Өдрийн сонин 2014.01.16
УИХ-ын дарга З.Энхболдоос дараахь тодруулгыг авлаа.

-Хэд хоногийн өмнө та “Утааг гамшиг гэдэгтэй санал нэгдэж байгаа бол” гэсэн утгатай зүйл твиттерт бичсэн байсан. Үүнийг уншсан хүмүүс “УИХ-ын дарга нийслэлийн утааг өнөө болтол хараагүй байна” гэх мэтээр шүүмжиллээ. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Уг нь твиттер, фэйсбүүкээр энэ асуудлыг хөндсөн. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр асуудлыг бичиж буруу ойлголт өгөөд байгаа учраас хариу тайлбар хийх хэрэгтэй байх. Би “Утааг гамшиг гэдэггэй санал нийлж байгаа бол retweeted хийнэ үү” гэсэн нэг ёсны санал асуулгыг явуулсан юм. Үүгээрээ “Би утааг гамшиг гэж үзэж байгаа. Та санал нийлж байна уу” гэж л асууж байгаа хэрэг. Тэгэхээр юм ойлгодоггүй хүмүүс олон байна. “З.Энхболд утааг гамшиг биш гэж үзэж байгаа юм байна” гэж нэг хэсэг нь мушгиж байхад нөгөө хэсэг нь “Угаасаа гамшиг болчихсон асуудлыг юуг нь асуудаг юм” гэж байна. Энд утааг гамшиг биш гэж үзэж байгаа нэг ч хүн тааралдсангүй. Шууд хэлбэл гамшиг гэдэгтэй Улаанбаатарын бүх иргэд санал нэгдэж байна. Манай улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгийн үед айл албадан нүүлгэх Засгийн газрын тогтоолууд бий. Гэтэл аль алинд нь утааны тухай ойлголт, заалт алга. Яагаад вэ гэвэл энэ хуулийг, тогтоолыг гаргахад утаа гамшиг биш байж. Гамшгийг байгалийн болон хүний нөлөөллөөр үүссэн гэж хуваадаг. Тэгэхээр Гамшгийн хуулинд утааны хор тийм үзүүлэлттэй болбол гамшиг гэж тооцно гэсэн шинэчлэл хийж, заалт оруулах нь зайлшгүй юм байна. Гамшгаас хамгаалах газар дээр энэ хуулийн төсөл бэлтгэгдэж байгаа. Ер нь З.Энхболд утааг гамшиг биш гэх нь бүү хэл мөн гэж үзээд 2005 оны өвөл УИХ дээр санал хураалгаад цөөнх болж байсан. Тэгэхэд “Утаа бол гамшиг биш. 800 жилийн ойг тэмдэглэх гэж байхад Улаанбаатарыг гамшгийн бүс гээд зарлачихвал хэн ирэх юм” гээд “гамшиг биш” гэж дүгнэн асуудлыг хаасан. Тухайн үед Ц.Батбаяр хотын даргаар ажиллаж байсан. Харин өнөөдөр  гамшиг гэдэгтэй бүгд санал нийлж байна. Гамшигтай яаж тэмцдэг вэ гэвэл санал асуудаггүй. Бүр сайн дурын ажил ч өрнүүлэлгүйгээр зөвхөн албаддаг. Дугуйн хаймар түлж байгаа айлыг Улаанбаатараас албадаж гаргах ёстой. Хашаандаа 2-3 машин тавьчихсан баян айл мөнгө хэмнэх нэрийдлээр дугуйн хаймар түлдэг гэж байна. Улаанбаатар хотод тийм айл байж болохгүй. Тиймээс Гамшгийн тухай хуульд утааны асуудал зайлшгүй орох ёстой. Утаатай тэмцэж байгаа иргэдэд албадлагын арга хэрэглэх ёстой. 2005 онд миний гаргасан санал “Улаанбаатарт шинэ айл авахаа больё” гэж байсан. Хэрвээ тэр айл утаа гаргах бол авахгүй, орон сууцанд орох юм уу, халаалтын гэх мэт арга хэлбэрийг сонговол байж болно. Тэр үед үүнийг хүлээн зөвшөөрсөн бол утааны менежментийг хийх боломж байсан. Тухайлбал, 1993 оноос хойш нийслэлд 423 мянга гаруй айл шилжиж ирсэн байна. Харин 2006 оноос хойш шилжилт хөдөлгөөнийг зогсоосон бол өнөөдөр 218 мянга гаруй айл нийслэлд ирэлгүй, утаа үйлдвэрлэхгүй байх байсан. Тэгэхээр одоо гамшгийн бүсэд гамшгийн менежментийг явуулах ёстой. Гамшгийн менежмент явуулалгүйгээр саналыг нь асууж зуух, дулаалга тарааж өгөөд байхаар шилжилт хөдөлгөөн үргэлжилж, утаа үйлдвэрлэх бүс тэлсээр байна.

Яагаад зургаан том дүүрэгт гамшгийн менежмент хийх ёстой гэж байна вэ гэвэл Налайх, Багануур, Багахангай дүүргийн утаа хэвийн байгаа. Учир нь Улаанбаатарын зургаан том дүүрэг уулын дунд байдаг учраас тогтсон утаа нь салхилсан ч алга болохгүй байгаа. Утаа гаргаж, түүхий нүүрс түлмээр байгаа бол дөрвөн уулын дундаас гарахад л болно. Утаа гаргадаггүй нэг хэсгээ хордуулаад байж болохгүй биз дээ. Нүүрс түлдэг бүс, нүүрс түлдэггүй бүсийг бий болгож соёлтой байхгүй бол нэг хэсгээ хорлоод байгаа юм.

shiljilt

-Гамшгийн   тухай   хуульд заалт оруулж албадлага хэрэглэх нь утааны эсрэг гамшгийн менежмент гэж ойлгож болох уу?

-Гамшгийн тухай хуулийн өөрчлөлт бол албадлага гэсэн үг. Нэг хэсэг олон айлд 400 мянган төгрөгийн зуухыг40 мянгаар өгсөн. Гэтэл тараасан зуух нь айлуудад алга. Хэн нь зуухаа хэрэглэж байна, хэн нь өвлийн идшээр сольсон байна гэдгийг шалгаж эхэлсэн. Уг нь зуухыг Улаанбаатарт хэрэглэж байсан бол утаа нь багасна. Өдөрт хоёр гал түлж нүүрсний хэрэглээ багассанаар утаа буурч байгаа. Дээрээс нь бүрэн шаталт өгснөөр хортой бодис нь багасна. Гэтэл ийм зуух өгөөд байхад үхрийн махаар сольчихоод утаа их гаргадаг, бүрэн шатаадаггүй зуух хэрэглээд байгаа хүмүүсийг яах вэ. Бас л албадахаас өөр арга байхгүй. Тиймээс дөрвөн уулын дунд амьдаръя гэвэл утаа бага ялгаруулдаг зуухаа олж ир эсвэл нүүрс түлдэг тал нутаг руу нүүлгэлээ гэнэ. Улаанбаатарын онцлог нь энэ. Заавал албадаж, тэр хүнийг хохироох гэсэндээ биш. Хот болоод амьдрах гэж байгаа нэг хэсэг нь утаа үнэрлэмээргүй байна. Улаан талбайд, Цагаан ордны хажууд амбаар барьчихаад нүүрс түлдэггүй биз дээ. Хот бүхэн өөрийн хуультай. Манай хот ч гэсэн өөрийн хуультай. Гэтэл 2000 оноос хойш энэ хуулийг хэрэгжүүлээгүй. Тэгэхээр хот өөрийнхөө хууль дүрмийг хэрэгжүүлэх ёстой. Хот болоод соёлч боловсон амьдрах гэж байгаа бол утаа гаргадаггүй хүмүүсээ төр хамгаалах ёстой. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заагаад 16 дугаар зүйл 18-д улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух хаягаа сонгох, гадаад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Мөн гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хам-гаалах үүднээс зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэдэг нь Гамшгийн тухай хуулиар Улаанбаатарын агаарыг бохирдуулж байгаа хүмүүсийг Улаанбаатарын нутагт амьдруулахгүй байж болно гэсэн үг. Бусдыг нь хороос хамгаалахын тулд шүү дээ. Ер нь Үндсэн хуульд олон заалт бий. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т орчны бохирдол, байгалийн тэнцлийг хамгаалуулах эрхтэй гэх мэтээр олон заалтыг бүгдийг нь биелүүлэхгүй байж зөвхөн 18 дугаар зүйлийн эхний өгүүлбэрийг үндэслээд 2002 онд Улсын дээд шүүх тогтоол гаргаж “Улаанбаатарт ирж байгаа хүмүүс мөнгө төлөхгүй” гэсэн шийдвэр гаргасан юм. Түүнээс хойш шилжилт хөдөлгөөн замбараагаа алдсан.

-Нийслэлийн эрх зүйн тухай хууль одоо боловсруулагдаж байгаа. Ер нь манай хуулиудад утааны тухай нэг ч үг байдаггүйгээс гадна одоо яригдаж байгаа Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд мөн л энэ асуудлыг тусгаагүй байна гэсэн?

-Манай хуулиудад ийм заалт огт байхгүй. Яагаад вэ гэвэл төрийн албан хаагчид хариуцлагатай байх ёстой, иргэн хүн дураараа байж болно гэсэн томъёолол байгаад байна. Зуух өгөхөөр зараад идчихнэ, дугуй түлж болно иргэн хүний бүх үйлдэл зөв гээд байна. Тэгвэл хариуцлагын тухайд хүн бүр хариуцлага хүлээх ёстой. Харин хэтэрсэн зүйл дээр нь албадлага хэрэглэх ёстой.

-Гэр хорооллын дэд бүтэц, халуун дулааныг нь хангаж өгснөөр утаа нэг талаар саармагжина. Энэ асуудалд нийслэл, Засгийн газар эрх зүйн асуудалд нь УИХ юу хийж байна?

-Энэ дэлхийд үнэгүй зүйл үгүй. Тэр хашаа руу орж байгаа труба үнэтэй. Түүний мөнгийг айл нь, эзэн нь төлөх ёстой. Би 40 мянгатад гурван өрөө байр худалдаж авсан. Үүнийхээ төлөө би улсаас ямар ч тусламж аваагүй. Тэгвэл яахаараа хэн нэгэн гэр хорооллын айлд улсаас дэд бүтэц үнэгүй тавьж өгөх ёстой юм. Дэд бүтэц тавьж болно. Гэхдээ мөнгийг нь тэр айл төлөх ёстой. Эхний ээлжинд зээлээр тавьж өгнө. Тэгэхээр үнэгүй зүйл байхгүй гэдэг дээр бүгдээрээ тохирохгүй бол цаг үрсэн хэрэг болох гээд байдаг.

Л.МӨНХТӨР