үг
Улаанбаатар 2016.04.22
        Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
        Эрхэмсэг хатагтай ноёд оо,
Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт Та бүхний идэвхтэй оролцоо, хүчин чармайлтыг үр дүнд амжилттай болоод өндөрлөж байна. 1996 онд анх зохион байгуулагдаж байсан Парламентын түншлэлийн энэхүү уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойн жилд болж буй онцлогтойг би нээлтийн үед Та бүхэнд хэлсэн. Энэ хоёр өдөр хоёр тивийн 32 орон, Европ парламентын төлөөлөгчид манай улсын нийслэлд цугларч өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ-ын үйл ажиллагаанд Ази, Европын парламентын түншлэлийн уулзалтын оруулсан хувь нэмэр, үүрэг оролцооны талаар дүгнэн хэлэлцэж, ойрын ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон ярилцаж, үр дүнтэй уулзалт, хуралдаан хийснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Өнөөгийн олон улсын байдал нь урьдчилан таамаглашгүйгээр хувьсан өөрчлөгдөж, дэлхийн улс үндэстэн бүхэн томоохон шалгуур, сорилтуудтай нүүр тулгараад байна. Эдгээр сорилтыг даван гарах гарц нь дэлхийн улс орон, ард иргэдийн яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, ард түмний төлөөлөл болсон хууль тогтоогчид бидний үр дүнтэй хамтын ажиллагаа гэж Монгол Улс үздэг. Тийм ч учраас энэхүү уулзалтын нэгдсэн хуралдааныг “АСЕМ дахь Ази, Европын парламентын түншлэлийн үүрэг оролцоо”, салбар хуралдаануудыг “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” гэсэн хоёр сэдвийн дор зохион байгуулсан билээ.
Хоёр тивийн парламентын төлөөлөгчид дэлхий дахин, бүс нутгийн тулгамдаж буй энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хууль бус шилжилт хөдөлгөөн зэрэг тодорхой сэдвүүдээр санал бодлоо солилцож, эдгээр асуудлыг бие биеэ хүндэтгэх, эрх тэгш, харилцан ашигтай, дотоод хэрэгт үл оролцох зарчмын үндсэн дээр хамтын ажиллагааг хөгжүүлж, түншлэлийг бэхжүүлэх замаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн нэгдмэл саналтай байна. АСЕМ-ын түнш орнууд нь дэлхийн хүн ам, ДНБ-ийн 60-аад хувийг бүрдүүлдэг. Тийм ч учраас АСЕМ-ын хүрээнд хэлэлцдэг асуудал, түүнээс гарах шийдвэрүүд нь төдий хэмжээний далайцтайгаар дэлхийн үйл хэрэгт хамаардаг гэсэн үг юм.
Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас батлан гаргасан тунхаглалын заалтууд нь Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын агуулгад тусгагдах учир ач холбогдол өндөр боллоо гэж дүгнэж байна.
20 жилийн өмнө гараагаа эхэлсэн Ази, Европын парламентын түншлэлийг уулзалт нь олсон амжилт, хүрсэн түвшиндээ тулгуурлан, алдаа сургамжаасаа суралцан цаашид улам боловсронгуй болно гэдэгт би эргэлзэхгүй байна.
Төгсгөлд нь, салбар болон хороодын хурал даргалагч, хамтран даргалагч нар, илтгэл тавьж үг хэлсэн, санал бодлоо илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бүх хүмүүст, уулзалтад оролцсон парламентын нийт төлөөлөгчид, уулзалтыг амжилттай зохион байгуулж ажилласан нийт хүмүүст Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
        Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт хаасныг мэдэгдье.