Өдрийн сонин 2008.12.21
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засгийн байнгын хорооныхон пүрэв гаригт Дорнод аймгийн Матад сумын нутагт нефтийн хайгуул хийж байгаа БНХАУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажил байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Тосон уулын сав газраас газрын тос олгойдож анхны Ерөнхийлөгч П.Очирбат монгол түмнээ төлөөлөн дээлийнхээ энгэрийг мялааж байсан цаг саяхан  мэт.ah.jpg Гэтэл тэр мөчөөс хойш арав гаруй жил өнгөрчээ. Анхны өрөмдлөг хийж газрын тос олгойдуулж байсан “Соко” компани 2005 онд  БНХАУ-ын  үндэсний газрын тосны “Дачин ойл фийлд лимитед” корпорацид хайгуул хийх гэрээт талбайгаа шилжүүлжээ.
Уг талбайг худалдаж авсан корпораци “Петро Чайна Дачин Тамсаг Монгол”  компанийг 2005 онд байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

Энэ компани 19, 21, 22 дугаартай талбайд гэрээгээр ажил гүйцэтгэдэг. Газрын тосны экспортыг 1998 онтой харьцуулбал 2008 онд 0.8 хувиар өсчээ. Өнгөрсөн жил ажиллах хүчний квотыг эрт тогтоогоогүйгээс хайгуулын олборлолт буурсан дүнтэй гарсан байна. Тэд газрын тосыг зориулалтын авто машинаар Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор гаргаж, Хөх хотод хүргэдэг. Газрын тосоо тээвэрлэхийн тулд ашиглаж байгаа Бичигтийн боомт хүртэлх авто замаас 70 км-ийг нь сайжруулсан хайрган хучилттай болгожээ. Гэхдээ уг замыг зөвхөн энэхүү тээвэр хийхэд ашигладаг. Харин тоног төхөөрөмж бараа таваараа Баянхошууны боомтоор оруулж ирдэг аж. Түүгээр өрмийн болон янз бүрийн тоног төхөөрөмж орж ирдэг учраас гол тээврийн зам хэмээн хэлж байна. Ачаа тээвэрлэлтийн гол урсгал тул уг замыг хатуу хучилттай болгох зорилт тавин ажиллаж байгаа гэсэн тайлбарыг компанийнхан хэлж байлаа. Ирэх жилийн хувьд зам сайжруулах, эрчим хүчний шугам татах ажил хийнэ хэмээн төлөвлөж байгаа аж. Зам, эрчим хүчний шугам зэрэг дэд бүтцийг өнгөрсөн он жилүүдэд байрьж байгуулахаар төлөвлөсөн боловч өнөөдрийг хүртэл барьж байгуулж амжаагүй байгаа юм билээ. Амжуулаагүй ажлыг ирэх жил хийхээр төлөвлөжээ. Гэхдээ хийх нь эргэлзээтэй гэж орон нутгийн зарим иргэд хэлж байна. Ирэх жилийн хувьд дэд бүтцийг хийж амжуулахгүй бол тэдний хайгуул хийх гэрээт хугацаа дуусна. Хайгуулын хугацаа дуусна гэдэг нь олборлолт эхлэх онцлогтой гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс тус компанийнхны зүгээс ирэх оны гуравдугаар сарын 1 гэхэд Баянхошууны боомтыг нээж ажиллуулах, түүнээс гадна ажиллах хүчний квотыг эрт тогтоож өгөх хүсэлт гаргав. Ажиллах хүчний квот гэдэг нь оргил ачааллын үед тус компанийн туслан гүйцэтгэгчид ирж ажиллах үеэр БНХАУ-аас  мэргэжлийн ажилчдыг олноор нь оруулж ирдэг. Тэдний хэдэн хувь нь гадны ажиллах хүч байхыг тогтоож өгдөг онцлогтой юм байна. Ингэж  зохистой харилцааг тогтоож өгснөөр тухайн компанид ажиллах монгол иргэдийн тоог нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Үүн дээр өнгөрсөн жил манай холбогдох байгууллагууд хойрго хандсанаар тус компанийн ажилд хүндрэл гарчээ. Үүнээс гадна Монгол Улсын тээврийн тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тус улсын дугаартай тээврийн хэрэгсэл тээвэр хийнэ” гэж заасан нь ажлынх нь гол хүндрэл байсан тухай хэлж байна. Нэгэнт тус компани БНХАУ-ын төрийн өмчийнх. Гэтэл тэдний өмч хөрөнгө болох автомашинд Монгол Улсын дугаар олгоход гол хүндрэл гардаг аж. Эндээс үүдэн Зам тээврийн төрийн төв байгууллага өнгөрсөн жил тээвэрлэлтийг нь сар гаруй хугацаагаар саатуулж байжээ. Өнгөрсөн жил оргил ачааллын үед энд 2200 хятад иргэн ирж ажилласан байна.  Энэ жилийн хувьд 560 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Гол төлөв мэргэжлийн ажилтан шаарддаг тул гадны ажиллах хүч олноороо орж ирэх магадлалтай. Энэ жилийн хувьд 40 аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр орж ирнэ гэж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн тул гүйцэтгэх ажлын тоо хэмжээ нэмэгдэж байгаа нь энэ. Харамсалтай нь, гэрээт ажлыг  БНХАУ-ын компани гүйцэтгэдэг тул Мон-гол Улсад үлдэх, наалдах юм бага байдаг юм байна. Гэтэл манайд тухайн гэрээт ажлыг хийж гүйцэтгэх боловсон хүчин байдаг ч тэд зохион байгуулалтад орж чадаагүйгээс тэнд ажил олж хийх магадлал бага байдаг ажээ. Тиймээс “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн оргил ачааллын үед монгол мэргэжилтнүүдийг түшиглэсэн үндэсний аж ахуйн нэгж байгуулж ажил үүрэг гүйцэтгэх нь холбогдох байгууллагуудын хийх ёстой ажлын нэг болов уу. Хэдийгээр гадны компаниудын гүйцэтгэж байгаа ажил үүргийг манайхан хийж чаддаг ч зохион байгуулалтад орж чадаагүй нь бас л нэг хүндрэл болно. Одоо зохион байгуулагдаж чадаагүй аж ахуйн нэгжээр тус компани ажил үүрэг гүйцэтгүүлэх нь эргэлзээтэй. Тэгэхээр “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн энэ жилийн томоохон хөрөнгө оруулалтаас бидний авч үлдэх хувь хэмжээ урьдын адил бага байна. Түүнийг тойрч гарах үүднээс одооноос энэ ажлыг зохион байгуулах нь өнөөдрийн төрийн байгууллага албан тушаалтнуудын нэг гол ажил нь баймаар санагдана.
Монголчууд газрын тосноосоо огт хүртээгүй биш юм билээ. Хайгуулын үед газрын тосны олборлолтын 40 хувийг зардал гэж үздэг. Үлдсэн 60 хувийн 40 нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газарт оногддог. Энэ хүрээнд 20 гаруй сая ам.долларыг манайх авчээ. Харин энэ  нь бага гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Түүний хүрээг өргөтгөхийн тулд үндэсний мэргэжилтнүүд дээр тулгуурласан  аж ахуй нэгжийг эмхлэн зохион байгуулах санааг хэрэгжүүлүүштэй байгаа юм.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засгийн байнгын хороо газрын тос гарч байгаа Дорноговь, Дорнод аймгийн Сайншанд сумын тавдугаар баг буюу Зүүнбаян, Матад суманд ажиллалаа.  Энэ нь байнгын хороо зөвхөн Төрийн ордонд хуралдах ёстой гэсэн иргэдэд байдаг хэвшмэл ойлголтыг эвдлээ. Түүнийгээ дагаад гарах шийдвэр нь хэвшмэл хэв загвараас арай өөр байх болов уу.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд гишүүн Р.Раш, Ж.Батсуурь, Я.Батсуурь, Ш.Сайхансамбуу, Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон Д.Одбаяр, Ц.Шинэбаяр нар ажиллалаа.
Тэд Батлан хамгаалах яамны энэ жил худалдаж авсан нисдэг тэргийг хөлөглөсөн юм. Худалдаж авсан нисдэг тэрэгний хамгийн анхны уртын нислэг энэ байв. Тус нисдэг тэрэг нь цагт 240-260 км нисдэг юм байна.

Г.Эрдэнэбат