Сүүлийн үед хяналтгүй үйлдвэрлэгдэж байгаа хортой архинаас болж нэг дор 14 хүн амиа алдсаны дараа л Засгийн Газар цочоо авч УИХ-д “согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр оруулж ирснийг энэ сарын 25-наас хоёр өдрийн турш хэлэлцэв. Уг хуулийн төсөлд спирт, архины үйлдвэр, худалдаа хийх цэгийн тоог эрс цөөлөхөөр байсныг ерөнхийдөө АН-ынхан эсэргүүцэж, МАХН-ынхан дэмжиж байгаа нь харагдсан. Тоог механикаар цөөлөхийн оронд стандартаа зөв тогтоож, хяналтаа сайн тавих аргаар асуудал шийдэж болохыг АН-ыхан сануулах үеэр З.Энхболд гишүүн баримт харуулж -Улаанбаатарт архи худалдах зөвшөөрлийг сэргээчихээд хөдөө яагаад нээхгүй байна вэ. Надад ҮТЕГ-аас ирүүлсэн баримт байна. Үүнээс харахад Дархан-Уул аймгийн “Номин” нэртэй архины үйлдвэр нэг жилд таван авдар буюу 106 шил архи үйлдвэрлэсэн гэж тооцуулаад үүнд тохирсон татвар төлсөн байна. Архи үйлдвэрлэх зөвшөөрөл авсан компани жилд тавхан авдар архи үйлдвэрлэнэ гэж юу байх вэ. Хамгийн их архи үйлдвэрлэж, их татвар төлсөн нь “Спирт бал бурам” ХХК. Тэд жилд 16 сая гаруй шил архи үйлдвэрлэжээ. Метилийн спиртээр архи найруулсан “Азийн чоно” компанийн “Гүн галуутай” үйлдвэр 2007 оны арванхоёр-дугаар сарын 20-ны байдлаар 1281 шил буюу 64 авдар архи үйлдвэрлэсэн гэж тооцуулаад нэг сая 500 мянган төгрөгийн татвар төлсөн байна. Гэтэл уг компанид үйлдвэрлэсэн хортой архийг хураахад дээрхээс хамаагүй илүү байсан биз дээ. Ийм байдлаар архины үйлдвэрүүд татварын луйвар хийдэг аж. Тиймээс татвар бага төлдөг үйлдвэрүүдийг цэгцлээд дараа нь томоохон үйлдвэрүүдээ аттестатчилалд хамруулах байдлаар асуудалд хандвал яасан юм бэ? гэсэн санал гаргасан нь гишүүдээс дэмжлэг авлаа.

Баримтыг дэлгэрүүлж үзэх