Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга А.П.Торшин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2013.07.10/  хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад дахин айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд манай найрсаг харилцаат ОХУ-ын албан ёсны төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байгаад ноён Торшинд УИХ-ын дарга талархал илэрхийлэв. Айлчлалын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг төрийн шахуу албатай энэ өдөр цаг зав гарган хүлээн авч байгаад ноён Торшин УИХ-ын даргад хариу талархал илэрхийллээ.

УИХ-ын дарга З.Энхболд, хоёр орон стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаа ч энэхүү харилцааг эрчимжүүлж, улам өргөжүүлэх ихээхэн бололцоо байгаа талаар тэмдэглэн ярихдаа, парламент хоорондын харилцаа нь хоёр улсын харилцааны чухал хэсэг бөгөөд хоёр орны хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа Монгол-Оросын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой тул энэ чиглэлд анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч байна гээд “Миний бие УИХ-ын даргын хувьд ОХУ-д айлчлах албан ёсны урилгатай байгаа. Энэ урилгыг хүлээн авч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа” хэмээн онцлов.

Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд шийдлээ хүлээж буй зарим асуудал байгааг талуудын хүчин чармайлтаар ойрын хугацаанд шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаагаа УИХ-ын дарга мөн илэрхийлсэн юм.

Төлөөлөгчдийн өргөн бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Буриад Улсын төлөөлөгчид мөн багтаж ирснийг ноён Торшин танилцуулаад хоёр орон бүс нутгийн хэмжээнд болон хилийн харилцааг улам хөгжүүлэх, Улаан-Үд, Хиагт хотууд соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж ирсэн уламжлалт харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд эдийн засгийн харилцаа идэвхижиж байгаад анхаарал хандуулах шаардлагатай байгааг тэмдэглэв. Мөн саяхан болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа маш сайн зохион байгуулалттай, амжилттай болж өнгөрсөнд баяр хүргээд УИХ-ын сүүлийн удаагийн сонгуулийг өөрийн биеэр ажигласнаа дурьдаж, сонгуулийг технкийн дэвшилтэт технологийг ашиглан боловсронгуй явуулах тухайд Монголын талаас сурах зүйл их байгаа гэлээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.