Канадын хөгжлөөс “хуулах” зүйл их байгааг саяхан тус улсад айлчилсан УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд. Н.Батцэрэг, Б.Болор нар тодотгож байлаа. Шууд хэлбэл хоёр оронд ижил төстэй зүйл их байна. Дэлхийн хоёр талд нэг өргөрөгт оршдог, цаг агаар ижил, газар нутгийн хэмжээ өргөн уудам, мал аж ахуй эрхэлдэг гэх мэтээр. Товчхондоо идэр есийн хүйтэнд Арвайхээрийн талд адуу манаж хоносон монгол эр, Оттова хотын хойд шугуйд ан эргүүлж яваа канад эр хоёр нэг л хүйтнийг мэдэрч, нэг ижил зуныг өнгөрөөнө. Гэхдээ хөгжлийн тухайд хоёр өөр. Хэдхэн зууны өмнө хойд Америкийн хойд хэсгийн уугуул иргэдийг түрэн газар нутгийг нь булааж авсан тэдний хөгжил эрчээ авч эдийн засаг, иргэдийнх нь амьжиргаа тэр чинээгээрээ сайжирчээ. Гэтэл Арвайхээрийн талд мал маллах Монгол эрийн амьдрал өнөөдөр ч өмнөх зууных шигээ.Тиймээс л туршлага судалж, хөгжлөөс нь “сору”-дох тухай ярьж эхэлжээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоноос хойш 40 жил болсон ч зөвхөн эдийн засгийн хамтын ажиллагаа нь өргөжиж бусад харилцаа нь алхам ч урагшлаагүй байна. Тэгэхээр “Оюу толгойн орд”, “Бороо”-гийн хөндийн жишээгээр 40 жилийн харилцаагаа зогсоох биш бусад салбарт хамтран ажиллаж Монголын хөгжлийг Канадын зэрэгт аваачиж урагшлуулах нь ирээдүйтэй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм байна.
Гуйлгачид нь хүртэл дэлхийн брэнд өмсч чанар хэрэглэх тус нутгийн аж байдал тун өвөрмөц. Алс хязгаар нутагт мал маллаж аж төрөхөөс гадна хотынхоо төвд ч фермерийн аж ахуй эрхэлнэ. Ийм нэг фермерийн аж ахуйтай айлчлалын багийнхан танилцаж мал аж ахуй эрхлэх туршлагыг нь судаллаа. Энэ фермерийн эзэд га хэрийн газрыг хашаалж дотор нь олон жүчээ үхэр, хонины хашаа барьжээ. Үхэр, хонь, ямаа, адуу өсгөж үржүүлэхээс гадна хотын төвийн хүүхдүүдийг малтай танилцуулах чухал үүргийг хүлээдэг байна, тэд. Ер нь хээлтэгч малыг өсгөж томруулна уу гэхээс эр малыг төдийлөн өсгөөд байдаггүй аж. Мал гурван наснаас хэтрэхээрээ өөрийнхөө үнээс давсан өвс тэжээл хэрэглэдэг учраас хурга төлөг, тугал бярууг хүнсэндээ хэрэглэж заншчээ. Түүнчлэн канадууд загвар гэхээсээ чанар, хүйтэнд дааруулдаггүй, халуунд халдаггүй материал, хувцсыг илүүд үзсээр иржээ. Тиймээс ч Канадын хувцасны үйлдвэрүүд -40 хэмээс дээш хүйтэнд таныг дааруулбал бидэнтэй заргалдаж нөхөн төлбөр авч болно гэж өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг сурталчилсаар иржээ. Ийм онцлогтой, Монголтой төстэй Канад оронд Монголын төлөөлөгчид ажиллахад чанар, хот төлөвлөлт, аж ахуй, канад технологи гээд эх орондоо нутагшуулах боломжтой зүйл олон таарч байлаа.
Албан ёсны ажлын айлчлал эхлэхэд Канадын парламентын Нийтийн танхимын спикер Э.Шийр Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын удирдлагууд уул уурхай, эдийн засаг хөрөнгө оруулалт ярьрангүй. Харин парламент хоорондын, хүн хоорондын хамтын ажиллагааны тухай түлхүү хөөрөлдсөн. Хүн хоорондын харилцааг шинэ түвшинд аваачиж соёл, боловсролын хамтын салбарыг хөгжүүлэхийн тулд хоёр оронд харилцан нэвтрэх визийн асуудлыг хөнгөвчлөх шаардлага зүй ёсоор урган тарч байгаа. Канадын хөрөнгө өвөртөлсөн хүмүүс Монгол руу чөлөөтэй орж гардаг, харин Канадад сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй залуус Монголоосоо гарч чаддаггүй байдал удаан үргэлжлэх ёсгүйг талууд ярилцсан. Тиймээс Канадын визийг Америкийнхтай адил болгож 10-20 жилээр дардаг, Канадын визийн мэдүүлэгт орохын тулд Бээжин рүү материал явуулдаггүй байх гэх мэт асуудлыг шийдэхээр болов. Ингэснээр монголчуудад Канад орон нээлттэй болох юм. Улмаар монголчууд Канадын боловсролыг эзэмщих боломжтой болж соёл урлаг, боловсрол гээд өөр олон салбарт хамтран ажиллах орчин бүрдэх ажээ. Удахгүй энэ бүхэн ажил хэрэг болж монголчууд хүссэн үедээ Канад орныг зорих боломжтой болох аж.
Нийтийн танхимын спикер Э.Шийрээс гадна Канадын Олон улсын худалдааны сайд Э.Фаст, Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд нар ч УИХ-ын дарга З.Энхболд түүнийг Дагалдан яваа УИХ-ын гишүүн Н.Энхболд, Н.Батцэрэг, Б.Болор нарыг хүлээн авч уулзлаа. Гуравдугаар сарын 26-ны өдөр болсон уулзалтаар Монголын хууль тогтоох байгууллагын уул уурхайн салбарт баримталж буй бодлогын талаар санал солилцов. Канадын талаас ч Оюу толгойн талаар түлхүү сонирхож байв. УИХ-ын дарга Монголын хууль, Монголын талын баримтлах зарчим тодорхой байгааг дуулгахад дараа дараагийн уулзалт хэлэлцээрүүд дээр Оюу толгойн тухай асуудал хөндөгдсөнгүй. Харин Монголд хөрөнгө оруулалт хийсэн Канадын компаниудтай уулзахад хууль эрх зүйн орчин тогтворгүй байгааг дурдаж байлаа. Гэхдээ байгаль, экологийн асуудлыг нэн тэргүүнд тавих нь хаана ч байх асуудал гэдгийг тэд хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн юм.
Канад улсын нийслэл Оттова хотод УИХ-ын дарга болоод айлчлалын багийг бүрдүүлсэн УИХ-ын гишүүдийг ажиллах үеэр тэнд эсэргүүцлийн жагсаал болж байв. Жагсаалыг нутгийн уугуул иргэд хийж буй бөгөөд анх таван залуу 1500 км-ийн тэртээх Monthroyal хотоос хөдөлжээ. Зам зуурт нь нутгийн уугуул оршин суугчид буюу “индиан”-ууд нэмэгдсээр хоёр мянга гаруй хүн нийслэл Оттовад явганаар хүрэлцэн ирээд байв. Тэдний жагсаж эрх баригчдаа эсэргүүцэх болсон нь учиртай. Нутгийн уугуул иргэдийг Канадын үе үеийн эрх баригчид устгах бодлого баримталсаар иржээ. Анх ХV-ХVII зуунд уугуул оршин суугчдыг хоморголон устгаж байсан бол өдгөө тархийг нь царцааж, төрийн бодлогод оролцуулахгүй байх бодлогыг баримталдаг байна. Нэг үгээр хэлбэл ханатал нь халамж өгч бусад зүйлийг нь хориглодог бололтой юм. Ажилгүй асар их орлоготой нутгийн уугуул иргэд архи ууж, өвс татахаас өөрийг хийхээ байжээ. АНУ-ын уугуул иргэдийг бодвол Канадын “индиан”-ууд өөрсдийнхөө төлөө тэмцэж эхэлсэн нь энэ байна. Тэд халамж биш ажил, архи биш амьдралыг сонгоё гэсэн уриаг дэвшүүлж эхэлжээ.
Канад Улсын Ванкувэр хотод ажиллаж Монгол иргэдтэйгээ уулзахад энэ тухай жишээ авч “Хөрөнгөнөөс нь бус хүнээс нь болгоомжлоорой” гэж хэлэх нь ч байв. Тодруулбал, Монгол Улсад ашиг өгөхийн тулд канадууд хөрөнгө мөнгөө барьж гүйгээд байгаа юм биш. Өөрсдөө өм цөм ашиг олохын тулд манай орныг зорьж байгаа юм шүү гэцгээж байлаа. Ванкувэрт аж төрж суугаа монголчуудын ярьж хэлж байсан дараагийн асуудал нь “Гадаадад ажиллаж мэргэжил дээшлүүлсэн биднийг эх орон минь” хэзээнээс ашиглаж эхлэх вэ гэдэг байв. Үүнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хотод хийх ажил их байна. Канадын хотуудын туршлагаас судаллаа. Хуулж авахаар тохирсон зарим зүйл бий. Энэ бүхэнд та нар туслах боломжтой” гэдгийг хэлсэн.
Айлчлалын багийнхны Ванкувэрийг зорих болсон шалтгаан нь Канад технологиор үйлдвэрлэсэн карказан байшинг судлах, худалдан авах, Монгол руу нэвтрүүлэх тухай ярих байв. Хэд хэдэн үйлдвэрийн эзэнтэй уулзаж ярилцлаа. Таван жилийн өмнөөс танай технологи манайх руу нэвтэрсэн ч төдийлэн хөгжөөгүй байна. Гол саад нь газар нутгийн хол, тээвэрлэлтийн өртөг өндөр гэх мэтээр тохиолдож буй бэрхшээлийг дурдацгаав. Канад технологиор барьсан байшин Ванкуверээс Улаанбаатар ортол багадаа хоёр сар болох аж. Тиймээс нэг ачилтаар цөөн байшин ачиж байхаар олон байшин барих хэмжээний материалыг нэг тээвэрлэлтээр хөдөлгөж байя гэдэг дээр талууд тохиролцсон. Түүнчлэн хуурамч карказны мод Монгол руу нэвтрэхээс сэргийлж цаашид мод хатаах технологийг Монголд нэвтрүүлэх тухай ярих нь хаа хаанаа ашигтай байж болох юм гэдэг саналыг гаргаж байсан. Ванкуверт жилд 200 сая ширхэг мод тарьдаг бол төдий чинээ модыг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг ажээ. Канадууд өөрсдийнхөө технологиор хатаасан нэг ширхэг банзанд 100 жилийн баталгаа өгдөг байна.
Ийн УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Н.Энхболд, Н.Батцэрэг, Б.Болор, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар АНУ, Канад оронд ажлын айлчлал хийж улс хоорондын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож, тэдний хөгжлөөс Монголд хэрэгтэй хэсгийг нь судаллаа.

Л.МӨНХТӨР 2013-04-08