УИХ-ын гишүүн З.Энхболдтой уулзаж ярилцлаа.

 

-Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг 2011 оны арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр Ерөнхийлөгч зарлиг гаргажээ. Энэ ойн үеэр тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сайн ноён хан Намнансүрэнгийн 130 жилийн ой тохиох юм байна. Ийм шийдвэр гарахад Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг идэвхтэй оролцсон гэж сонслоо.

 

-Шинэ Монгол Улсын түүх 1911 оноос эхэлсэн юм. Тодруулбал өнөөдөр тэмдэглэж байгаа энэ өдрөөс эхтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Тэргүүн шадар сайд УИХ, засгийн газрын гишүүд болон төрийн албан хаагч нар Тамганы хөшөөнд цэцэг өргөлөө. Ерөнхий сайд Намнансүрэнгийн гарал үүсэл бүхий л зүйл тухайн үед Сайн ноён хан аймгийн төв байсан Өвөрхангай аймгийн Уянга суманд хадгалагдан үлдсэн байдаг. Сайн ноёнхан хэмээх Төрийн бус байгууллага бий. Сангийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд идэвхтэй оролцдог.

 

Шинэ Монгол Улсын түүхийг 1911 оноос эхтэй гэдэг дээр бид улам бүр итгэл үнэмшилтэй болж байна. Монгол Улсын анхны Ерөнхий сайд нь Сайн ноён хан Намнансүрэн байдаг. Төрийн ордны хоёр давхарт Ерөнхий сайдуудын хөргийг байрлуулахдаа Намнансүрэн сайдаар эхэлдэг. Тэгэхээр1921 онд оросууд ирж манайд хувьсгал хийж өгөөгүй. Түүнээс арван жилийн өмнө Үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж Манж Чин улсын дарангуйллаас гарч төр улсаа байгуулж, тусгаар тогтнолоо дэлхий нийтэд зарлаад явж байсан юм.

Тэр бүхнийг өнөөдөр Ерөнхийлөгч дэмжиж зарлиг гаргаж байгаа нь том үйл явдал. Хоёр жилийн дараа 100 жилийнх нь ойг тэмдэглэнэ. Түүний бэлтгэл ажлыг хангах зарлиг гарлаа.

 

-Болж өнгөрсөн 1911, 1921 оны түүхэн үйл явдлыг бид салгаж ойлгож авч ирсэн л дээ. Одоо хэрхэн яаж уялдуулж авч явах юм бэ?

 

-1911 онд Ерөнхий сайдаа томилж Засгийн газар. таван яамаа байгуулаад улс шиг улс болоод явж байсан л даа. Харин 1919 оноос цаг төрийн нөхцөл байдал муудаж өөр улсын эрхшээлд түр орсон ээрэг юм бий. Тэр цаг үе өөрөө маш ээдрээтэй л дээ. Хоёр том орны 1915 оны хэлэлцээр гээд их сонин зүйлүүд бий. Тэр бүхнийг Баабар номондоо маш тодорхой бичсэн байдаг. Шинэ Монгол Улсын түүхийг 1911 оноос эхэлж тоолох нь туйлын зөв.

 

-Та өмнө нь он дууслаа. Сонгуулийг дуусгаач ээ гэж хэлж байсан. Гэтэл болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог шийдэгдсэнгүй. Төрийн байгууллагуудаас ч ямар нэг алхам хийсэнгүй. Сүүлдээ бүр иргэдээс мандатаа авсан хүмүүс СЕХ-ны дарга Б.Батгулгатай уулзаж бидний бүрэн эрхийг баталгаажуулж өгөөч гэж гуйх хэмжээнд хүрлээ?

 

-Миний хэлээд байсан болгоомжлол энэ л дээ. Ард түмний саналыг авчихсан хүнийг парламентад орох эсэхийг нь УИХ-аас байгуулагддаг СЕХ-ны дарга албан тушаалтан мэддэг болчихсон явдал. Хуульд уг нь ийм юм байхгүй. СЕХ ард түмний өгсөн саналыг нэгтгэж дүнг дээш нь хүргүүлдэг байгууллага шүү дээ. 25 дугаар тойргоос сонгогдсон Д.Энхбат, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нар надад таалагдахгүй байгаа тул би оруулахгүй. Харин би өөрийнхөө найз Н.Баяртсайханыг оруулна гэж зүтгэдэг даргыг анх удаа үзлээ. Гэвч энэ хүн сонгуулийг он дуусахаас өмнө дуусгаж чадсангүй.

 

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх оны нэгдүгээр сард ажил эхлэхэд энэ байгууллагыг татан буулгаж шинээр байгуулахгүй бол болохгүй юм байна. Ард түмнээс мандатаа авсан хүн “Намайг оруулж өгөөч гэж хэлдэг. Чиний орох эсэхийг бид мэднэ” гэж хэлдэг ийм уруугаа харсан гажиг тогтолцоо байсан цагт Монгол Улсыг ардчилсан орон гэж үзэхэд хэцүү. Ардчилсан улсын хамгийн гол шалгуур нь ардчилсан сонгууль явуулдаг байх. Ардчилсан сонгуулиар Баянгол дүүргийн 120-130 мянган хүн дөрвөн хүн сонголоо. Гэтэл тэд нь УИХ-д орж чадалгүй хагас жил боллоо. Хууль бол үүнээс их өөр. Сонгуулийг шүүх шийддэггүй. Ийм хуулийг би өрөө санаачилж батлуулсан юм. Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Тарагт Гучин-Ус сум багтдаг УИХ-ын 24 дүгээр тойрог байсан. Тэндээс би 2004 онд сонгогдсон юм. Гэтэл надтай өрсөлдсөн хүн шүүхээр явж 15 сарын дараа би УИХ-д орсон. Заргалдаад байвал яваад байдаг тэр жишгээр явсан л даа. Гэхдээ би шүүхээр яваагүй. Нөгөө хүн явсан байдаг. Ард түмнээс мандатаа авсан хүнийг шүүх 15 сарын дараа шийдсэн гэсэн үг. 2008 оны сонгуулийн өмнө хуульд өөрчлөлт оруулахдаа дээрх заалтыг өөрчилсөн. Яаж өөрчлөв гэхээр маргаан гарч болно.

 

Харин тэр хүртэл тойргийн хорооны ялсан гэж үзсэн хүмүүс сарын дотор өргөн баригдаж ажил үргэлжлэх ёстой. Тэгэхээр УИХ 76 гишүүнтэй байх сүүлчийн хугацаа өнгөрсөн наймдугаар сарын 1 байхгүй юу. Түүнээс өмнө 76 хүрэхгүй байж болно. Эхлээд 58-аас дээш гишүүн хуралдаж эхлэхэд бусдыг нь сонгуулийн байгууллагууд наймдугаар сарын 1 гэхэд бүрдүүлэх үүрэгтэй. Одоо он дууслаа. Гэтэл Баттулга гэдэг хүн төрийн хуулийг зөрчин байж, Баянголчуудыг доромжлон байж зургаан cap явлаа.

 

-СЕХ хуралддаггүй, ямар нэг шийдвэр гаргадаггүй. Дарга, нарийн бичгийн дарга хоёр нь нийлээд суухаараа хоорондоо зөрчилтэй юм ярьдаг. Баттулга биднээс шалтгаалсан зүйл байхгүй гэдэг. Тэгэхээр тэднийг үзэл бодлоо яриад байна гэж ойлгох уу?

 

-Төрийн албан хаагчид үзэл бодол гэж байхгүй хуульд юу гэж заасан байна, түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс. С.Эрдэнэ Б.Баттулгад таалагдахгүй байж болно. Гэхдээ С.Эрдэнийг Б.Баттулга өргөн барих үүрэгтэй. Хэдийгээр найз Баяртсайханыг Баттулга өргөн мэдүүлье гэж бодсон ч түүнд тийм эрх мэдэл байхгүй. Яагаад гэхээр тойргийн хороо түүнийг ялагдсан гээд шийдвэрлэчихсэн. Одоо энэ СЕХ-г татан буулгаж сонгуулийн дүнг номоор нь өргөн барьдаг байгууллагатай болох болсон. Х.Тэмүүжин, Д.Энхбат нарыг СЕХ-ны даргатай уулзаж байгааг харсан. Тэндээс энэ улс ардчилалгүй болжээ гэдэг нь харагдаж байна билээ. Монгол Улсыг ардчилсан улс гэж дүгнэж болохгүй болжээ. Яагаад вэ гэхээр ард түмнээс мандатаа авсан хоёр хүн төрийн албан хаагчаас бидний бүрэн эрхийг хэрэгжүүлээч ээ гэхэд нөгөө нь үгүй л гээд сууж байхад улс орны хөгжил дэвшлийн тухай яриад ч хэрэггүй.

 

Г.Эрдэнэбат