Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ОХУ-ынХолбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар 2015 оны 9 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв.

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаарх багц мэдээллийг толилуулж байна.

2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр. Даваа гараг

УИХ-ын дарга З.Энхболд Александрийн цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөө”-нд цэцэг өргөв

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар энэ сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр Александрийн цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөө”-нд цэцэг өргөлөө.

Москва хотын Кремлийн ханын дэргэдэх Александрийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөө” хүндэтгэл, дурсгалын цогцолборыг Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн баатарлаг цэргүүдийн дурсгалд зориулан 1967 оны 05 дугаар сарын 08-нд байгуулсан түүхтэй. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой хэлэлцээ хийв

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээ хийхийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

В.И.Матвиенко: Орос Монголын эдийн засгийн харилцааг олон тулгууртай болгох шаардлага тулгарч байна

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко уулзалтын эхэнд, УИХ-ын дарга З.Энхболд болон Монголын төлөөлөгчдийг ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлэв. Монгол Улсад өнгөрсөн жил миний хийсэн айлчлал үр дүнтэй байсан бөгөөд тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна.Монгол Улс хэдхэн хоногийн өмнө ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганыг амжилттай, өндөр хэмжээнд зохион байгуулсанд тань баяр хүргэе. Энэ чухал арга хэмжээг өндөр дээд хэмжээнд зохион байгуулсан нь олон улсын тавцанд танай улсын нэр хүндийг өсгөсөн хэрэг боллоо. Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх нь ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэгд ордог. Монгол Улс газар зүйн хувьд  зөвхөн манай улсын хөрш төдийгүй бид ойр дотно харилцаатай, олон жилийн түүхт сайн хөршийн харилцаанд тулгуурладаг олон талын хамтын ажиллагааг хөгжүүлж чадсан  гэдгийг онцлох хэрэгтэй. Цаашид ч Монгол Улстай гадаад бодлогын хувьд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байна.

Хоёр орны харилцааг улам өргөжин хөгжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал юм. Цаашид бид чиглэл чиглэлийн байнгын хороодын хамтын ажиллагаа болон мөн түүнчлэн ИТХ-ын харилцааг хөгжүүлэх нь ч чухал. Манай танхим бол ОХУ-ын бүх бүсийг төлөөлсөн төлөөлөгчдөөс бүрддэг. Тиймээс ОХУ болон Монголын хил орчмын харилцаанд анхаарах шаардлагатай байдаг.

В.И.Матвиенко: Эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо их

Мөн эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн нөөц бололцоо байна. Бид монгол улсад нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байна. Худалдаа эдийн засгийн харилцааг олон улсын тавцанд хөгжүүлэх хэрэгтэй юм.

В.И.Матвиенко: Эх орны дайны үед ЗХУ-д үзүүлсэн Монголын туслалцааг хэзээ ч мартахгүй

Эх орны дайны үед Монгол Улсаас ЗХУ-д асар их туслалцаа үзүүлснийг ОХУ өндрөөр үнэлж, талархаж явдагаа дахин илэрхийлье. Мөн Аугаа эх орны дайнд ялалт байгуулсаны 70 жилийн ойн баярт Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголын цэрэг армийнхан оролцсон нь чухал байлаа. Эрхэм хүндэт Улсын Их Хурлын даргаа, манай хоёр орны хооронд байгаа шийдэгдээгүй асуудлууд тийм ч ноцтой биш, манай улсын зүгээс бүхий л талаар Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна.

УИХ-ын дарга З.Энхболд: Монгол, Оросын худалдааны хэмжээ 1,6 тэрбум ам.доллар, үүнд манай экспорт зөвхөн 3 хувь байна

УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцээ хийх үеэр хэлсэн үгэндээ, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенког элэгсэг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлье. Бид ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд манай хоёр орны хооронд хөгжүүлж буй стратегийн түншлэлийг цаашид бодит агуулгаар баяжуулах нь чухал.

Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа тун чухал.  Би таны хэлсэнчлэн, Засгийн газарт тавих Парламентын хяналтыг нэмэгдүүлэх талаар хэлсэн үгтэй 100 хувь санал нэг байна. Хамгийн наад захын жишээ бол 2009 онд тохиролцсон үл хөдлөх хөрөнгийн асуудлыг одоо болтол шийдээгүй байгаа нь манай гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа хир удаан байгааг харуулж байна. Энэ асуудлыг урагшлуулахын тулд анхаарах болно.

УИХ-ын дарга З.Энхболд: Бид эдийн засгийн  гол зүтгүүр болсон  хамтарсан гурван үйлдвэртэй

Манай хоёр улсын хамтын ажиллагаатай гол гурван зүтгүүр бол  “Эрдэнэт” ХХК, “УБТЗ” ХНН, “Монголросцветмет” ХХК юм. Эдгээр үйлдвэрүүд бүгд 1990 оноос өмнө байгуулагдсан. Цаашид тулгарсан асуудлыг шийдвэрлэж, хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Протоколыг УИХ соёрхон батлахаар ажиллаж байна.

Хоёр улсын иргэд харилцан визгүй болсон нь иргэд хоорондын харилцаанд чухал

Өнгөрсөн оны 11 сараас хойш хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсон нь хоёр орны иргэд хоорондын харилцаанд чухал нөлөө үзүүлж байна. Мөн цаашид ОХУ-д тэтгэлэгт сургалт болон мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдагсдын тоог  нэмэгдүүлэх, ОХУ-ын их дээд сургуулиудтай суурь, судалгааны чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна гэв. УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой хийсэн хэлэлцээний үеэр мөн улс төр, эдийн засаг, боловсрол, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийв


УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийв.Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хэлэхдээ, Улсын Их Хурлын дарга тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад зохион байгуулагдсан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурал өндөр хэмжээнд зохион байгуулагдсанд талархал  илэрхийлье. Бид тухайн намрын хуралд оролцох үеэрээ өөрийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд бидний байр суурийг дэмжин ойлгосон Монгол Улсад талархал илэрхийлмээр байна. Манай хоёр орны харилцааны дотор парламент хоорондын харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсад зохион байгуулагдсан ЕАБХАБ-ын Параламентын Ассамблейн намрын хуралд та биечлэн оролцсонд талархал илэрхийлье. Мөн Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ илгээсэнд талархаж байна. ОХУ-тай хөгжүүлж буй стратегийн түншлэлийг цаашид шинэ бодит агуулгаар хөгжүүлэх нь чухал. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж тэргүүтэй 21 гишүүний бүрэлдэхүүнтэй УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлэг идэвхтэй ажилласаар ирсэн. Манай хоёр улс худалдаа эдийн засгийн хувьд зогсонги байдалд орсныг бид анхаарах шаардлагатай гэв. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын “Вместе-РФ” телевизэд ярилцлага өгөв

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын “Вместе-РФ” телевизэд ярилцлага өгөв. Энэхүү ярилцлагаас уншигч танд хүргэж байна.

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд уламжлал ёсоор ОХУ, БНХАУ-тай “тэнцвэртэй” хамтын ажиллагаа давамгайлж байдаг. Энэ нь нэн ялангуяа Москва, Бээжингийн харилцаа эрчимжиж байгаа өнөө үед бодитоор илэрхийлэгддэг. Харин энэхүү хамтын ажиллагааг гурван талт хэлбэрээр гүнзгийрүүлж болох уу, хэрэв тийм бол ямар хүрээнд вэ?

Орос, Хятад Улс нь Монгол Улсын мөнхийн хөршүүд юм. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол ОХУ, БНХАУ-тай харилцан хүндэтгэл, сайн хөршийн харилцааны зарчимд тулгуурласан стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх явдал юм. Монгол Улс нь ОХУ-тай 3000 гаруй км, харин БНХАУ-тай 4000 гаруй км-ээр хиллэдэг. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд ОХУ, БНХАУ-тай харилцах хамгийн шинэ агуулгаар баяжуулах хамтын ажиллагааны хэлбэр бол яах аргагүй өнгөрсөн жилийн есдүгээр сард Душанбе хотод хийгдсэн гурван талт уулзалт юм. Та бүхэн мэдэж байгаа энэхүү гурван талт уулзалт хамгийн сүүлд энэ оны долдугаар сард Уфа хотод болсон. Энэхүү уулзалтуудын үр дүнд гурван талт хамтын ажиллагааг бий болгож, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулсаар байна. Монгол Улсын хувьд ОХУ болон БНХАУ-ын гол төвд байрладаг. Энэ ч утгаараа Монгол Улсаар дамжин өнгөрөх тээвэр, төмөр зам, хурдны зам, хийн хоолойг дайруулан өнгөрүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай, хамгийн дөт зам байх болно.  Гурван талт хамтын ажиллагааны хүрээ ер нь маш олон салбарт өргөжин хөгжиж байна. Үүнд дамжин өнгөрөх тээвэр, төмөр зам, аялал жуулчлал, эрчим хүчний салбар чухал үүрэг гүйцэтгэж байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Чингис Лэнд Девелопмент” групп, ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК-ний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болов

УИХ-ын дарга З.Энхболд Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын  “Дальстроймеханизация” ХК-ний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов.

Энэхүү ёслолд  Монголын талаас “Чингис Лэнд Девелопмент” группын захирал Ц.Гантулга, ОХУ-ын талаас “Дальстроймеханизация” ХК-ийн захирал Гриднев Виталий Юрьевич нар гэрээнд гарын үсэг зурлаа. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр. Мягмар гараг

УИХ-ын дарга З.Энхболдод ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Ефимович Донской бараалхав

УИХ-ын дарга З.Энхболдод ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Ефимович Донской, Хөдөө аж ахуйн Нэгдүгээр орлогч сайд Евгений Васильевич Громыко нар бараалхав.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Ефимович Донской уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, “Өнөөдөр бидний өмнө худалдаа, эдийн засгийн харилцаа зогсонги байдалд орсон нь анхаарвал зохих гол асуудал болоод байна. Хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа хэрхэн хөгжих нь Парламент  хоорондын хамтын ажиллагаатай шууд холбоотой. Өнөөдөр Монгол Улстай манай улсаас хамтын ажиллагаатай  “Эрдэнэт” ХХК, “Монголросцветмет” ХХК, “УБТЗ” ХНН гэсэн 3 хамтарсан үйлдвэртэй. Гэхдээ эдгээр үйлдвэрүүдийн заримынх нь нөхцөл байдал хүнд, тодорхойгүй байгаа юм. Эдгээр асуудалд анхаарлаа хандуулж, ажлыг түргэсгэх шаардлагатай байна гэв.

Мөн уулзалтын үеэр Хөдөө аж ахуйн Нэгдүгээр орлогч сайд Евгений Васильевич Громыко хэлэхдээ, ОХУ руу нийлүүлэх махны тухайд, бүх аймгуудыг аттестатчилан эрүүл ахуйн болон стандартын шаардлагыг хангасан үйлдвэрүүдэд мах экспортлох боломжийг бүрдүүлж өгсөн. Ийм шаардлагыг хангасан монголын 15 аймгийн 37 үйлдвэр байна гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Засгийн газар хоорондын харилцаа бол Засгийн газрын эрхлэх асуудал хэдий ч та бүхний тавьж буй саналын дагуу 2009 онд хоёр орны Ерөнхийлөгчийн тохиролцоонд хүрсэн Монгол Улсын нутаг дэвсгэр дэхь эд хөрөнгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх ажлыг хурдасгах шаардлага тулгарсныг харж байна. Мөн таны хэлсэнчлэн манай хоёр орны худалдаа, эдийн засгийн эргэлт эрс буурсан, зогсонги байдалд орсон нөхцөл байдалд бид дүгнэлт хийх цаг болжээ. ОХУ руу Монгол Улсаас экспортлодог уламжлал болсон бүтээгдэхүүнүүдийн хувьд Оросын зах зээл рүү гаргахад гаалийн тариф хэт өндөр байгаа нь экспортын хэмжээ эрс буурах гол шалтгаан болсон. Үүнээс шалтгаалан монголын экспорт зөвхөн 3 хувийг эзэлж байна. 2015 оны эхний хагас жилийн байдлаар худалдааны эргэлт 20 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан байна гэлээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

УИХ-ын дарга З.Энхболдод ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов бараалхав

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцов.

2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр. Лхагва гараг

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Свердловск мужид албан ёсны айлчлал хийв

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар 2015 оны 9 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд айлчлал ОХУ-ын Свердловск мужид үргэлжлэв.

УИХ-ын дарга З.Энхболдыг Свердловск мужид хүрэлцэн ирэхэд, тус мужийн Хууль Тогтоох Хурлын дарга Л.В.Бабушкина, Гадаад эдийн засаг, гадаад харилцааны сайд А.О.Соболев, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Екатеринбург дэх төлөөлөгч А.В.Харлов, Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны Улсын Их Сургуулийн захирал В.А.Кокшаров,  Екатеринбург дэх Монгол Улсын өргөмжит консул В.А.Воротников болон албаны бусад хүмүүс угтан авлаа.

Свердловск мужийг 1934 онд Уралын Холбооны тойргийн бүрэлдэхүүн хэсэг болгон байгуулжээ. Мужийн засаг захиргааны төв нь Екатеринбург хот юм. Свердловск муж нь 73 засаг захиргааны нэгжид хуваагддаг бөгөөд мужийн нутаг дэвсгэрт нийт 47 хот, 26 тосгон, 1841 суурин газартай аж. 2014 оны эцсийн байдлаар Свердловск мужийн хүн амын тоо 4,33 саяд хүрчээ. Тус мужид нийт 20 гаруй их сургууль, 34 салбар сургууль үйл ажиллаагаа явуулдаг байна.Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр. Пүрэв гараг

УИХ-ын даргад Свердловск мужийн амбан Захирагч Е.В.Куйвашев бараалхав

Свердловск мужийн амбан Захирагч Е.В.Куйвашев уулзалтын эхэнд хэлэхдээ, ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд УИХ-ын дарга та Свердловск мужид айлчилж буйд талархаж байна. Монгол Улс ОХУ-тай уламжлалт найрсаг харилцаатай билээ. Монгол Улстай манай Свердловск муж худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн байна. Мөн түүнчлэн боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах бүрэн нөөц бололцоо бий. Хуучин ЗХУ-ын үед Монголын мянга мянган оюутан боловсрол эзэмшсэн бөгөөд ОХУ-д тэр дундаа Свердловскт боловсрол эзэмшсэн хүний нэг нь та юм. Иймээс хоёр орны иргэд хоорондын хүмүүнлэгийн харилцаа идэвхтэй явагддаг. Мөн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагатай манай мужийн хувьд ч хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол Улс ОХУ-ын мужуудтай тэр дундаа Свердловск мужтай уламжлалт найрсаг харьцаагаа олон салбарт үргэлжлүүлж буйд таатай байна хэмээн онцлон тэмдэглэлээ.

Тэрээр Монгол Улсын Засгийн газар Свердловск мужтай аж үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан болон боловсролын салбарт хамтран ажиллах давуу эрх бүхий хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх боломж бий. Мөн Монгол Улс танай мужтай аж үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх сонирхолтой байна. Өнөөдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй монгол, оросын хамтарсан компаниуд аж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийг зах зээлийн боломжит үнээр худалдан авах сонирхолтой байдаг. Уралд үйлдвэрлэгдэж буй тоног төхөөрөмж зах зээлд өрсөлдөхүйц чанартай гэдэгт би итгэлтэй байдаг. Мөн танай мужид суралцаж буй оюутан сурагчдын тоог нэмэгдүүлэх, металлургийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сонирхолтой байна гэв. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн удирдлагуудтай уулзалт хийв

Свердловск мужид хийж буй айлчлалын үеэр,  Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.24/ ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн захирал В.А.Кокшаров болон тус их сургуулийн удирдлагууд эрдэмтэдтэй уулзалт хийв.

Уралын Холбооны Их Сургууль нь ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит их сургууль бөгөөд ОХУ-ын болон олон улсын мянга мянган оюутнууд сурдаг эрдмийн өргөө болохыг тус сургуулийн захирал В.А.Кокшаров уулзалтын эхэнд хэлж байв.

УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн удирдлагуудтай уулзалт хийх үеэр хэлэхдээ,  Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын бүс нутаг тэр дундаа Свердловск мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд их ач холбогдол өгдөг. Манай төрөлх Уралын Политехникийн Их Сургууль /хуучин нэрээр/ Монгол Улс болон Свердловск муж хоорондын хамтын ажиллагаанд үндсэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Сүүлийн 60  гаруй жилийн турш Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж буй монголын өндөр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэж байгаа сургуулийн нэг бол Уралын Холбооны Их Сургууль юм. Өнөөдөр ч гэсэн манай оюутнууд тус сургуульд амжилттай суралцахын зэрэгцээ 2013 оноос Уралд төгсөгчдийн холбоо манайд үйл ажиллагаа явуулж байна гэв. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор боллоо

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр тус  сургуулийн Хүндэт доктор боллоо.

Тэрээр 1989 онд ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийг /Уралын Политехникийн дээд сургууль/ автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр төгссөн байна. УИХ-ын даргад Уралын Холбооны Их Сургуулийн хүндэт доктор цол олгох ёслолын арга хэмжээнд чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин Е.И.Верхотурцева, Т.М.Воробьева, В.И.Горбунов, Н.М.Лаптев, С.С.Козьмин болон тус сургуулийн багш, оюутнууд оролцсон юм.

Ёслолын үеэр УИХ-ын дарга З.Энхболд ахмад дайчдад  чөлөөлөх дайны  ойн медаль болон дурсгалын зүйлс гардуулав. УИХ-ын дарга З.Энхболд Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор болсны дараа тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутнуудад “МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН  ҮНЭТ ЗҮЙЛ БА ХӨГЖИЛ ДЭВШИЛ” лекц уншлаа. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

УИХ-ын дарга З.Энхболд Свердловск мужид хийж буй айлчлалын талаар оросын сэтгүүлчдэд ярилцлага өгөв

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Свердловск мужийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад ярилцлага өгөв.

Ярилцлагын үеэр УИХ-ын даргаас  Монгол Улс болон Свердловск мужийн хамтын ажиллагаа, мөн ирэх 2016 онд Екатеринбург хотноо болох аялал жуулчлалын үзэсгэлэнд монголын төлөөлөгчид оролцох эсэх талаар сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.

2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр. Баасан гараг

УИХ-ын дарга З.Энхболд Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын дарга З.Энхболд Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

УИХ-ын дарга Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ, Хот суурин газар дахь хүн амын өсөлт, барилга байгууламжийн тоо нэмэгдэхийн хирээр эрчим хүчний хэрэглээ мөн өсөн нэмэгдэж байна. Турбин бол цахилгаан станцын хамгийн чухал эд анги буюу зүрх нь байдаг. Энэхүү үйлдвэрээс өмнө нь нийлүүлж байсан турбин сүүлийн 30 жилийн турш эвдрэлгүй ажиллаж ирсэн. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын “ТЭЦ-4” ДЦС  123 мВт хүчин чадлын цахилгаанаар өргөтгөл хийгдсэн. Манайх шиг өсөн нэмэгдэж цахилгааны хэрэглээтэй улсын хувьд үйлдвэрүүдийн гол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй Уралын Турбины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж буй нь их чухал хэмээн хэллээ.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус үйлдвэртэй танилцсаны дараа үйлдвэрийн хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, үйлдвэрийн түүхийн музей үзэж сонирхов. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс