Ардын эрх 2009.01.28
УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.
-Нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнийг шүүх хуралд та суусан. Хурлын процесс, шийдвэрийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Шинэ Үндсэн хуулиас хойш хүнийг яллах гэж байгаа бол зөвхөн хуульд заасан үндэслэлээр ялладаг. Эрүүгийн хэрэгт бол гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг маш чухал ойлголт байдаг. Хүн гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл дөрвөн зүйлийг цагдаа ч тэр, прокурор ч тэр шалгаж үзэх ёстой. Объект, субъект, объектив, субъектив хүчин зүйл гээд. Энэ дөрвөн зүйлийн нэг нь байхгүй байхад хүнийг гэм буруугүй байна гэж үзээд шүүх суллах үүрэгтэй.

Аль нэг нь тогтоогдоогүй байна гэх юм бол нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой. Бүрэлдэхүүнийг нотлох баримт байх ёстой. Хэн нэгэн хүний мэдүүлгээр хүнийг яллаад байж болохгүй. Тухайн хүний үнэн худал ярьж байгаа эсэхийг нотлох баримтаар нотлох ёстой. Энэ мэтээр яриад байвал олон зүйл бий. Шүүх хурлын явцад прокурор буюу яллах, өмгөөлөгч буюу хамгаалагч тал хоёр мэтгэлцэж байгаа шүү дээ. Шүүгч энэ дундаас хуульд нийцүүлэн шийдвэр гаргах үүрэгтэй. Шүүх хурал завсарлаад, шүүгч нар зөвлөгөөнд оролцох хүртэл яллах дүгнэлт нотлогдохгүй байна, хооронд нь нэгтгэж болохгүй хоёр хэргийг нэгтгэчихсэн учраас шүүх цагаатгачих байх гэж би бодож байсан. Гэтэл шүүх эсрэгээр нь яллаж байна. Үндсэн хуулиар бол мэтгэлзэж буй талуудын дундаас үнэнийг олох ёстой. Гэтэл нотолгоогүй хэргийг шийдлээ. Үнэхээр харамсаж байна. Хуульд заагдсан зүйлийг ягштал мөрдөлгүй гэмгүй хүмүүсийг яллаад л дууслаа. Энэ юуг хэлж байна вэ гэхээр Н.Баяртсайхан гэдэг хүнийг УИХ-д оруулахын тулд шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар хувьсгалт намын талд ажиллаж улайм, цайм хуулийг зөрчиж байна. Ялангуяа долдугаар сарын 1-нээс хойш хуулийн байгууллагууд бол хараат бус ажиллаж чадахаа байсан.
-Яагаад?
-III хороололд сахилгагүйтээд дэлгүүрийн цонх хагалсан хүүд зургаан жилийн ял өгдөггүй л байхгүй юу. Гэтэл хувьсгалт намын цонхыг хагалсны төлөө зургаан жилийн ял өгч байна гэдэг бол хувьсгалт намд үйлчилж байна гэдгийг л хэлж байна. Хараат бус байх ёстой хуулийн байгууллагууд хараат байна. Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурал дээр энэ байдал давтагдлаа. Үнэнийг олох ёстой хуульчид маань шалгалтандаа бүдэрлээ. Харамсалтай юм болж байна. Давж заалдах шатны шүүх энэ алдааг засах байх гэж бодож байна. Бүдүүлэг алдаа шүү дээ.
-Тухайлбал?
-Сонгуулийн дүн зассан гээд буй улсуудыг хийгээгүй хэргийнх нь төлөө яллаж байна. Хийсэн хэрэг нь юу вэ гэхээр зургадугаар сарын 30-нд сонгуулийн дүнг зассан үйлдэл нь тогтоогдсон байж магадгүй.
-Яагаад магадгүй гэж?
-Яагаад вэ гэхээр цагдаа, прокурор үзлэг хийхдээ сонгуулийн хуулийг илт зөрчиж үзлэг хийсэн. Хоёр сар дүүргийн байранд хамгаалалтгүй байсан саналын хуудаснаас юм олж гаргана гэдэг бол эргэлзээ төрүүлнэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ажиллагааг хийгээгүй. Өөрсдөө ч хүчингүй болгочихсон юм уу гэж ойлгогдохоор. Тийм үйлдлийг өөрсдөө яриад байна билээ. Сонгуулийн тухай хуульд цагдаа, прокурор, шүүх хэн нэг хүнийг ялснаар, тэр тусмаа ялагдсан хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад ялсан хүнийг нь шоронд хийчхээд “Та нар С.Эрдэнийг ялуулахын тулд үйлчилсэн байна” гэдэг урьдчилсан дүн гаргаад урьдчилсан дүнгээрээ хүнийг яллахыг хатуу хориглосон байдаг. Урьдчилан гарсан дүн нь нотлох баримтаар нотлогдож байвал шүүх түүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэтэл С.Эрдэнийг ялуулахын төлөө дүнг зассан байна гэдэг үндэслэл яагаад ч нотлогдохгүй байгаа. Зассан үйлдэл нь сонгууль болох шөнө болсон явдал. Эдгээр яллагдсан зургаан хүн бол долдугаар сарын 1-нд хэсгийн хорооны дүнгээ тойргийн хороонд аваачаад өгтөл дарга О.Даваасамбуу хянаж үзээд та нар энэ тоог нэмээгүй байна. Энийгээ зас гэхээр нь засаад өгчихсөндөө буруудаж байгаа юм. Харин ч засаагүй өгчихсөн бол эдгээр хүмүүс буруудах байсан. Алдааг зассаныхаа төлөө ял сонсож байна. Яагаад бүрэлдэхүүнийг яриад байна вэ гэхээр ямарваа нэгэн гэмт хэргийг хэн нэгэн хүн тодорхой цаг хугацаанд үйлдсэн байх ёстой. Гэтэл зассан тоо нь зургадугаар сарын 31-нд болсон нэгтгэсэн дүнг зассан нь долдугаар сарын 1-нд болсон. Хэсгийн хороог дахиж хуралдуулах шаардлагагүй. Тэр бол хийхээс аргагүй үйлдэл. Ингээд буруу зүйлийг залруулсныхаа төлөө долоон хүн ял авч байна. Манай прокурор, цагдаа ингэж ажилладаг. Шүүх нь тэдний алдааг засах ёстой байтал яллах сонирхолдоо автаж яллаж байгаа бол яахын аргагүй улстөр оролцож гэж дүгнэж байгаа.
-Н.Баяртсайхан болохоор хохирогч болоод байгаа шүү дээ?
-Хэрвээ хохирогч гэх юм бол энэ тойрогт нэр дэвшсэн 40 орчим хүн дөчүүлээ хохирогч болно. Гэтэл Н.Баяртсайханы гомдлыг онцгойлон авч үзэж түүнийг УИХ-ын гишүүн болгохын төлөө наймын найман хүнийг шоронд хийж байна вэ гэдэг асуудал гарч байна. УИХ-д нэр дэвшсэн миний санаж байгаагаар 500 гаруй хүнээс хангалттай гомдлыг цагдаа, шүүхэд өгсөн байдаг. Түүнээс зөвхөн Н.Баяртсайханы гомдлыг ялган авч, ойролцоо санал авсан юм чинь С.Эрдэнийг ямар нэгэн байдлаар шоронд хийчихье, тэгэхээр Н.Баяртсайхан орно гэсэн тооцоогоор хуулийн байгууллагууд МАХН-ын заавраар хийж байгаад их харамсаж байгаа.
-Н.Баяртсайхан гишүүний нэр дэвших эрхийг нь тойргийн хорооны хурлаар нэрсийн жагсаалтаас хасах шийд гаргасан. Гэтэл СЕХ-ны дарга байсан Б.Баттулга нэрсийн жагсаалтад эргүүлэн оруулсан. Өөрөөр хэлбэл тойргийн хорооны бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан. Энэ асуудлыг эргүүлэн ярьж болдоггүй юм уу?
-Тойргийн хороог татан буулгаагүй байвал энэ асуудлыг ярьж болно. Одоо тойргийн хороо татан буугдсан. Өөрөөр хэлбэл энэ дөрвөн хүнийг сонгогдсон гэж үзээд ажлаа зогсоосон. Тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгоод СЕХ оролцоод байна гэдэг бол Б.Баттулга Н.Баяртсайханыг гишүүн болгох ямар их сонирхолтой байсан бэ гэдэг нь шууд харагдаж байна. Нэг зүйлийг хэлэхэд нэгдүгээр сарын 5-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Шүүхийн шийдвэрээр Б.Баттулгын зургадугаар сарын 29-нд гаргасан шийдвэрийг хууль бус гэж тогтоосон. Огцрохоос нь өмнө л дөө. Зөвхөн нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн саналыг авах хуультай байтал Б.Баттулга үнэмлэхтэй л бол хүн болгоны саналыг ав гэсэн шийдвэр гарсан. МАХН-ын заавраар хууль зөрчсөн. Хууль зөрчсөнийг нь шүүх тогтоочихлоо. Б.Баттулга байдал хэцүү болж байгааг мэдээд өргөдлөө өгөөд явсан л даа. Б.Баттулга бол СЕХ-ны дарга байж болохгүй бөгөөд ялагдсан хүнийг УИХ-д оруулж ирэх туйлын хүсэлдээ автан 25 дугаар тойргийн асуудлыг өргөн барихгүйгээр өөрийгөө огцрон огцортол хийсэн булхай нь илэрч байна.
-Нийслэлийн дарга нь ял сонсчхоод байхад Ардчилсан нам яагаад чимээгүй байна вэ. Энэ талаар бүлэг болон гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр нэлээд ширүүхэн ярьсан дуулдсан. Юу гэж ярьсан юм бэ. Магадгүй энэ нь Ардчилсан нам дотроо хуваагдаад байгаагийн илрэл мөн үү?
-Мэдэгдлээр байр сууриа илэрхийлнэ. Хуваагдлын хувьд харж л байя. Үүнийг Ардчилсан намын хуваагдал уу гэхээсээ илүүтэй шүүх хууль ёсны шийдвэр гаргав уу гэдэгт л гол нь байна. Хуулийн байгууллага нь хуулиа биелүүлэхгүй бол биелүүлдэг хүмүүсийг нь тавья аа гэж. 70, 80 жил МАХН-ын Хуулийн хэлтсээс чиглэл авч, хүн ялладаг байсан практикаа зогсоохгүй байгаад л хамгийн гол асуудал нь байна шүү дээ.
-Шүүх улстөржсөн шийдвэр гарсан учраас Ардчилсан нам ажлын хэсэг байгуулсан гэсэн. Шүүхийн шийдвэрт нөлөөлж чадах уу?
-Шүүх хуулиа биелүүлдэг улсад бол шүүхийн шийдвэрт оролцоод байх шаардлагагүй. Гэтэл долдугаар сарын 1-нээс хойш гаргасан шүүхийн шийдвэр хэтэрхий улстөржсөн, нэг талыг барьсан, хууль зөрчсөн байгаа учраас бид улстөрийн зорилгоор яллаж байгаа бүх хэргийг авч үзэх л ёстой. Шүүх өөрийн системээр өөрийгөө цэвэршүүлж чадахгүй байна шүү дээ. Чулуу шидсэн хүүхдүүдийн хэрэг Дээд шүүх хүртэл яваад хэвээрээ л байгаад байна шүү дээ. Уг нь шүүхэд шүүгч алдаа гаргавал дараагийн шатны шүүх нь зас ч болох боломж байгаа юм.
-Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн оролцоотой намайг яллалаа гэсэн утгатай зүйлийг С.Эрдэнэ хэлсэн гээд байгаа. Ийм оролцоо байж болох уу. Зөрчилдөөнийг нь бодвол үндэслэлтэй ч юм шиг?
-Шүүхийн протоколоос нь олж үзэх хэрэгтэй. Чихээрээ сонсоогүй. Нэр холбогдож байгаа хүмүүсээс нь л асуусан нь дээр. Энэ хэргүүдэд шүүх Хувьсгалт намын талыг баримталж шийдвэр гаргаад байна. Тоо энэ тэрийг зассан хэрэг бол МАХН-ын н.Бэгз, О.Даваасамбуу гэх мэт нэр бүхий хүмүүс холбоотой нь л харагдаж байна лээ. Гэтэл хэрэгт огт холбогдолгүй хүмүүсийг шүүгээд байгаа нь болохоо байжээ. Ардчилсан нам хэсгийн хороодод ажилласан хүмүүсээ хамгаалах үүрэгтэй.
-Б.Баттулга УИХ-д өргөн мэдүүлэхгүй байсаар байгаад л ийм нөхцөл байдал үүсчихлээ. Энэ хүнтэй хариуцлага тооцохгүй юм уу?
-Б.Баттулгад эрүүгийн хариуцлага тооцох ёстой. Яагаад вэ гэвэл сонгууль будлиантуулсан. Түүнээс болоод долдугаар сарын 1-ний үймээн гарсан. Түүнийг буруутай гэдгийг нь шүүх нотолчихсон.
-Яаж хариуцлага тооцох вэ?
-Эхлээд шүүхээр хууль зөрчсөнийг нь нотлуулсан. Дараа дараагийн нотолгоог нь гаргаж ирэх ажлыг хийнэ.
-С.Эрдэнэ ял аваад явчихсан юм чинь Н.Баяртсайхан УИХ-д орохоос өөр аргагүй юм биш үү?
-Тойргийн хороонд Ардчилсан намын хүн байгаа л юм бол хувьсгалт намд зориулж хууль зөрчөөд байгаа байгууллагын шийдвэрээр хүссэн шийдвэрийг нь гаргаж өгөхгүй гэж үзэж байгаа.
-Өргөн барьчихвал?
-УИХ-д 26 суудалтайн хувьд Н.Баяртсайханыг Ардчилсан нам хэзээ ч гишүүн болгохгүй. Тийм Үндсэн хууль зөрчсөн зүйлд оролцохгүй.
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү эхлээд хохирол учруулаагүй гэсэн бичиг явуулсан. Харин дараа нь хохирол учирсан гэсэн гээд буруутгагдаад байх шиг?
-Нийгмийн хамгааллын яам оролцох үндэсгүй. Бичиг явуулж байгааг нь шүүх хүлээн зөвшөөрч байгаа нь дахиад хууль зөрчиж байгаа хэрэг.
-Яагаад. Нотлох баримт биш гэж  хэлэх гээд байна уу?
-Нийгмийн даатгалын сан гэдэг улсын болон орон нутгийн төсөв биш. Тэр сангийн хөрөнгөөр худалдан авах, бүрдүүлэх асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Тендерийн тухай хуулиар явах ёсгүй. Энэ сангийн хөрөнгө бол ажил хийж буй хүн болгоны шимтгэл төлсөн хөрөнгө. Тэрийг Засгийн газар мэдэж нэхэмжлэгч болдог хууль байхгүй. Нэхэмжлэх ёсгүй хүн нэхэмжилснээр бүх хэрэг буруудсан л даа. Энэ яам оролцох ёсгүй юмандаа л оролцсон.
-Дэд сайдынх нь суудлаар барьцаалж байгаад энэ бичгийг гаргаад өгчихсөн гээд байгаа шүү дээ. Энэ талаар ярьсан уу?
-Зарчимтайгаа л уялдах ёстой. Зарчим бол энэ хөрөнгө хэнийх вэ гэдгээс эхэлнэ. Нийгмийн хамгааллын ажилтнууд болон Д.Нямхүүгийн эхний бичиг зөв ш дээ.
-Энэ шүүх хурлын эцсийн шийдвэрээс шалтгаалан Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах эсэх тухай ярих уу. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээвэл?
-Тэрийг бүгдээрээ ярьж байж шийднэ. Би засах байх гэж найдаж байгаа.
-Явцыг анзаарч байхад МАХН-ын авлигын хэрэгт холбогдсон хүмүүс зүгээр үлдээд, танай намынхан ял аваад байна уу даа. Ингэж хэлбэл санал нийлэх үү?

-Наадах чинь шударга ёс байхгүйг л харуулж байгаа. Захиалагч нь хэн бэ гэдгийг л зааж өгөөд байна шүү дээ. Ху намынхан бол цагааддаг. Ардчилсан намын гишүүд тэдний ялыг л үүрч байна шүү дээ.
Л.Нарантөгс