Улсын Их Хурлын дарга З.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн семинарт өнөөдөр /2013.01.18/ оролцож үг хэллээ.
-Тэрбээр орон нутгийн сонгуулийн үр дүнгээр ИТХ-ын дарга, Засаг даргаар сонгогдож томилогдсонд нь баяр хүргээд орон нутагт тулгамдаж байгаа асуудал, цаашид тавих зорилт, хийх ажлын талаар санал солилцсон.
УИХ 2013 оны төсвийг батлахдаа орон нутгийн бие даасан байдлыг хангах зорилгоор урьд өмнө хэзээ ч байгаагүй хэмжээний хөрөнгө, мөнгийг аймаг, нийслэлийн удирдлагын мэдэлд олгосон нь Засаг дарга нарын хариуцлага санаачлагыг улам өндөржүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 152 тэрбум, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийн хэмжээг 247.6 тэрбум төгрөгөөр баталжээ. Энэ хөрөнгийн эцсийн үр дүн нь аймаг, нийслэлийн хөгжилд ахиц өөрчлөлт гарсан, ард иргэдийн амьдрал дээшилсэн байхаар тооцож орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд зөв төлөвлөж хуваарилах хэрэгтэй гэдгийг парламентын тэргүүн хэлж байсан.
УИХ-ын дарга өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр зарим орон нутагт баригдсан барилга, байгууламжтай танилцаад тендерийг маш хариуцлагагүй зохион байгуулдаг, барилгыг он дамжуулан барьж, зохиомлоор үнэ өсгөдөг, төсвөөс нэмж мөнгө авдаг, чанаргүй барьдаг гэх мэт олон алдаа дутагдал байгаад шүүмжлэлтэй хандаж байсан. Эл асуудлыг аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийсэн уулзалт дээр мөн хөндөж ярилаа. Тэрбээр худалдан авах үйл ажиллагааг шударга, олон түмэнд нээлттэй, ил тод явуулах, төсвийг үр ашигтай зарцуулах, зардлыг хэмнэх, шаардлагагүй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байхад ИТХ-ын дарга, Засаг дарга нар онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг хэллээ. Түүнчлэн аливаа баяр ёслолын үеэр бие биедээ элдэв мэндчилгээ өгч, зардлыг нь төсвөөс гаргуулж байсныг зогсоосон уриалгыг өнгөрсөн оны эцсээр төрийн бүх шатны байгууллагуудад хандан гаргаж татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж чадсан шиг ажлуудыг орон нутгийн удирдлагууд санаачлах хэрэгтэйг З.Энхболд дарга зөвлөлөө.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.