Өдрийн сонин 2009.02.12
УИХ-ын гишүүн З.Энхболдтой уулзаж ярилцлаа.

-Ардчилсан намын бүлэгт харьяалагддаг гишүүдийн нэг нь та. Гэтэл өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуульд танай намаас нэр дэвшиж сонгогдогчийнхоо үнэмлэхийг авчихсан С.Эрдэнэд Баянгол дүүргийн шүүх зургаан жилийн ял өглөө. Шүүх ногдуулсан ялаа сонгуультай холбоогүй гэдэг. Сонгуультай холбоогүй юм бол нэр дэвших, бүр сонгогдохоос нь өмнө шийтгэж яагаад  болоогүй юм бол?

-Маш ойлгомжтой юм явж байна. Прокуророос Н.Баяртсайхан ялжээ. Түүнийг УИХ-д оруул гэсэн бичиг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд очсон юм байна. СЕХ-г хөдлөхгүй болохоор шүүх хурал хийж байна л даа. Эцсийн зорилго нь ердөө л Н.Баяртсайханыг УИХ-ын гишүүн болгох. Хуулийн байгууллагууд хуулийн байгууллага шиг ажиллаж сурах хүртэл хол юм шиг байна. С.Эрдэнийг албан бичиг дээр гарын үсэг зурсан гэдэг  үндэслэлээр ялласан. Яг энэ үндэслэлээр хүнийг  яллавал төрийн бүх албан хаагч ялтан болохоор байгаа юм. С.Эрдэнийг баянголчууд сонгосон, тойргийн хороо нь шийдвэрлэчихсэн, бараг парламентын гишүүн болсон хүнийг УИХ, СЕХ, тойргийн хорооны зөвшөөрөлгүйгээр аваачаад хийчихлээ. Энэ бол шүүх хуулийг уландаа гишгэж байгааг харууллаа. С.Эрдэнэ хэрэг хийв үү, үгүй юу гэдэг нь дараагийн асуудал. Тэр хүн ард түмний төлөөлөл мөн үү гэвэл мөн. УИХ-ын одоо байгаа 75 гишүүнтэй адил ард түмнээс эрхээ авчихсан хүнийг ингэж болохгүй. Хэрэг үйлдэв үү, үгүй юу гэдгийг тогтоодог олон шат байгаа. Тэр явах ёстой. Гэхдээ улсын мөнгө улайм цайм идчихсэн хүмүүс хэдэн арваараа гадуур байж л байна. Яагаад ийм алхам хийв гэхээр Н.Баярт-сайханыг парламентад оруулахын тулд. Өөр ямар ч юм байхгүй. Тэгэхээр нэг нам нь прокурорт нөлөөлж УИХ-ын 25 дугаар тойрогт С.Эрдэнэ биш Н.Баяртсайхан ялсан гэдэг бичиг СЕХ руу явуулна гэдэг нь улс төр байна л гэсэн үг. Түүнийгээ эд нар нуухгүй  байна.
-Анхан шатны буюу нэг дүүргийн шүүхийн гаргасан шийдвэртэй холбогдуулж, Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа. Дээд шатны шүүх нь доод шатныхаа шүүхийн шийдвэрийг өмгөөлж мэдэгдэл гаргах нь хэр зэрэг зохимжтой юм бэ?
-Томилолтоор яваад ирлээ. Би олж уншаагүй явна. Өөрийнхөө бурууг хамгаалж байгаа нь буруу гэж бодож байна.
Шүүхийн хараат бус байдлыг хангах бодлого явсан. Энэ бол зөв. Гэхдээ ард түмнээс хараат бус байж таарахгүй.
Социализмын үед МАХН-ын Төв хороонд хуулийн хэлтэс гэж байлаа. Тэнд хуулийн байгууллагуудын ажлыг зангидаж хэнийг яллах вэ, хэнийг өршөөх вэ гэдгийг бүгдийг  шийдэж байсан юм.
-Шүүхийн танхимд гарах учиртай тогтоолыг урьдчилж тэнд гаргаж байсан хэрэг үү?
-Шүүхийн танхим түүнийг нь хэрэгжүүлдэг газар нь байсан юм. Ийм байдлаар 70-80 жил явчихсан хүмүүс та нар хараат бус боллоо. Хуульд захирагдаад шийдвэр гаргаад яв гэхээр чаддаггүй  юм байна л даа.
-Шүүх бусдын захиалгаар хүн яллаж байна гэсэн үг үү?
-Тийм нэг намынх нь сонгуульд ялалт байгуулсан хүнийг шоронд хийгээд, эрх баригч намын ялагдсан хүнийг УИХ-д шургуулах гэж оролдож байна. Шүүх нэгэнт улс төрийн үйл ажиллагаа явуулаад байгаа тул ард түмнээс хараат болгох ёстой. Япон улсын Үндсэн хуульд Дээд шүүхийн шүүгч нарын нэрсийг гаргасан саналын хуудас бэлтгээд тухайн үед болох сонгуультай давхцуулан хэн гэдэг шүүгчийг  хуулийн дагуу ажиллаагүй гэж үзэв гэдэг дүгнэлт гаргуулдаг юм байна. Дэмжихгүй  байгаа шүүгчийнх нь өмнө тэмдэглэгээ хийлгэдэг. Ард түмний энэ үнэлгээгээр муу ажилласан нь хасагдаад яв-даг юм байна.
-Бүх шатны шүүгчийг ингэж сонгох хэрэг үү?
-Дээд шатны шүүгчийг  ингэж сонголтод оруулна. Доод шатныхыг бол үгүй.
Дээд шатны шүүх нь доод шатны шүүхээ томилж цэвэрхэн байлгаж авч явдаг юм байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар Дээд шүүхийн шүүгчдэд үнэлгээ өгдөг хуулийг санаачилж хэрэгжүүлье гэж бодож байна. Шүүхийг хараат бус болгоно гэж бид мөрөөджээ. Гэтэл шүүх ганцхан хүнээс хараат болоод удаж байгаа юм байна. Тэр ганц хүний хувьд шүү-хийг сайн ажиллуулах талаар  одоогийн байдлаар хийсэн ажил алга. Хүн хэлмэгдүүлдэг шүүх, цагдаа, прокурор байдгаараа байж л байна.
-Ерөнхийлөгч шүүгчийг томилдог энэ зарчим тань Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг сонгон шалгаруулна. Гэтэл үнэмлэх дээр нь хэн гарын үсэг зурж, тамга дарах вэ гэдгээс үүдэн гарч ирсэн процедур  томилгоо болоод хувирчихжээ  гэж ойлгож болох уу?
-Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүгч нараа мэд гээд даргыг нь Дээд шүүхийн дарга болгоод явчихсан л даа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн гаргаж байгаа байдлыг авч үзвэл шүүгчийн хүүхэд, дүү, хамаатан садан  нь шүүгч болдог нэг жижигхэн хонхрын улс болгоод хувиргачихлаа. Ийм нөхцөлд шударга ёс тэнд байгаа талаар ярих нь илүүц. С.Эрдэнийг яллаж байгаа нь бидэнд хүнийг хэлмэгдүүлдэг хуулийн байгууллага хэвээрээ байгаа юм байна гэсэн сургамж авлаа. Иймд шүүхийг ард түмнээс хамааралтай болгохын тулд иргэдийн хүсэл зоригт уяж өгөх хэрэгтэй юм байна.
-Шүүгчийн хүүхэд шүүгч болдог одоогийн тогтолцоог Дээд шүүхийн шүүгчдэд  иргэд үнэлгээ өгдөг болгосноор өөрчилж чадах уу?
-Шүүхийн байгууллага шударга болно. Ганцхан Ерөнхийлөгчөөс хамааралтай шүүхийн тогтолцоо алга болно гэсэн үг.
-Шийдвэр гаргаж байгаа шүүгч өөрийнхөө хүссэн ялыг өгдөг. Гэхдээ хууль зөрчсөн процедурын алдаа гаргадаг гэсэн яриа хуульчдын дунд байдаг. Баянгол дүүргийн шүүхээс С.Эрдэнэд ногдуулсан шийдвэрийг өмгөөлөгч  хийгээд хуульчид тодорхой хуулийн заалт зөрчсөн, процедурын алдаа гаргасан гэж хэлж байна. Тэгэхээр С.Эрдэнэ нарын талаар шийдвэр гаргасан шүүгч тодруулбал Н.Баяртсайхан гэдэг хүний өмнө гавьяатан болохын тулд хүслээрээ яллаж алдаа гаргасан юм биш үү?
-Шүүх өөрөө алдаагаа засдаг байгууллага. Дараа дараагийн шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан алдааг засах нь уу, үгүй юу гэдгийг харъя. Шүүгчийг яагаад ард түмний сонголтоос  хамааралтай болгох ёстой юм бэ гэхээр, хэнд үйлчилж байгаагаа  тэд ойлгог. Тэгэхгүй бол шүүх хуучин албан тушаалтанд үйлчилдэг тэр инерцээрээ яваад байна шүү дээ. Дахин даргаараа томилогдохын тулд тодорхой албан тушаалтан, улс төрийн намд үйлчлээд байна. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Дээд шүүхийн шүүгч нарт үнэлэлт өгүүлэх ажлыг хийнэ гэж үзэхэд, эхний саналын хуудас нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид, хоёр дахь нь Дээд шүүхийн шүүгчдийн нэрстэй байна. Тэндээс  итгэл үзүүлэхгүй байгаа шүүгчдийнхээ нэрийн өмнө тэмдэглэгээ хийнэ. Тэндээс муу ажилласан шүүгчид нь хасагдаад сайн ажилласан нь үлдээд л явна. Ийм жишиг рүү орохгүй бол болохгүй болжээ.
-Та сая Япон улсад айлчлаад иржээ. Ямар ажлаар яваад ирсэн юм бэ?
-Япон улсын Сасакава энхтайвны сан гэдэг байгууллагын шугамаар УИХ-ын Монгол- Японы парламентын бүлгийн  гишүүн Д.Ганхуяг, Я.Батсуурь, Г.Занданшатар, Ж.Сүхбаатар бид тав  Токио хот, Гунмаа муж улсаар яваад ирлээ. Тус улс парламентын хоёр танхимтай. Хоёр танхимын Япон-Монголын бүлгийн гишүүдтэй хэд хэдэн удаагийн уулзалт зохион бай-гууллаа. Доод танхимын олонхийг бүрдүүлж Засгийн газар байгуулсан эрх баригч  Японы либераль ардчилсан нам, дээд танхимыг бүрдүүлж байгаа Ардчилсан намын гол гол хүмүүстэй уулзаж, УИХ болон Японы парламентын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
-Хоёр орны парламентын бүлгүүдийн харилцаа ямар түвшинд байдаг юм бэ?
-Ер нь манай болон Японы парламентын бүлгийн гишүүд шууд харилцдаг хамтын ажиллагаа нь өргөн хүрээтэй байдаг. Тухайлбал өнгөрсөн онд хоёр удаагийн уулзалт Улаанбаатарт зохион байгуулсан. Энэ удаагийнх нь Японд боллоо. Хоёр орны хамтын ажиллагаа салбар бүрт өргөн хүрээтэй явдаг. Гэхдээ нэг зүйл дутагдаад байгаа юм. Тэр нь эдийн засгийн хамтын ажиллагаа. Энэ салбарын хамтын ажиллагаа нэг талын болчихоод байгаа юм. Тухайлбал 1990 оноос хойш манай улс тус улсаас1.7 тэрбум орчим ам.долларын тусламж авсан. Дутагддаг гол зүйл нь Япон, Монголын компаниудын шууд хөрөнгө оруулалт байдаг. Нэг тал руугаа хэлбийсэн эдийн засгийн хамтын ажиллагааны Монголоос Япон руу эргэсэн сөрөг урсгалын хүрээг тэлэх хэрэгтэй. Ийм боломж бий юу гэвэл бий. Манайд байгалийн баялаг байна. Энэ баялгийг эцсийн бүтээгдэхүүн болговол  тэр улсын зах зээл дээр борлоно. Энэ улс сүүлийн 40-50 жилд дэлхийн зах зээл дээр “Тоёота” машин, “Сони” теле-виз зэрэг  бүтээгдэхүүн гаргаж амжилт олсон. Тэр бүхний эд ангийг үйлдвэрлэхэд Монголын түүхий эд хэрэгтэй байна. Хэрэв бид баяжмалаа зэс болгоод  “Тоёота” машины зэс кабель болгож чадвал баяжмал зарах гэж явахгүй. “Тоёота” машин зарагдах тоолонд  Монголын баялаг дэлхийн зах зээл дээр эцсийн бүтээгдэхүүн болоод зарагдаж байна гэсэн үг. Ийм л хамтын ажиллагаа илт дутагдаж байна. Үүнийг ажил хэрэг болгохын тулд парламент, Засгийн газар, хувийн компаниуд   шат бүртээ хамтран ажиллах хэрэгтэй. Энэ бүхний үндэс суурийг тавихад саяын айлчлал том үүрэг гүйцэтгэсэн гэж бид бодож байна. Тус улсад суугаа манай улсын ЭСЯ-ныхан ч хэлж байна. Одоо тавдугаар сард Япон-Монголын парламентын бүлгийн гишүүд айлчилна гэж байгаа. Энэ үеэр саяын уулзалтын үеэр ярилцсан асуудлаас юу нь болж бүтэж байгаа талаар шалгаад явчихна. Хувийн хэвшил Засгийн газрын хамтарсан Япон-Монголын комисс гэж байдаг. Тэдний уулзалт есдүгээр сард болно. Тэгэхэд бас л тухай бүрт нь ажлын явцыг шалгана гэж байгаа.
-Японы томоохон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний эд ангийг хийхэд Монголын зэсийг оруулах тухай ярилцсан гэж хэллээ. Гэтэл манайх зэсийн хувьд баяжмал гаргахаас  хэтэрдэггүй шүү дээ. Тэгэхээр тэдний үйлдвэрлэгчид манай то-моохон ордуудыг эзэмшинэ  гэсэн үг үү?
-Эрдэнэтийн  баяжмалыг худалдаж аваад өөрийн хэрэгцээнийхээ стандартын дагуу газар дээр нь зэс болгоод аваад гар аа л гэж байгаа юм.
-Ямар, ямар компанитай энэ талаар ярилцаж үзэв. Гаргасан саналууд дэмжигдэв үү?
-Үүнийг парламентын гишүүдийн түвшинд “Танайд том, сайн компаниуд байна, манайд түүхий эд нь  байгаагаа энэ хоё-рыг хамтран ажиллуулъя. Үүний төлөө төрийн бодлого өөрчилье гэж байгаа юм. Бид 30 жил баяжмалаа гаргалаа. Түүнээс гарч болох нэмүү өртөг Монголд үлдэхгүй байгаа юм. Нэмүү өртөг үлдээхийн тулд өндөр технологитой, зах зээл нь бэлэн болчихсон тэдний компаниудыг урьж байгаа нь энэ.
-Байгалийн баялаг, гайхамшигтай том ордууд байна гэж бид зөндөө ярилаа. Гэтэл гадны хөрөнгө оруулагчид тэр болгон орж ирдэггүй шүү дээ. Япончууд энэ талаар ямар ойлголттой байх юм бэ?
-Японы компаниуд Монгол руу орох цаг болжээ гэсэн ойлголттой болсон байна. “Хитачи” компанийнхантай уулзаж “Та нар Дайланд 500 сая ам.долларын ажил өгдөг юм байна. Түүнийхээ 10 хувийг манайд өгөөч ээ” гэхэд “Бид Монгол Улсыг хариуцсан ажилтан хоёрдугаар сарын 1-нээс авчихсан. Одоохондоо тэр хүн ажил багатай байх шиг  байна. Түүнийгээ ажиллуулна” гэсэн. Тэдний компаниуд  Монголын түүхий эд дээр орж ажиллах цаг нь болсон гэдэг ойлголт, уур амьсгал  тэнд бий болчихжээ.
-Аутсорсинг манайд хөгжиж эхэлж байна.   Японтой энэ талаар хамтран ажилладаг гэдэг шүү дээ. Энэ талаар айлчлалын хүрээнд яригдав уу?
-Одоо бол жижиг компаниудын ажлыг хэд хэдэн шатны дараа авч манай цөөхөн компани хийж гүйцэтгэж байна. Үүний хүрээг өргөтгөхийн тулд шууд том компаниудын  ажлыг авах  хэрэгтэй байгаа юм. Ингэхийн тулд өөрсдийгөө тэдэнд илүү дэлгэрэнгүй танилцуулахын тулд та нар манайд ажлаа өг өө. Том компанийн  ажлыг хийх  чадал бидэнд байна.  Монгол Улс тэр ажлыг хийх боловсон хүчнийг сургаж байна гэж хэлж ярьж явсан.
“Хитачи”, “Энэси” ( Нэт гэдэг) зэрэг компаниудтай яг энэ чиглэлээр ярилцсан л даа.  Тэд ажлынхаа 90 хувийг БНХАУ-д өгдөг юм байна. Гадагш нь өгч байгаа 90 хувийн ажлынхаа 10 хувийг ч болов Монголд  өгөөч ээ. Бид бол энэ ажлыг хийж чадна. Монголд ганцхан булчин шөрмөсөөрөө гайхуулсан Асашёорюү байдаггүй юм. Монголд бас толгой нь гайгүй Совт-верийн Асашёорюүнүүд зөндөө  байдаг. Бид ийм ажлыг хийж чадна гэдгийг тэдэнд хэлсэн л дээ.

Г.ЭРДЭНЭБАТ