Монголын мэдээ 2008.02.19 №2533/2320/

Урт хугацаанд үргэлжилсэн намрын чуулган завсарлаж УИХ-ын гишүүд тойрогтой ажиллахаар мордоцгоолоо. З.Энхболд гишүүнийг тойрогруугаа явах гэж байхад нь уулзаж, өнгөрөгч чуулганы талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Намрын чуулганыг хэр үр бүтээлтэй болсон гэж бодож байна?
-Зөвхөн намрын чуулган гэлттүй энэ Их хурал их сонин бүтэцтэй, онцлогтой. Олонхи байхгүй. Энэ маань хамтарч ажилла гэсэн үг. Тэгэхээр урьд урдьн Их хурал үргэлж олонхи цөөнхтөй байсан. Анх удаа бид хамтарч ажиллахад суралцаж байна. Аль нэг тал нь үгүй гэх юм бол асуудал явдаггүй. Тэгэхээр зайлшгүй ойлголцож асуудлыг явуулах шаардлагатай болсон. Тоон дүн статистик мэдээллээс харах юм бол тийм ч сайн Их хурал биш.

Яагаад гэхээр 80 асуудал хэлэлцүүлгийн шатанд яваа, түүнийгээ хэлэлцэж дуусгалгүй дараагийн чуулган, УИХ-руу шилжүүлж байгааг харахад үр дүн муутай хурал гэж харагдана. Гэхдээ шийдсэн асуудлын далайцыг харвал энэ Их хурал шиг сайн Их хурал байхгүй. Дангаараа байхдаа шийдэж чаддаггүй олон асуудлыг энэ дөрвөн жилд шийдсэн. Одоо Татварын ерөнхий хууль, Гаалийн тарифын хууль, гаалийн тухай хуулийг баталчих юм бол үндсэндээ эдийн засгийн реформын талын асуудал дуусч байна.

-Олон намаас бүрэлдсэн парламентад хоёр том хүчин дээгүүрээ хуйвалдаад өөрсдийн эрх ашигтаа нийцүүлсэн бодлого явуулж байгаа гэсэн гомдол жижиг намуудаас гарч байсан?
-Жижиг намууд ямар гомдол тавьж байгааг мэдэхгүй юм. Ажлын хэсэгт оролцоод явж л байгаа. Их хурлын гишүүд нам харгалзахгүй бүх хүн адилхан эрхтэй байгаа. Үүнд оролцох ч хүн байгаа, оролцохгүй ч хүн ч байдаг.

-Их хуралд хууль батлах гэж уураа бараад байдаг. Хэрэгжүүлэлт байгаа юм уу?
-Хуулийн хэрэгжүүлэлт маш их учир дутагдалтай. Санасан хэмжээнд хүрэхгүй байна. Их хурал хуулийн хэрэгжилтэд тавих хяналт улстөржөөд бүрэн хэрэгжихгүй байгаа. Алдаа гаргасан Засгийн газартай УИХ-ын олонхийг бүрдүүлэгч нам хариуцлага тооцохгүй байна. Их хурлын гаргасан хууль хэрэгжих юм бол их олон юм өөрчлөгдөнө. Харамсалтай нь тэгж чадахгүй байгаа. Бид цөөнх ч үүргээ боломжийн биелүүлж байгаа. Тэгэхээр цөөнхийн гол үүрэг нь олонхи өөрөө өөртөө тавьж чадахгүй байгаа хяналтыг олон түмний өмнөөс тавьж байгаа. Бидний санаснаар болохгүй юм. Хамгийн тод жишээ гэхэд гурилын үнийн хөнгөлөлтийн татварыг хүчингүй болгох талаар хэлэлцэхэд бид 40 мянган тонн гурилыг татваргүй оруулснаар үнэ буурахгүй. Худалдааны компаниуд ашиг олоод дуусна гэхэд Засгийн газар гурилын үнийг 550 төгрөг болгоно гээд олонхиороо шийдсэн. Тэгээд цагаан cap болдгоороо болоход гурилын үнэ буугаагүй. 40 тоннд оногдох байсан дөрвөн тэрбум 200 сая төгрөгийг худалдааны компаниуд авч, төсөв тэр хэмжээний мөнгөөр хохирсон. Тэр үед бид бөөнөөр нь чөлөөлөөд хүндээ хүрэхгүй, гурилын үнэ буурахгүй бол та нартай ярина гэж хэлсэн одоо бид асуудал тавих гэж байна. Уг нь энэ мөнгийг гурилын үнэ хүндрэлтэй тусаад байгаа 30 хувьд тараасан бол нэг өрхөд 21 мянган төгрөгийн тусламж болох байсан. УИХ-ын үзүүлсэн хөнгөлөлтөөр хэдхэн худалдааны компанйи баяжсан. Ийм маягаар бидний бодлого явахгүй байна. Одоо алдаагаа яаж засахыг нь харъя.

-Татварын өршөөлийн хууль гарахад шударга төлж байсан нь хохирч байна гэсэн яриа гарсан. Үүнд ямар зохицуулалт хийх вэ?
-Шударгаар төлдөг байсан гэж худлаа яриа яваад байна. Шударга төлөх юм бол 110 хувийн татвар төлөх болно. Тэгэхээр олж байгаа ашгаасаа илүү татвар төлдөг хүн байхгүй. Үүнд хорин хэдэн мянган аж ахуйн нэгж хамрагдаж байгаа. Бүх хүн хоёр баланстай байсан юм чинь хэн төлдөг, төлдөггүй байсныг мэдэх боломжгүй. Тэгэхээр тийм хоосон ярианууд гадуур яваад улстөржүүлэх хандлага гараад байгаа. Нэг үе манай татвар 110 хувьтай байсан. Төр өндөр татвар тавьсан, буруугаа хүлээн зөвшөөрөөд өршөөе гэж байгаа юм. Мөн татварын өршөөлд хамрагдсан нийт мөнгөний 70 хувь нь хэзээ ч олдохооргүй мөнгө байсан. Татвар яагаад 40 хувь болчихсон юм гэхээр Эрдэнэтээс их татвар авахын тулд П.Жасрай агсны Засгийн газрын үед тийм татвар тавьсан байдаг. Тэр хууль саяхан хүртэл хүчинтэй байсан. Тийм эдийн засгийн үндэслэлгүй өндөр татвар тавьж байсандаа төр нэг удаа уучлал үзүүлж байна. Их хуралд нэр дэвшээд гарчих гэсэн хэдэн хүмүүсийн нэр яваад байх шиг байгаа юм. Тэр нийт аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашиг биш. Өөр улстөржүүлж нэрд гарах юм олдохгүй байх шиг байна.

-Тойрогтоо ажиллахаар явах гэж байгаа юм байна. Таны тойргоор сонин сайхан юутай байна?
-Цагаан сарын золголтоо хийнэ. Cap болгон, заримдаа хоёр явдаг болохоор Энхболд сонин биш болоод байгаа. Өвөрхангайн түүхэнд анх удаа 3,2 сая мянган малтай болсон, амьдрал сайн байна. Ямааны тоо ихэсч байгаад малчид болон би санаа зовж байна. Ямаа өсөхөөр цөлжилт нэмэгдэж байгаа. Ямааны тоотой адил чацарганы мод тарьж байгаа. Нэг чацарганы модны өгдөг орлого нэг ямаанаас илүү байгаа.