Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит дээд шагнал Өвөрхангай аймгийн “Хүндэт иргэн” цол, өргөмжлөлөөр өнөөдөр шагнасан байна.

Шагналыг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч О.Батжаргал, аймгийн ЗДТГазрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Ганболд нар болон бусад албаны хүмүүс гардуулсан байна. Тус шагналаар Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 7 иргэн шагнагдсан байдаг бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд 8 дахь иргэн болж байгаа ажээ.

Өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд Өвөрхангай аймгийг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг үнэлж УИХ-ын дарга З.Энхболдыг Хүндэт иргэнээр ийнхүү тодоруулсан байна. УИХ-ын дарга З.Энхболд нь Өвөрхангай аймгаас төрсөн Монголын Парламентын гурав дахь дарга юм. 1924 онд П.Гэндэн УБХ-ын анхны даргаар сонгогдон ажиллаж байсан бол Д.Лүндээжанцан 2007 онд сонгогдож байжээ.

Тус шагнал нь Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж гарамгай амжилт гаргасан буюу Өвөрхангай аймгийн нэр хүндийг тив дэлхий, улсын хэмжээнд алдаршуулсан тус аймгийн харьяат болон уугуул иргэдэд олгодог юм байна.