Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.08.01/ олон улсын чанарын шаардлага хангасан, экологийн цэвэр, дээд зэргийн чанартай мах, махан бүтээгдэхүүн эрүүл хүнсийг дотоодын зах зээл, экспортод нийлүүлэх зорилготой ажилладаг “Само мах” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
Чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах, улсын нөөцөд чанартай мах бэлтгэх чиглэл бүхий “Само мах” ХХК нь “Тайж” группын охин компани. Тус групп нь хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр мал, мах бэлтгэн, дахин боловсруулалт хийж эцсийн бүтээгдэхүүн гаргах, талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төмс, хүнсний ногоо хадгалан боловсруулах, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, тээвэр зуучлалын үйлчилгээ явуулах, зэрэг олон төрөл цар хүрээтэй үйл ажиллагааг явуулдаг байна.
“Само мах” ХХК нь хиам, нөөшилсөн бүтээгдэхүүний орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг суурилуулан, ашиглалтад оруулж, олон улсын стандартын шаардлага хангасан, экологийн цэвэр, дээд зэргийн чанартай мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн, экспортод гаргах зорилготой ажилладаг талаараа Улсын Их Хурлын даргад танилцуулж байв. Энэ оны 2 дугаар улиралд ашиглалтад орсон тус үйлдвэр өдөрт 85 толгой бод малын 10.5 тонн ястай махыг шулж, 8 тонн цул махаар 25000 ширхэг нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийт 1.5 сая ширхэг нөөшилсөн бүтээгдэхүүн экспортолж, 3 сая ам.долларын борлуулалт хийгээд байгаа талаараа Улсын Их Хурлын даргад танилцуулав. Мөн улсын нөөцийн махны тодорхой хэсгийг бэлтгэх, хадгалах, борлуулах үүргийг жил бүр хариуцан, нийслэлийн хүн амын махны хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж байсан талаараа компанийн удирдлагууд хэлж байсан юм.
Үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн автомат бөгөөд үйлдвэрлэл программчлалаар явагддаг байна. “Само мах” үйлдвэр нийт бүтээгдэхүүнээ 100 хувь ОХУ руу экспортолдог бөгөөд цаашид ч ихээхэн хэмжээний захиалга авах төлөвтэй байгаа юм байна. Тус үйлдвэрийн дэргэдэх Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “САМО” институт дэвшилтэт техник, технологиор шинэчлэгдэн, олон улсын шаардлага хангасан бүхий л төрлийн шинжилгээг хийдэг болжээ. Тус институтийн эрдэмтэд бусад орны эрдэмтэн, судлаачидтай хамтран олон төрлийн судалгаа хийж, бусад орны зах зээлд бүтээгдэхүүн гаргах талаар ажиллаж, Зүүн Өмнөд Азийн орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Үйлдвэрийн үйл ажиллагаа болон экспортод гаргаж буй бүтээгдэхүүнтэй танилцах үеэрээ Улсын Их Хурлын дарга бүтээгдэхүүнээр хоол хийж, амт чанартай иймэрхүү бүтээгдэхүүнийг манай үйлдвэрлэгчид олноор хийг хэрэгтэй хэмээн хэлсэн юм. Мөн “Нэгэнт зах зээл нь бэлэн, үйлдвэрлэл явагдаж байгаа энэ үйлдвэрийг улсаас дэмжих шаардлагатай юм байна. Тэгвэл хонь, үхэр, адууны махыг боловсруулан ОХУ-ын зах зээлд нийлүүлэх бололцоо байна. Энэ хэмжээгээр малчдын гарт бэлэн мөнгө очих зам нээгдэж байгаа. Үүн шиг дотоодын түүхий эдийг нэмүү өртөг шингээн, гадаадад худалдаалах нь хамгийн чухал. Улсын Их Хурал үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2015 оны хаврын чуулганаар баталсан. Одоо Засгийн газар дэмжиж, шаардлагатай дэмжлэг үзүүлэх ёстой” гэв.
Тус үйлдвэр нь импортыг орлох, экспортыг дэмжих 888 төслийн шалгаруулалтад тэнцэж, 4.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авахаар шалгарсан ч бүхий л санхүүжилтээ өөрсдийн эх үүсвэрээс шийдэн, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа аж. Цаашид үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд дээрх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг холбогдох хүмүүст уламжилж өгөхийг Улсын Их Хурлын даргаас “САМО мах” үйлдвэрийн удирдлагууд хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, хүнсний үйлдвэрлэл нь эрдэм шинжилгээний ажилтай нягт холбоотой байдгийг дурдаад, Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “САМО” институт нь энэ чиглэлээр амжилттай ажиллаж байгааг онцоллоо. Тус институт малын дайвар бүтээгдэхүүн болох дэлүүг боловсруулан хүний биед тустай, шимтэй “Эрдэс” хэмээх шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа нь олзуурхууштай. Инсулин, төмрийн бэлдмэлээр баялаг энэ бүтээгдэхүүн нь дотоодын хэрэглэгчдэд ихээхэн хэрэгцээтэй. Зөвхөн мах, махан бүтээгдэхүүн боловсруулаад экспортлох төдийгүй дайвар бүтээгдэхүүнүүдийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмийн бэлдмэл байдлаар бэлтгэх боломж байгаагийн баталгаа юм гэлээ.
Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн, Монголын махны холбооны тэргүүн Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо болон албаны бусад хүмүүс ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.