www.medee.mn 2014.02.24

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганаар хийж, хэрэгжүүлсэн ажил болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс- Ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Намрын ээлжит чуулганаар 100 хууль, 52 тогтоол баталжээ. Эдгээр 100 хуулийн 12 нь бие даасан хууль байгаа бол 81 нь нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зургаа нь хууль хүчингүй болгох, нэг нь Зээлийн хэлэлцээр батлах тухай хууль юм. Энэ удаагийн төсөвт Ерөнхий сайдын хэлсэнчлэн “авлигажсан” гэх тодотголтой, төсөвт өртөг нь эрс нэмэгдсэн, ажил нь удааширсан 243 барилгын санхүүжилтийг царцааснаараа онцлог байсныг УИХ-ын дарга хэлэв. Мөн Спикер, Том төрөөс ухаалаг төр санаачилгыг Тамгын газраасаа эхлэх ёстой гэж үзэж байна. Ухаалаг төртэй болохын тулд хууль, эрх зүйн орчинг өөрчлөхөөс гадна байгууллагын дотоод тогтолцоог Их хурлын даргын хэлснээр “дахин инженерчлэх” ёстой аж. Одоогийн төрийн байгууллагын тогтолцоонд байгаа гажуудлыг “Дахин инженерчлэл”-ээр засна гэдгээ мэдэгдэв.

-УИХ-ын чуулганаар 30 хууль хэлэлцэхээс 11 хэлэлцсэн. Зарим хүмүүс үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Таны хувьд хэр үр дүнтэй хуралдсан гэж үзэж байгаа вэ?

-УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцээгүй биш хэлэлцсэн. Хууль болж гараагүй байгаа. Статистикаар дүгнэхэд хэцүү. Харин 2013 оны намрын ээлжит чуулганаар 100 хууль батласан гээд ярьж болно. Улс орны асуудлыг хэрхэн шийдсэн бэ гэдгээр нь дүгнэхээс биш хэдэн хууль батласнаар нь дүгнэж болдоггүй ийм л байгууллагыг УИХ гээд байгаа юм. Чуулганаар ганцхан хууль батлах тохиолдол ч бий. Тэглээ гээд сайн муу ажилласан гээд дүн тавьж болохгүй. Ихэнх хуулийн хэлэлцүүлэг явагдаж санал зөрөлдсөн асуудал гарсан. Ирэх чуулганаар хэлэлцэх асуудлаа батладагийн учир нь төлөвлөгөө гаргаж байгаагаас биш бүгдийг нь батлах зорилго тавьдаггүй. Цагийн юм цагтаа л батлагдана.

-МАН-ын зүгээс хэд хэдэн хууль хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байна гэж байсан. Хэлэлцэх асуудлын дараалал батлахдаа сөрөг хүчнийг ялгаварлаад байна гэсэн байр суурийг илэрхийлж байсан?

-Сөрөг хүчний өргөн барих гэж оролдоод буй хуулиуд нь манай орны санхүүгийн боломжоос давсан зүйл яриад байгаа юм. 21 мянган төгрөгийг сэргээе, эхчүүдэд мөнгө олгоё, малчдын тэтгэврийн насыг наашлуулах гэх мэт зүйлийг шаардаад байна. Одоогийн төсөвт ийм хүчин чадал байхгүй. Ярьж байгаа хуулиуд нь их наяд, триллионоор яригдаж байхад санхүүгийн боломж тэрбум төгрөгөөр буюу 1000 дахин бага мөнгө хуваарилагдаж байгаа. Тиймээс бодит төсвийн бололцоог тооцоолоогүй боломжгүй хуулиуд байгаа. МАН-ын бүлгийнхний хүссэнээр тэр хуулийн төслүүдийг хэлэлцээд явж болно. Гэхдээ эцсийн байдлаар хууль болж гарах боломжгүй хуулиуд байгаа.

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт ороогүй гэсэн үг үү?

-Хэлэлцэх асуудлын жагсаалт батлагдаагүй. Ээлжит бус чуулганаар одоо гаргасан хувилбар батлагдана. Мөнгөний баталгаагүй хууль батлахгүйн тулд тэр хуулиудыг хэлэлцэхгүй байгаа юм. Сөрөг хүчин хариуцлагагүй байж болохгүй. Бүх хүн 21 мянган төгрөг аваад, гэртээ хүүхдээ харж байгаа эмэгтэй хүн мөнгөө аваад, малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулбал сайхан л байх. 2008-2012 онд ийм бодлогоор бид явж үзсэн. Үр дүнд нь одоо болтол тэр өрөө төлж дуусаагүй байна. Тэр мөнгөнөөс Монгол Улсад юу нэмэгдэв. Ингээд үзэхээр юу ч алга. Халамжинд их мөнгө өгч, халамжийг хавтгайруулдаг нь буруу. Тэр тусмаа Таван толгойг барьцаалж бий болоогүй мөнгийг зээлд тараасан байна. Халамжид мөнгө зарцуулалгүй, үйлдвэртэй, ажлын байртай болгоод өг, халамжинд хавтгайрсан өмнөх бодлогыг өөрчил гэж 2012 оны сонгуулиар Ардчилсан намыг ард түмэн сонгосон. Тэр олон ярьж буй хуулиуд батлагдах боломжгүй. Цөөнхийн нийгмийн халамжийн хуулиудыг батлах гэж олонх болж суугаагүй. Парламентын явдаг зарчим нь энэ. Ер нь улс орны хэтийн хөгжлийн бодлогыг харахаас биш, камерийн өмнө гарч иргэдэд 21 мянган төгрөг өгөх гэх мэт хавтгайрсан халамжийн хууль санаачлан ярих нь буруу.

-Эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөх тухай хуулийг 2010 онд батласан. Хууль энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөх ёстой ч одоо болтол хэрэгжүүлээгүй байна. Засгийн газраас үүргээ биелүүлээгүй тохиолдолд яах ёстой вэ. Энэ нь давхар дээлийн асуудалтай холбоотой юм биш үү?

-Эрчим хүчний үнэ халаалтын ачаалал буурахаар зах зээлийн горимдоо орох байх. Тэр нь өртөг зардал нэмэх нь ашиг гэдэг зарчмаар явна. Их хурлаас гаргасан шийдвэрийг Засгийн газар нь биелүүлэхгүй бол огцруулах арга байна.

-Давхар дээл тайлах тухай Засгийн газрын тухай хууль болон УИХ-ын тухай хуулиас болж завсарлага авсан. Хугацааны хувьд маргаан гараад байна. АН-ын гишүүдийн зүгээс ч гэсэн хууль батлагдсан өдрөөс эхлэн мөрдөн ёстой гэж байсан?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан өөрийнх нь хуулиар Засгийн газрыг огцруулах тухай хөндөөгүй. Хэлэлцүүлгийн явцад хугацаа өөрчлөгдөх юм бол хориг тавина гэдгээ Ухаалаг төрийн уулзалтын үеэр шууд мэдэгдсэн. Тиймээс хуулийн хугацаа нь 2016 оноороо батлагдах ёстой.

-Урт нэртэй хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль гэх мэт үр ашиггүй хууль батласнаас болж эдийн засагт хохирол учруулаад байна. Гэтэл эдгээр хуулиудыг батлуулсан гишүүд нь ямар ч хариуцлага хүлээлгүйгээр дахин сонгогдсон. Хариуцлагын тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ?

-Тухайн гишүүндээ хариуцлага тооцохгүй. Тэр гишүүний санаачилсан хуулийг батласан бол УИХ-тайгаа л ярих ёстой. УИХ олонхийн саналаар шийддэг тул хөрөнгө оруулалтыг үргээсэн урт нэртэй хуулиа хүчингүй болгосон. Одоо хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэр барих ажлууд үлдээд байна.

Урт нэртэй хууль батласан хуулиа буцааж хэрэгжүүлдэгийн нэг тод жишээ байгаа юм. Буцааж хэрэгжүүлэхэд тэр үед ажиллаж байсан уурхайнуудыг хаана, нөхөн олговор өгнө гэж шийдсэн. Гэтэл нөхөн олговор өгдөг мөнгө нь алга. Нөхөн олговорт 430 тэрбум төгрөг нэхэж байна. УИХ тэр 430 тэрбум төгрөг бодитой юу үгүй юу гэдгийг шалгаж байгаа. Тухайн компани алт олборлож эхлэхдээ хэдэн кг алт Монгол банкинд зарсан, байгаль орчноо хэрхэн нөхөн сэргээсэн гээд энэ бүгдээс хамаараад мөнгө өгөх үү үгүй юу гэдгээ шийднэ. Шинэ гарсан урт нэртэй хууль зөвхөн дараагийн компаниудад үйлчилдэг байх юм бол үүн шиг асуудал гарахгүй. Тэгэхээр энэ зарчим дээр тулгуурлан УИХ алдаан дээрээ дүгнэлт хийгээд Газрын тосны тухай хуулин дээр хэрэгжүүлж байна. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батласнаар одоо байгаа бүтээгдэхүүн хуваах хэлэлцээрүүд хөндөгдөхгүй. Энэ нь орд газраа дуустал явна гэсэн үг. Шинээр байгуулах бүтээгдэхүүн хуваах хэлэлцээрт шинэ хуулиа хэрэглэнэ гэдэг зарчим үйлчилнэ.

-МАН-ын гишүүдийг байнгын хороонд олонхийн бүлгийн гишүүдтэй адил оролцуулах ёстой гэсэн хуулийн төсөл яваад байгаа. Уг асуудлыг хэзээ шийдэх вэ?

-Асуудлыг хэлэлцэж болно. Батлагдах уу, үгүй юу гэдгийг бүлгүүд шийднэ. Хэрэв тэд батлана гэвэл батлана. Түүнээс шууд ороод батлагдахгүй. Их хурал бүрэлдэнгүүт тодорхой хуулийн хугацаанд бичгээр илэрхийлэх үүрэгтэй.

-Нэмэлт өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгүүд дүгнэлтээ гаргасан. Парламентыг хоёр танхимтай болгох, ялангуяа эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөх асуудал яригдаж байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм боломжгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын хэлбэрийг өөрчлөх эрхгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг аваад үзэх юм бол Үндсэн хуулийн тэр бүлэгт огт гар хүрч болохгүй гээд хаачихсан байдаг. Тиймээс ажлын хэсэг хоёр танхимын тухай огт яриагүй. Гаргалаа л хэлэлцэх боломжгүй. Одоогийн засаглалын хэлбэрийг хадгална гэсэн үг.

-УИХ-ын намрын чуулган ирцээс шалтгаалан нэлээдгүй хойшилсон. Гишүүдийн энэ байдлыг хаврын чуулганаар хэрхэн шийдэх вэ. Үүнийг шийдчихээр хэд хэдэн хуулийн төсөл явж байсан шүү дээ?

-Хурууны хээгээр ирц бүртгэх хуулийн төсөл унасан. С.Бямбацогт гишүүн өөрөө л хуулиа татаж авсан. Миний зүгээс хуулийн төслөө татаж авсныг нь одоогоор зөвшөөрөөгүй байгаа. Хууль татаж авсныг нь зөвшөөрөх юм бол түүнийг нь орлох зүйлийг оруулж ирсэн тохиолдолд би зөвшөөрнө гэж байгаа юм. Олон нийтэд камерийн өмнө олонтаа ярьчихаад хуулиа батлах гэхээр буцаачихсан. Хурууны хээгээр ирц бүртгэх хуулийн төслөө яагаад татаж авсныг С.Бямбацогт гишүүнээс асуух нь зүйтэй. Гишүүдийн ирцийг зарлаж байгаа нь тэднийг ирцэндээ анхаараач ээ л гэсэн үг. Хөдөө уулзахаар очиход нь хөдөөний малчин “Чи яагаад хуралдаа суудаггүй юм” гээд асууна. Одоо суудаг болох байлгүй.

Хамгийн чухал нь ил тод байдал. Тиймээс гишүүдийн ирцийг зарлачихсан. Үүнд гишүүд дургүй байгаа. Үүнээс өөр арга алга. Би хуралдаа суу гэж байнга л хэлдэг. Хуралдаа суухгүй бол, сонгогчдоороо л дүнгээ тавиулах хэрэгтэй.

-Царцаасан барилгуудад аудитын шалгалт оруулсан. Дүн нь хэзээ гарах вэ?

-Гуравдугаар сарын эхний долоо хоногт Төсвийн байнгын хороо нээлттэй хуралдана. Энэ үеэр ярина.

-Парламентад мөнгөтэй хүмүүс орж ирээд байгааг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Сонгогчид л өөрсдөө шийднэ. Үүнийг зохицуулдаг Нийтийн эрх ашгийн тухай хууль гэж байгаа. Хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж болохгүй. Тиймээс бүх хариуцлага сонгогчдод байгаа.

-Сонгуулийн тухай хуулинд хариуцлагыг хэрхэн оруулж өгч байгаа бол. Увсын хоёр гишүүн мөнгө тараасан гээд хэл ам дагуулж байсан ч юу ч болсон юмгүй сууж л байна?

-Энэ бол Сонгуулийн ерөнхий хорооны шийдэх асуудал. Сая Солонгосын парламент дөрвөн гишүүнээ татчихлаа. Тэд ямар алдаа гаргасан гэхээр намдаа өгдөг мөнгөний хэмжээгээ хэтрүүлсэн. Жагсаалтад орохын тулд мөнгө өгөх ёстой байсан ч жагсаалтад дээгүүр бичигдэхийн тулд мөнгөө хэтрүүлчихсэн юм билээ. Тэр бол сонгогчдод мөнгө тараагаагүй. Гишүүн болсон хойно нь татаад авчихаж байна гэдэг чинь Солонгосын сонгуулийн хороо сайн ажиллаж байна гэсэн үг. Мөнгө тараасан хүмүүсийг Их хурлаас гаргачих юм бол дараагийн сонгуулиар мөнгө тараах хүн гарахгүй.

-Монгол Улс энэ жил хөгжлийн стратеги боловсруулах юм байна. Өмнө нь эрх барьж буй нэг намын мөрийн хөтөлбөрөөр явж ирсэн. Энэ нь нийтлэг эрх ашигтаа чөдөр болсоор байлаа. Хөгжлийн стратеги хэдийд тодорхой болох вэ?

-Энэ жилдээ багтааж хөгжлийн бодлогоо гаргана. Хүмүүс Монгол Улс хөгжлийн бодлогогүй явж ирсэн хэмээн андуураад байдаг юм. Хөгжлийн бодлого байгаа. Түүнийгээ зайлшгүй мөрддөг хэсэг нь орхигдсон тул шинэ Засгийн газар гарч ирээд түүнийг мөрдөж ч болдог, үгүй ч байж болдог сайн дурын бодлогыг тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын өргөн барьснаар 2008 оны нэгдүгээр сард батласан. Тухайн бодлогыг одоо мөрдөх гэхээр нэг намын Ерөнхийлөгчийн өргөн барьсан зүйлийг бид яахаараа мөрддөг юм гэж АН-ынхан хэлж байна. Засгийн газар үүнийг өргөн барихыг би дэмий гэж үзэж байгаа. Олон намын гишүүд суудалтай Их хурлаа боловсруулах ёстой. Бүгдээрээ сууж байгаад боловсруулсан болохоор дараа нь дагаж мөрдүүлэхэд дөхөм болно. Энэ нь АН-ын Н.Алтанхуягийн Засгийн газар өргөн барьсан бодлого биш. Тэгэхээр Монгол Улсын удаан хугацааны хүн болгон мөрдөх үүрэгтэй бодлого. Уг бодлогоо дөрвөн жил тутам өөрчлөөд байхгүйн тулд дөрөвний гурвынхаа цоожийг хийж өгнө. Мэдээж ялсан нам нь бага зэрэг баруун зүүн тийшээ хөдөлгөх эрх чөлөөг өгнө. Гэхдээ үндсэн чиг шугамаа зайлшгүй барина. Савлах нь эдийн засагт сөрөг байдгийг сүүлийн хэдэн жил харсан тул аль ч нам хөтөлбөргүй дагаж мөрддөг.

-Хөгжлийн бодлогын хугацааг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Тогтвортой байх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Одоогийн бодлогод урт хугацаа гэж тэдийг хэлнэ, дунд хугацаа гэж тэдийг хэлнэ гээд заасан. Түүн шиг 20, 30 жилдээ дагаад мөрдөөд явчихдаг, сонгуульд ялсан нэг нам нь дураараа хөлийг нь өөрчлөөд байдаггүй ийм л бодлоготой болох гээд байгаа юм.

-Намрын чуулганаар батласан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шийдэмгий алхам нь юу байгаа вэ. Сүүлийн үед төр шийдвэр гаргах гэж оролддог. Тэр шийдвэр нь шийдэмгий байж чаддаггүй гэсэн шүүмжлэл байгаа?

-Өмнө нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг шиг гэрээ байгуулахын тулд таван жил явдаг байсан. Одоо бол нэг сар болсон. Ямар нэгэн сайд гарын үсэг зурахгүй. Тухайн компанийн хөрөнгө оруулалтын хэмжээ их л байх юм бол татварын тогтворжилтын хугацаа төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг. Бүс нутгаас хамаараад өөр өөр байх юм. Ямар нэгэн хүний үзэмжээс үл хамаарна. Улсын бүртгэлийн газар очоод хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөг өгөөд үүнийг нь бүртгэлийн газар үзсэний дараа энэ зохион бичлэг биш бодитой юм байна гэх юм бол нэг сарын дотор гэрчилгээг нь гаргаад өгчихнө. Үйлдвэр нь ажлаад эхэлсний дараа 68 хувийн татвар гэдэг шиг хууль гарсан ч мөрдөхгүй юм. Маш хялбаршуулсан хууль гэж ойлгож болно.

-Засгийн газраас экспорт, импортыг орлох бүтээгдэхүүн дээр бондоос санхүүжүүлэхээр 1151 төсөл аваад байна. Экспортод гаргах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чадамж өнөөдөр манайд бий юу?

-Манай орны экспортлодог бүтээгдэхүүн цөөхөн. Ихэвчлэн эрдэс түүхий эдийг боловсруулалгүй гаргаж байна. Экспортыг дэмжинэ гэдэг нь боловсруулсан эрдэс бүтээгдэхүүнийг гаргахаас эхэлнэ. Нүүрсийг түүхийгээр нь экспортлох бус кокс болгоод гаргана гээд нэг компанийн төсөл байна. Энэ нь бодит экспорт байгаа юм. Бидэнд ноолуур байна. Ноолуурын бодлогыг УИХ, Засгийн газар нягтлаад батлах байх. Бид дэлхийн хоёр дахь түүхий ноолуурыг гаргадаг байж 30 хувьд нь ноосон цамц гаргаж чадахгүй байгаа. Тэгэхээр манай бүх ноолуур бэлэн бүтээгдэхүүн болдог болчихвол маш том экспорт, олон тооны ажлын байрыг бий болгох юм. Юунд тулгуурлаж экспортлох вэ гэдэг бодлого байна. Үүнийг сэтгээд ирсэн экспортын гэрээтэй компаниуд дэмжлэг авна гэсэн үг.

-Одоо байгаа зүйлээ борлуулж чадахгүй байгаа бол яах вэ. Өнөөдөр хил дээр нүүрс тонн тонноороо л байна шүү дээ?

-Одооных шиг түүхий нүүрс зараад байх юм бол эрсдэлтэй гэдгийг сүүлийн хоёр жил харлаа. Түүхий нүүрсний үнэ унангуут компаниуд бүгд хаалгаа барьж байна. Түүхий нүүрсний үнээс үл хамаардаг төмөрлөгийн үйлдвэрүүд хэрэглэдэг кокс тогтвортой байдаг. Түүнийг нь 30 жилээр худалдаж авдаг. Ийм бүтээгдэхүүн рүү ороход гурав, дөрөв дахин өндөр үнээр зардаг, зах зээлээ 30 жилээр тохирч чаддаг арга хэмжээ рүү орох ёстой. Түүхий нүүрсийг хаанаас хаашаа ч хамаагүй зарж байгаа өрсөлдөөнтэй салбарыг экспорт гэхэд хэцүү болчихоод байгаа юм. Нүүрсний үнэ унахад бүх зүйл зогсдог байж болохгүй. Тэгэхээр Сайншандыг хөгжүүлэх асуудлыг их ярьж байна. Хоёр жилийн дараагаас төмөр замууд ашиглалтад ороод ирэхээр Сайншандын кокс, ширэмний үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд түүхий эдийн үнийн бууралтаас шалтгаалсан эрсдэл алга болох юм.

-Аливаа улс орон үндэсний томоохон компаниудыг бий болгох замаар хөгждөг. БНСУ гэхэд “Самсунг” брэнд гэх мэт. Үүн шиг үндэсний компаниудыг бий болгож, дэлхийд танигдах тал дээр УИХ ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Монголын нүүрс экспортлогчдыг төлөөлж Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Тавантолгой ХК-ууд Хятадын Шинхуа Энержи компанитай нэг тэрбум хүртэл тонн нүүрс нийлүүлэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр урт хугацаанд Тавантолгойн бүлэг ордоос олборлох нүүрсийг тээвэр ложистикийн болон зах зээлийн өргөн боломж бүхий түнштэй хамтран борлуулах аятай нөхцөл бүрдэж байна. Энэ нь зөвхөн нэг компанийн бус улсын ажил болоод байна.

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдсэнтэй холбоотойгоор олон хуулийг шинэчлэх шаардлагатай болсон. Эдгээр хуулиудыг шинэчилж дууссан болов уу?

-Тухайн хууль өөрчлөгдөхөд үндэсний аюулгүй байдлын зарчмыг л баримтлах юм. Түүнээс нэг өдөр кампанит ажил хийгээд өөрчлөөд явахгүй. Одоо өргөн барьж буй бүх хуулийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж байна уу гэдгийг шалгадаг. Үүний эсрэг байх юм бол засч таарна.

-Иргэдийн зүгээс цаашид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх вий гэж болгоомжилж байна. Үнийг хэрхэн барих ёстой вэ?

-Бүх юмны үнийг тогтвортой байлгах боломж байхгүй. 1990 оноос хойш юмны үнэ зах зээлийн хуулиар зохицуулагдаж ирсэн. Засгийн газраас үндсэн нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах хөтөлбөрийг Монголбанктай тохироод санхүүжилт дээр нь анхаарч байна. Мах, гурил, бензин гэсэн хэдэн зүйл л байгаа юм. Бусад нь зах зээлээрээ явна. Барина гэдэг бол есийн тос есөн төгрөгийн үнэтэй байсан шиг байнга байхын нэр биш. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнэнд оролцоно гэдэг зах зээлийн зарчим. Үүгээрээ явж байна. Гурилын үнийг яаж хямдруулах вэ гэхээр улаанбуудайг их хэмжээгээр тариалж, тээрэмд гэсэн үг. Венесуэль шиг гурил 500 төгрөг байх ёстой гээд дэлгүүрүүдээр цэрэг явуулж болохгүй. Үнэд оролцохдоо өөрийнх нь зарчмаар оролц гэдэг дүрмээр явж байгаа юм.

-УИХ-аас Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Үндсэн хууль дээр гурван ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ажлын хэсгийн ажил аль түвшинд байна вэ. Улс төрийн намуудын санхүүжилтын асуудал сонирхол татаж байна?

-Гурван ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажил нь хамгийн удаан явж байгаа нь Үндсэн хуулийн ажлын хэсэг. Л.Цог даргаас үл хамаарах шалтгаанаар ажил удааширсан. Сонгуулийн тухай хуулийн ажил хурдтай ахиж байгаа. Болж өгвөл намар батлачих бодолтой байна. Улс төрийн намуудын тухай хуулийн хүрээнд ярихад дэлхий дээр намын санхүүжилтын хоёр системийг нийлүүлсэн гурав дахь систем бий. 100 хувь төрдөө огт хамаагүй хандивын мөнгөн дээр тогтдог АНУ-ын систем байхад төрөөс ихэнх хувийг нь гаргадаг европ буюу ХБНГУ-ын систем байна. Манайх холимог бодлогыг баримталдаг. Санал өгсөн хүмүүсийн санал бүрийг 1000 төгрөгөөр үнэлээд сонгуулийн дараа нэг удаа мөнгө авдаг. АН 500 мянган хүний санал авлаа гэхэд таван тэрбум төгрөг авна гэсэн үг. Сонгогдсон гишүүнийхээ тоогоор тус бүрт нь 10 сая төгрөгийг жил бүр авдаг. 34 гишүүнтэй гэхээр жил бүр 340 сая төгрөг авна. Үүгээр санхүүжилтээ хийж явж байна. Тэгсэн мөртлөө компаниудаас хандив цуглуулж болох бөгөөд аж ахуй нэгж 10 сая, хувь хүн гурван сая төгрөг өгөх эрх нь жилд нэг удаа нээлттэй. Цаашид компаниудаас хандив авахаа болъё. Тэгэхгүй бол УИХ компаниудтай холбоотой шийдвэрийг маш их гаргаж байна. Улс төрийн намууд Энержи Ресурсээс хандив авч тэдэнд таарсан шийдвэр гаргаж өгмөөргүй байна. Компаниудаас авдаг хандивыг улсын төсвөөс нэмж өгөхгүй бол болохгүй байна. Ерөнхийдөө европын системийг мөрдье гэдэг дээр санал нэгдээд байгаа.

Нам Үндсэн хуулинд заагдсан төрийг байгуулдаг, сонгуульд нэр дэвшүүлдэг үндсэн байгууллага тул санхүүжилтыг төр дааж явах хэрэгтэй. Тэгж гэмээнэ энэ компаниудаас хараат бус шийдвэр гаргаж чадна.

-Намуудын байрны асуудлыг яах вэ?

-Ажлын хэсэг дээр ярьж буй олон хувилбар байна. МАН-ыг “Та бүхэн улсын төсвийн 90 хувиар байраа барьсан юм чинь бусад намаа оруулах хэрэгтэй” гэсэн зүйлийг ярьж байгаа. Олон нийтийн байгууллагын байрыг та нар хууль гаргаж нийгэмчлэх гэж байна гэсэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа.

-МАН-ын байрны түрээсэнд авдаг мөнгөн дээр хяналт тавих боломж байгаа юу?

-Нам ашгийн бус байгууллага гэдгээс эхэлнэ. Түрээсээр ашиг олоод бусдаасаа давуу байдал бий болгож болохгүй. Хуулиар хориглоогүй тул одоо түрээсийнхээ мөнгийг авч байгаа.

-Монгол хэлний хууль аль шатанд яваа вэ?

-Монгол хэлний хууль гарах ёстой. Төрийн хэлний зөвлөл ажиллахгүй байна. Амьдралд нийцэхгүй гурван үсэг хасах мэтийн зүйл ярьж байгаа тул хэлний зөвлөлийн статусыг дээшлүүлье гэж бодож байгаа. Хэлний зөвлөлд хэд хэдэн эрдэмтдийн фракц бий. Бие биенээ үгүйсгэдэг олон толгойтой байж болохгүй. Нэг л дүрэмтэй байх бөгөөд түүнд нь манай хэлний онцлог бүхий л зүйл багтсан байх ёстой. Хуулийн хэллэг маш хэцүү. Хуулинд нэг үг нэг л утгаар ойлгогдох ёстой. Нийт 450 хуулинд нэг үгийг нэг утгаар ойлгоно. Хоёр гурав дахь утга байж болохгүй. Тэгэхээр хуулийн монгол хэлэнд алдаа байгааг засах гэж байна.

-Хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлах зүйл ажиглагдах боллоо. Энэ зүйлийг яаж засах ёстой юм бол?

-Хууль ямар ч гарсан улс төрийн зорилгоор тэгж тайлбарлах зүйл тасрахгүй. Үүнийг багасгахын тулд нэг үгийг нэг утгаар ойлгох ёстой. Хууль ойлгомжгүй бол дэлгэрүүлэх учиртай. Манайхан социализмын үеэс жижигхэн хууль гаргачихаад түүнийгээ дагасан том журам гаргаад явдаг. АНУ, европын жишээнээс харахад журам нь өөрөө хуультай нэг зузаан ном байдаг. Хуулиа дагаад сурчихсан хүмүүст мөрдөхөд асуудал гардаггүй. Түүнийг нь манайд хэрэгжүүлье гэхээр шилжилтийн үедээ яваа тул таван жилийн хугацаанд хүссэн хүсээгүй харьцаа нь өөрчлөгдчихөөд байгаа юм. Таван жил тутам өөрчлөлт хийгээд явах уу Засгийн газрын журмаар жигдрүүлж байгаад сүүлд нь нэмж хуульчихлах уу гэдэг техникийн асуудал байна.

-Төрийн өмчит компаниудыг хувьчлах ёстой гэхэд нөгөө хэсэг нь төр компаниудаа өөртөө авах ёстой гэх мэтээр янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Эрдэс баялгийн салбарт зээл аваад Оюу толгой шиг хөрөнгөтэй болно гэсэн бодлогоосоо Их хурал татгалзаж байна. Уул уурхайн салбарт хөрөнгөөрөө орж болохгүй эрсдэл их гарна. Зөвхөн бодлого зохицуулалтаараа оролцох ёстой. Цаашид энэ олон төрийн өмчит компаниудыг хувьчилж таарна. Тэгэхгүй бол шинээр цахилгаан станц барих мөнгө улсад алга. Тэрийг хувийн хэвшилдээ даалгаж, тариф нь харин хөрөнгө оруулалтаа нөхөх хэмжээнд тавьж өгөх хэрэгтэй. Өнөөдөр бид дэлхий дээр хамгийн хямд цахилгаан хэрэглэж байна. Тийм болохоор л тавдугаар цахилгаан станц баригдахгүй байгаа юм. Хэн ч алдагдалтай бизнест хөрөнгө оруулахгүй.

-Төрийн өмчийн хороог төрийн сан болгох шийдвэр гарсан сураг байна?

-ТӨХ 1996 оны наймдугаар сарын нэгэнд байгуулагдсан. Тэр үед ТӨХ-нд хийх ажил байсан. Одоо тэр функц нь дуусчихсан. Төрийн өмчийн мэдлийн цахилгаан станцууд хэдэн аж ахуй нэгж байна. Тэгэхээр ТӨХ захиргааны байгууллага байхаас илүүтэйгээр бизнесийн зарчмаар удирддаг байгууллага болгох шинэчлэлийн ажил яригдаж байгаа юм. Цахилгаан станцуудыг аваад үзэхэд хувийн хэвшлээс хөрөнгө татаад хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой. Гэтэл Засгийн газрыг зээл авахыг хориглосон тул үүнийг хийх боломжгүй болчихсон.

-Төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 1380 төгрөг байхаар баталсан. Гэтэл өнөөдөр 1750 төгрөгт хүрчихлээ. Төсвийн тодотголоор энэ харьцааг засах уу?

-Сарын дотор ам.долларын ханш буурахгүй. Бид ямар доллар оруулж ирж байна, юу авч байна гэдэг хоёр зүйлийн зөрүүн дээр гарч ирж буй ханш л даа. Нүүрсний үнэ өсөхгүй бол ханш энэ хэмжээндээ л байна.

Валютын ханш өсөөд гадаад худалдааны алдагдал, гадаад худалдааны бууралт энэ бүхэн эдийн засгийн хүндрэл мөн. Энэ байдлаас гарахын тулд хэд хэдэн алхам хийх ёстой. Тэр нь өнгөрөгч намрын ээлжит бус чуулганаар ярьж байсан асуудлууд. Экспортоо нэмэгдүүлж экспортод гарч буй зүйлийнхээ үнийг бууруулах ёстой. Нэр төрлөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ бүхэн нэг өдөр болчихдог асуудал биш.

-Самурай бондын тухай Японы элчин сайдын яамны зүгээс хоёр орны Засгийн газар хоорондын асуудал биш. Банк хоорондын асуудал гэж байсан?

-Төсөв хэлэлцэж байхад өрийн дээд хэмжээг өсгөхгүй гээд тохирчихсон тул таван тэрбум долларын үлдсэн 3.5 тэрбум доллар дээр бонд гаргах асуудал хаагдсан. Самурай бондын хувьд 300 саяын асуудал яригдаж байгаа тул шийдэж болно.

-Ипотекийн зээл гарснаар орон сууцны үнэ буурна гэж байсан. Орон сууцны үнэ буурах уу?

-Найман хувийн зээлээс болж байрны үнэ буурахгүй. Зах зээлд нийлүүлэгдэж байгаа орон сууцны үнээс хамаарч буурна. Манай улс анх удаа 1 сая 300 мянган квадрат метрт бүтээн байгуулалт хийлээ. Ирэх жил энэ тоо 1 сая 400 мянга болж нэмэгдэнэ. Зах зээлд нийлүүлэгдэх орон сууц нэмэгдэх тусам үнэ бодит хэмжээнд очно. Манай одоогийн үнэ бодит биш.

-Нийгмийн даатгалын санд хөрөнгө төвлөрч чадаж байгаа юу?

-Улс нийгмийн даатгалын сангийн өрөө өгч чадахгүй байгаа. Одоо хоёр дахь зээлээс ипотекийн зээлээ худалдаж авдаг зах зээлээ дөнгөж нээж байна. Энэ зүгшрэхийн хэрээр улс өрөө үе шаттайгаар төлж дуусгана. Улс үүнийг төлтөл Монголбанк үүнийг таслахгүй байх үүрэгтэй. Жилдээ 200-300 тэрбумыг төлөөд 10-15 жилдээ төлж дуусгая гэдэг төлөвлөгөөтэй байгаа.

-Том төрөөс ухаалаг төр лүү шилжихэд хууль, тогтолцооноос гадна сэтгэхүйн өөрчлөлт бас чухал байх. Энэ талаар УИХ ямар арга хэмжээ авах вэ?

-Нэг жишээ хэлье. 2012 онд УИХ-ын Тамгын газар программ хангамжаа өөрчлөх тухай ярьсан. 480 хүний ажлын байр буюу тэр тооны компьютер бий. Ингээд “Майкрософт”-оос үнэ асуусан. Тэд бодож байгаад жилд 980 мянган долларын программ өгье гэсэн. Төсөвт ийм мөнгө байхгүй учраас бид нээлттэй систем хэрэглэсэн. Энэ бол үнэгүй, оpen office дээр хийдэг word файлаа шууд хөрвүүлж болдог программ. Тэгээд “Долоо хоногийн дотор энэ программыг зааж өгнө. Сурсан нь ажилла, чадаагүй нь яв” гэсэн. Ингэж албадаад л өнөөдөр асуудалгүй шилжүүлчихсэн байна. Төрийн тусгай болон захиргааны албыг дахин инженерчлэхэд нийцэж ажилласан нь үлдэнэ, чадаагүй нь явна. Ийм захиргаадалт хэрэгтэй. 2015 оноос төрийн алба танил тал харах шаардлагагүй болно.

-Төрийн албыг дахин инженерчилж, даргаас хамааралгүй үргэлжлэх тогтолцоо бүрдүүлнэ гэлээ. Тэгвэл улсын хөгжлийн жорыг ч бас ийм зарчмаар боловсруулах ёстой биз дээ?

-2008 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхад манай улс хөгжлийн бодлого баталсан шүү дээ. Гэвч “Нэг намын баталсан бодлогыг мөрдөхгүй” гэсэн зөрчил гардаг. Тиймээс энэ бодлогын төслийг олон намын төлөөлөл хамтарч шийдээ гаргаж, УИХ-аас өргөн барих ёстой. Үүнд 2008 оны бодлогод тусгаагүй, дутуу зүйлээ нэмнэ. Аль ч нам гарч ирсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр уг бодлогод нийцсэн байх ёстой. Хөгжлийн бодлогыг нийт гишүүний дөрөвний гурвын саналаар л өөрчилж болохоор тусгаад 10-30 жилээр төлөвлөх юм.

Ж.ГАНЦЭЦЭГ