Өнөөдрийн тойм (2008-03-13)
Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга С.Баяр нарын хамтарсан мэдэгдлийн дараа УИХ дахь АН-ын зөвлөл хуралдав. Тэд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн Төслийг засгийн газарт өргөн барихаас өмнө редакцийн засвар хийх асуудлыг хэлэлцсэн гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Энхболдоос тодруулсан юм.

-Хоёр нам ашигт малтмалын орд газрын 51-с дээш хувийг Монголын тал эзэмшинэ гэдэг дээр тохиролцоонд хүрчээ. Тэгэхээр энэ 51 хувь нь төрийн мэдэлд байна гэсэн үг үү.

-МАХН 34 хувиас бусдыг нь гадаадын талд алдах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар оруулж ирж байсан. Бид манай намын зөвлөлийнхөн ингэж болохгүй гээд буцаасан. Тэгээгүй бол аль хэдийнэ алдсан байх биз. Бид МАХН-ны алдааг дахиад л засдагаараа заслаа. АН сөрөг хүчнийхээ үүргийг сайн биелүүлсэн. Зөвхөн төрийн өмч биш, монголын ард түмний өмч, монголын компаниудын өмч аль нь ч байж болно гэж үзэж байгаа. Тухайлбал Айвенхоу майнз 49 хувийг л эзэмшинэ. Түүнээс дээш болохгүй гэсэн үг. 51 хувь нь монголчуудын мэдэлд байна гэсэн үг. Зөвхөн төрийн мэдэлд байна гэснийг нь монголчуудын мэдэлд байна гэж өөрчилсөн юм. Хуулиар өөрийнхөө гар хөлийг хүлдэг ажлыг л больё гээд байгаа. Юутай ч 51 хувийг монголчуудын мэдэлд байж байг гэж үзэж байгаа юм. Газар дээрх баялгийн хувьд шүү дээ. Газар доорх баялаг бол Үндсэн хуулиар 100 хувь Монголын өмч байгаа. Одоо хамтарсан ажлын хэсгийн гишүүд уг хуулийн төслийг Засгийн газарт өргөн бариад, санал авахаар хүргүүлэх гэж байна.

- Монголын талын компани хөрөнгө орууллаа гэхэд өөрийн хувьцаагаа зарахаар бол яах вэ?

-Тиймэрхүү нарийн юмыг УИХ дээр хууль хэлэлцэхдээ л ярина гэж бодож байгаа.

- Ашигт малтмалын тухай хуульд нийтдээ хичнээн нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм бэ?

-Найман зүйлд өөрчлөлт оруулах гэж байгаа. Эхлээд Ц.Нямдорж даргын хууль засаагүй байх үеэр нь хуулиа батална. Дараа нь нэмэлт өөрчлөлтийг оруулна. Зөвхөн Ашигт малтмал биш нийтдээ авлига энэ тэр гээд таван хууль байгаа шүү дээ. Хууль тус бүрээр ажлын хэсэг байгуулсан. Би бол татварын ажлын хэсэгт байгаа.

-Лицензийн тухайд ямар өөрчлөлт орсон бэ?

- Лицензийн бизнес хийдэг улсууд эхлээд хийж дуусаад ашиглах үедээ лицензээ шилжүүлж болно. Тэр хүртэл 3 жилээр лиценз шилжүүлэхийг хуулиар хориглож байгаа.

-Тавантолгой гэх мэт хувийн компаниудын эзэмшилд байгаа орд газрын хөрөнгийг хуулиар улсын мэдэлд авна гэсэн үг үү?

-Хуулиар бол хураахгүй шүү дээ. Тавантолгойн хувьд бол улсын төсвөөр хайгуул хийсэн учраас хураагдаж байгаа.

Г.Хасар