Өглөөний сонин 2019,03,20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, дэд дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх санал хүргүүлсэн. Хүчний байгууллагуудын удирдлагуудыг сольж, өөрийн хүнээ тавих гэж байна гэсэн хардлага бий?

-Бүх албан тушаал хугацаатай. Ерөнхий прокурорын орлогчийн хугацаа дуусаад хоёр сар болсон. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын үүрэгт ажлын хугацаа дуусах дөхөж байхад тэр хүн өргөдлөө өгсөн. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалахын зөвлөхөөр ажиллаж байна. Түүнчлэн АТГ-ын дарга болон дэд дарга нар хүний оронд томилогдсон тул өмнөх хүний хугацаа тооцогдож явсан. Тиймээс хугацаа дууссан тул дараагийн даргыг томилно гэдэг бичиг явуулсан. УИХ-ын дарга М.Энхболдоос “Хугацаа нь дуусаагүй байна. Томилох эсэхийг хэлэлцэхгүй” гэдэг бичиг ирүүлсэн. Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ бөгөөд нэр дэвшүүлсэн хүмүүсийг УИХ-аар ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж өгнө үү гэж дахин бичиг явуулсан. Эдгээр албан тушаалтнуудын томилгоот хугацаа дууссан учраас солихоос өөр аргагүй. Ажлаа өгсөн хуучин хүмүүсийг нь дахиж томилохгүй, зөвшилцөхгүй.

-Ерөнхийлөгчийн зүгээс ийм хүмүүсийг ийм албан тушаалд томилуулна гээд хэд хэдэн нэр гарсан байна лээ. Албажсан нэрс үү?

-Хошууч генерал А.Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад, одоо ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг АТГ-ын даргад, АТГ-ын дэд даргад тус газар есөн жил хэлтсийн дарга хийсэн Ж.Батсайханыг нэр дэвшүүлсэн. Ерөнхий прокурорын орлогчид энэ долоо хоногт хүн нэр дэвшүүлнэ. Эдгээр албан тушаалтнуудыг Их хурал хэлэлцээд АТГ-ын удирдлагыг томилох, бусдыг нь зөвшилцсөн шийдвэр гаргана гэж найдаж байгаа.

-Хүчний байгууллагын дарга нар эрх барьж байгаа намд, өндөр албан тушаалтай улстөрчдөд үйлчилдэг гэдэг шүүмжлэл бий. Дарга солигдлоо гэхэд энэ байдал үгүй болох уу. Хараат бусаар ажиллаж чадах уу?

-Нийгэмд маш их гэмт хэрэг үйлдэгдэж байхад энэ хүмүүс хуулийн дагуу зохих ажлаа хийхгүй байна. Жирийн албан хаагчийг ажлаа хийхгүй бол халчихдаг. Харин тэднийг “хараат бус байна” гэдэг халхавчин доор халагдахгүй байх хамгаалалт болгож болохгүй. Жил бүр авлигын индексээр манай улс хойшоо ухарсаар байхад АТГ-ын даргыг ажлаа хийж чадаж байна гэж үзэх үү. Ийм байтал нөгөө л нэг дарга нь ажлаа хийгээд л явж байгаа. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч бус Улсын Их хурал томилдог. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Ерөнхий прокурор болон ерөнхий прокурорын орлогчийг Ерөнхийлөгч Их хуралтай зөвшилцөөд томилдог юм.

-Эдгээр нэрсийг яг ямар шалгуураар оруулж ирсэн юм бэ. Олон хүн гайхаж байна л даа?

-АТГ-ын хоёр даргыг Ерөнхийлөгчийн тамгын газраас вэб сайт дээрээ санал авч тодруулсан. Зэвсэгт хүчний жанжин штабын даргад энгийн хүнийг томилж болдоггүй. Тиймээс тус байгууллагыг аваад явчих, сургуулийг нь төгссөн, генерал цолтой хүмүүсээс судалж байгаад А.Ганбатыг нэр дэвшүүлсэн. А.Ганбат генерал өмнө нь Жанжин штабын орлогчоор ажиллаж байсан. Ерөнхий прокурорын орлогчийн нэр тодроогүй байгаа тул одоогоор нэр хэлэх боломжгүй байна.

-Прокурорын орлогчийг дотроос нь томилж таарах уу?

-10 жил ажилласан прокурорууд байх юм. Б.Энх-Амгалан прокурор дээд шатны прокурор гэж ойлгож байгаа юм билээ. Хуульдаа дээд шатны гэж байхгүй. Гаднаас болон дөнгөж ажилд орсон прокурор болохгүй. Шаардлагад нийцсэн 40 гаруй хүний анкетыг ерөнхий прокурор өөрийн биеэр авч ирж өгсөн.

-Дарга солигдлоо гээд хууль завхруулдаг, хэн нэгнийг өмгөөлдөг байдал болих юм уу. Үеийн үед ийм яриа явдаг шүү дээ?

-Үүнийг эцэс болгохын төлөө Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байгаа. Янз бүрийн яриануудад цэг тавих хэрэгтэй. Эдгээр яриа нь явсаар хонгилын шүүгч, хонгилын прокурор, хонгилын АТГ-ын байцаагч гэдэг нэршил хүртэл бий боллоо. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг прокурорын системд ганц л буруу прокурор байхад иргэд бүх прокурор муу ажиллаж байна гэж боддог. АТГ-ын нэг байцаагч хууль зөрчингүүт АТГ-ынхан бүгдээрээ муухай болж харагддаг. Хуулийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг сэргээхийн тулд “хонгилын” гэдэг хочтой болсон бүх хүнийг зайлуулах ёстой. Хуулийн дагуу ажиллаж чадахгүй байгаа хүмүүсээсээ нэн даруй салах хэрэгтэй. Салж чадахгүй бол нийт шүүгч, АТГ-ынхан, цагдаа, прокурорын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Одоо бол хууль зөрчдөг хүмүүсээсээ үтэр түргэн салах ажиллагаа явагдана. Энэ нь дараагийн томилогдох хүндээ ингэж ажиллаж болохгүй гэсэн асар том сургамж болж өгч байгаа.

-Одоо хонгилгүй зүйл гэж байхаа больж. Бүх зүйл хонгилтой. Тэр хонгил нь дандаа муу муухайн хонгил байх юм. Үнэхээр тийм хонгил байна уу. Та УИХ-ын дарга, АН-ын дарга байлаа. Энэ хонгилоо тэр үед нь нурааж болоогүй юм уу?

-Намын дарга хоёр жил, Их хурлын даргыг дөрвөн жил хийлээ. Хонгилын гэдэг хэрэг үйлдэгдэж байсан уу үгүй юу гэдгийг тухайн үед нь мэдэх боломжгүй байлаа. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр дахь жилээс нь хонгилд хэлмэгдэж байсан хүмүүс нь гарч ирээд яриад байна. Хэрэв энэ хүмүүсийн ярьж байгаа нь бусад нотлох баримтаар нотлогдвол хэлмэгдүүлсэн хүмүүст хариуцлага тооцно. Тэр нь хаа хүрч, цагдаа, шүүхийн дарга хүрээд зогсох уу. Эсвэл бүр дээшээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь орооцолдсон юм уу мэдэх аргагүй. Мөрдөн байцаалт явуулж байж энэ бүхэн тодорхой болох учиртай. Хуулийн байгууллага маш хэцүү. Хүссэн хүсээгүй гэмт хэрэгтэй тэмцэж хүний эрхийг хязгаарлана. Үнэхээр гэмт хэрэг хийсэн, тэр нь шат шатандаа нотлогдсон бол яриа байхгүй. Хэрэг хийгээгүй байхад нь улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байсан бол энэ нь хууль хүчний байгууллагын зарим ажилтны зүгээс хийсэн гэмт хэрэг. Энэ бүхний гогцоог тайлахгүйгээр хаа сайгүй хонгил байна, бүх шүүх, прокурор, цагдаа буруутай гэдэг дүгнэлтийг хийж болохгүй юм. Бүгдээрээ тийм биш гэдэгт би итгэж байгаа. Улсын хэмжээнд 400 орчим шүүгч бий. Тэдэн дунд хонгилын шүүгч гэж хочлогдоод байгаа гарын 10 хуруунд багтах шүүгчийн тухай л ярьж байгаа юм. Шударгаар ажиллаж байгаа хуулийн байгууллагынхан 90-ээс дээш хувь бий гэдэгт итгэж байна. Харин үлдсэн хувьд нь багтах цөөн хэдэн болохгүй хүнээсээ салах нь Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн зорилго. Хуулийн байгууллага өөрөө дотоод хяналтаараа энэ бүгдийг ил болгоод асуудалтай хүмүүсээ халаад хариуцлага тооцох ёстой.

-Таны удирдсан УИХ-ын үед Эрдэнэс ТТ-г MCS болон Хятадын төрийн өмчит Шенхуа компанид үнэгүй 100 жилээр өгөхөөр явж байсныг зогсоосон. Эрдэнэтийн 49%-г бас өгсөн авсан гэсэн зарга нь одоо хүртэл дуусаагүй байна.

Энэ хугацаанд ард түмний өмчийг луйвардах гэсэн оролдлогууд гарсан. УИХ-аас зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй 2-ынх нь тухай яръя. Таван толгойг наад компаниудад чинь өгөлгүй авч үлдээд өнөөдөр 1 тэрбум $ экспорт хийдэг жил бүр 700 тэрбум төгрөг хувьцаа эзэмшигчиддээ хувиарладаг ЭТТ болжээ . Харин Эрдэнэтийн 49 хувийг нь УИХ-д мэдэгдэлгүй аваад явчихсан. “Энхболд тухай үед ҮАБЗ-ийн гишүүн байсан хэрнээ энэ талаар мэдээгүй байна гэж байхгүй” гэдэг хардлага яваад байна. Эрдэнэтийн 49 хувиар ҮАБЗ нэг ч хуралдаагүйн дээр Эрдэнэтийн 49 хувиар хийсэн Засгийн газрын хуралдааны материалыг бүгдийг нь надаас нуусан. Би Оросын Коммерсант сониноос олж мэдсэн. Миний мэдсэн мэдээгүйг би л хэлэхээс биш өөр хүн хэлнэ гэж байхгүй. Би мэдчихээд гарын үсэг зураад өгсөн бол тэр бичгийг нь гаргаж ир. Монголын ард түмнийг төлөөлж өмч хөрөнгийг шийдэх ёстой цорын ганц байгууллага нь УИХ. Засгийн газар УИХ-аас томилогддог байгууллага тул тийм эрх мэдлийг өгөөгүй. Тиймээс УИХ-д ард түмний өмчийг хувьчлах, эс хувьчлах, давуу эрхээ эдлэх гэх мэтийн эрхийг Үндсэн хуулиар өгсөн байдаг. Өмчөө мэддэг Их хуралдаа мэдэгдэлгүй зарчихаар хулгай л болно.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн талаар та ярилаа. Тухайн үед сонгууль өгчихөөд гарч ирээд хэвлэлд өгсөн ярилцлага тань одоо сошиалд яваад эхэлчихэж. Тэр үед та “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь монголдоо ирсэн нь бидний хувьд том боломж шүү” гээд хэлчихсэн байна лээ. Гэтэл өнөөдөр өмнө нь ярьж байснаасаа өөр зүйл яриад байна гэдэг шүүмжлэл гараад эхэллээ?

-Эрдэнэтийн 49 хувийн талаарх яриа өмнө нь гардаг байсан. Өмнөх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үед “49 хувиа зарчихаач” гэж ярьдаг байсан шиг байгаа юм. Би л хувьдаа “Зарчихаач” гэдэг үг хэлж байгаагүй. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар Монголын төрийн өмчид авч ирэх тухай ярьж байсан болов уу. Тэрнээс биш давуу эрхээсээ татгалзаад Монголын хувийн компанид өгчих гэж яриагүй байлгүй дээ. 1998 онд би Оросын ТӨХ-нд захиа бичиж  зарга үүсгээд Монголын талд давуу эрх эдлүүлээгүй учраас тухайн үед Оросод явагдсан хувьчлал нь хүчингүй болж байсан. Хүчингүй болгоогүй бол Монголын Засгийн газарт 50 мянган ам.доллараар зарах үүрэгтэй болох байсан. Үр дүнд ОХУ Засгийн газарт 400 сая ам.доллараар зарах хөрөнгөтэй үлджээ. Монголын төрд байсан тэр давуу эрхийг эдлүүлээгүйн төлөө Ч.Сайханбилэг тэгвэл 49 хувийг авсан талаас юу авсан юм. “Би давуу эрхээсээ татгалзъя. Та нар улсад тэдэн ам.доллар өг. Эсвэл тэдэн хувийг нь өг” гэж ярих ёстой байхгүй юу. Зүгээр өгч болохгүй. Эрх мөнгөөр илэрхийлэгдэнэ. Монголын эрх үнэтэй. Тухайн үеийн УИХ шийдээд өгч болох байсан. Улсын төсөвт одоо мөнгө алга гээд давуу эрхээ зарах, эсвэл мөнгө олоод худалдаж авах үүргийг Засгийн газартаа өгөх гэх мэтээр ямар нэгэн байдлаар шийдэж болно. Тэр шийдвэрийг гаргуулах талаар УИХ-д бичиг ирүүлээгүйдээ Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат нар буруудаад байгаа юм. Миний үгийг мушгих хэрэггүй. Үе үеийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авах тухай ярьж байсан нь Монголын төрд авах тухай байсан юм аа. Үүнд Оросын тал ямар ч буруугүй. Засгийн газар нь давуу эрхээ эдлэхгүй гэсэн бичиг өгсөн болохоор ХХБ-нд өгчихсөн. Дотроо Их хурал шийддэг гэдгийг Оросын талынхан мэдэхгүй шүү дээ. Монголд орж ирсэн хойноо дотроо бид яах вэ гэдгээ ярих ёстой атал яриагүй нь л алдаа.

-Эрдэнэтийн 49 хувийн талаар хүн бүр ярьж байна. Нэгэнт өндрөө авсан сэдэв болчихлоо. Нөгөө талдаа 51 хувь маань юу болж байгаа юм бол. Нам гүмхэн яаж байгаа нь тодорхой, өдөр бүр торгууль төлөөд явж байна шүү дээ?

-“Жаст”-ын Ш.Батхүү гэдэг хүнд “Танайхаас авсан зээлээ төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж төлнө” гэдэг баталгаа гаргаж өгсөн юм шиг байна лээ. Тэрийгээ өгөхгүй бол 51 хувиа өгнө гэдэг гэрээ байхгүй. Цаасан дээр бичигдсэн гэрээний хүрээнд ярихаас биш цуураад байж болохгүй. “Жаст”-ын Ш.Батхүү, С.Баяр нарын аваад алга болгочихсон 100 сая ам.долларыг төлөх үүрэг нь 51 хувьд байхгүй. 51+49 буюу Эрдэнэт үйлдвэрт бүхэлд нь байгаа. Эрдэнэт үйлдвэрийг төлөөлж захирал Ч.Ганзориг гарын үсэг зурснаас биш тэр хүн 51 хувийг төлөөлж гарын үсэг зураагүй. Тэгэхээр аль аль нь хохирч байгаа гэсэн үг.

-ЗГХЭГ-ын дарга нь гүйж очоод Эрдэнэт үйлдвэр дээр онцгой дэглэм тогтоолоо гээд шуугьсан. Төрийн тендер, худалдан авалтыг ямар ч хараа хяналтгүй явуулах алхам хийчихэж байгаа юм биш үү?

-Л.Оюун-Эрдэнэ сайд ганцаараа шийдчихдэг юм биш. Үйлдвэрийн ажиллагаа доголдоод манай эдийн засагт хохирол учруулаад байвал онц дэглэм тогтоож болно. Эрдэнэт үйлдвэр 51, 49 хувь гэж маргаад, ТУЗ-даа орох, орохгүй гэдэг. Үүнээс улбаалж шийдвэр нь хэрэгжинэ, хэрэгжихгүй гээд хоёр жил явсан. Эдгээр шалтгаан арилах юм бол онц дэглэмээ болих байх.

Эрдэнэт үйлдвэр дээр удирдлагын хүрээнд онцгой дэглэм тогтоохоос биш худалдан авах ажиллагаан дээр онц дэглэм тогтоохгүй. Харин үүнийг далимдуулж болохгүй. Төрийн өмч 51 хувьтай бол тендерийн хуулиар явна гэдэг хуультай. Хардлагууд байж болно. Бодит байдал дээр ямар шийдвэрүүд гарсныг харахгүйгээр зохиож бичээд сошиалаар дайрчих юм.

-Хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ?

-Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат хоёр эрхээ хэтрүүлсэн. Шинэ Эрүүгийн хуулийн 22.11-ийг зөрчсөн гэсэн үг. Улсын Их хурлаар баталсан Эрдэнэт үйлдвэрийг байгуулах 1973 оны хэлэлцээр өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Ямар ч өөрчлөлт ороогүй. Нэгэнт хоёр орны хамтарсан үйлдвэр байхаа больж байгаа бол тэр хэлэлцээрээ хүчингүй болгох ёстой.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ОХУ-аас 12 хоногийн хугацаа өгсөн. Монголын Засгийн газарт мөнгө байгаагүй тул 12 хоногийн дотор хувийн хэвшлээс мөнгө босгох боломж байсан гээд хэлчихсэн юм биш үү?

-Их хурал руугаа оруулаад ирсэн бол ийм зүйл болохгүй байсан. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд захидал бичээд “12 хоног багадаад байна. Нэг сарын хугацаа өгөөч” гэхэд үгүй гэхгүй шүү дээ. 400 долларын наймаа биш 400 сая долларын тухай яригдаж байна.

-Энэ асуудал яаж шийдэгдэх юм?

-Асуудлаа хуулийн дагуу шийдэх ёстой. Эрх барьж байгаа Ардын намынхан шийднэ. Тэд ард түмэнд Эрдэнэтийн хувьцааг үнэгүй өгнө гэж амласан.

-Өөр нэг анхаарал татсан зүйл нь хайрга дайрганаас эхлээд 400 гаруй хайгуулын лицензийг төрийн мэдэлд авна гээд та хэлчихсэн. Бужигнаж байна даа?

-Лицензийг нь төр авахгүй. Ордыг нь авч байгаа юм. 1996 он хүртэл улсын төсвөөр хайгуул хийж орд илрүүлдэг байлаа. Тэр үед нээгдсэн 400 гаруй ордоо зүгээр өгчихсөн. Улсын төсвөөс хөрөнгө зарж хайгуул хийсэн бол улсын өмч. Төсвийн хөрөнгөөр 400 гаруй орд нээчихээд нээгээгүй юм шиг танд лиценз бичээд үнэгүй өгчихөж болохгүй. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгаа Эрдэнэс Таван толгойн нүүрсний орд 6.7 тэрбум тоннын нөөцтэй гэдгийг та мэдэж байгаа. Гэтэл 2000 онд Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед тэр газрыг хоосон газар гэж үзээд хайгуулын лиценз үнэгүй олгочихсон. Хайгуул хийсэн дүр үзүүлээд ашиглалтын лиценз авчихсан. Таван толгойн ордын хайгуулын тайлан нэг ачааны машин дүүрэн цаас байдаг. Ийм тодорхой орд дээр хайгуулын лиценз авъя гээд ирэхэд Н.Энхбаярын Засгийн газар өгөхгүй байх ёстой байсан. Өгөөд явуулсан нь буруу. Ийм хууль зөрчсөн үйл ажиллагаануудыг зогсооно. Улсын төсвөөр хайгуул хийсэн бол улсын өмч тул буцааж авна. Цагаан суварга шиг үйлдвэр барьсан байх юм бол тэр үйлдвэртэй нь гэрээ хийж ажиллаж болно. Олборлосон компани ажлаа хийгээд хөлсөө авна гэсэн үг.

Нэг бол улс өөрөө компани байгуулаад нүүрсээ ухаж зөөнө. Эсвэл Энержи Ресурс шиг бүх зүйл нь хувийнх байна гээд туйлшраад байна. Дэлхий даяар ингэж туйлширдаггүй, олон систем бодож олсон. Жишээ нь contract mining буюу улсын уурхай дээр ажилладаг хувийн уул уурхайн компанийн схем бий. Эрдэнэс Таван толгой дээр амжилттай ажиллаж байгаа Монголын хувийн компаниуд олон бий. Газар доорх нүүрсийг гаргаж ирээд тохирсон хөлсөө авна, нүүрсээ улсын Эрдэнэс Таван толгой өөрөө мэдэж зарна. Эрдэнэс Таван толгой одоо л ажиллах хэлбэрээ олж байна. Өөрөө техник худалдан авч, хүмүүс цалинжуулж ажиллуулахгүй бүх ажлаа хувийн компаниар хийлгэж байгаа юм. Цаашид ч энэ хэлбэрээрээ явах ёстой. Таны асуусан тэр 400 орд дээр энэ замыг сонгосон нь дээр. Нэгэнт улс өөрөө эрсдэл хийгээд баахан мөнгө зарсан юм бол үүнийхээ үр шимийг хүртэх ёстой.

-Гадны хөрөнгө оруулагчдаас эхлээд сөрөг зүйл бий болохгүй юу. Үйлдвэр байгуулах гээд зарим нь барьсан байх. Өрөнд орох юм биш үү, тэд?

-30 жил болж байхад үйлдвэр баригдсангүй. 1997 оноос тооцвол 22 жил болж байна. Оюу толгой л үйлдвэр байгуулсан. Тэнд улс зардал гаргаж хайгуул хийгээгүй. 1997 оны хуулийн дагуу тэр баялгийг хэн олсон тэр нь бараг эзэн шиг явдаг хуультай. Төр таван хувийн рояалтигаа авдаг. Улсын төсвөөр хайгуул хийчихээд тэр дээр үйлдвэр байгуулсан компани гарын таван хуруунд байна уу, үгүй юу. Ихэнх нь лицензийн наймааны хэрэгсэл болсон.

400 орд нэг нэг эзэнтэй гэж үзвэл 400 эзний уурыг хүргэчихээд байна. Намайг хараадаг фэйсбүүкийн хүн бишүүд 400 ордыг хураана гээд ярингуут идэвхжээд эхэлж байна лээ. Энэ миний бодол биш. ҮАБЗ-ийн зөвлөмж. Үнэхээр үйлдвэр байгуулсан бол компанитай нь хэлэлцээр хийнэ. Лизензтэй газар нь хоосон хэвээрээ байгаа бол тэдэнтэй ярих юм байхгүй.

-Төр бүхнийг нийгэмчилдэг боллоо гэх шүүмжлэл гарч байна. Хувийн хэвшлүүдээ татан буулгах замыг арай сонгохгүй байх гэсэн хүмүүс олон бий?

-Нийгэмчилж байгаа юм биш. Ашигт малтмалын хууль зөрчин алга болсон өмчөө төр буцаан олж авч байна. Хэзээ ч хувийнх байгаагүй. Эрдэнэс Таван толгой дээр хайгуул хийсэн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс харин ч эрүүгийн хэрэгт унах ёстой. Хайгуул хийсэн газар хийгээгүй гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болж таарч байгаа биз. Тэр хүмүүс ял авах ёстой. Хувийн өмчид халдлаа гээд дүйвүүлдэг хүмүүс байна. Үндсэн хуулийн 6.1-д газрын доорхи баялаг ард түмний мэдэлд гээд байгаа. Фрийдланд шиг эрсдэл хийгээд нэг км өрөмдлөг бүрдээ нэг сая ам.доллар зарцуулан байж хүдрийн биетээ олоод, 1997 оны ашигт малтмалын хуулийн дагуу бүхнийг ном журмын дагуу хийгээд явбал тэрийг хураах тухай эрх Монголын Засгийн газарт үүсэхгүй. Бүх зүйл ялгаа заагтай. 400 ордыг төрд буцаан авах гэдэг үгтэй юм шүү. Буцаан авна гэж байгаа бол өмнө нь төрийнх байсан гэсэн үг.

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар татварын багц хуулиуд, тендерийн хууль, Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж байна. Эдийн засагт хэр үр өгөөжтэй байх бол?

-Захиргааны хуулийн эсрэг байгаа. Засгийн газар Захиргааны шүүх дээр очдог болгохыг Захиргааны ерөнхий хуулиар манай Их хурлын үед шийдсэн юм. Үүнээс буцаж болохгүй. Энэ чинь дэвшил. Захиргааны ерөнхий хуулиас Засгийн газрыг гаргаж болохгүй гэдгийг хуулийн төсөл дээр санал авч байхад Ерөнхийлөгч албан бичгээр өгсөн.

Татварын хуулийг өөрчилж үндэстэн дамжсан корпорациудад давуу эрх олгох гэж байгаа энэ хэсэг нь буруу.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр аждаа өгөх өргөдлөө өгчихлөө. Өргөдлөө өгөх болсон шалтгаан нь юу байв гэдгийг олон хүн харж байна. Нэг хэсэг нь Төрийн тэргүүнтэй таарамжгүй харилцаа үүсэв үү гэж байгаа бол нөгөө хэсэг нь Ардчилсан намын дарга болох алхам хийж байна гэх юм. Энэ тал дээр таны байр суурийг сонирхмоор байна?

-Алтанхуягийн гараараа бичсэн хоёр хуудас өргөдөл бий. Өргөдөл дээрээ товч бөгөөд тодорхой байна лээ. Хүн нь, өргөдөл нь, өргөдлөө өгөхдөө хэлсэн үг нь байна. Тэр өргөдөл дээр нь таны хэлсэн хоёр таамгийн аль нь ч байхгүй. С.Эрдэнэ даргыг шүүмжлэхээр Ерөнхийлөгчийг гэж ойлгоод байна. Тэгэхээр би ажлаа өгөөд эрх чөлөөтэй болж байгаад үгээ хэлье гэж байгаа юм.

-Тэр нь харин намаа авъя гэсэн үг юм биш үү. Тэгж л уншигдсан?

-Ерөнхийлөгч виз өгөөд намын дарга бол гээд явуулж байгаа юм биш. Нэг өдөр яригдаад шийдсэн юм биш. Алтанхуягийг намын ажилд идэвхтэй оролцоод эхлэхээр нь Ерөнхийлөгч “Алтанхуягаа, яах гэж байна” гэсэн чинь “Би өргөдлөө өгнө. Миний цалин авдаг ажил, миний олон нийтийн ажилтай таарахгүй байна. Хоёр жил сайхан ажиллаа, баярлалаа” л гэсэн.

Ерөнхийлөгчийн зүгээс Н.Алтанхуягт С.Эрдэнийг шүүмжил гэдэг үүрэг хэзээ ч өгч байгаагүй. Өгөх ч үгүй. Ерөнхийлөгч аль нэг намын дотоод асуудалд оролцохгүй. Таны асуусан хардлага буруу. Муудалцаад салсан гэдэг бүр буруу. Н.Алтанхуяг эвслийн Засгийн газарт байж байгаад “Сонгууль ойртсон тул би явлаа” гээд явсан байх аа. Тэр ажлаа л хийж байгаа юм.

-Өмнө нь Ардчилсан намын дарга байсан хүний хувьд сонирхож асууж байгаа юм шүү. Уг нь нам шинэчлэл хийж байна гээд яриад байгаа л даа. Гэсэн ч Ардчилсан нам дотроо хоёр, гурав хуваагдчихлаа?

-Бүгдээрээ нэг саналтай байх боломжгүй нам шүү дээ. 1990 онд анх байгуулагдахдаа тухайн үеийн дэглэмийг эсэргүүцсэн хүмүүсийн нэгдэл байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүсийг нэг саналтай болгоно гэдэг боломжгүй. Энэ нь Ардчилсан нам дотроо ардчилалтай байгаагийн илэрхийлэл. Бүгдээрээ нэг саналтай байдаг сайхан 65 гишүүнтэй нэг нам сонгогдсон. Одоо юу болов. Засгийн газраа сольсон. Цаашид яахыг бүү мэд. Бүгдээрээ нэг саналтай байдгийн аюул нь энэ. Бугшиж байгаад нэг өдөр зад үсэрдэг. Ардчилсан намын зодоон нь, эвлэрэл нь ч ил. Ардчилсан нам Н.Алтанхуягийг Ч.Сайханбилэгээр сольсон. Гэхдээ 4000 км хатуу хучилттай авто зам тавих ажлаа зогсоогоогүй. 60 мянган айлын орон сууц баригдахаас эхлээд бүтээн байгуулалт нэг хором ч зогсож байсангүй. Ипотекийн 17 хувийн зээлийг найман хувь болгосон. Харахад Ардчилсан нам хэрэлдэж байгаа мэт боловч ажил нь үргэлж явж байдаг. Үүнтэй хэн ч маргахгүй. Тавьсан замыг нь шугам татаж үзвэл Энэтхэгийн Шинэ Дели хот хүрэхээр байна. Ардын нам дотроо хэрэлдээд ажил нь явахгүй гацдаг. МАН дотроо хэрэлдэж байгаа ч ажлаа явуул л даа. АН 4000 км зам барьж байгаа юм бол бид 5000 км зам барина гэж амбицлах ёстой байхгүй юу.

-Ардчилсан намын даргыг солих гээд байгаа юм биш үү?

-Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтөөр яаж ч бослого гаргасан С.Эрдэнэ гэдэг хүнтэйгээ сонгуульд орно. Одоо өөрчлөх ямар ч боломжгүй. Өөрөө өргөдлөө өгнө, нэг бол сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцуулна гэдэг хоёрхон сонголтыг дүрэмд суулгаж өгсөн. Намын шинэчлэл бүрэн хийгдэж дууссан. Одоо бүгдээрээ дүрмээ унш. Сонгуульд ялагдсан намын дарга дахиж даргад өрсөлдөхгүй гэдэг шударга дүрэмтэй болгочихсон. Дундуур нь намын даргыг солих боломжгүй. Тэгж бодож, зорьж яваа хүн байгаа л байх. Гэхдээ боломжгүй.

-Ардчилсан нам парламентад есөн гишүүнтэй бүлэгтэй байлаа. Л.Болд, Ж.Батзандан нарыг хамаасаа хасчихлаа. Бүлэг ч үгүй болж үлдэж байна. Таны бодол үүн дээр ямар байгаа бол?

-Ардчилсан намын есөн УИХ-ын гишүүний л ажил. МАН дотроо муудахад АН дотроо муудах ямар ч шаардлагагүй байсан. Намын улс төрийн зөвлөлийн шийдвэр гарсан байхад түүнийг сөрж явж болохгүй. С.Эрдэнийн хариуцлага тооцдог нь ч зөв. Дүрмэндээ тэгээд биччихсэн юм чинь намын дарга хариуцлага тооцно шүү дээ.

-Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг илт дэмжиж байна гэдэг гарсаар хоёр жил боллоо. Энэ нь өөрөө шинэ цагийн МАНАН гэх юм. Одоо ШХАБ-д элсэх тал дээр Төрийн гурван өндөрлөг санал нэгдлээ гээд байна шүү дээ?

-ШХАБ-ын тухайд маш хариуцлагагүй зүйл явж байгаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил нар маш хариуцлагагүй яриаг хэвлэлд өгч байна. Уг нь манай гадаад бодлого удаан хугацаанд тогтвортой байх ёстой. ШХАБ-д одоо яараад орчихъё гэж буй хүн алга. Д.Цогтбаатар сайд орох бодолтой, тэрийгээ Их хурлаар хэлэлцүүлэх санаатай юм шиг байна лээ. ШХАБ-ыг байгуулагдсан цагаас нь манайх ажиглагчийн статустай явж ирсэн. “Та нар жинхэнэ гишүүн болооч” гэхээр нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Энэтхэг, Пакистан хоёрыг орчихвол орно” гэдэг байсан. Нөгөө хоёр нь ороод гурван жил болчихлоо. “Танай Элбэгдорж чинь тэгдэг байсан. Одоо орохгүй юм уу” гэж Ерөнхийлөгч Х.Баттулгаас асууж магадгүй. Тэгэхэд нь хариулах үггүй л болчихоод байгаа юм. ШХАБ-д орох нь зөв, буруу гэдгийг мэргэжлийн хүмүүсийнх нь хүрээнд ярих хэрэгтэй. Ц.Элбэгдорж, Ц.Мөнх-Оргил хоёрын яриад байгаа шиг цэргийн эвсэл биш. Хэрэв цэргийн эвсэл байсан бол эвслийн хоёр орон Энэтхэг Пакистан хоорондоо байлдахгүй шүү дээ. Нэгдсэн шийдвэр ч гарахгүй. Ямар ч байсан цэргийн эвсэл биш. Орвол ийм ач холбогдолтой, орохгүй байлаа гэхэд ийм хор нөлөөтэй гэдгийг ил тод, мэргэжлийн хүмүүс ярих ёстой. Гадаад харилцаагаа улс төржүүлж, ялангуяа хойд, урд хоёр хөршөө муулж болохгүй. Тэр тусмаа ийм ажил хийж байсан хүмүүс тэгж ярьж болохгүй л дээ. Ц.Элбэгдорж, Ц.Мөнх-Оргил хоёр дөнгөж анх удаа сонгогдсон гишүүн биш дээ, ямар.

-Х.Баттулга Ерөнхийлөгч ирэх сонгуулиар АН-аа дэмжинэ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга учраас намаа дэмжиж таарна. Сүүлийн жил гаруй хугацаанд дөрөө харшуулж явлаа гээд шүүмжилж байна л даа. Энэ нь өөрөө шинэ МАНАН болж байна гэх юм?

-Төрийн гурван өндөрлөг эв найртай улсынхаа төлөө ажиллах ёстой. Сонгуулиар Ерөнхийлөгч Х.Баттулга аль нэг намыг дэмжих боломжгүй. Намаас түдгэлзсэн хүн. Монгол Улсын хөгжилд бүх намуудын оролцоог хангах нь чухал. Тэр ажлаа л хийж байгаа. Энэ хоёр хүнийг муудалцуулах ямар зорилго байна вэ. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Цогтцэций-Сайншандын төмөр замыг барьвал сайн. Энэ замыг барихгүй бол бид нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр өгч чадахгүй. Ачуулсан тонн тутамдаа 130 ам.доллараар хохирч байна. 10 сая тонн нүүрс ачууллаа гэхэд 1.3 тэрбум ам.доллар жилдээ алдаж байна гэсэн үг. Сайншандын төмөр замыг үүнийх нь 50 хувиар барьчихна. Анх удаа Эрдэнэс Таван толгойгоос 700 тэрбум төгрөгийн ногдол ашиг авах гэж байгаа. Үүний 85 хувь нь буюу 600 орчим тэрбум нь Засгийн газарт очно. Энэ мөнгөөр нь төмөр зам барихаар ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Транзит гэрээг нь Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай ярьж байгаад шийдчихлээ. Нүүрс чинь Сайншанд хүрч байж Владивосток хүрнэ. Ийм л эдийн засаг, дэд бүтцийн асуудал хуримтлагдчихаад байхад ШХАБ-д орно, орохгүй гээд маргаад байгаа нь ЖДҮ-гээсээ хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь хандуулах тактик шүү дээ.

-ЖДҮ-г одоо яах ёстой юм бэ?

-Хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. ЖДҮ анх гарахад 30 гаруй хүн холбогдсон байна гээд би хэлж л байсан. Түдгэлзүүлж шалгуулах нь 65 гишүүнтэй МАН-ын ажил. Тэр тусмаа сонгуулийн өмнө МАН оноо алдаад л байгаа юм. ЖДҮ-тэй холбогдсон хүмүүсээ цэвэрлэхгүй бол хэцүү дээ. Намууд гэмт хэрэг хийсэн хүмүүсээсээ салахгүй бол аль ч намд итгэх хүнгүй болно. Гэмт хэрэг хийсэн АТГ ажилтан, шүүгч, прокуророосоо салахгүй бол ард түмэн шударга ёсонд итгэхгүй. Аль ч институцид хамаатай үг. Ард түмэн болохгүй байна гээд байхад нь “Үгүй ээ, энэ хүн шударга” гээд байж болохгүй.

Э.ЭНХБОЛД