eb_berlin11.jpg

УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын Хороон дарга, УИХ-ын гишүүн З.Энхболд Германы Берлин хотноо 11 сарын 11-13 –ны хооронд болсон Төв Ази дахь бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа сэдэвт Төв Азийн Парламентчдын V семинарт оролцлоо. Уг семинарыг ХБНГУ-ын БХЯ болон Германы Бундстагийн Герман-Төв Азийн парламентын бүлэг, европын аюулгүй байдал судлалын George C. Marshall төвтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Төв Азийн 5 орон, Афганистан, Монголын парламентчдад зориулагдсан юм. Ийм семинар өмнө нь 2007 оны 11 сард, 2006 оны 10 сард, 2005 оны 6 сард, 2003 оны 10 сард тус тус болж байжээ.
Төв Ази дахь бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх ба ардчиллын шинэчлэлийг дэмжих, хүний эрхийг хамгаалах, аюулгүй байдлын хүчний парламентын хяналт болон тухайн салбар дахь бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, хилийн аюулгүй байдал болон терроризмын эсрэг хамтын ажиллагааг хангах зэрэг асуудлуудаар хэлэлцсэн уг хуралд нийтдээ олон улсын 63 төлөөлөгч байна. Афганистан, Казахстан, Киргиз, Монгол, Тажигстан, Туркменстан, Узбекстан зэргийн Төв Азийн улсуудын парламентын гишүүд, байнгын хорооны холбогдох албан хаагчид ирсэн уг семинарт Германы Бундстаг, БХЯ, Дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц мөн George C. Marshall төвийнхөн оролцож санал бодлоо солилцжээ.
Мөн тус семинартай давхцан ХБНГУ-ын Дрезден хотноо дэлхийн шатрын аварга шалгаруулах 38 дугаар олимпиад болж байсантай холбогдуулан З.Энхболд гишүүн тус тэмцээнд оролцож буй монголын шигшээ багийнхтай очиж уулзан амжилт хүсжээ. Тэрээр цааш 11 сарын сарын 21-22 –нд Франц улсад ажлын айлчлал хийсэн юм.