Улаанбаатарын сонин  2009/1/12

Оны өмнө огцрох өргөдлөө өргөн барьсан Монгол банкны ерөнхийлөгч А.Батсүхийн суудлыг хэнд өгөх вэ гэдэг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлуудаас олны анхаарал татсан топ мэдээллийн жагсаалтад яах аргагүй бичигдэв. Монгол Улсын мөнгөний бодлогыг хэнд атгуулах нь жирийн иргэдэд ч сонирхолтой байхаас аргагүй юм. Ерөнхийлөгчийн томилгоо тойрсон яриа хөөрөө одоо ч тасраагүй.
УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэхэд Монгол банкны ерөнхийлөгч улс төржсөн томилгоогоор хашдаг алба биш, энд мэргэжлийн хүн ажиллах ёстой хэмээн хүчтэй эсэргүүцэн цөөнхийн нэг нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд. Түүнтэй ярилцлаа.

-Өнгөрөгч долоо хоногт УИХ Монголбанкны шинэ ерөнхийлөгчийг томиллоо. Та шинэ ерөнхийлөгчөөс юу хүлээж байгаа вэ. Таны хүссэнээр тэр ажиллаж чадах болов уу?
-Би бас амыг нь авсан л даа. Лав л мөнгөний бодлого дээр А.Батсүх шиг алдаа гаргахгүй байхаар юм билээ. А.Батсүхийн алдаа бол тэр шүү дээ. Инфляцитай тэмцэхийн тулд мөнгөний нийлүүлэлтийг байж болох хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулсан. Тэр нь алдаа болоод эдийн засгийг зогсоочихлоо л доо. Түүнийг нь Пүрэвдорж буруу гэж үзэж байгаа юм билээ. Тэр их чухал. Гэхдээ хязгааргүй нэмж болохгүй. Зохистой мөнгөний нийлүүлэлт гэдэг нэр томьёог би шинээр хэлээд байгаа юм. Нэмж болдог хэмжээнд нь хүртэл нэмчих. Мэдээж бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээгээр баталгаажаагүй мөнгө инфляцид хүргэнэ. Тэгэхээр өсөн нэмэгдэж байгаа эдийн засагтаа таарсан хэмжээний мөнгөний нийлүүлэлтийг хийхээс өөр аргагүй гэдэг нь сүүлийн хоёр жилд харагдаж байна.
-А.Батсүхийн алдаа юундаа байсан гэж?
-Инфляци өсөөд “байна, инфляцитай тэмцэх арга бол мөнгөний нийлүүлэлтийг багасгах гэдэг аль 1940-1950 оны Кенсийн онолыг механикаар хэрэгжүүлсэн нь алдаа болсон.
-Түүнийг алдаж байна гэдгийг УИХ хэлж өгдөггүй хэрэг үү?
-УИХ хэлж өгдөггүй биш, хэлж өгдөг байсан. Тэр өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад сүүлдээ өөрөө дийлэхээ больсон. Эцэст нь чадахгүйгээ мэдээд больё гэж байна. УИХ, Монгол банкны гол зөрөлдөөн мөнгөний нийлүүлэлт дээр байсан юм. Монголын эдийн засаг хаа байсан тэр 40-50 оны, мөнгө бага байх тусмаа инфляци бага болдог гэдэг онолоор явахгүй. Яагаад гэвэл Монголын эдийн засаг дэндүү хурдан томрох шаардлагатай байгаа. О.Чулуунбат ерөнхийлөгчийн үед Монгол банк мөнгөний нийлүүлэлтийг сайн хийж ирсэн. Бүх бодлогын арга хэрэгслүүд үүнд чиглэж байсан. Тэгэхэд инфляцийг дандаа нэг оронтой тоонд барьж чадаж байсан юм.
-Нийлүүлэлт нь зохистой байснаас тэр үү?
-Жилдээ 40-50 хувиар нэмээд байхад инфляци болдоггүй л байж. Тэгэхээр оношоо буруу тавиад буруу эмчилгээ хийх гэж оролдоод өвчтөнөө хүнд байдал оруулж байгаа юм.
-Саяын томилгооноос Монгол банк гэдэг мэргэжлийн байгууллагыг улс төржүүлж байна гэж дүгнэж болохоор. Уг нь энэ байгууллагыг улстөржилтөөс ангид байлгах ёстой байх.
-УИХ дотор тэгж бодож байгаа хүн хоёрхон байгаа. Харамсалтай нь Элбэгдорж гишүүн бид хоёроос өөр хүн алга даа. Энэ их харамсалтай. 1990 оноос хойш Монгол банк гэдэг байгууллагыг хараат бус байх хуультай. Бид ч хараат бус байлгах талаар үргэлж анхаарч, дандаа мэргэжлийн хүнийг удирдлагад нь тавьдаг байсан.
Монгол банкны ерөнхийлөгчийн албан тушаал их онцлогтой. Тэнд ямар нэгэн хороо, зөвлөл байдаггүй. Улсын нөөцийн ямар хэсгийг ямар валютаар хадгалах вэ гэдэг шийдвэрийг хурал хийж зөвлөлдөөд гаргах аргагүй, тэр дор нь шийдэх үүрэгтэй. Тиймээс тэр шийдвэрийг хурдан бас зөв гаргахын тулд заавал банкны мэргэжилтэн байх ёстой юм. Ямар нэг агентлаг, яамыг улс төрийн томилгоогоор мэргэжлийн бус хүн удирдаж болдог. Тэдэнд зөвлөхүүд, бүхэл бүтэн аппарат байна.
-Өөрөөр хэлбэл, өмнөөс нь толгойгоо ажиллуулаад шийдвэр гаргахад нь тусалдаг багтай гэж үү?
-Тийм. Гэтэл Монгол банкны ерөнхийлөгчид шийдвэр хурдан гаргадаг эрх нь зөвхөн өөрт нь байх ёстой. Тийм ч учраас байнга мэргэжлийн хүн тавьж ирсэн. Энэ удаад би нэр дэвшүүлж байгаа УИХ-ын дарга Дэмбэрэлээс олон жил явсан бодлогын залгамж хаана байна, гэнэт ингээд өөрчилж байгаа юм уу гэж асуусан.
Мэргэжлийн хүн томилоогүйд би харамсаж байгаа. Тэгээд одоо яах вэ, харъя, яаж ажиллахыг нь.
-Эл албан тушаалд Дорлигжавыг яг тохирох хүн гэж та яагаад хзлсэн юм бэ. Тэр ч бас мэргэжлийн хүн биш биз дээ?
-Тэр яахав дээ шийдвэрээ эргэж нэг хараач гэж тэгж хэлсэн юм. Өнөөдөр бид хямралын байдалтай байгаа. Хямралын үед байгууллага удирддаг цөөхөн хүний нэг нь Дорлигжав. Дарханд холер гэж айхавтар өвчин гарч байхад, зэсийн үнэ 1300 доллар байхад “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж, дампууруулалгүй авч явсан. Ийм авьяастай хүн цөөн. Нэгэнт мэргэжлийн бус хүн тавих юм бол яагаад Дорлигжавыг томилж болдоггүй юм бэ. Бид өнөөдөр онцгой байдалд орчихоод байна. Тэр онол монол чинь бүгдээрээ ажиллахаа больчихоод байна. Кризис менежментээр сайн хүнийг тавьж болдоггүй юм уу л гэж хэлсэн. Түүнээс биш нам намаараа гэвэл мэдээж тавихгүй л дээ. Улс орноо бодоод, үнэхээр хямралын үед ажиллах хамгийн сайн кандидат олж тавъя гэвэл Дорлигжав таарна.
-Ардчилсан намынхан өндөр хувьтайгаар Пүрэвдоржийг дэмжсэн нь “Алтан гадас”, Ерөнхий сайд хоёрын дунд тохиролцоо байсантай холбоотой. Тэргүүн дэдийг АН-д тэр дундаа “Алтан гадас”-ынхан авна гэсэн учраас үг дуугүй гараа өргөсөн гэсэн мессеж байсан.
-Тийм таамаг томилгоо явахаас өмнө сонингоор дүүрэн байсан, би уншсан. Түүнийгээ ч хэлсэн. Тохиролцчихоод мэргэжлийн хүн тавьж байгаа чинь буруу гэж байна.
-Гэхдээ тохиролцож болно гэж үү?
-Мэргэжлийн хүн байх ёстой газар мэргэжлийн бус хүн тавихаар тохиролцож болохгүй. Эхлээд зарчим байна шүү дээ. Монголбанк угаасаа улс төрийн хүн тавьдаг газар биш. Банк бол улстөржиж болохгүй. Гэхдээ нэгэнт ийм хүн томилох гэж байгаа бол бие биедээ хяналт тавих үүднээс, хоёр өөр намын хүн тэнцвэржүүлж томилох нь зөв байж магадгүй. Ялангуяа одоогийнх шиг хямралын үед. Гэхдээ намын томилгоо бол энэ яавч биш.
-А.Батсүх үндсэндээ улс төрийн шахалт дарамтаас болж огцорлоо гэсэн шүү дээ. Магадгүй дараагийн хүн нь ажлаа хийж чадахгүй ч юм уу, дээр таны ярьдаг шиг алдаа гаргачихаад тэрийгээ ойлгохгүй, байдлыг хүндрүүлж гарах гарцгүй болсон хойноо улс төрийн дарамт шахалтаас боллоо гээд өргөдөл бариад ирдэг жишиг тогтчих юм биш биз дээ.
-Пүрэвдоржоос “Наад хажууд чинь суугаа хүн ийм ийм алдаа хийгээд огцорч байна. Өөрөө хэдэн сарын дараа бас ийм алдаа хийгээд хүрээд ирэх юм биш биз гэж би асуусан л даа. Тэгэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ тийм зүйл битгий болоосой гэж бодож байна. Энэ улс орны ажил сайн явбал сайн шүү дээ. Муу явахыг хүсдэг хүн нэг ч үгүй.” Гэтэл живж байгаа онгоцноосоо ахмад нь өөрөө түрүүлээд зугтчихлаа л даа. Уг нь онгоцоо хямрал дуустал нь явуулж ард нь гарсан бол Батсүхэд олон жил ерөнхийлөгч байх бололцоо байсан. Харин тэр айсан, зугтсан. 2006 оны арваннэгдүгээр сард Батсүхийг ерөнхийлөгч болохоос өмнөх зургаан жилд инфляци нэг оронтой тоонд байсан. Доллар 1200-гаас үргэлж доошоо байсан. Мэдээж олон юм болсон байх. Нефть, улаан буудай, зэсийн үнэ өссөн. Бүгд гадны нөлөөнөөс болсон, Батсүх өөгүй сайхан байсан гэж хэлэхгүй. Яагаад заавал инфляцитай тэмцэхийг Монгол банкинд даалгадаг, түүн дотроо ерөнхийлөгч нь персональный хариуцлага хүлээдэг юм бэ гэхээр хууль нь тийм юм. Инфляцийг бага байлгах үүрэг Засгийн газарт, Сангийн сайдад, Ерөнхий сайдад байхгүй. Инфляцитай тэмцдэг арга хэрэгслүүд бүгд Монгол банкны ерөнхийлөгчийн гарт байна. Тэр нь дутаад байвал хуулиар нэмж өгч болно. Гэтэл тэр тодорхой хэлэхгүй байна шүү дээ. Хэн гэдэг ямар олигарх өөрийг нь шахсаныг. Уг нь тэр тодорхой хэлэх хэрэгтэй, ямар шалтгаанаас гэдгээ. Би бол цэвэр ажил хэргийн шалтгаан ярьж байгаа. “Батсүхээ чамайг томилогдож байхад ямар байлаа. Тоонуудаа хар. Одоо ямар болчихоод байна хариуцлагаа хүлээлгэсэн. Жил болгон мөнгөний бодлогыг УИХ баталж өгдөг. Түүнийг хэрэгжүүлээд явах ёстой.
Хэрэгжүүлж чадахааргүй бол буцаж ирээд ийм ийм шалтгаанаас би хэрэгжүүлж чадахгүй байна. Эрх мэдэл нэмж өгөөч ээ, эсвэл энэ энэ хэсэг нь надаас биш буудайны үнээс хамаараад байна. Үүнийг би хариуцахгүй шүү гэх зэргээр эрх зүйн орчноо сайжруулах үүрэг нь бас байгаа юм. Тэрийгээ хийхгүй байна. Ер нь их дуугүй хүн юм. Их хурал дээр ирээд бидэнтэй мэтгэлцээд өөрийнхөө үзэл бодлыг хамгаалаад, түүнийхээ төлөө хатуу байх юм бол байдал өөр шүү дээ. Лав л бүтэлтэй юм болсонгүй энэ хүний хоёр жилийн удирдлага.
-Цаашдаа банк санхүүгийн системийн хямрал гүнзгийрээд, байдал улам хэцүү болох юм бол МАХН-ыг улс төржсөн томилгоо хийж, бие биедээ өр төлөх маягаар албан тушаалын бялуу болгоход дуугүй харж суугаад гар өргөлцсөн АН бас хариуцлага үүрэлцэх ёстой гэдэгтэй та санал нийлэх үү?
-Үүрэлцэх байх. Яагаад гэвэл АН бүлгийнхээ хурлаар мэргэжлийн биш хүнийг дэмжих шийдвэр гаргасан. Хүндрэлтэй үед бид та нарын ажил гээд хаяад явчихаж болохгүй байгаа юм. Бидэнтэй хамтарч үүрэлцье гэж байгаа бол бидний ярьж байгаа аргументуудыг сонсмоор, Хувьсгалт нам. Энэ удаа бол “Бид Пүрэвдоржийг сонгосон, та нар дэмж” л гэж ирсэн шүү дээ. Манаад Пүрэвдорж, Моломжамц өөр хэн байдаг юм бэ тийм тийм хүмүүс байна. Танайд хэн байна, боловсон хүчний нөөцөө хамтран ярилцъя гэх маягийн хамтын ажиллагаа явсан бол байдал арай өөр байсан л даа. Тэгэхгүй байна. Бид шийдсэн та нар дага гэдэг үүрэг л ирж байна шүү дээ.
-Тэгэхээр нөгөө л нэг бид нарын дээр үеэс шүүмжлээд байсан Хувьсгалт намынхан даргаа юу гэж хэлнэ таг дуугүй гараа өргөн дэмждэг гэсэн систем Их хуралд ч бас гарч ирчихээд байгаа юм биш биз дээ?
-УИХ-д МАХН, АН нэр дэвшүүлдэг болохоос, гишүүн болсон хойноо өөрийнхөө сонгогчдын өмнөөс шийдвэр гаргах үүрэгтэй юм. Мэдээж сонгогчид Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд мэргэжлийн бус хүн томилоосой гэж биш тэр ажлыг хийж чадах мэргэжлийн хүн сонгоосой гэж хүсч байж таарна. Гэтэл намынхаа гаргасан тэр шийдвэрийг үл хайхраад өөрийнхөө сэтгэл зүрхэнд байгаа шиг сонголт хийх зоригтой хүн байхгүй байна л даа. Тэгж явбал улсын ажил сайн явах юм. Нам хэтэрхий их зүйлд оролцоод байгаа учраас болохгүй байна.
-Малчид зээлээсээ болоод амиа хорлосон таагүй мэдээ дуулдаж эхэллээ. Ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж, доллар, юанийн ханш улам өсөөд байна. Гэтэл Засгийн газар төсвийн цоорхойг нөхөх тухай ярихаас хэтрэхгүй юм. Ийм нөхцөлд иргэд юунд итгэж найдах болж байна аа?
-Ажилгүйдэл дэлхий даяар өсч байгаа. Энэ бол эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой. Дэлхийн эдийн засаг нэг оронд хямрахад тэр орныхоо хүрээнд зогсдог байсан 1990 оны өмнөх шиг байхаа больж дээ. Даяаршил маш хүчтэй явж байна. Америкийн моргейжийн систем доголдоход л дэлхий даяар донсолчихлоо шүү дээ. Хэдэн сая хүн ажилгүй болж байна.
Манайд мөн ялгаагүй, бараа бүтээгдэхүүнийг нь хүн авахгүй болохоор үйлдвэр хүссэн хүсээгүй цомхотгол хийж эхэлж байна. Цомхотголд орсон хүн буцаад дэлгүүрээс юм худалдаж авахгүй, юм авахгүй болохоор үйлдвэр хаалгаа барина гэх мэт гинжин урвал яваад эхэлчихлээ. Төсвийн орлого буурч байна. Зургаан сарын дараа цалингаа тавьж чадахгүй боллоо гэхэд гайхахгүй. Гэтэл маш их баялаг байгаад байдаг. Энэ баялаг эргэлтэд орж өгдөггүй. Ухаж гаргаагүй болохоор болохгүй байна. Уг нь ухаж гаргаагүй ч эргэлтэд оруулдаг санхүүгийн механизм байгаа юм.
Бид экспортоо, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж гаднаас авдаг юмаа дотооддоо үйлдвэрлэж, бодит сектор хурдан босгохгүй бол ажилгүйдлээс сэргийлэх арга байхгүй. Цорын ганц жор нь үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, эдийн засгаа өсгөх. Эдийн засаг өсч байж бүгд ажилтай болно шүү дээ. Ноолуурын үнэ ойрын хэдэн жилдээ босохгүй юм шиг байна. Дэлхий даяар ноолууран цамц худалдан авахгүй, хамгийн түрүүнд шаардлагатай хүнс, бензин щатахуунаа авч эхлэх нь байна. Байдал бол тийм эерэг харагдахгүй л байгаа. Гэхдээ энэ хямралыг яаж хохирол багатай давах вэ гэсэн бодлогыг УИХ, Засгийн газар гаргаж, бүгдээрээ хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар асуудлыг шийдээд өгнө хэмээн хүлээж болохгүй, өөрөө оролцогч байхгүй бол асуудал шийдэгдэхгүй. Гадаадаас авдаг өчнөөн олон хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэх боломж байж л байна. Газар тариалан гээд хөгжүүлчихмээр юм зөндөэ. Гадагшаа түүхийгээр нь гаргадаг уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ эцсийн бүтээгдэхүүн болгох ёстой. Шивээ овоо дээр ирж байгаа цахилгаан эрчим хүчний экспортын төслүүдээ хийх юм бол дахиад л орлогын эх үүсвэр шүү дээ. Тавантолгойгоо аль нэг улсад өгнө хэмээн туйлшруулалгүйгээр хамгийн ашигтай зам юу байна, барилга, дэд бүтцийн ажлыг яаралтай эхлүүлж хоёр гурван жилийн дараагаас экспортлох хэрэгтэй юм. Оюутолгой бол удах байх. Баялгаа эргэлтэд оруулж, эдийн засаг томорч, экспорт нэмэгдэхэд хүмүүс ажилтай, орлоготой болдог.
Импортыг орлуулдаг үйлдвэрүүдийг бас хөгжүүлэх хэрэгтэй. Хийж чадмаар юм аа гаднаас аваад л байна шүү дээ. Валютын ханш ингэтлээ унах бодит шалтгаан байхгүй. Хамгийн энгийнээр хэлэх юм бол зэс зарсан мөнгөөрөө бензин авдаг айл шүү дээ. Зэс, бензиний үнэ хоёулаа өндөр байхад 900 орчим сая доллароор зэсээ зараад 900 орчим сая доллароор бензин авдаг байсан улс. Тэр үед байсан ханш 1200.
Одоо зэсийн үнэ хоёр дахин буусан гэхээр 900 биш 450 сая орчим долларын валют манай эдийн засагт орж ирнэ. Бензиний үнэ нэг баррель нь 150 доллар байснаа 45 руу явчихлаа. Дахиад л хоёр дахин буусан гэж тооцож болно. Бас л 450 орчим сая доллароор хэрэщээтэй бензинээ авдаг болох гэж байна шүү дээ. Тэгэхээр ханшид том хөдөлгөөн орох эдийн засгийн үндэслэл байхгүй. Яагаад гэнэт өсөөд байна.
“Найман шарга”-аас болж байна гэвэл би итгэхгүй. Тэр бол дэндүү жижигхэн зах зээл. Ямар улс спекуляци хийгээд байгааг олох хэрэгтэй. Хэн хийв гэдэг нь гол биш харин түүний эсрэг Монгол банк ямар арга хэмжээ авч байгаа нь чухал. Хэзээ ямар интервенц хийх вэ гэдэг бодлогоо зөв тодорхойлж, тэр дор нь реакци үзүүлдэг зах зээл юм л даа. Бодоод суучихаар болохгүй байгаа юм. Батсүх их удаан боддог хүн байна. Тэр хооронд ханш нь үсрээд яваад өгдөг.
-Тэр хооронд тоглох гэсэн хүмүүс нь хэдийнэ тоглочихдог.
-Тэгэлгүй яах вэ, боломжийг нь өгчихөөд байгаа юм чинь. Валютын ханш өсч байна гэдэг гаднаас авдгаа дотооддоо үйлдвэрлэ гэсэн дохио шүү дээ.
-Зарим яам хоёр дэд сайдтай болоод гэх мэтээр төсвийн байгууллагын зардал хэмнэнэ гэсэн чинь толгой нь улам данхайгаад байх юм. Дарга нарын тоог олшруулж, жирийн албан хаагчдыг ажилгүй болгох нь зөв хэмнэлт мөн үү?
-Ганц хоёр сайдын тооноос хэмнэлт гарахгүй. Хэдэн мянган давхардалтай төрийн албан хаагчдаас хэмнэлт гарна. Бид цомхотгол гэхээр хамгийн дээд талын түвшинг нь олж хараад байна. Дунд, доод шатанд маш олон илүүдэлтэй орон тоо байгаа. Тэрийгээ цомхотгохоос эхлэх ёстой. Нийт дүнгээрээ урьд нь сайд, дэд сайд гэж нэрлэгддэг байсан хүний тоо буурсан шүү дээ. Агентлагийн тоо ч цөөрсөн. Яам, агентлагаас гэхэд 500 хүн цомхотголд орж байна шүү дээ. Орон нутгийн түвшинд цомхотгочихмоор орон тоо олон байгаа.
Тэгэхээр механик аргаар хүн цомхотгож тэмцэхээсээ илүү юуг төр хариуцах, юуг нь хариуцахгүй вэ гэдгээс, төрийнхөө үүрэг хариуцлагаас эхлэх хэрэгтэй л дээ. Tөp хариуцах ямар ч шаардлагагүй зүйлийг уламжлал маягаараа хийж ирсэн шүү дээ.
Ганц жишээ хэлье. Цагдаа, Батлан хамгаалах, Хилийн цэрэг, Тагнуул бүгд өөр өөрийн сургууль, дуу бүжгийн чуулгатай байх хэрэг байна уу гэх мэтээр л бодож эхлэх ёстой юу. Заавал төрийн албан хаагч гэж хэдэн зуун мянган хүн цалинжуулж тогтмол зардлыг нь төлж байх шаардлага байна уу. Хувийн хэвшил хийж чадах ажлыг хувийн хэвшилд өгчих юм бол зөвхөн хийлгэсэн ажлынхаа хөлсийг л төлнө. Байшин барилга, сандал ширээ, хүүхдийн сургалтын төлбөр гэх зэргээр төрийн нэг албан хаагчийг ажиллуулахад гардаг зардлыг гаргаж байхын оронд хувьсах зардлаар ажиллаж болдоггүй юм уу.
Ажил гарвал хийлгэчихээд байдаг. Ажилгүй үед нь тэр зардлаа хэмнэчихдэг гэх мэтээр төсвийн зарлагын реформ хийх боломж их байна. Мөнгө ихтэй байсан болохоор тэрийг хийх хөшүүрэг алга байж л дээ. Одоо харин мөнгөгүй болсон болохоор хийхээс өөр аргагүй, шахалтад орж байна.

Л.Сарангэрэл