www.medee.mn

Монголчуудын мөрөөдлийн орон Америк ханатлаа хөгжжээ. Иргэдэд нь айх аюул бага, амьдралын баталгаа өндөр. Хөгжлийн нууц нь хөрөнгө мөнгийг эх орон, ард түмнээсээ харамлаж хувь хүн, улстөрчид халааслаагүйнх гэнэ. Эхлээд газрын гүнд хөрөнгө хаяж бараг 50-60 метрийн гүнд бүтээн байгуулалт хийж газрын гадарга дээр байгаа хоттой дүйцэхүйц бас нэг хот байгуулсан байдаг юм байна. Дараа нь газрын гадарга дээр багахан шиг мөнгө гаргаж зам харилцааг нь шийдээд өгч. Харин байшин барилга, өндөр цамхгуудыг бизнесменүүд нь бусад иргэдийнхээ хүсэл, шаардлагад нийцүүлээд барьчихаж. Ийм энгийн амьдралын шаардлагад нийцүүлсэн зөв менежмент хийснээр орчин үеийн тэргүүлэх хөгжлийг босгожээ, америкчууд. Бас чанарын тухай асуудлыг дээд зэргээр тавьж зуу, хоёр зуун жилийн эдэлгээтэй бүтээгдэхүүнийг гаргаж авсан нь тэдний давуу тал болжээ. Нэг үгээр хэлбэл өнөөдрийн америкчуудын өмнө тулгарах бэрхшээлийг өвөө эмээ нар нь зуун жилийн тэртээд шийдээд өгчихөж. Үнэхээр тэнд замын түгжрэлд орох, чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэтээр бухимдах зүйл алга.

Өнөөдрийн АНУ-ын иргэд оногдсон ажлаа хийгээд цалингаа авч байвал бусад нь огт хамаагүй. Цалин нь хангалттай хүрэлцэж амьдралынх нь баталгаа болж байгаа учраас улстөржиж бусдыг элдвээр хэлэх, шинийг эрэлхийлэх ч шаардлага алга.

Гэм нь хойд Америкт нүүж ирээд төвхнөх гэж багагүй хугацаа өнгөрүүлсэн учраас хоолны соёл гэдэг зүйл тэнд алга. Бараг америкчуудад хоолны соёл дутагдаж байна гэвэл хилсдэхээргүй болжээ. Бургер, хот дог гэсэн хоёр гуравхан нэрийн хоол, кока кола мэтийн цөөн нэрийн ундаатай. Томоохон ресторануудаар үйлчлүүлбэл бүтэн өдрийнх нь цалинг авчихаар өртөг өндөр учир хэр таарсан бургер, колагаа хэрэглэхээс өөр аргагүй юм билээ. Тиймдээ ч тэднийхэн хэт таргалалт гэдэг нэг төрлийн өвчинд нэрвэгджээ. Хэт таргалснаас үүдэн хөлөө зөөж ядан алхах, алхаж чадахаа байгаад тэргэнцэрт суусан байх тохиолдол Америкийн арван иргэн тутмын долоог нь хамарчээ. Тиймээс үндэсний бодлого гаргаж нэг, хоёр литрээр савласан хийжүүлсэн ундаа үйлдвэрлэхийг хориглох гэх мэт арга хэмжээ авч эхэлсэн байна. Шууд хэлбэл улс орны хэт хөгжил нь, дутаж гачигдах зүйлгүй сайхан амьдрал нь иргэдийнх нь оюун санааг зогсоож нэг хэлбэрийн тэжээвэр амьтан шиг болгожээ. Үүнийг шинжлэх ухааны судалгаагаар нотолсон бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын иргэд автомат сэтгэлгээтэй болсон байдгийг гэрчилжээ.

Америкчуудын амьдрал ийм ажин, түжин. Ханатал хөгжсөн энэ оронд цөөнгүй монголчууд хөлөө олохоор зүтгэж байна. Амьдралдаа арчаатай байж Монголынхоо нэрийг сайнаар гаргаж яваа хэсэг нь ч байна. АНУ-д ажлын айлчлал хийсэн УИХ-ын дарга З.Энхболд болон түүний айлчлалын багийг бүрдүүлсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд, Н.Батцэрэг, Б.Болор, С.Баярцогт нар Вашингтон хотод аж төрж суугаа монголчуудынхаа төлөөлөлтэй уулзлаа. Тодруулбал, “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ болон Монголын зарим судлаач багш нар уулзалтад хүрэлцэн ирсэн байлаа. Тэд Америкт амьдардаг монголчуудыгаа нэгтгэж тулгамдсан асуудлыг нь шийдэхийг зорьж яваа. Бүр Монгол сургууль байгуулан Америкийн монгол хүүхдүүдэд эх хэлийг нь заах гэх мэт ажлыг хийж байна. Нэгэн цагт Америкийн монголчуудын ихэнхэд нь Монголоо гэх, Монгол руугаа эргэж тэмүүлэх хүсэл байдаггүй байжээ. Тиймдээ ч тэнд төрсөн монгол хүүхдүүд “Сайн байна уу” гэдэг үгийг хэлж мэддэггүйгээс гадна эцэг эх нь Монголын тухай ойлголтыг хүүхдэдээ суулгадаггүй байсаар өнөөдрийг хүрчээ. Харин дээрх судлаач багш нар нэгдэж ажиллаж эхэлснээр эх орныхоо төлөө арай эерэг сэтгэхүйтэй болж байгаа бололтой. Гэхдээ тэнд амьдарч байгаа хүн бүр хүүхдээ монгол сургуульд явуулж, эх орноо гэж хэлж ярьж байна уу гэвэл үгүй. Амьдралдаа арчаатай, Америкийн амьдралд хөл алдаагүй хэсэг нь нэгдэн ийм үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд бусдыгаа уриалан үр бүтээлтэй ажиллаж байгаа судлаач, багш М.Саруул-Эрдэнийг “Алтан гадас” одонгоор шагнасан бол бусад багш нарыг шинжлэх ухааны академийн цол тэмдгээр шагналаа.

Монголчуудын маань нэг хэсэг нь ийм хүсэл тэмүүлэлтэй, хийж бүтээхийн төлөө ажиллаж байхад саар зүйлд автсан хэсэг байдаг тухай таагүй мэдээлэл ч чих дэлслээ. Америкт амьдардаг долоон монгол иргэн тутмын дөрөв нь хар тамхи хэрэглэдэг болсон гэх мэдээлэл байна. Үнэн худлыг нь гэрчлэх хүн байхгүй ч дөрвөн хар тамхичин бүрийн нэг нь нунтаг цагааныг нь хэрэглэдэг болсон гэх. Бас АНУ-ын нийслэл Вашингтон хэмээх хамгийн амар амгалан хотод нь монгол залуу ака 47 маркийн буу авч яваад баригдсан тухай яриа ч тархжээ.

УИХ-ын дарга З.Энхболд болсон Монголын төлөөлөгчид АНУ-д амьдран суугаа монголчуудтай уулзаад өнгөрөхөд иймэрхүү яриа хөөрөө өрнөлөө. Гэхдээ монголчуудынхаа төлөө санаа зовнин ажиллаж буй Монгол судлаач багш нар ийм таагүй мэдээллийг УИХ-ын гишүүд төлөөлөгчдөд уламжлалгүй хэвлэлийн багийнханд сэм дурссан юм.

УИХ-ын дарга З.Энхболд түүнийг дагалдан яваа ажлын хэсгийнхэн тус улсад суугаа монголчуудтайгаа уулзсанаар Вашингтон хотод төлөвлөсөн ажлаа амжилттай дуусгалаа. Харин Нью-Йорк хотноо ээлж дараалсан их уулзалтууд төлөвлөгджээ. Вашингтон хот нь АНУ-ын нийслэл бол Нью-Йорк хотыг дэлхийн нийслэд хэмээн өргөмжилдөг ажээ. Учир нь олон улсын бүхий л байгууллага тус хотод байдгаас гадна дэлхийн энх тайвны байгууллага НҮБ ч энэ хотын төв дүүрэг Манхэттэнд буй. Анх Нью-Йорк хотын төв хэсэг Манхэттэн арлыг америкчууд нутгийн уугуул иргэдээс 25 доллараар худалдан авч байсан бол өдгөө үнэлж барахааргүй баялгийг шингээж олон өндөр цамхгийг өөр дээрээ сүндэрлүүлжээ.

Нью-Йорк хотноо төлөвлөгдсөн уулзалт хэлэлцээрүүдээс хамгийн их анхаарал татсан нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзах байлаа. Түүнтэй уулзахаасаа өмнө айлчлалын багийнхан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулгын дарга В.Жеремиктэй уулзсан юм. УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулгын дарга В.Жеремик нарын хооронд нөхөрсөг яриа өрнөсөн бол ноён Бан Ги Мүнтэй улстөрийн харилцаа, гадаад орнуудын талаар Монгол Улсын баримтлах бодлогын талаар хэлэлцсэн. Бан Ги Мүн гэх эл эрхэм НҮБ гэх том айлыг удирдаж эхэлснээсээ хойш хүссэн хүн бүхнийг Хүлээж аваад байгаагүй бөгөөд энэ удаа Монголын бие төлөөлөгчдийг нөхөрсгөөр урьж олон асуудлыг цөөн хоромд хэлэлцэж амжсан юм. НҮБ-ын энхийн ажиллагаанд цэрэг, эмнэлгийн хүч нийлүүлдэг, Монгол Улсын олон улстай харилцах бодлого тодорхой байдаг учраас ийн НҮБ-ынхан Монголын бие төлөөлөгчдийг хүлээн авч цаашдын бодлого, үйл ажиллагааны зорилтоо танилцуулжээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд манай улс цаашид олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцох зорилт тавин ажиллаж эхэлсэн гэдгийг уламжлаад ирэх сарын сүүлчээр Улаанбаатар хотод зохиогдох сайд нарын долдугаар бага хуралд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг урилаа.

Мөн зүүн хойд Азийн улс төрийн, улс хоорондын тогтворгүй байдлын талаар санал солилцсон бөгөөд тухайн орнуудын энхийн талбар Монгол Улс байх болно гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд илэрхийлэв.

НҮБ-ын гишүүн 180 гаруй орон байдгаас энхийн ажиллагаанд цэрэг, эмнэлгийн хүч хандивладаг арван орон байдгийн нэг нь Монгол Улс ажээ. Тиймээс ч НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголын талаарх, Монголын эдийн засаг, улс төрийн талаар мэдээлэл арвинтай сууна. Тэрээр Монгол Улс ардчиллын замыг сонгоод 20 жилийг үдсэн ч үйл хэргээ үргэлжлүүлэн хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал болон далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дорвитой ажиллаж байгааг сайшааж байлаа. Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож олон жилийн турш хамтран ажиллаж байгаад Монгол Улсад талархаж байна гэдгээ УИХ-ын дарга З.Энхболдод илэрхийлнэ лээ. Энэ үеэр далайд гарцгүй орнуудын асуудал нэлээд хүчтэй яригдлсан бөгөөд “Далайд гарцгүй орнуудын судалгааны төв”-ийг Улаанбаатарт байгуулах тухай асуудал ч хөндөгдлөө. Улаанбаатарт уг төвийг байгуулах шийдвэр хэдийнэ гарсан бөгөөд Монгол Улсын 2013 оны төсөвт тодорхой мөнгө төсөвлөсөн байдаг аж. Тиймээс НҮБ болоод олон улсын туслалцаатайгаар энэ төвийг хурдхан байгуулж үйл ажиллагааг нь эрчимжүүлэх хэрэгтэй байгааг талууд ярилцсан.

Ийн УИХ-ын дарга З.Энхболд Нью-Йорк хотноо НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж Монгол Улс болоод олон улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар хөөрөлдлөө. Түүнчлэн Хойд Америк Монголын бизнесийн зөвлөл,”Грэйт Поинт Энержи” компанийн төлөөлөгчид зэрэг олон хүмүүстэй уулзаж Монголын хууль эрх зүйн болоод хөрөнгө оруулалтын орчин ямар байгаа талаар зарчмын асуудлыг ярилцсан юм.

Үргэлжлэл бий

Л.МӨНХТӨР