Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.01.06/ “Нийгмийн дундаж давхаргыг тэлж, хуримтлалыг нэмэгдүүлэх замаар, эдийн засгийн урт хугацааны хөгжилд хүрэх нь” сэдвээр танилцуулга хийлээ.

Тэрээр танилцуулгын эхэнд, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтээс үүдэн 12 дугаар сарын эхнээс Монгол Улсын хэмжээнд ипотекийн зээл олголт бүрэн зогссон. Өнөөдөр ипотекийн зээлийн өнгөрсөн гурван жилийн хугацааны тайлан, үр дүнгийн талаар мэдээлэл хийж байгаагаа танилцуулав. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг сэргээхээр хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүд боловсруулж байгааг дуулгалаа. Мөн Засгийн газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд ипотекийн зээлийн явцад хуримтлагдсан мөнгийг тэтгэврийн сан болгох асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгааг мэдээлсэн. Ингэснээр ямар нэг сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд цаашид тогтвортой ажиллах тогтолцоо бүрдэнэ гэлээ.

Монголын Ипотекийн Корпорацийн захирал Д.Гантөгс, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн тайланг танилцуулав.

Тасралтгүй нэмэгдэж байгаа ипотекийн зах зээлийн өсөлтийг санхүүжүүлэх, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог хөгжүүлэх, нийгэмд хүртээмжтэй хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын нийт 823412 өрхийн 537682 нь хот суурин газар амьдардаг байна. 2014 оны эцсээр хийсэн бүртгэлээр Улаанбаатар хотод 352812 өрх байгаагийн 148600 нь дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна. 204000 айл гэр хороололд амьдарч байгаа бөгөөд 189240 нь тохилог орон сууцанд амьдрах хүсэлтээ илэрхийлжээ. Түүнчлэн аймгийн төвүүдэд хийсэн судалгаагаар төв суурин газар шилжих, Улаанбаатар хотод суурьших хүсэлтэй 15456 өрх бий гэжээ.
Дээрх судалгааны үр дүнд ойрын 5 жилд Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд 205 мянган орчим орон сууцны хэрэгцээ, шаардлага байгаа дүр зураг гарч байгаа аж. Харин орон сууц худалдаж авах төлөвлөгөөтэй 170 мянга орчим өрхийн 64 мянга нь 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар төлөвлөн урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж байгаа талаар Монголын Ипотекийн Корпорацийн захирал танилцуулгадаа дурдав.

Түүнчлэн ипотекийн зээл олголт 2010 оноос хойш тасралтгүй өсөн нэмэгдсээр 2013 оны эцсээр 2 их наяд төгрөгт хүрсэн бол 2015 оны сүүлээр 3.4 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм байна. Хамгийн хурдан өсөлттэй байгаа ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэр нь банкуудын үндсэн хуримтлалаас гадна айл өрхүүд, аж ахуйн нэгж, компаниудын хадгаламжийн хуримтлал байдаг. Зээлдэгчийн тоо 2010 оноос хойш 5 дахин өссөн нь маш хурдтай тэлж буй том зах зээл болохын илрэл юм. 2003 онд ипотекийн зээлийг 5 жилийн хугацаатай, 20 хувийн хүүтэйгээр олгож байсан. Харин 2013 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Мөн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн байдлыг танилцуулсан бөгөөд чанаргүй зээл 0.01 хувь байдаг аж. Тодруулбал, зээл авсан 47.500 орчим айл өрхийн 40 нь зээлийн эргэн төлөлтийнхөө хугацааг хэтрүүлжээ. Энэ  үзүүлэлтээс урт хугацаатай, бага хүүтэй ипотекийн зээл нь эрсдэл тун бага  гэдгийг харж болно гэдгийг Монголын Ипотекийн Корпорацийн захирал Д.Гантөгс онцоллоо. Үргэлжлүүлэн тэрээр 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийгмийн ач холбогдол, ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм./танилцуулга бүрэн эхээрээ/

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ард түмэнд хэрэгтэй, олон талын үр ашигтай энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал гэв. Мөн тэрээр “Ипотекийн зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл явц тун төвөгтэй байсан. Гавьяат хуульч Б.Чимид хувь хүний өмч болох хүртлээ банкинд хадгалагддаг эд хөрөнгийг “барьцаалбар” хэмээн томьёолж, хуульд тусгасан. 2009 онд би Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхад маш олон хүн эсэргүүцэж байв. Гэхдээ шинэ ойлголтыг суулгах шаардлагатай хэмээн үзэж, 2012 онд хууль баталсан. Ийнхүү уг хууль хэрэгжсэнээр өнөөг хүрсэн. Гэтэл Үндсэн хуулийн цэц “барьцаалбар” гэх ойлголтыг  “орон сууц эзэмших эрхийн бичиг” гэж үзээд шийдвэр гаргасан. Үүнээс үүдэн иргэд эзэмшлийн орон сууц, автомашинаа барьцаалах гэх зэрэг зээлийн зарим үйлчилгээ зогсчихсон байгаа. Тиймээс Улсын Их Хурал яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэмээн үзсэн. Ийм л шалтгаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийг 100 хувь буруу гэж хэлж байгаа юм” гэлээ.

Үргэлжлүүлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага, 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ипотекийн зээл зогссон шалтгааныг тайлбарлав.

 

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгө барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, давхар барьцаалах, ашиглуулах зэргээр шилжүүлж болох нөхцөл үүссэн. Үүгээр зээлдэгч иргэн, аж ахуйн нэгжийн эрх нэмэгдэж байгаа мэт боловч зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж хумигдаж байна. Зээлийн эрсдэл өсч, зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн барьцааны үүргийг алдагдуулахад хүрч буй тул зээлийн хэлцэл анхнаасаа хийгдэхгүй байх эрсдэл үүссэн. Үндсэн хуулийн цэцийн эл шийдвэр гараагүй байсан бол сард хамгийн багадаа 800 өрх, дунджаар 1300 өрх, жилд дунджаар 9.6-15.6 мянган өрх шинээр орон сууцтай болох боломжтой байсан.

 

Жишээлбэл, 12 дугаар сард “Буянт-Ухаа 2” хороололд орохоор зээлийн шийдвэрээ хүлээж байсан 200 өрх байрандаа орж чадаагүй. Энэ шийдвэрээс үүдэн зээл авч, орон сууцанд орох гэсэн айл өрхүүд хохирсон төдийгүй банкнаас өгөх зээлийн санхүүжилтээ ТОСК авч чадаагүй. Иймээс барилгаа бариулсан Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацид өгөх мөнгөө өгч чадаагүй. Цаашлаад Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци барилгын материал нийлүүлэгч компаниудад төлбөрөө барагдуулж чадаагүй, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн. Тавилгын худалдаа энэ хэмжээгээр буурч, засал чимэглэл хийдэг жижиг компани, хувь хүмүүс ажилгүй зогсоход хүрсэн. Нэг шийдвэрээс үүдсэн урт гинжин цуваа. Ийм аюултай нөхцөл үүсчихээд байгаа учир орон сууцны ипотекийн зээл хэвийн олгогдох нөхцөлийг дахин бүрдүүлэхээр ажиллаж  байна.

 

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга З.Энхболд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг тайлбарлан, орон сууцны зээлийн 8 хувийн хүүг бууруулж 5 хувьд хүргэх бололцооны талаар танилцуулж, моргейж калкулятор буюу тооцооллын программд боломжит хувилбаруудын тооцоог хийж үзүүлсэн юм. Үүний үр дүнд орон сууцны зээлийн хүүг 5 болгон бууруулснаар тухайн зээлтэй өрхийн амьдралд гарах эдийн засгийн хэмнэлтийн талаар моргейж калкуляторт тооцоолон ярилцав. Төгсгөлд нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

 

 

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын “Нийгмийн дундаж давхаргыг тэлж, хуримтлалыг нэмэгдүүлэх замаар, эдийн засгийн урт хугацааны хөгжилд хүрэх нь” сэдэвт танилцуулгад Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Монголын Ипотекийн Корпорацийн захирал Д.Гантөгс, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат оролцон мэдээлэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.