2015.11.28

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо!

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан зохион байгуулж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого, шинэчлэл” үндэсний II чуулганд оролцохоор эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын асуудал нь хүн амын хөгжлийн бодлогын салшгүй бүрэлдэхүүн төдийгүй илүү анхаарал халамж шаарддаг гэдэг утгаар үе үеийн төр засгийн зүгээс анхаарлаа хандуулж ирсэнийг Та бүхэн мэднэ. Гэтэл 21 дүгээр зууны хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол дан ганц халамж, асрамж шаарддаг хүмүүс биш жирийн иргэдийн нэгэн адил сурч боловсорч, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд бололцооны хэрээр оролцох чин хүсэлтэй хүмүүс юм.

Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын асуудлаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг үндсээр өөрчлөх шаардлага зүй ёсоор гарч байна. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авьяас сонирхол, чадварт нь суурилсан сургалтад хамруулж мэргэжил олгох улмаар мэргэжлээр нь ажиллах тогтвортой ажлын байр бий болгох асуудлыг тэргүүн зэрэгт шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг хуульчилж төрийн болон аж ахуйн нэгж байгууллага ажиллагсадын тоонд дүйцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлаар хангах үүрэгтэй ч хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах талаар санаачилга гарган ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг эдийн засгийн хөшүүргийг хуульчлах нь зүйтэй гэж үзэж байна.

Миний бие Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа 2008 оны 12 дугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулахад оролцож байсан. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бусдын адил эдэлж нийгмийн бүхий л харилцаанд орох боломж баталгаажсан юм.

Энэхүү Конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг дээдэлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас холбогдох яам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн бариад байгаа.

Мөн Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”, “Хөдөлмөрийн тухай, “Баялгийн сангийн тухай” хуулиудын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгаж энэ Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.

Аливаа хууль, тогтоомж амьдралд ойр, хэрэгжих боломжтой байх учиртай. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын талаар төр, засгаас баримтлах бодлого, эрх зүйн баримт бичгийг боловсруулахад энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, энэ чуулганд оролцож байгаа төлөөлөгчид Та бүхний санал санаачилга чухал ач холбогдолтой юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн хүрээнд олон чухал асуудлыг энэ чуулганаар хэлэлцүүлж, үнэтэй саналыг гаргаж, амьдралд хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Сүүлийн гурван жилд шинээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдаж, хариуцах газар, мэргэжилтнүүдтэй болсон. 2013 онд энэ танхимд чуулга уулзалт хийж байсныг санаж байна. Ямар ч байсан өмнө жилүүдээс илүүтэй анхаарал тавьж, хууль гаргах талаар хөөцөлддөг яамтай, олон төрийн бус байгууллагууд хоорондоо холбоотой ажиллаж байгаа нь туйлын сайшаалтай. Улсын Их Хурлын гишүүд ч гэсэн асуудлыг илүү ойлгож, дэмжиж явахад Та бүхний энэ чуулганд хэлэх үг чухал юм. Одоогийн хэлэлцэж байгаа хэд хэдэн хуулийн төсөл дээр энэ чуулганаар уриалга гаргах байх, тэр болгоныг хуулийн төсөлд тусгах бодолтой байгаа юм.

Та бүхэнд болон та бүхнээр уламжлан монголынхоо хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсч чуулганы ажиллагаанд амжилт хүсье.