УИХын гишүүн З.Энхболд, Г.Батхүү, Монгол шуудан банкны ТУЗийн дарга, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д.Зоригт нар өнгөрсөн ням гаригт Өвөрхангай аймгийн Бүрд суманд ажиллалаа. Гишүүдийг тус сумын ИТХын дарга С.Уламбаяр угтан авч орон нутгийн ажил байдлаа танилцуулав. Сумын малчид Төв, Булган аймгийн Эрдэнэсант, Лүн, Сансар, Баяннуур сумын нутагт отроор өвөлжиж байгаа аж. Тухайн сумын малчдыг өвөлжүүлж байгаа дээрх аймаг, сумынхан ирэх гуравдугаар сард нутаг буцахыг шаардаж эхэлжээ.

Шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд элдэв торгууль, татвараар дарамталдаг тухай С.Уламбаяр төрийн түшээдэд хандан хэлж байлаа. Бүрд сум З200 хүн амтай. Иргэдийн шилжилт хөдөлгөөн урьд жилүүдээс бага болсон. Малын бэлчээр дагаж бусад аймаг, сумын нутагт өвөлжихийн тулд шилжилт хөдөлгөөн хийдэг байна. Жишээ нь, аав хүү хоёр өвлийг өнгөрөөхийн тулд аав нь сумынхаа харьяанд үлдэж хүү нь нүүж очдог аймаг сумынхаа иргэн болдог байна. Гишүүн З.Энхболд “Энэ жил УИХ-ын ээлжит сонгууль болно. Одоо явагдаж байгаа иргэний тоо бүртгэл сонгуульд зориулагдаж байгаа. Танай сумын хүн ам өөр газар амьдардаг хүмүүстэйгээ 3200 байна уу” гэж асуулаа. Түүний асуултад С.Улам­баяр “Тийм” гэсэн хариу өглөө.

Энэ жил УИХ-ын ээлжит сонгууль болж байгаатай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөнийг зургаадугаар сарын 5-нд зогсооно. Нэг сумын хувьд иргэдийн хүн амын шилжилт хөдөлгөөнийг цэгцэлж хэн нь хаана түр оршин сууж байгааг нарийн гаргах боломжтой. Сумын төр захиргааны байгууллагууд хэн, хаана түр амьдарч байгаа талаар нарийн тодорхой болгох хэрэгтэй. Ойрын үед сумын ИТХ авч хэлэлцээд тодорхой болгох талаар гишүүд сануулав.

ИТХ-ын даргын товч танилцуулгын дараа иргэдтэй уулзалт хийсэн юм. Гишүүн З.Энхболд тус аймагт сүүлийн дөрвөн жилд улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас оруулсан хөрөнгө оруулалтыг иргэдэд проектороор харуулж танилцууллаа. Энэ оны аймгийн хөрөнгө оруулалтыг Хархорин сумын цэвэр усны болон бохирын шугам, цэвэрлэх төхөөрөмжид зориулжээ. Хархорин сум түүхийн дурсгалт газар гадаадын жуулчид олноор очдог. Тэдний хувьд гол хүндрэл нь халуун ус, боловсон бие засах газар дутагдалтай байдаг. Тус суманд 1,8 тэр­бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дэд бүтцийг нь иж бүрнээр шийдсэнээр тэнд гардаг гол хүндрэл арилна гэж үзжээ. УИХ-ын гишүүн Г.Батхүү Ардчилсан намаас дэвшүүлээд байгаа зөв арван бодлогын талаар ярьж тайлбарлалаа. Тус намын дэвшүүлээд байгаа зөв арван бодлого нь иргэдээс ирүүлсэн хоёр сая 150 мянган саналд үндэслэсэн ойрын хэдэн жилд манай иргэдийн Ардчилсан намаар хийж гүйцэтгүүлэх хүсэлтэй байгаа гол ажил аж. Монгол Улс үйлдвэрлэгч орон байх нь эл арван бодлогын амин сүнс болжээ. Бодлогод бүх аймгийн төвийг хар замаар холбох болон шилэн кабель, сумдыг өндөр хурдны интернэтэд холбох ажлыг “хавтгай Монгол” хэмээн томъёолон оруулжээ. Мөн уул уурхайгаас монгол хүн бүрт хувь хүртээх бодлогыг “Эрдэнийн хувь” хэмээн томъёолон оруулсан тухай гишүүн Г.Батхүү тайлбарлалаа. Иргэн Санждансүрэн малын бэлчээрийг хувьчлах бодлогыг хэн гаргав. Одоо малчид хоорондын том маргаан бэлчээр болж байгаа. Өвөлжих өвөлжөөнийхөө бэлчээрийг нөөцлөх гэтэл бусад нь буугаад идчих болсон гэж бухимдангуй асууж байсан. Түүний асуултад гишүүн Г.Батхүү “Малын бэлчээрийг хувьчлаагүй. Үүнийг орон нутгийн удирдлага зохицуулах үүрэгтэй. Нөгөө талаар иргэд хоорондын харилцаагаар зохицуулагдах учиртай” гэж тайл­барлав. Гишүүний тайлбар Санждансүрэнд таалагдсангүй бололтой. Өвөлжөө, хаваржааг өөрийн болгосон шүү дээ гэж байлаа. Түүнд нь өвөлжөө, хавар­жааны хувьд 0,7 гаг иргэнд эзэмшүүлсэн. Түүнээс цаадах нь нийтийн эзэмшилд байгаа гэж хариулсан юм. Гэвч тэрбээр өвөлжөө, хаваржаа руу дайрч ороод ирсэн нэгнийг буудах уу хэмээн лавласан. Түүнд нь Г.Батхүү гишүүн “Буудаж болохгүй” гэсэн тодорхой хариу өгч сонсогдов.

Монгол шуудан банкны Д.Зоригт Ардчилсан намын ҮЗХ-нд тус аймгийг төлөөлж ажилладаг хүний хувьд намаасаа дэвшүүлээд байгаа “Эрдэнийн хувь”-ийн талаар ярьж, хэлж байв. “Эрдэнийн хувь”-ийг хэрхэн хэрэгжүүлэх хэлбэрийн талаар АН иргэдээс дахин асуух юм байна. Тус сумын иргэн II багийн Засаг дарга Ц.Батжаргал 2006 онд галын гамшигт өртөн өмссөн хувцастайгаа үлджээ. Орон гэртэй болж, амьдрал ахуйгаа өөд нь татахын тулд УИХ-ын гишүүн Г.Батхүүд өргөдөл гарган ханджээ. Үүнийг зохих газарт нь уламжилж Ц.Батжаргалд гэр олгохоор болж Бүрд суманд түүний нэр дээр шинэ гэр ирсэн байна. Гэвч сумын Засаг дарга “Та өргөдөл гарган хандсан юм байна. Гэхдээ энэ гэрийг өөр хүнд олгоно. Танд дараа болно шүү дээ” гээд нэр зааж олгосон гэрийг өөр хүнд өгчээ. Засаг дарга нь УИХ-ын гишүүдийг суманд нь ажиллахад байсангүй. Харин иргэд нь манай сумын Засаг дарга н.Гачмаа байнга аймаг, хот руу томилолтоор явдаг сумандаа тогтдоггүйг хэлж, ингэх шаардлага байдгийг лавлаж байлаа. Мөн тус сумын хүнсний байцаагч төрийн албаны шалгалтад хоёр удаа ороод унасан. Гэвч одоо ажлаа хийсээр байх юм энэ зөв үү хэмээн асуух хүн ч байв. Төрийн албаны шалгалтад хоёр удаа тэнцээгүй хүн төрд алба хаших шаардлагагүй гэсэн хариуг түшээд хэлсэн.

Сумын дунд сургуульд зургаан настай хүүхэд эл­сүүлж эхэлж байгаатай холбогдон анги танхимыг тэдний онцлогт тохируулан сандал ширээнээс нь эхлээд өөрчилж байгаа юм байна. Тус сургууль энэ ажлын хүрээнд нэг ангийг тохижуулах төсөл бичиж, Монгол шуудан банкинд ханджээ. Төсөл шалгарч тус банк хоёр сая төгрөгийн компьютер, техник хэрэгслээр нэг ангийг тоноглосон байна. Уг ангийг Монгол шуудан банкны нэрэмжит болгож байна хэмээн тус сургуулийн захирал Д.Ичинхорлоо ангийн нээлт дээр зарлав. Төсвөөс сумдын эмнэлэгт шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж олгож эхэлжээ. Тус сумын лабораторийн тоног төхөөрөмжийг УИХын гишүүд гардуулав.

Г.Эрдэнэбат

Өдрийн сонин 2008.02.21