Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.23/ Завхан аймгийн Улиастай хотноо ажиллаж байна.
Тэрээр Улиастай хотын Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ажилчдын орон сууц болон усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцав.
Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ажилчдын орон сууцны нийт төсөв нь 1.2 тэрбум төгрөг юм байна. Энэхүү орон сууцанд тус ангийн 24 албан хаагч амьдарч байна. Завхан аймагтаа жишиг болсон Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ажилчдын орон сууцыг барилгын цэргийн 017 дугаар анги гүйцэтгэн, үндсэн ангийнхан барилгын туслах ажлыг гүйцэтгэсэн талаараа УИХ-ын даргад танилцууллаа.
86 м.кв нэг айлын орон сууц 50 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох байгууллагууд чанарын өндөр түвшинд баригдсан гэсэн дүгнэлт гаргажээ. Цаашид Завхан аймгийн Цагдаагийн байгууллага Канад технологиор “Иргэдийн хөгжлийн төв”-ийг барихаар төлөвлөжээ.
Үүний дараа УИХ-ын дарга Улиастай сумын төвд баригдаж буй усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. Тус байгууламжийн нийт өртөг 2.8 тэрбум төгрөгийг төсөвт тусгаснаас энэ жил 800 сая төгрөгийг төсөвт суулгажээ. Тиймээс барилгын ажил зогсонги байдалд орсон талаар тус барилгын гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцуулсан юм. Тус спорт цогцолбор нь 1000 хүний суудалтай юм байна.
УИХ-ын даргыг Улиастай суманд ажиллах үеэр УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.