Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр / 2013.08.21 / нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажил болон “Эрэл” ХХК-ийн Асфальт, төмөр бетон эдлэл, тоосгоны үйлдвэрүүдтэй танилцлаа. Тэрэбээр энэ үеэр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 7 дугаар хорооллын барилгажилтын үйл явц, Ерөнхий боловсролын 49 дүгээр дунд сургуулийн бохирын асуудлыг шинэ технологи ашиглан шийдвэрлэж байгаа байдал, Буянт-Ухаа дахь авто зам, төрөх эмнэлгийн барилгын ажлын явц, шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллын цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн ажлууд ямар шатанд явж байгаатай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүс, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай санал солилцлоо.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд бүтээн байгуулалтын ажил цаг хугацаандаа чанартай хийгдэж байгааг онцлоод “Барилгын материалын үйлдвэрүүд болон барилга угсралтын компаниудад санхүүгийн ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Энэ ажил үйлдвэр болж хувирсан уу, үнэхээр ажил хэрэг болж байна уу гэдэгтэй танилцаж байгаа гэдгээ” хэлж байв. Мөн нийслэл хотын цэвэр бохирын шугамтай холбогдоогүй байсан дунд сургуулиуд төвлөрсөн бус шийдлээр холбогдож чадсан байна. Одоо нийслэл хотод цэвэр бохирын системд холбогдоогүй дунд сургуульгүй боллоо. Цаашид хөдөөгийн цэцэрлэг, сургуулийг энэ маягаар шийдэхэд УИХ мөнгө гаргах хэрэгтэй юм байна гэдгийг онцоллоо. Түүнчлэн Буянт-Ухаад хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаатай танилцсан. Замын ажил болон орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажил цаг хугацаандаа ашиглалтад орох төлөвтэй байгаа бол 300 хүүхдийн ортой төрөх эмнэлгийн ажил хугацаандаа орох боломжгүй болсон байна. Учир нь өнгөрсөн жил ашиглалтад орох байсан ч шугамын ажил хийгдээгүйгээс ажил зогсоод байгааг албаныхан ярьж байв. Харин үүнийг нийслэлээс шийдвэрлэсэн гэдгийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлэв.
УИХ-ын дарга З.Энхболд “Эрэл” компанийн Асфальт, төмөр бетон эдлэл болон тоосгоны үйлдвэрүүдийн стандарт их өөрчлөгдсөн байна. Цаашид бусад үйлдвэрүүдийг ийм стандартад нийцсэн болгоход анхаарах хэрэгтэй гэдгийг” хэллээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.