Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Сянба Пинцуог УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2013.07.10/ албан өрөөндөө хүлээж авч уулзлаа.Уулзалтын эхэнд Парламентын тэргүүн ардчилсан Ерөнхийлөгч дахин сонгогдож улмаар анх удаа ард түмнийхээ өмнө тангараг өргөх ёслолд манай улстай нөхөрсөг харилцаатай улс орнуудын төр, засгийн төлөөлөгчид ирж оролцож байгаа гэдгийг онцолсон юм. Түүний дотор манай хөрш, стратегийн түнш БНХАУ-аас БХАТИХ-ын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд баяртай байна гэдгээ илэрхийллээ.
Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ, БХАТИХ-ын Байнгын хорооны хамтын ажиллагааг идэвхижүүлж, уулзалтууд товлох нь стартегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулах, хоёр улсын парламент хоорондын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж УИХ-ын дарга З.Энхболд мөн онцолж байлаа. Тэрбээр энэ оны эхээр БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У.Бангуо манай улсад айлчилсан нь өмнөд хөршийн хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн 16 жилийн дараа манай улсад хийсэн албан ёсны айлчал болсон гэдгээр өндөр ач холбогдолтой байсан хэмээн онцолж байв. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Боаогийн чуулга уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны шинэ дарга Жан Дөзян нартай уулзаж транзит тээвэр, эрчим хүчний салбарт хамтарч ажиллах, хийн хоолойг монголын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлаар санал солилцсоноо дурдсан. Дээрх уулзалтуудаар яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох үүднээс Транзит-Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр УИХ-аас УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулсан ажлын хэсэг гарсан байгааг парламентын тэргүүн онцолж байлаа.Ноён Сянба Пинцуо Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, монголчуудын сонгосон замналыг хүндэтгэнэ гэсэн БНХАУ-ын дарга Си Зиньпиний байр суурийг дахин илэрхийлж уул, усаар холбогдож ирсэн хоёр улс стратегийн түншлэлээр тасралтгүй хөгжиж байгаад баяртай байдгаа онцолсон юм. Түүнчлэн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн нарын уулзалтын үеэр яригдсан асуудлуудад анхаарал хандуулхаа мэдэгдэж эдийн засгийн харилцаагаа улам хөгжүүлэх, уул уурхай, транизит тээврийн асуудалд хамтарч ажиллахад хятадын тал бэлэн гэдгээ хэллээ. Мөн ялтан шилжүүлэх гэрээг батлуулах асуудлыг түргэвчлүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Түүнчлэн БНХАУ-д ирэх 9 дүгээр сард болох Зүүн хойд Азийн худалдааны яармагт Монгол улсаас идэвхитэй оролцохыг урьж байв.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.