Үндэсний шуудан 2009.1.27

УИХ-ын гишүүн З.ЭНХБОЛДТОЙ ярилцлаа.

-Нийслэлийн АН-ын хорооны дарга С.Эрдэнэд холбогдох шүүх хурал нэлээд улстөржилт дагуулах янзтай. Ер нь ч үйл явцаас харахад улс төрийн өнгө аяс шүүх хуралд нөлөөлөх шиг санагдсан. Энэ хуралд хоёр хоног суусан хүний хувьд та нэгийг хэлэх байх?


-Шүүх хурал хоёр өдөр үргэлжилсэн. Би эхний өдөр бүтэн, дараагийн өдөр үдээс хойш шүүх хуралд суусан. Шинэ Үндсэн хуулиас хойш хүнийг яллах гэж байгаа бол зөвхөн хуульд заасан үндэслэл л баримталдаг. Энэ зарчим алдагдсан. Эрүүгийн хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг маш чухал ойлголт байдаг. Хүн гэмт хэрэг хийсэн байна гэдэг дөрвөн зүйлийг хангасан байхыг хэлдэг. Аль нэг нь байхгүй  бол гэм буруугүй байна аа гээд шүүхээс суллах үүрэгтэй. Эсвэл аль нэг нь тогтоогдоогүй бол нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг. Хэн нэгэн хүний мэдүүлгээр ял өгдөггүй юм. Мэдүүлэг үнэн худал эсэх нь бусад холбогдох материалаар нотлогдох ёстой. Прокурор, өмгөөлөгч хоёрын мэтгэлцээний дундаас шүүгч хуульд нийцүүлж шийдвэр гаргах үүрэгтэй. Сая хурал завсарлаад шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр орох хүртэл би “прокурорын яллах дүгнэлт сул юм, нотлогдохгүй байна. Шүүх цагаатгачих юм байна” гэж бодоод яваад өгсөн. Шүүх хурлын явц, мэтгэлцээнээс харахад ийм бодол төрж байсан. Гэтэл шүүх яллачихлаа. Прокурорын талд хэтэрхий үйлчилж нотолгоогүй хэрэгт ял оноочихлоо. Хэрэг хийсэн бол яллаж бололгүй яахав. Гэтэл гэмгүй улсыг л  яллаад дууслаа шүү дээ.
-Эцсийн дүндээ энэ нь 25 дугаар тойргийн нэг мандат дээр Баяртсайханыг ялуулахын тулд хийж байгаа зүйл шиг харагдаад байна. Нийгэмд ч ийм ойлголт төрлөө.
-Баяртсайханыг ялуулахын тулд шүүх, прокурор, АТГ бүгд л МАХН-ын талд ажиллалаа. Улайм цайм хийлээ шүү дээ. Ялангуяа сонгуулиас хойш, долдугаар сарын 1-нээс хойш хуулийн байгууллагууд хараат бус ажиллаж чадахаа больсон. Би тухайн үед өгсөн ярилцлагадаа энэ тухай хэлж байсан. III хорооллын дэлгүүрийн цонх хагалсан хүнд зургаан жилийн ял өгдөггүй л байхгүй юу. Гэтэл МАХН-ын байрны цонхыг хагалсан учраас зургаан жил авчихлаа. Хараат бус байх ёстой хуулийн байгууллага МАХН-д үйлчилж байгаа нь харагдаж байгаа биз. Эрдэнийн шүүх хурал дээр энэ нь давтагдлаа. Харамсалтай л юм. Дараагийн шатны шүүхүүд энэ алдааг засах байх гэж найдаж байна даа. Үнэхээр бүдүүлэг алдаанууд шүүх гаргаж байна лээ.
-Тухайлбал ямар алдаа вэ?

-Сонгуулийн дүн зассан гээд байгаа хүмүүсийг хийгээгүй хэргийнх нь төлөө яллачихлаа шүү дээ. Сонгуулийн тухай хуульд цагдаа, прокурор, шүүх хэн нэгэн хүний, тэр тусмаа ялагдсан хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэ-дэггүй, бас ялсан хүнийг нь шоронд хийдэггүй юм. Эрдэнийг ялуулахад үйлчилсэн байна гэдэг урьдчилсан дүгнэлт гаргаад энэ дүгнэлтээрээ тэр хүмүүсийг яллалаа шүү дээ. Эрдэнийг ялуулахын төлөө сонгуулийн дүнг зассан байна гэдэг урьдчилсан дүгнэлт нь тогтоогдоогүй. Буруу зүйлийг зал-руулсныхаа төлөө тэр зургаан хүн ял авлаа. Цагдаа, прокурорын гаргасан алдааг харалгүйгээр шүүх шийдвэр гаргасан. Уг нь засах ёстой байгууллага шүү дээ. Үүнийг улс төр оржээ л гэж дүгнэж байгаа.
-Гэтэл Баяртсайхан хохирогч гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн шүү дээ?
-Өмгөөлөгч нь шүүх хурлын танхимд байна лээ. Баяртсайхан хохирогч гэдгээр зүйлчлэгдэж байгаа юм билээ.
-Үнэхээр хохирогч мөн үү?

-Хохирогч гэвэл Баянгол дүүрэгт өрсөлдсөн 40 хүн бүгд хохирогч болох ёстой, ганц Баяртсайхан ч биш.
-Тэгвэл яагаад ганцхан түүнийг онцлоод байгаа юм бэ?
-Харин тийм, хуулийн байгууллага яагаад Баяртсайханыг ялуулахын тулд хурал хийж, түүнийг УИХ-ын гишүүн болгохын тулд найман хүнийг шоронд хорив гэдэг асуулт зүй ёсоор гарч байгаа биз. Би андуураагүй бол улс даяар 500 орчим хүн сонгуульд өрсөлдсөн. 76 нь л ялалт байгуулна. Үлдэж байгаа нь сонгуулийн үр дүнд ямар нэг байдлаар гомдолтой байдаг. Багаар бодоход хориод хувь нь Баяртсайхан шиг гомдол гаргана. Гэтэл зөвхөн Баяртсайханыг ялган авч МАХН-ын заавраар хуулийн байгууллагууд ажилласанд харамсч байна. СЕХ-ны өмнөх удирдлагад Баяртсайханыг ялуулах хувийн сонирхол маш их байсан.
-Шүүх хурал эхнээсээ улстөржсөн өнгө аястай байсан гэж та хэлж байна. Нийслэлийн АН-ын дарга, намын том лидер нь ийм ял сонсчихоод байхад танай нам яагаад дуугарахгүй байгаа юм бэ?
-АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь бүлэг мэдэгдэл гаргаж байгаа. Байр сууриа мэдэгдэл дээр тодорхой илэрхийлнэ.
-Шүүхийн шийдвэрт улс төрийн утга агуулга байна уу, үгүй юү гэдэгт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан гэдэг нь үнэн үү?
-Шүүх хуулиа биелүүлээд явдаг улсад шийдвэрт нь оролцоод байх шаардлага байхгүй. Гэтэл долдугаар сарын 1-нээс хойш гаргасан шүүхийн шийдвэрүүд дэндүү улс төржлөө. Улс төрийн зорилгоор яллаж байгаа бүх тохиолдлыг авч үзэх ёстой. Шүүх системээрээ өөрийгөө цэвэршүүлээд явж чадахгүй байна. Дээд шүүх хүртэл яваад ч чулуу шидсэн хүүхдүүдийн ял хэвээрээ л байна. Уг нь шүүхэд боломж бий. Нэг шатны шүүх алдаа гаргавал дараагийнх нь залруулах боломжтой.
-Тэр боломжийг хүлээхгүйгээр шүүхийн шийдвэрт яагаад улс төрийн нам дүгнэлт өгөх гээд байгаа хэрэг вэ?
-Нэг удаагийн тохиолдол биш шүү дээ. Долдугаар сарын 1-нээс хойш 300-аад шүүх хурал боллоо. Үүнээс өмнө шүүхийн хэт улстөржсөн байдал нэг их харагддаггүй байлаа. Харин үүнээс хойш тэсвэрлэхийн аргагүй улстөржсөн шийдвэрүүд гаргаж байна. Би бүр хэрэг болгож бүтэн хоёр өдөр шүүх хурал дээр суусан. Хуульчийн нүдээр  харахад шүүх хурал яаж явагдаж байна,  мэтгэлцэж чадаж байна уу, хуульд нийцсэн шийдвэр гаргаж чадаж байна уу гэдгийг харах гэсэн юм.
-Саяын хурал дээр энэ бүхэн харагдсангүй юу?
-Лав л миний суусан шүүх хурал дээр харагдсангүй. Дээрээс заавар авч шийдвэр гаргаж байгаа шүүгчдээс салах цаг аль хэдийнэ болсон. МАХН 70-аад жил хуулийн байгууллагыг удирдан чиглүүлж ирсэн. Төв хорооны хуулийн хэлтэс гэж байлаа шүү дээ. Тэр зангаа МАХН одоо хүртэл тавихгүй байна. Хамгийн тод жишээ нь ялагдсан Баяртсайханаа ялсан болгохын тулд найман хүнийг шоронд хийчихлээ. Ямар их үнэтэй УИХ-ын гишүүний суудал гээч вэ. Харамсч байна.
-Шүүх бүрэлдэхүүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар сольсон гэдэг нь үнэн үү?
-Тэр талаар би сонсоогүй юм байна.
-Эрдэнэ дарга мэдүүлэг өгөхдөө намынхаа удирдлагуудыг буруутгасан үг хэлсэн гэсэн үү. Шүүх хурал дээр суусан хүний хувьд танаас асуусан юм шүү?
-Намайг байх үед тэгж яриагүй. Хоёр дахь өдрийн үдээс өмнө тэгж хэлсэн юм шиг байна лээ. Шүүхийн протоколоос харсан нь дээр байх. Би яг өөрийн чихээр сонсоогүй. Шүүх хурлын явцаас харахад прокурорын үзлэг гээчийнхээ үр дүнгээр Баяртсайханыг ялсан гэдэг юм УИХ-д оруулж ирэх юм байна л даа.
-Ер нь аль ч тохиолдолд Баяртсайхан УИХ-ын гишүүн болох нь тодорхой болчихсон юм биш үү?
-Үгүй, тойргийн хороо Эрдэнэд үнэмлэх өгсөн учир бараг гишүүн гэсэн үг. Хууль зөрчдөг Баттулга мэтээс болоод УИХ-д өргөн бариагүй болохоос биш. Ялсан нэр дэвшигчийг сонгогдсон гишүүн гэж үздэг юм. УИХ-д орж тангараг өргөснөөр хууль тогтоох эрхтэй гишүүн болдог. Жишээ хэлье л дээ. Обама байна. Сая тангаргаа өргөлөө. Арваннэгдүгээр сард сонгууль нь болсон Сонгуулийн үр дүнг баталгаажуулсны дараа түүнийг сонгогдсон Ерөнхийлөгч гээд нэрлэдэг. АНУ-ын Ерөнхийлөгч болоогүй байна гэсэн үг. Гэхдээ тангараг өргөх өдөр хүртэл тэр хүн ажлаа хийж л байдаг, онцгой эрх дарх эдэлж л байдаг. Тэр дундуур нь Обамаг чи сурагч байхдаа хар тамхи хэрэглэсэн байна гээд шоронд хийчихвэл яах вэ. Тангараг өргөөгүй учир Ерөнхийлөгч биш ээ гээд. Түүнтэй яг адил зүйл сая манайд боллоо шүү дээ.
-Манайд бол сонгогдсон гишүүнд УИХ-ын гишүүний халдашгүй эрх нь нээгдэхгүй биз дээ?
– Уг нь бүрэн эрх үйлчлэх ёстой. Тэр хүнийг Баянголынхон сонгосон, гишүүн болчихсон гэсэн үг. Тангараг л өргөөгүй болохоос УИХ-ын гишүүн.
-Тангаргаа өргөж амжаагүй л юм чинь сонгогдсон гишүүн ял авсан тохиолдолд дараагийн хүн нь шууд УИХ-д орно биз дээ?
-Орохгүй. Баяртсайханы орох эсэхийг Тойргийн хороо л шийднэ. Шүүх, прокурор шийддэггүй юм.
-Тойргийн хороо Баяртсайханыг оруулахгүй гэдэгт та итгэж байна гэж үү?
-Тойргийн хороонд АН-ын төлөөлөл байгаа л бол МАХН-д зориулж хууль зөрчдөг хуулийн байгууллагын хүсэлтийг хангахгүй байх.
-Тойргийн хорооноос Баяртсайханыг ялсан гэсэн тогтоол гаргавал яах вэ?
-Гаргахгүй, гаргасан ч УИХ хүлээж авахгүй. УИХ-д 27 суудалтайн хувьд АН хэзээ ч Баяртсайханыг гишүүн болгохгүй. Үндсэн хууль зөрчсөн  тийм зүйлд бид оролцохгүй. Баяртсайханыг Баянголынхон сонгоогүй, Эрдэнийг сонгосон. Тэгээд ч Баяртсайхан интернэт үнэгүй хэрэглүүлсэн учраас санал хураалтаас өмнө хасагдчихсан хүн.
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдтай холбоотой зүйл бас нэлээд яригдаж байна. Эхлээд Эрдэнийг буруугүй гэчихээд дараа нь эргэж буцсан гээд л…
-НХХЯ энэ хэрэгт оролцох ямар ч үндэслэлгүй, шаардлагагүй.
-УНДЕГ харьяа агентлаг нь шүү дээ. Яагаад оролцох шаардлагагүй гэж?
-Нийгмийн даатгалын сан гэдэг улсын төсөв ч биш, орон нутгийн төсөв ч биш. Ажил хийж байгаа хүн болгоны шимтгэлээр энэ санг бүрдүүлдэг. Бидний л хөрөнгө байхгүй юу. Засгийн газарт энэ хөрөнгийг захиран зар-цуулж, нэхэмжлэх эрх байхгүй. Анхнаасаа л нэхэмжлэх ёсгүй субьект нэхэмжлэгч болсон нь буруу. Хэрвээ нийгмийн даатгалын санд ямар нэг хохирол учирсан бол нэхэмжлэгч нь Засгийн газар биш, шимтгэл төлөгчид байх ёстой.
-Гэхдээ л Засгийн  газрыг төлөөлөөд НХХ-ийн дэд сайд бичиг явуулчихсан нь үнэн биз дээ?
-Бичиг явуулсан нь гол биш, энэ бичгийг нь шүүх хүлээн зөвшөөрч байгаад л учир байгаа юм. Ингэснээр шүүх өөрөө хууль зөрчсөн.
-Нямхүү сайд оролцох ёсгүй юманд л оролцсон гэсэн үг үү?
-Ерөөсөө л эдний яам хоёр жилийн өмнөөс л өөрт ямар ч хамаагүй зүйлд оролцсон байхгүй юу.
-Дэд сайдын суудлыг чинь авна гэж шантаажилж байгаад ийм бичиг Нямхүүгээр хийлгэсэн юм биш үү?
-Хэн ч байсан сайдын суудалтайгаа биш зарчимтайгаа үлдэх ёстой л доо. Зарчим гэдэг бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хэнийх вэ гэдгээс эхэлнэ. Засгийн газрынх биш л байхгүй юу. Нямхүүгийн эхний явуулсан бичиг нь зөв байсан юм. Гэтэл Ганди сайд ийм бичиг хийж өгсөн яамныхаа зарим хүнийг ажлаас халсан байгаа юм. Ганди улс төрийн зорилгоор асуудалд хандаж байгаа нь харагдаж байгаа биз.
-Эхний бичиг нь зөв байтал яагаад түүнийгээ Нямхүү сайд үгүйсгэв гэдэг нь сонирхол татаад байгаа юм.
-Би нэг их сонирхоогүй. Нийгмийн даатгалын хөрөнгө төрийн өмч биш гэдэг бичиг явуулах ёстой байсан Нямхүү түүнийг явуулаагүй гэдэг нь үнэн л дээ.
-Ер нь аль  ч хувилбараар харсан  Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед энэ маргаан АН-д ашиггүй байх, тийм үү?
-Харж л байя. АН-ын доторхи хуваагдал гэхээс илүү хуулийн байгууллагын шударга байдал алдагдсан нь сэтгэл эмзэглүүлж байна.
-Баяртсайханыг ялуулахын тулд энэ бүхнийг зохион байгуулсан гэж та хэлж байна. Харин Эрдэнэ дарга Засгийн газрын эсрэг байсанд минь, Онц их хурал хуралдуулахын төлөө явж байсанд минь хорс-сон хүмүүсийн нөлөөгөөр намайг яллалаа гэсэн байна лээ. Удирд-лагууд руугаа нэлээд хатуу үг шидэж байх шиг санагдсан.
-Нийгмийн даатгалын сан хохиролтой, хохиролгүй гээд янз бүрийн бичиг шидээд байна шүү дээ. Энэ явцад нь хоёр намын дарга оролцсон учраас ийм дүгнэлт хийгээд байх шиг байна лээ.
-Ер нь энэ шүүх хурал хамтарсан Засгийн газрын бат бөх байдалд сэв суулгачих шиг санагдах юм.
-Дахиад хэлье. Энэ улсад шударга ёс байхгүй бол ямар ч сайн Засгийн газар байгаад нэмэргүй.
-Давж заалдах шатны шүүхээс энэ ялыг хэвээр нь баталбал АН хамтарсан Засгийн газраас гарах тухай нэлээд хүн өнөөдрийн хурал дээр ярьсан юм уу?
-Эцсийн шийдвэрийг намын эрх бүхий байгууллага гаргана. Хамтарч байгаа гэж АН их гэгээнээр бодоод яваад байдаг, гэтэл нөгөө тал нь тэгж хандахгүй бол хамтрах хэрэг алга гэж ярьж байгаа хүмүүс байсан. Нуух юм алга аа.