-УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ ХАВРЫН ЧУУЛГАНЫГ ХААЖ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ-

2013.07.10                                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Эрхэм гишүүд ээ,

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгъя.
Улсын Их Хурлын 2013 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдааныг 26 удаа, байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 86 удаа хийсэн ба бие даасан хууль 13, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 45, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 4, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 26-г тус тус хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөлөл, 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж баталлаа.

Хаврын чуулган Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд газрын тос боловсруулах үйлдвэр барих, шатдаг занараас шатахуун гаргах төслүүдийг эхлүүлэх, дэд бүтцийн бусад томоохон бүтээн байгуулалтыг төсвийн болон төсвийн бус эх үүсвэрээр, төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгалаа. Эдгээр бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцлийг ханган ажлаа шуурхай зохион байгуулахад Засгийн газар болон холбогдох бусад байгууллагууд анхаарч, үйл ажиллагаагаа эртнээс төлөвлөж, тооцож ажиллах хэрэгтэй.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулж буй гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд зөвшөөрөл олгоход саад болж байсан 100 тэрбум төгрөгийн босгыг арилгаж, зөвхөн төрийн өмчит компанитай холбоотой хэлцлийг Улсын Их Хурал шийдвэрлэж байхаар хуулийн холбогдох заалтыг өөрчлөн найруулсанаар зөвшөөрөл олгох үйл явц түргэн шуурхай шийдэгдэх эрх зүйн боломж бүрдлээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар монголчууд уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагч компаниудын өндөр өгөөжтэй хувьцааг өөрийн орны хөрөнгийн биржээс шууд худалдан авах боломж бүрдлээ. Дотоодын компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэснээр гаднын хөрөнгийн биржийн шаарддаг олон төвөгтэй үйл ажиллагааг дамжихгүйгээр үнэт цаасаа шууд Лондон, Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржид арилжаалах эрх зүйн орчинг бий болсон.

Террорист үйл ажиллагааг санхүүжүүлэх, мөнгийг угаах үйлдлээс дотоодын санхүүгийн салбараа хамгаалж, урьчилан сэргийлэх зорилгоор Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Сэжигтэй гүйлгээнд тавих хяналтын тогтолцоог сайжруулсанаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид дотоодын хууль тогтоомжоо нийцүүллээ.

Эдийн засгийн хөгжлийг дэмжсэн татварын бодлогыг хөдөө аж ахуй, нийтийн тээвэр, барилгын салбарт хэрэгжүүлэх зорилгоор үржлийн мал амьтны үр хөврөл, үр, том оврын автобус, троллейбус, мод, модон материалыг импортын болон гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөллөө. Эдгээр бараа, бүтээгдэхүүний импортын хэмжээ нэмэгдэж, энэ чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагаа дэмжигдэн ажлын байр шинээр бий болох нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаврыг авчирна гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-ийн 4,5-р төслийн санхүүжилтын зээлийн хэлэлцээрийг соёрхон баталж, Сонгинохайрхан дүүрэгт загвар болохуйц 300 ортой дүүргийн нэгдсэн эмнэлэг байгуулах, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах төвийн барилга байгууламжийг шинэчилэхээр боллоо.

Эрхэм гишүүдээ,

Хаврын чуулганы сүүлийн өдрүүдэд Улсын Их Хурал Цагдаагийн болон Тахарын албаны тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль зэрэг хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлт хийсэн багц хуулиудыг баталлаа.

Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэддээ үзүүлэх шинэ үүргийг гүйцэтгэхээр болж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдийн туслалцаа, хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулж ажиллана.

Гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хуулиар хамгаалах цоо шинэ зохицуулалтыг бий болголоо.

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр 16.000-17.000 орчим эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа холбогдогч төлбөрийн чадваргүйн улмаас өөрийгээ хамгаалуулах эрх зүйн тусламжийг авч чаддаггүй байна. Энэ хууль батлагдсанаар эдгээр иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцаа авах эрх хангагдана.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, яллагдагч, ялтныг хамгаалах үүргийг хууль сахиулах бусад байгууллагын үүргээс салгаж, бие даасан хэлбэрээр зохион байгуулах болж байгаа бөгөөд энэ үүргийг Тахарын алба хариуцаж байхаар хуульчлан баталлаа. Хуулийн засаглалийг бэхжүүлэх, батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон санал, санаачилгыг бодит ажил болгож, шийдвэрлэхэд Улсын Их хурал, Засгийн газар бүх талаар хамтран ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Наадмын дараа намар гэдэг. Өвлийн бэлтгэлээ хангаж, хадлан тэжээл бэлтгэх, нөөцлөх ажлаа шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагууд болон нийт иргэддээ анхааруулъя.

Ард иргэд ээ,

Та бүхэнд тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жил, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан наадаарай.

Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.