УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.
-Нэр дэвшиж буй зургаан сайдыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзлаа. Төрийн тэргүүний зүгээс нэрс оруулж ирсэн Ерөнхий сайд болон нэр дэвшигчдийг хатуухан шүүмжилсэн. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Ерөнхийлөгчийн уулзалт дээр чөлөөлөгдөж буй зургаа, оронд нь орох зургаа аль аль нь ирсэн. Чөлөөлөгдөх гэж буй зургаан сайдыг эхлээд юу хийж бүтээсэн түүнийгээ тайлагна гэсэн. Тодруулбал, УИХ-аас та нар ийм тийм ажил хийнэ гэсэн үүрэг аваад сайд болсон. Одоо чөлөөлөгдөх боллоо. Тайлангаа тавиад хууль номынхоо дагуу чөлөөлөгдөөд ороод ир гэсэн байна лээ. Тухайн сайд ажлаа хийж байхад, чөлөөлөгдөөгүй байхад орных нь хүнийг томилох тухай асуудлыг зөвшилцөх бололцоогүй. Ер нь ямар ч хүнийг ажилд авахын тулд ажлынх нь байр сул байх ёстой. Хамгийн сүүлд 2007 онд Л.Одончимэд гэдэг УИХ-ын гишүүнийг чөлөөлснийхөө дараа Д.Дэмбэрэл, одоогийн УИХ-ын даргыг оронд нь томилж байжээ. Урьд нь ийм жишиг байсаар байтал бушуухан сайд болох гээд давхиж орж ирсэн чинь буруу байна. Наад хууль дүрмээ унш. Хар ухаанаар бодоход ажлын байран дээр хүн авах гэж байгаа бол тэр нь хүнгүй сул байх ёстой ш дээ. Гэтэл тэгээгүй яаруу сандруу ороод ирсэн учраас болохгүй байна гэсэн зүйлийг Ерөнхийлөгч хэлсэн байна лээ. Нам нь чөлөөлөгдөх шийдвэр гаргангуут сайдыг нь чөлөөлөгдсөнд тооцоод явж болохгүй. Сайд нарыг УИХ томилж, чөлөөлдөг бүрэн эрхтэй. АН-ын ҮЗХ-ны хурал болсон байж болно. Тэр нь чөлөөлөгдмөөр байна гэсэн намын шийдвэр болохоос биш сайдыг ажлаас нь бүрэн чөлөөлсөн тогтоол биш шүү дээ. Тэгэхээр ийм наад захын юмаа мэдэхгүй хүмүүс төрийн ажилд саад учруулж байна. Манай сайд нар намын шийдвэр гарчихсан учраас чөлөөлөгдөөд л явна. Гэхдээ хажууд нь хууль дүрэм гэж юм байна. Хуулиа дагаж мөрдөх ёстой. Түүнийгээ л баримтлаагүй гэсэн байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлсэн.
