Өглөөний сонин 2008.11.6

УИХ-ын гишүүн З.Энхболдтой уулзаж ярилцлаа. Тэрээр 2008-2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг байнгын хороогоороо хэлэлцүүлсэн билээ.

-Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэгчээр орон нутгийн сонгууль мөн л маргаантай боллоо. Ер нь ингээд муу зан сурчихаж байгаа юм биш үү?

-Сонгуулийн хууль тогтоомжоос хамаарсан алдаанууд их гарсан. Мөн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх явцдаа гаргасан алдаанууд нийт алдааны 80, 90 хувийг эзэлж байна. Уг нь нийслэлийн сонгуулиар ирц хүрсэн дүүргээс нийслэлд нэр дэвшсэн улсуудын дүн хүчинтэй байх бүрэн бололцоотой. Гэтэл нөгөө “Сонгуулийг хүчингүйд тооцох” тухай заалтан дээр нийтээр нь ирцээ тооцно гзэд заачихсан болохоор хүчингүйд тооцогдсон. Ер нь бол Улаанбаатарын нийт ирц хүрээгүй. Заримд нь ирц хүрсэн байхад заримд ньхүрээгүй байхжишээтэй. Энэ мэтийн хуулийн цоорхойгоос болоод орон нутгийн сонгууль будилсан гэж болно.

-Ирц нь яагаад хүрээгүй гэж бодож байна. Үүнд бас л ямар нэг будилаан, булхай байгаа юм биш биз дээ?

-УИХ-ын сонгуулийн ирц хүрсэн шүү дээ. Үүний учир нь нэрсийн жагсаалт гаргах үүргийг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд өгсөн явдал юм. Тэдгээр улсууд сонгуульд шууд сонирхолгүй учраас ажлаа шударгаар хийсэн. Харин орон нутгийн сонгуулийн ирц яагаад муудсан гэхээр сонгуульд шууд сонирхолтой буюу хорооны дарга нар нэрсийн жагсаалтыг гаргасан. Ингэж нэрсийн жагсаалтыг гаргахдаа МАХН-ыг дэмжигчдийг зуун хувь хамруулж, ардчиллыг дэмждэг улсуудыг олон тоогоор нь хассан. Хуулиндаа сонгогчдын үнэмлэхийг хүргэж өгөх ёстой гэж заасан байдаг ч Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Болдсайхан “Залуу хүмүүс өөрсдөө ирж авах ёстой” гэдэг шалтгаанаар хүргэж өгөөгүй. Ийм маягаар сонгуулийн ирцийг зориуд бууруулах бодлоготой ажлуудыг Нийслэлийн сонгуулийн хороо, Нийслэлийн захиргааны албан тушаалтнууд явуулсан байналээ. Захыг хаагаагүй, сонгогчдыг ирж саналаа өгөхийг уриалсан зарлалуудыг явуулаагүй гэх мэтээр сонгуулийн ирцийг бага байлгах бодлогыг тэд анхнаасаа баримталсан. Зөвхөн өөрсдийнхөө нэрсийн жагсаалтанд хамрагдсан хүмүүсээс санал аваад 50 хувьдаа хүрчихнэ гэж бодсон ч тэр нь хүрсэнгүй л дээ. Сонгуульд өөрөө сонирхолтой улсуудаар сонгуулийн ажил хийлгэхээр ашиг сонирхлын зөрчлөөсөө болоод сонгуулийн ажил ийнхүү будилдаг юм байна. Чухамдаа УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилсөн нь зөв байжээ гэж би хувьдаа бодож сууна. Ялгаагүй хорооны дарга нар нэрсийн жагсаалт гаргадаг байсныг болиулж, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, төрийн албан хаагчдаар хийлгэсэн нь оносон. Түүний хүчинд УИХын сонгуулийн ирц 80 хувьтай байлаа. Энэ мэтээр сонгуульд алдаанууд их гарч байгаа. Алдаа гарч байгаа учраас сонгууль хүчингүй болсон.

МАХН 7 сарын 1-ний асуудалд санаачилгатай ажиллахгүй байна

-Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг шүү дээ. Гэтэл АН-ынхан ихэвчлэн сонгуулийн дараа хэл ам таталж байх жишээтэй. Ингээд байхаар үнэ хүндээ ард тумэнд амархан алдахгүй гэж үү?

-Би тухайлсан нам, тухайлсан нэр дэвшигчийг сонгууль будлиулсан гэж хэлэхгүй. Сонгуулиа явуулахад хамгийн чухал зүйл нь нэрсийн жагсаалт. Нэрсийн жагсаалт анхнаасаа буруу гарах л юм бол сонгууль өөрөө хүчингүй болдог. Тэгэхээр сонгуулийн яг юуных нь тухай яриад байна вэ гэдэг учрыг та бүхэн олох хэрэгтэй. Нийслэлийн хороон дарга нар дотор АН-ын хороон дарга нэг ч байхгүй. Гэтэл улсууд ажилдаа үлдэхийн тулд МАХН-ыг дүүрэг, хотод ялуулах ёстой болдог. Тийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр нэрсийн жагсаалтаа хийлгэсэн учраас нэг дүүрэг дээр гэхэд л арав, хорин мянган хүнийг бичилгүй орхисон. Ийм байдлаар сонгууль явуулж болохгүй гэж байгаа болохоос нэг нам нь мөнгө тараасан, нөгөөх нь шүүхэдсэн асуудал бол өөр зүйл. Жишээ нь Хан-Уул дүүрэг дээр АН-ынхан луйвардаад сонгуульд ялчихлаа гээд эсрэгээрээ яригдаж байгаа шүү дээ. Тэгтэл Хан-Уул дүүргийн эрхийг МАХН барьж байсан болохоор сонгуулиар дараагийнхаа ИТХ-ыг зарлахгүй саад хийсэн. Сонгуулийн ажлыг явуулах ёстой төрийн байгууллага нь өөрөө сонгуулиа явуулж чадахгүй байх нь нэг нэр дэвшигчийн мөнгө тараасан, нэг намын хууль зөрчсөн асуудлаас хамаагүй илүү хохиролтой. Энэ бүхэн гомдсон хүний яриа биш. Би цэвэр хуулийн талаас нь ярьж байгааг ойлгох хэрэгтэй.

-Залуучууд өөрсдөө сонгуульд идэвхигүй оролцсон юм биш үү. Нийтээрээ сонгуульдаа идэвхитэй оролцсон эсэхийг та яаж мэдэж байгаа юм бэ?

-Нийтээрээ сонгуульд ирээгүй биш, ирсэн. Ирэхээр нь сонгогчийн үнэмлэх байхгүй учраас чамайг хүлээж авахгүй гээд явуулсан. Энэ нь нэг, хоёр хүн дээр харагдсан бол алдаа гарчээ гэж ойлгож болно. Гэтэл нийслэлийн хэмжээнд хэдэн зуун мянган хүн ийм байдалтай байгаа нь эрүүл биш зүйл гэдгийг харуулсан. Ийнхүү хүний сонгох эрхийг хязгаарлана гэдэг туйлын аюултай зүйл. Тэгэхээр юунаас алдаа гарав гэдэг дээр дүгнэлт хийхийн оронд сонгуульд ялагдсан тал нь үргэлж ингэдэг юм гэдэг хялбаршуулсан дүгнэлтийг хийж болохгүй.

-Удахгүй Нийслэл дэх орон нутгийн сонгууль дахин явагдах гэж байна. Энэ сонгууль хэр үр дунтэй болох бол оо?

-Нэрсийн жагсаалтыг хороон дарга нар хийдгийг болиулах хэрэгтэй. УИХ-ын сонгуулиар хийсэн нэрсийн жагсаалтыг үндэслэж орон нутгийн сонгуультай холбогдсон онцлогийг нь тусгаад аль болох олон хүн оролцох арга хэмжээг авах шаардлагатай.

-Сонгуулийн асуудал олиггүй байгаа ч хамтарсан Засгийн газар байгуулагдаад ажил ид өрнөж байна. Ингэхэд долоон сарын нэгний асуудал юу болж байна аа. Ажлын хэсэг одоо хүртэл байгуулагдаагүй яваа. Нэг ёсондоо та бүгдийн амыг асууж байна л даа?

-Үүнийг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулах ёстой. Харин УИХ-ын удирдлага нь МАХН. Тэд энэ талаар нэг их санаачлагатай ажиллахгүй байна. Ер нь юу болоод өнгөрсөн юм, цаашид ийм зүйлийг гаргахгүйн тулд яах ёстой юм гэдэг дүгнэлтүүдийг ажлын хэсэг гаргах ёстой. Долдугаар сарын нэгний үймээнд оролцсон улсууд эхнээсээ ял аваад эхэллэз. Өршөөлийн хуулийн тухай яригдаж, “Долдугаар сарын нэгэн” гэдэг эвслээс өнөөдөр хүртэл албан бичиг ирсэн. Юун өршөөл вэ, цагаатгах ёстой ч гэдэг юм уу энэ талаарх хүмүүсийн байр суурь хоорондоо нийлэхэд хол байна даа.

Энэ зөвхөн АН-ын асуудал биш

-Уг нь санаачлагыг танайхан эхэлж гаргах ёстой биш бил үү?

-Тийм ээ. Өршөөлийн хуулийг санаачлаад явж байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн АН-ын асуудал биш. Энэ бол Монгол улсын асуудал. УИХ-д суудалтай намууд бүгд адилхан анхаарах ёстой. Дараагийн ийм явдлыг гаргахгүй байх талаас саяын гарсан зүйлүүд дээр зөв дүгнэлт хийх нь чухал.

-Түрүүчийн хүмуус ялаа аваад эхэлчихлээ. Тэдэн дунд насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд ч бий. Гэтэл та бүхний хөөцөлдөж байгаа гэх өршөөлийн хуулинд хамрагдаж амжих уу. Дэндүү оройтчихлоо гэж бодогдохгүй байна уу?

-Хууль санаачлагдаж гарсны дараа л хариулахгүй бол одоо 76 гишүүний өмнөөс тааж ярихад хэцүү байна.

-Нэгэнт хийсэн хэргийн ялыг үүрэх ёстой гэдэг дээр зарим хүмүүс бат зогсож байгаа. Харин та?

-Хэрэг чинь дотроо олон янз. Тэрэн дотор чулуу шидэж, юм дээрэмдээгүй олон хүн бий. Тэр бүхнийг ялгаж, салгаад шийдэж чадаж байна уу гэдэг дээр эргэлздэж явна. Үймээнд оролцогчдыг үнэхээр гэм буруутайг баталсан баримт цуглуулж чадвал хэргийг хүлээлгэхэд маргаад байх юм. талаар нэг их санаачлагатай ажиллахгүй байна. Ер нь юу болоод өнгөрсөн юм, цаашид ийм зүйлийг гаргахгүйн тулд яах ёстой юм гэдэг дүгнэлтүүдийг ажлын хэсэг гаргах ёстой. Долдугаар сарын нэгний үймээнд оролцсон улсууд эхнээсээ ял аваад эхэллээ. Өршөөлийн хуулийн тухай яригдаж, “Долдугаар сарын нэгэн” гэдэг эвслээс өнөөдөр хүртэл албан бичиг ирсэн. Юун өршөөл вэ, цагаатгах ёстой ч гэдэг юм уу энэ талаарх хүмүүсийн байр суурь хоорондоо нийлэхэд хол байна даа.

АН-ынхны хяналт сайн тавигдсан газар будлиан бага гарсан

-Энэ үймээн сонгуулийн будлианаас болсон гээд байгаа. Та өөрөө сонгуульд оролцсоны хувьд сонгууль үнэхээр будлиантай болсон эсэх дээр ямар дүгнэлттэй явна вэ. Сонгууль бүхэлдээ будлиантаагүй нь тодорхой байх?

-Ардчилсан намынхны хяналт сайн тавьж чадсан газар будлиан бага гарсан. Хөдөө орон нутагт бүгдээрээ бие биенээ танидаг болохоор хяналт сайн тавигддаг гэх үү дээ. Нэг хүн хоёр дахиа санал өгөх гээд ороод ирвэл танидаг учраас барьж аваад арга хэмжээ авч болдог. Энэ утгаараа нэрсийн жагсаалттай холбоотой, нэг хүнийг олон дахин санал өгүүлдэг будлиан хөдөө бага гарсан. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн хувьд тийм боломж байхгүй. Нэг орон сууцны нэг давхрын хүмүүс ч бие биенээ танидаггүй.

-Та хоёр дахь удаагаа УИХ-ын сонгуульд оролцлоо. Томсгосон тойргоор явагдсан энэ удаагийн сонгууль ямар санагдав?

-2007 онд УИХ-ын сонгуулийн хуулийн хамгийн сүүлийн өөрчлөлтийг хийсэн. Эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг байхгүй болгож, нэрсийн жагсаалтыг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв гаргадаг энэ хуулийг Нямсүрэн гишүүн бид хоёр өргөн барьсан. Энэ хуулиас хэрэгжсэн зүйл ч бий, хэрэгжээгүй зүйл ч бий. Хамгийн чухал нь Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн гаргасан нэрсийн жагсаалтаар сонгууль явуулдаг болсонд л байгаа юм. Ингэснээр олон сонирхлын зөрчилтэй улсуудыг сонгууль будлиулахаас сэргийлж чадсан. Саяын өнгөрдөг Орон нутгийн сонгуулиар бас нэг зүйл ажиглагдсан нь сонгуулийн маргааныг сонгуулийнхаа хороон дээр биш шүүхээр шийдүүлж өгнө гэдэг хуучин заалт нь өөрчлөгдөхгүй явсан тухай юм. 31 төлөөлөгчтэй жижиг аймгаар жишиж үзэхэд 15:16-аар хоёр нам зөрсөн тохиолдолд нөгөө ялагдсан нам нь шүүхэд хандсанаар ард түмний сонголтыг буцаагаад өөрчилж болдог. Хоёр тойрог дээр дахин сонгууль явагдахад л ялагдсан нам нь ялж болно гэсэн үг. Ийм маягаар сонгуулийг ард түмэн мэдэх биш, шүүх мэддэг болсон нь харамсалтай. Харин УИХ-ын сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахдаа үүнийг бид олж хараад урьдчилан сэргийлж чадсан. Хэрвээ шүүх хэн нэгэн хүний гишүүн болохыг тодорхойлоод байвал энэ нь сонгууль биш болно гэж үзээд сонгуулийн бүх төрлийн маргааныг сонгуулийн тойрог, хэсгийн хороон дээр эцэслэн шийдэгддэг байхаар өөрчилсөн. Үүний хүчинд УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шүүхдэлцэх асуудал байгаагүй. Нэгэнт шүүхдэлцэхгүй учраас УИХ хурдан бүрэлдсэн. Одоо ганцхан Баянгол дүүрэг л эвгүй байна. Хэрвээ хуучин шигээ шүүхдэлцдэг байсан бол эцас төгсгөлгүй маргаан болж, УИХ бүрэлдэж чадахгүй байлаа. Харамсалтай нь орон нутгийн сонгуулийн шүүхдэлцдэгийг болиулж чадаагүй. Үндсэндээ аль аймагт ямар нам ялахыг шүүх шийдэж байна.

Ашигт малтмалыг хуваах дээр л бид хамтарья гэж шийдсэн

-Ер нь долоон сарын нэгний үймээн дэгдээгүй бол хамтарсан Засгийн газар байгуулагдах байсан уу?

-Хамтарсан Засгийн газар байгуулах үндэслэл бол өөр. Бид Эрдэнийн хувь, Хувьсгалт нам Эх орны хишиг өгнө гэжамласан. Нэр нь өөр боловч байгалийн баялгаасаа ард түмэндээ хувь өгье гэсэн шинэ бодлого шүү дээ. Энэ шинэ бодлогыг хэрэгжүүлэхэд хамтрах хэрэгтэй гэж яриад хамтарсан Засгийн газар байгуулсан болохоос долоон сарын нэгний үймээнтэй огт хамаагүй. Харин ч эсрэгээрээ АН-ын ҮЗХ-ны хурал дээр хамтарсан Засгийн газар байгуулсан ч долоон сарын нэгний үймээнийг орхиж болохгүй, хариуцлага тооцох ёстой. Шаардлагатай бол өршөөлийн хуулийг санаачлах хэрэгтэй гэж ярьсан. Тэгэхээр хамтарсан Засгийн газар, долоон сарын нэгэн хоёрт ямар ч холбоо байхгүй. Хамгийн гол нь ашигт малтмалыг аль нэг нам нь 50 суудалтай байсан ч дангаараа мэдээд шийдэхэд хүндрэлтэй. Асуудал адармаатай байсан учраас яг энэ хэсэг дээр хамтаръя гэсэн юм.

-Хамтраад хэсэг хугацааг үдлээ. Хамтархад боломжийн байна уу. Уг нь сөрөг хүчингүй болчихно гэж танай намын зарим гишүүд дургүйцэж байсан шүү дээ?

-Чи байнгын хорооны хэлэлцүүлгийг анзаарч байгаа бол сөрөг хүчин хангалттай бий. Гишүүд асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хамтарлаа гээд үг хэлэх эрхээсээ татгалзсан гишүүн ер нь цөөхөн. Миний хувьд хамтрах тухай намын шийдвэрээ дагаад ажиллаж байна. Манай Үндсэн хуулийн зарчмаар олонхи болсон нам нь хариуцлагаа хүлээж, Засгийн газраа байгуулах үүрэгтэй. Гэвч бид үүнтэй зөрчилдсөн. Олонхи болсон нь Засгийн газраа байгуулахгүй юм бол сонгууль зохион байгуулах хэрэг байна уу гэж би боддог. Тэгсэн ч яг энэ түүхийн эмзэг үед хөгжлийн чухал асуудлаа шийдэхийн тулд Ерөнхий сайд С.Баярын хэлснээр стандартын бус шийдвэр гарсан байж магадгүй. Гэхдээ үүнийг бушуухан хийж, олонхи болсон нь хариуцлагаа хүлээгээд явсан нь хамаагүй дээр.

Байнгын хороон дарга чинь хувааж аваад байх албан тушаал биш

-Гэхдээ хамтархад ямар нэгэн ашиг сонирхол байсан болов уу гэж бодогддог. Тухайлбал танай намын дарга өөрчлөгдсөнөөр албан тушаалын сонирхолтнууд, “Алтангадас”-ынхан дураараа туйлж эхэлсэн гэгддэг?

-Алтангадас ба Алтангадас биш гэж хуваагддаг хуваагдал чинь өөрөө бүрхэг зүйл. Ц.Элбэгдорж дарга АН-ын дарга болохдоо фракц болж, бие биентэйгээ эв түнжингүй харьцахыг алга болгоно гэж хэлсэн. Тэрнээс хойш Алтангадас дээр цугладаг улсууд цуглахаа байсан. Одоо нэг их сэргээд байгаа юм байхгүй. Ер нь бол албан тушаалын сонирхолтой улсууд бий болчихлоо гэж би харахгүй байгаа. Би жишээ нь байнгын хорооны даргын үүрэг гүйцэтгэдэг. Байнгын хороон дарга чинь хувааж аваад байх албан тушаал биш. Нэг жил хашдаг, хурал хуралдуулдаг л үүрэгтэй. Сайд шиг бодит эрх мэдэл байдаггүй. Хамтарлаа гээд манайхаас зургаан хүн л сайд боллоо. Өөр өөрчлөгдсөн зүйл алга. Хэрвээ хамтарч байгаа бол бүх л зүйл дээр хамтрах хэрэгтэй. Тухайлбал аль нэг намд харъяалагддаг маш олон чадалтай боловсон хүчин гудамжинд яваа. Тэгэхээр намын харъяаллыг нь харахгүйгээр төрийн албанд олон жил ажилласан туршлагатай хүмүүсийг ажилд нь авах хэрэгтэй. Эрдэнэбат гэдэг нөхөр Түлш эрчим хүчний сайд болонгуутаа олон жил бэлтгэгдсэн АН-ын гишүүнчлэлтэй хүмүүсийг халсан байсан. Тийм чадварлаг хүмүүсийг бэлтгэхийн тулд улс маш олон зуун сая төгрөгийг зарцуулсан. Ажлаа мэддэг хүмүүсийг халаад байдаг гол учир нь мэдэггүй хүмүүсийг авчирч байгаад тендер будлиулж, хувьдаа хэдэн төгрөг олох зорилготой нь холбоотой. Энэ мэтээр жаахан Монгол улс цөөхөн хэдэн боловсон хүчнээ намаараа талцаж үгүй хийдэг нь хамгийн буруу зүйл. Хамтарч байгаагийн бас нэг давуу талыг би энэ гэж харж байгаа.

Хэн нэг даргын хэлснээр үсрэнгүй хөгжилд хүрчихгүй

-МАХН Засгийн газраа яагаад дангаараа бүрдүүлээгүй юм бол. Хамтарч ажиллая гэдгийн цаана ямар нэгэн далд санаа байна гэсэн хардалт төрөөгүй юү?

-АН-ын хувьд хамтарч ажиллах ганцхан зорилго нь Эрдэнийн хувийг өгөх асуудал. Бусдыг нь сонирхоогүй. Янз бүрийн зүйл цаанаа бодоод хамтарсан байхыг мэдэх боломжгүй.

-Ерөнхий сайдын яриад байгаа үсрэнгүй хөгжилд хүрэх энэ эмзэг үед буруу алхам хийчих вий гэж айсандаа танайхыг хань татсан гэж бодогдохгүй байна уу. Дараа нь хариуцлагаа хамт үүрэх гэж?

-Үсрэнгүй хөгжил бол харьцангуй асуудал. Зэсийн үнэ найман мянга байхад үсэрч чадаагүй байж дөрвөн мянга болсон энэ үед үсэрнэ гэж байхгүй. Гол нь хурдан хөгжихийн тулд яах ва гэхээр бүгдээрээ ярилц гэсэн үг.

-Тэгвэл Ерөнхий сайд С.Баярын хэлсэн бүхэн оргүй зүйл гэж үү?

-Манай эдийн засаг нэг аж үйлдвэрээс үлэмж хамаатай байгаа учраас үсрэнгүй хөгжлийн тухай ярихад хэцүү. Зэсийн үнэ 12 мянга хүрчихвэл үсрэнгүй хөгжил болчихно шүү дээ. Тэгэхээр эмзэг байна гэсэн үг. Үсрэнгүй хөгжилд хүрэхийн тулд эдийн засгийг олон зүйл дэзр тулгуурлах шаардлагатай. Ганцхан зэс, алтан дээр тулгуурлах бус бусад бүх салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн дарга хэлэхээр үсэрчихдэг юм байхгүй. Бодит байдал өөрөө их өөр.

-Хариуцлагаа хамт үүрэх тухайд хэлсэнгүй?

-Хариуцлагаа хамт үүрэх тухайд эдийн засаг муудаад ирсэн энэ үед олон хүнд таалагдахгүй бодлого явна. Тэрнийгээ хуваалцах гэсэн санаа үргэлж байгаа. Гэхдээ хариуцлагаа хуваалцъя гэж байгаа бол эрх мэдлээ ч бас хуваалцъя гэж би хэлээд байгаа юм. Эрх мэдэлгүй байж хариуцлагыг тэнцүү хуваана гэж байхгүй.

Яаж ч шуналаа гээд зургаахан хүн л сайд боллоо

-Тэгэхээр та 60:40-ийн харьцаан дээр сэтгэл дундуур явдаг гэсэн үг үү. Та бүгдийг харин ч олзондоо хэтэрхий шуналаа гээд байсан?

-60:40-дөө асуудал байгаа юм биш. Хэрвээ 60:40 байгаа бол хариуцлагыг үүрэх хүмүүс дотор ийм хэмжээнд бай гэсэн үг. Зөвхөн сайд, дэд сайд асуудлыг шийдэхгүй. Шинэ Засгийн газрын бодлогыг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэхэд энэ яригдаад байгаа 41 агентлаг дахиад яригдана. Ямар ч алт шиг сайхан бодлого байлаа гэхэд хэрэгжүүлж байгаа шатандаа очоод нэг бол сайн хэрэгжинэ, эсвэл муу хэрэгжинэ. Сайн хэрэгжүүлэхийн тулд зөв местен дээр зөв хүнээ тавих хэрэгтэй. Шуналын тухайд яаж ч шуналаа гээд зургаахан хүн л сайд боллоо.

1,5 саяыг бэлнээр өгөхгүй, наадах чинь худлаа гэж бид анхнаасаа л хэлсэн

Сүүлийн үед МАХН-ын амласан амлалт худлаа боллоо гэж ард түмэм дургүйцэх болсон. 1.5 саяыг хун бүхэн бэлнээр нь авна гэж бодож байсан юм билээ?

-Сонгуулийн үеэр бид Өвөрхангайд сайн тайлбарласан. 1.5 саяыг бэлнээр нь өгөхгүй, наадах чинь худлаа гэж. Тийм мөнгө ч байхгүй Монгол улсад. Энэ мөнгийг хүндээ үржүүлээд үзэхээр 3.9 триллион төгрөг болно. Манай улсын төсөв 2.4 триллион төгрөг болохоор улсынхаа бүх төсвийг 1.5-аар үржүүлсэн мөнгийг нэг дор бэлнээр тавьчихвал нөгөө инфляци гэдэг зүйл чинь 36 биш 360 хувьд хүрнэ. Бараа бүтээгдэхүүнээр баталгаажуулаагүй хоосон мөнгө гаргаж болохгүй шүү дээ. Тэгэхээр 1.5 саяыг уурхайнууд эргэлтэнд ороод, тэр уурхайнуудаас гарсан ашгийг хуваах тухайд л ярьж болно.

С.Бэлэгмаа