Өнөөдөр (2008-03-21)

Өвөрхангай аймгаас сонгогдсон АН-ын гишүүн Р.Бадамдамдин, З.Энхболд, Г.Батхүү нар хоёрдугаар сарын 17-ноос энэ сарын 18 хүртэл тойрогтоо ажиллажээ. Энэ хугацаанд тэд давхардсан тоогоор 40 мянга орчим иргэнтэй уулзаж, УИХ-ын баталсан хууль тогтоомж, хийсэн ажлаа тайлагнаж, саналыг нь сонссон юм байна.

“Эрэл” компани тус аймгийн Уянга сумын нутагт 1196 га талбай бүхий Өлтийн уурхайд алт олборлох гурван лиценз эзэмшдэг. Тэгвэл тэд 27 га талбайд нөхөн сэргээлт хийсэн байхад АМГТХЭГ-аас “нөхөн сэргээлтийг бүрэн хийсэн” гэж үзээд лицензийг нь “АУМ” компанид шилжүүлсэн байжээ. Эл компани өмнө нь “Эрэл”-ийн мэдлийн талбайгаас тодорхой хувийг нь түрээсээр эзэмшиж байсан бол одоо лицензийн эзэн болсон аж.

Нөхөн сэргээлт хийгээгүй байхад “хийсэн” гээд лиценз шилжүүлсэн АМГТХЭГ-ынхныг АТГ шалгах ёстой гэж дээрх гишүүд үзэж байна. Тэд эл асуудлыг хөндсөнөөр “АУМ” компанийн лиценз эзэмших эрхийг түр түдгэлзүүлээд байгаа гэнэ. Мөн УМХГ-аас шалгалт хийх юм байна. Нөхөн сэргээлт хийгээгүйг нь тогтоосны дараа лицензийг нь бүрмөсөн цуцлах гэнэ.

Мөн хүүхдийн мөнгийг хоёр банкаар олгож байсныг нэг болгон өөрчилсөн нь төрийн үйлчилгээг улам хүнд сурталтай болгосон, “Үдийн цай” хөтөлбөрт орон нутгийн сургуулиуд хөлдүү алим, хатсан гөөхий, хугацаа нь дууссан витамин өгч байгаа тухай иргэд гомдол мэдүүлжээ.

Баян-Өндөр сумын эмнэлгийн дээврийг засахад зориулж төсвөөс олгосон 13 сая төгрөгийн тал хувийг зарцуулчихаад “100 хувь хөрөнгө оруулсан” гэсэн бичиг гаргаж өгөхийг Засаг дарга нь эмнэлгийн няраваас шаардсан гэнэ. Энэ мэт төрийн үйлчилгээ орон нутагт хүрэхгүй, хэн нэг нь улсын хөрөнгийг дундаас нь завших явдал байсаар байгааг гишүүд дуулгав. АТГ үүнийг шалгах ёстой гэж тэд үзэж байлаа.

С.УУЛ