УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.06.27/ Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ Удирдах захирлын орлогч ноён Наоюуки Шинохара, Ази, Номхон Далайн Газрын орлогч захирал Маркус Родлаувер болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд, Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлэв. Мөн тэрээр, Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын хүрээнд хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ нь холбогдох зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх тал дээр анхааран ажиллаж буйг онцоллоо.

Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ Удирдах захирлын орлогч ноён Наоюуки Шинохара уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын эдийн засагт богино хугацаанд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд мөнгөний болон төсвийн тэлэх бодлогоо хумих шаардлагатай байгааг сануулав. Мөн дэлхий нийт төдийгүй Монгол Улсад нүүрлэсэн 2009 оны эдийн засгийн хямралын үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу мөнгөний бодлогын хүүг өсгөх замаар мөнгөний нийлүүлэлт, нийт зээлийн хэмжээг бууруулах шаардлагатай гэж зөвлөв. Гэхдээ мөнгөний бодлого дангаараа богино хугацаанд хүндрэлийг даван туулах боломжгүй учраас мөнгөний бодлогыг төсвийн бодлогоороо дэмжих нь зүйтэй гэлээ. Ялангуяа төсвийн бус хөрөнгө оруулалт нь нийт зээл нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа нь төсвийн тэлэлтэнд шууд нөлөө үзүүлж байгааг онцгой анхааруулав.

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэж буй үүргийг Олон Улсын Валютын Сан үгүйсгэхгүй. Гэхдээ Хөгжлийн банк хяналттай ажиллахын зэрэгцээ гадаад орнуудаас авч буй зээл, нийлүүлэлтийг төсөвтэй хамт тооцож явах шаардлагатайг ноён Наоюуки Шинохара хэлэв. Мөн тэрээр, эдийн засагт тулгамдаж буй богино хугацааны хүндрэлийг даван туулахын тулд Монгол Улсыг төсвийн зардлаа бууруулах нэн шаардлагатай болсныг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ. УИХ-ын дарга З.Энхболд Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ Удирдах захирлын орлогч ноён Наоюуки Шинохарад хандан, бодит нөхцөл байдлыг дүгнэн хэлсэнд талархлаа илэрхийлээд, мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлснээр иргэд болон аж ахуйн нэгжид хүндээр тусч, банкны зээл олголт буурах үр дагавартай боловч эдийн засгийг бүхэлд нь хямраахгүйн тулд УИХ, Засгийн газар болон холбогдох байгууллагууд анхаарах болно гэдгийг мэдэгдэв.

Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ Удирдах захирлын орлогч ноён Наоюуки Шинохара, хэрвээ бодлогын түвшинд мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй бол эдийн засаг хямралд орох магадлал өндөр гэдгийг сануулснаар уулзалт өндөрлөв. Уулзалтанд Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ төлөөлөгчдөөс гадна Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Монгол Улсын Их даргын зөвлөх З.Нарантуяа болон Монгол Улсын Сангийн Яамны албаны бусад хүмүүс байлцав

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.