удахгүй ирж ажиллана. Энэ сангаас нийгмийн халамжийн мөнгө өгөхөө багасгаач гэсэн хүсэлт тавьдаг?
-Шинэ гэр бүлд өгдөг мөнгийг анхнаасаа эсэргүүцсэн. Бүртгэлийн тогтолцоо буруу учраас нэг хүн хэдэн ч удаа мөнгө авч болж байна. Эхнээсээ ч баригдсан. Тэгээд ч таван саяар хурим хийгээд 500 мянган төгрөгөөр юу хийх вэ дээ. Оюутнуудын баарны мөнгө л болж хувирч байна. Харин хүүхдийн мөнгийг хасаж болохгүй. Хүүхдийн мөнгө хасчихвал олон айл хоосон хононо доо.
-Битүүний өдрийн байнгын хорооны хуралдаанаар 1,5 их наяд төгрөг нь 2,4 их наяд болж хувирах дөхсөн. Өөрөөр хэлбэл хямралыг давахад 1,5 их наяд төгрөг хүрэлцэхгүй гээд энэ хоёр тоогоор санал хураахад хүрсэн. Гэхдээ санал дэмжигдээгүй?
-Эхлээд мөнгөний тоо биш, хийх ажлаа ярих ёстой. Түүний дараа мөнгөний тоо ярих ёстой.
Г.Мандуул