Ардын эрх 2008.9.12 №182(970)

З.Энхболд:

-Шинэ хүн биш гэдгийг нуршаад яах вэ. Хуучин Засгийн газарт ажиллаж байсан хүн. Хуучин Засгийн газрын үед хэрэгжээгүй ноолуурын үнийг барих тухай УИХ-ын тогтоолыг одоо шал эсрэгээр хэрэгжүүлэхээр явж байна. Уг нь их хурал үндэснийхээ үйлдвэрлэгчдийг ч дэмжсэн, малчдаа ч алдагдалгүй байхаар тооцсон дундыг барьсан арга хэмжээ авсан юм. Гэтэл одоо энэ маань эсрэгээрээ ямааны тоогоор мөнгө өгөх тухай болоод хувирчихсан байна. Малчин хүн ямааныхаа тоог хязгаарлах тухай бодож, экологийн сүйрэл рүү явж байгааг ухаарчихаад байхад Засгийн газрын гишүүд тань үүнийг ойлгохгүй байгааг гайхаж байна.

Хоёрт, өмнөх их хурал бензин шатахууны үнийг барихын тулд түүнд ноогдуулдаг гурван төрлийн татварыг тэглэх хүртэл эрхийг засгийн газарт олгосон. Гэтэл Сангийн сайд тань үүнийг буруу тайлбарласнаас болж, НӨАТ-ыг давхардуулан олгосноор өнөөдөр монголчууд ОХУ, Хятадаас өндөр үнэтэй, дэлхийд байхгүй үнээр шатахуун худалдаж, авч үнийн дарамтанд ороод байна. Шинэ Засгийн газар үүн дээр яаралтай арга хэмжээ авч, бензин, шатахууны татварыг тэглэх арга хэмжээгээ авахгүй бол ард түмний амьдрал хэцүүдлээ.

Энэ мэтчилэн гишүүд шинээр томилогдох гэж байгаа /шинэ ч юу байх вэ, одоо ч Ерөнхий сайд л байгаа л даа. сурв/ Ерөнхий сайдад өөр өөрийн захиа даалгаврыг өгсөн. Хөвсгөлийн тойргоос сонгогдсон Ц.Сэдваанчиг гишүүн бүр “Манай намаас Хөвсгөлд нэр дэвшсэн дөрвөн гишүүн МАХН-ын таван гишүүнтэй өрсөлдсөн гэж би боддог. Та дөрвөн нэр дэвшигчтэйгээ нийлээд “бид тавуулаа” гээд сурталчилгаа хийж байсан, Хөвсгөлийн тойрогт маш их ач холбогдол өгсөн. Харин одоо Хөвсгөл нутгийн хөгжлийн төлөө энэ таван гишүүнийхээ тоонд манай намын хоёр гишүүнийг оруулчихаарай” гэж дамшиглав. Тэдний дундаас заалны уур амьсгалд өөрчлөлт оруулсан хоёрхон хүн байсан нь Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж, МАХН-ын бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва нар.

Ц.БУЛГАНЗАЯА